2020 оны 12 сарын 2
Зураг
Entrepreneur

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арван нэг дэх өдөр

Дотооддоо коронавирусийн халдвар алдаж, улсаараа хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ. Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүсийг татаж эхэлж байх гуравдугаар сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж байгаа хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх.

Гэхдээ аль 8 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай!



 

Лайв хийчих гээд л өглөөнөөс хойш толины өмнө эргэлдлээ. Бүтэхгүй юм байна. Яаж ч өөрийгөө тордсон уулнаас бууж ирсэн амьтан шиг харагдаад. Ёстой л хүүхэд, нохой айлгах дээрээ тавьсан хүн шиг л байна. Манай өрөөнийхөн ч сандралдаад, ах хүү гар утасны зурагтаар гарна гээд бас айгаад бөнжигнөөд л хаха. Товчхондоо үзэл сурталгүй царай зүс, хувцас хунартай бид та бүхний эстэтик мэдрэмжийг устгахгүйн тулд лайв хийхээ болив.

Хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан тухай мэдээтэй сайхан өдөр эхэлж байна. Урам ороод орон дээрээ хальт иогийн хэдэн пооз авч, нуруу мөчөө тэнийлгэв. Тас түс, пүн пан гээд л үе дуугараад л сүртэй шүү. Хааяа өөрөөсөө сүрддэг юм кккк. Өдөртөө хорь суниагаад байгаа. Хорийг бол ёстой хөнгөхөн суниаж байгаа шүү. Бага багаар нэмнэ дээ гуч, дөч гээд. Сайхан хүйтэн усанд нүүр гараад угаагаад сэргэв. Анх орж ирэхэд гараа ч хүргэж чаддаггүй байсан крантны хүйтэн ус маань одоо бүлээхэн санагддаг болсоон. Хотод очоод халуун усанд орж чадах нь уу харин. Карантинд ороогүй эрх чөлөөтэй байхдаа уг нь нүүрээ угаагаад үсээ самначихад л тэр дорхноо сэмбийчихдэг байсан сан. Энд үс нэлээд ургаад самнаад самнаад царай зүс явахаа байлаа шүү. Зураг мураг одоо бол та нарын нөгөө хулхидуулж авхуулдаг иргэний үнэмлэхийн зурагнаас чинь ч эвгүй харагдахаар болж байна. Би чихнийхээ араар үсээ шургуулдаг боллоо бүр. Нэг мөсөн ингээд бүх юмаа ургуулдаг юм уу даа.

Гэснээс хүн амьтантай уулзахгүй олон хонохоор хэн ч гэсэн яах аргагүй нөгөө Осгонбаяр лам гуай шиг болох л юм байна. Хэдүүлээ бусдын орчин нөхцлийг мэдэхгүй байж биесээ хамаагүй шоолон шүүмжлэхээ багасгах ёстой юм билээ шүү. Эндээс гараад сайн бод, чи ер нь юу юм гээд анх тааралдсан хүнээ барьж авч ганц хоёр сэтгэлээ сэргэтэл алгадмаар ч юм шиг этгээд сонин зан гарчих гээд игзаар хааяа хааяа хөдөлмөр аядах гээд л байна шүү. Өрөөний хэдийгээ хэрүүлд өдөөд л... Гэхдээ гайгүй байх аа. Гарахаар надаас битгий айгаарай. Шууд олон хүнтэй газар очихоор эхэндээ жаахан бишүүрхэх л байх. Тэр үед нь надтай түрүүлж мэндлээрэй. Аандаа тэгээд бас жигдрэх юмандаа бас байгаа байх аа ккк.

Урж шөнийн бужигнааны учрыг эмчээсээ асуув. Нэг залуугийн гэдэс нь өвдөөд, гүйлгээд тун боломгүй болоод эмч нарт мэдэгдсэн бололтой юм. Халдвартаас тусгай хүмүүс ирээд харж байгаад төв рүү аваад явсан нь дээр гэж шийдээд тусгаарлажээ. Манай энэ хавиас нийтдээ бараг 3, 4 бие нь тавгүйтээд ингэж явсан юм байна. Гэхдээ бүгдийнх нь шинжилгээ зүгээр гарсан. Тухгүй орчинд даарав уу яав, нэмээд зарим хүнд хоол, ус нь хүнддээд, орчин гэнэт солигдоод хямруулаад л байх шиг байна. Манай өрөөнийхөн бурхны авралаар гайгүй. Гэдэс эвгүй болох гээд эхлэнгүүд бид дөрөв тойрч сууж байгаад Моносынхоо цэнхэр спиртээ тойруулаад жороолчихдог юм. Нэг савтай спиртийг бид дөрөв дундаа 5 тойруулахад яг дуусаад таардаг. За худлаа худлаа. Тоглосон шүүүүүүү!

Өдрийн хоолонд шарах шүүгээнд шарсан тахиа ирлээ. Би бол “жигүүртний” мах хараад шууд л дуу алдлаа. Тахиагаа идэх үед энд биш, танай муу Улаанбаатарт ч биш, бүр Монголд ч биш, гадаадын аль нэг улсад байгаа мэт мэдрэмж төрж энэ тэр. Араас нь улаан, цагаан дарс орж ирсэн бол өөрийгөө Мишелин одтой ирстраанд байгаа гэж бодож чадахаар л юм билээ. Хүн нээрээ хөгийн сэтгэлийн амьтан байгаа юм шүү. Матриц кинон дээр яг энэ үзэгдэл, мэдрэмжийг өгүүлдэг дээ. Та нар санаж байна уу?

Өдөр тагтан дээр нөгөө өрөөний залуустай тааралдаж өчигдрийн үйл явдлыг баталгаажуулж авав. “Ойрд” энэ хэдтэй уулзаагүй. Эхлээд жаахан яриа эвлэхгүй, бишүүрхэх маягтай ч байх шиг аль аль тагтныхан. Энэ хэдтэй ганц хоёр хоног уулзаагүй байж ингэж байгаа юм чинь бид дөрөв гэртээ очоод гэрийнхэнтэйгээ яаж харьцаж, уулзах юм бол оо. Хүүхдүүд бол бишүүрхэхээр л болж байна даа. Наашаа ирэхдээ өмдөндөө шээх шахдаг нөгөө муу залуу дахиад асуудалд оржээ. Урж оройны хоолны дараанаас гэдэс нь өвдөөд, суулгаад болохоо байсан юм байна. Тэгээд өрөөний хэд нь сэжиглээд дуудлага өгч эмч нарт мэдээлэл өгчээ. Хотод очоод шууд дусал залгуулсан сурагтай. Нэлээд хүнд хоолны хордлого болсон бололтой. Хотын карантины орчин нөхцөл, хоол унд манайхыг гүйцэхгүй, шал миа байна гэж байна лээ шүү. Шинжилгээ авсан гэсэн, хариу нь сөрөг зүгээр гарах байх аа. Нэгнийгээ явуулж байж яагаад та нар инээлдээд байсан бэ гэж асуухад корона биш ээ наадах чинь хижиг, хижиг, гэдэсний хижиг өвчин гээд нөгөө муу бандийгаа тайвшруулаад ч байгаа юм уу, айлгаад ч байгаа юм уу шоглон шоглон Халдварт руу үдсэн бололтой. Эрчүүдийн тоглоом хааяа тун хатуу шүү. Дан эрчүүд юм болохоор өдрийн хоолондоо сайн цаддаггүй бололтой юм билээ. Би хардахдаа хамгийн залуугаа албаар шоглосоор байгаад явуулаад хоолыг нь тэр гурав хувааж идэх гэж байгаа болов уу даа ккк. Сүржин, хэнхэг үйлдлийн цаана өчүүхэн эрх ашиг нуугддаг гэдэг шиг хаха.

Франц иргэн сэтгэлээр унасан, эндээ дуусъя, эмчлүүлэхгүй гэсэн мэдээ уншаад би лав нэлээд тухгүй байдалд оров. Өвчин зовлон хэн дээр ч хэлж ирдэггүй. Намайг Японд байхад Японы засгийн газар эх оронд нь коронавирус туссан гадаадын иргэн хэнийг ч болов үнэ төлбөргүй эмчилнэ гэдгээ зарлаж байсан. Тэр мэдээг би тухайн үед сошиал медиа руу оруулахад “Балиар муу Япончууд бид нарын бие дээр үнэгүй туршилт хийх гэж байгаа юм. Японд өвдвөл эмнэлэгт нь очоод дэмий шүү” ухааны сэтгэгдэлийг нэг монгол залуу бичсэн байсан. Өвчнөө хүртэл бусдаас харамлаж үхэх гээд байгаа энэ сонин гаж сэтгэхүй хаанаас, сая бидэнд суугаад байна вэ? Гайхаад барахгүй юм. Сошиал медиа дээр Франц залууг хараан зүхэж буй хүмүүс, шал буруу хүний зургийг гарган шүлсээ үсчүүлэн орилолдож буй залуусыг хараад үнэндээ гутлаа. Ганц гайгүй гэж боддог Ikon.mn хүртэл Франц иргэний паспортын мэдээллийг гаргаж тавьсан ч байх шиг. Ингэж болохгүй шүү дээ! Францын элчин сайд аргаа бараад л манай Гадаад хэргийн яамтай уулзаж байгаа. Би тэр Франц хүнийг өмөөрөөд байгаа юм биш ээ. Гэхдээ онгоцноос буунгуутаа зугтах гэж оролдсон монгол залуу, Италид гэр бүлээрээ зочилсон атлаа худлаа ярьж хилээр орж ирсэн хүмүүс, карантинд орохгүй гэж бослого гаргадаг та бидний хамаатан, найзууд гээд яриад бичээд байвал хэн нь илүү муухай хүмүүс болох нь анзаарагдана.

Бусдын гутлыг өмсөж алхаж үзсэнийхээ дараа тэр хүнийг шүүмжлээрэй гээд Английн нэг зүйр үг байдаг. Тэр Франц хүний оронд өөрийгөө тавиад төсөөлөөд нэг үзээрэй. Сошиал шоовдорлолт (буллинг), бусдыг ялгаварлан гадуурхах, арьс өнгөний үзэл гаргах нь өнөөгийн нийгэмд гэмт хэрэг шүү дээ. Олон олон өсвөр насны залуус, хүүхдүүд бидний яг ийм үйлдлээс болж амиа хорлодог. Москвад явж байхад олон хүнтэй газар цагдаа нар заалттай намайг зогсоож паспорт шалгаж байсан. Монгол гэхээр инээгээд шууд явуулж байсан ч Ази царайны улмаас метро, лифть гээд олон газар Оросууд илт хажиглан, сэжиглэж, улаан цагаан ялгаварлан гадуурхаж байсан. Эвгүй, муухай л байдаг юм билээ. Цаашлаад нөгөө Бадрах Энержи гэдэг компанийг нь 20 жил Монголд уран олборлож, цөм ашиг хийж байгаа гээд яах аргагүй л боловсролтой, мэдээлэлтэй, сэхээтэн хүмүүс ташраараа цуураад эхэлж байна лээ ялангуяа твиттер дээр. Миний мэдэхийн Япон, Франц, Монголын засгийн газруудын хамтарсан энэ компани ямар ч олборлолт эхлээгүй дээ. Нууцаар доогуураа хонгил ухаад урагшаа, хойшоо зөөгөөд байдаг юм болов уу? Ингэж олон юм ганцаараа карантинд бодоод байхаар та нарт байтугай сүүлдээ өөртөө ч итгэхээ больж эхлэж байна лээ шүү.

Орой манай өрөөний хэд улс төр ярьж байна аа. Залуус нь би тэгж боддог, Баттулга бол гээд эхлэнгүүт ах хүү тас цохиж орж ирээд л өөрийн бодлоо хэлэх юм. Нөгөө залуу би бас зарим юм мэднэ л дээ гээд дуугарсан чинь ах хүү харин чамд ер нь мэдэх юм байхгүй гээд аваад хаядаг юм даа. Сүүлдээ энэ хэд чинь хоорондоо таарахаа болилоо. Сав л хийвэл ам мурийчих гээд л, тэгснээ удаан дуугүй байхаараа уйддаг юм уу хаашаа юм худлаа бие биенээ өдөж долигнон соёлтой хэрнээ шал дэмий, худлаа юм хум асууж энэ тэр. Хөгжилтэй байна өөөөө энэ умгар өрөөнд бид дөрөв.

Манай оюутны ангийнхан намайг эргэх тухай бичиж байна. Юу хэрэгтэй вэ л гэнэ. Өдрийн тэмдэглэлийн нэг дүр болгож оруулбал гоё юм аваачиж өгнө л гэнэ. Намайг эргэхдээ биш өдрийн тэмдэглэлд нэр усаа хавчуулчих атгаг санаа агуулжээ тэр хэд маань. Үгүй яах вэ дээ, хүний л амьдрал хойно ганц хоёр шил, биш ээ, ганц хоёр ууттай татгалзахын аргагүй илгээмж ирвэл тэр хирааны хүмүүсийн нэрийг оруулан мөнхлөөд бүр пин пост болгож болох л юм. Гол нь өгсөн, авсандаа л өлзийтэй байвал ккк. Оюутны ангийн нэг залуу Жаргалантад бас карантинд оржээ. Тэнд бол чухам л тансаг байгаа юм байх аа. Жаргалантын амны хэдэд атаархаж байна өө. Чаддаг юм бол та нар миний хоногийн энд сунгах гэж унжралдаж байснаас Жаргалант руу нэг хүний люкс өрөөнд шилжүүлээд хэд хоногийн тэмдэглэлээ хөтлүүлээрэй ккк. Харъя бас басъя.

Өнөөдөр Монос компаниас дахин холбогдов. Карантинд байгаа хүмүүст дархлаа дэмжих талаас нэмэлт бүтээгдэхүүн өгч байгаа юу, ариун цэврийн хэрэглэл тарааж байна уу гээд нөгөө ЖАЙКА шиг тансаг асуулт асууж байна. Үгүй ээ, яасан гэсэн чинь тэд маань Монос Группээрээ нилээд олон газруудад хандив өгөөд байгаа ч одоо бүх компаниараа нийлсэн томоохон хандив дахиж өгөхөөр ярилцаж байгаа юм байна. Гэхдээ ХӨСҮТ, Онцгой комисс, Онцгой байдал гээд олон байгууллагаас оновчтойг сонгох үүднээс, мөн бүтээгдэхүүн өгөх бол оновчтой сонголт хийх үүднээс танаас санал асууж байгаа юм аа гэнэ. Би ганцаараа юугаа мэдэх вэ, тэмдэглэл дээрээ оруулаад өгье, хүмүүс аандаа санал, хүсэлтээ хэлэх байх аа л гэлээ. Эх орны дөрвөн зүг, найман зовхист карантинд буй Монголчууд дуулж бай, Монос компанийн энэ саналд хариу өгөхөөр бол өөрсөдтэй нь шууд холбогдоорой. Над руу янз бүрийн ДМ бүү бичигтүн.

Гэснээс Моносын илгээмжийн дараа дахиж янз бүрийн бараа, бүтээгдэхүүн энд тэндэхийн компаниас ер ирээгүй ээ. Би ч энд тэндээс элдэв долоон юм горьдоод байгаа юм биш л дээ. Манай өрөөний гурав л... Тэр хэд маань дахиад өөр компани юм зум явуулахгүй юм байх даа, тээээ гээд л орой болохоор л бүлтэлзээд үүд чагнаад суудаг болсон байна билээ. Хаха.

 

Урж шөнө Африкт ажиллаж амьдарч буй найз гоё өгүүлбэртэй зураг явуулжээ. Махчлан орчуулбал “Бие, сэтгэл, зүрх гурваа нийлүүлж чадсан хүнд л жинхэнэ эрх чөлөө ирдэг” гээд. Энэ өгүүлбэрийн утгыг карантинд бол утгаар нь мэдэрч байна. Наранд, биш ээ хотод, биш ээ карантинд ороогүй байхдаа хажуу дахь эрдэнэсүүдээ ч олигтой анзаарч хардаггүй байж, бас эрх чөлөө гэдгийг заримдаа шал эсрэг утгаар нь ч хэрэглэхийг шахдаг байж. Утга, учир бүхий мессеж явуулсан найздаа баярлалаа! Энэ найзын гэр бүл миний тэмдэглэлийг орчуулаад өглөөний цайн дээрээ хоорондоо бас хэлэлцдэг болсон гэсэн. Хөөрхөөн. Удахгүй Африкт бас нэг ном гаргавал бүү гайхагтун!

Бид хэдийг тойроод л шинжилгээ аваад яваад байна. Уг нь авах ёстой доо. Болохгүй бол ирэх долоо хоногт гараад зочид буудалд өөрийгөө дахиад 1-2 долоо хоног тусгаарлахаар төлөвлөлөө. Гэр бүл, ажлын хамт олондоо үнэхээр эрсдэл учруулмааргүй байна.

Үргэлжлэл бий...

x