Индэр    
2020 оны 12 сарын 1
Зураг
Хуульч, сэтгүүлч

Хөл хорионы дэглэм дэх хүний эрхийн зөрчлүүд

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын хуулиа 2020.04.29-ний өдөр УИХ-аас батлаагүй байсан бол Онц байдлын тухай хуулийн зохицуулалт хэрэгжихэд тун ойртож ирэх байлаа. Санаж байгаа бол 2008 оны үйл явдал Онц байдлын хуулийн хүрээнд болсон. Товчхондоо, цэрэг арми зохицуулалт хийхээр орж ирнэ гэсэн үг. Гамшгийн тухай хуулиараа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нь хамгийн эцсийн, хамгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл юм. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг, үүнээс өндөр хөл хорионы дэглэм үгүй ээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020.11.11-ний өдрийн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" 178 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа билээ. Энэ хугацаанд бүх төрлийн харилцаа Гамшгаас хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зохицуулагдаж байна.

Оршлын оронд Иргэн “Д”-ийн эдлэх эрх, үүрэг

Монгол улсад Цар тахал дотооддоо дэгдсэнтэй холбоотойгоор иргэн “Д”-тэй холбоотой асуудал цахим орчинд өрнөсөн. Түүний нэр төр, гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрах олон ч тохиолдол/хүн байв. Иргэн “Д” явсан маршрутаа нуусан эсэх асуудалд холбогдох албаны хүмүүс нэр цохож мэдэгдэл хийгээгүй байдаг. Тэгэхээр халдвар авсан хүмүүсийн хэн нь ч маршрутаа үнэн мэдүүлээгүй байж болох тул иргэн “Д”-г гэж дайрч давшилж таарахгүй. Маршрутаа нуух бол байж боломгүй асуудал. Эрх ашгийн эрэмбээр нь үзвэл, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, нийтийн эрх ашиг нэгд тавигдах ёстой.

“КОВИД19”-ийн халдвар авснаа мэдсэнээс хойш, мэдсээр байж маршрутаа үнэн зөвөөр хэлэхгүй байгаад Эрүүгийн хариуцлага хүртэл тооцож болно. Ял шийтгэл нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих. Хоёроос дээш иргэнд санаатайгаар хүсэж халдаасан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байна. Гэвч ЦЕГ-ын дэд даргын олон нийтэд хандаж хийсэн мэдээлэлд Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйл “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин...” тараасан гэмт хэрэгт иргэн нь өөрийгөө Коронавирусийн халдвартай гэдгээ мэдээгүй байхдаа тараасан ч ял шийтгэлтэй  мэтээр тайлбарлаж байгаа нь өөрөө ташаа, үнэн бодит бус, хуулийг мушгин гуйвуулж тайлбарласан мэдээлэл байв. Үүнээс үүдэн иргэд Коронавирусийн шинж тэмдгээ нуух, эрх бүхий байгууллагад мэдэгдэхгүйгээр өөрсдөө дур мэдэн эмчлэх зэрэг эрх зүйн асуудлыг үүсгэж болох талтай.

Нөгөө талаас, хүний хэрхэвч хязгаарлаж болохгүй эрх болох “угаас заяасан нэр төртэй байх” эрх рүү Үндсэн хуулиараа хүлээсэн үндсэн үүргээ зөрчин халдаж боломгүй байгаа юм. Анхнаасаа цар тахал дотооддоо алдсан даруйд иргэнийг нэр ус, регистр, эрхэлдэг ажил, эхнэр хүүхэдтэй нь цуг эрх бүхий байгууллагаас зарласан нь өөрөө маш буруу үйлдэл болсон. Үүний үр дүнд үнэн зөвөө мэдүүлээгүй, эмээсэн байж болох талтай тул гээндээ ч бий, гоондоо ч бий гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

Худал мэдээллийн хувьсах чанар

Төрийн дуулал эгшиглэж, танхим дүүрэн алга ташилт телевиз бүрийн эфирээр цацагдана. Нөгөө ардын баатар, аюулт өвчний эсрэг хуулиар тэмцдэг бадрангуй дүр маань зурагтаар гарч байх нь ийн аж. Эгээтэй л танхим дүүрэн хүмүүсийн дунд хэвлэлийн бага хурал зарлаж хэн бүхний гараад байдаггүй, хүсээд олддоггүй индэр дээрээс сүржин мэдэгдэл хийж, хуулиа ч мэдэхгүйгээр мушгин гуйвуулж тайлбар буй үзүүлбэрт алга таших биш, ээ халаг хайрхаан гэж хэлмээр санагдана.

Уран зохиолыг хойш тавиад урдах асуудал руугаа эргээд оръё. Худал мэдээлэл хүн төрөлхтөн үүсэж, хэл яриа боловсронгуй болж мэдээлэл дамжуулж эхэлсэн цагаас хойш бидэнтэй цуг оршсоор ирсэн. Угтаа бол араатан дунд ч худал мэдээлэл дамжуулах “инстикт” ажиллаж байдаг аж. Хувьслын олон үе шат бүрд янз бүрийн аргаар л хүн төрөлхтөн худал мэдээлэлтэй тэмцэж ирсэн биз ээ. Хэлийг нь тастах нь байхад, хэлэмгий доломгойг нь биширч ардын баатар, домог туульсынхаа эхэнд өргөмжилсөн ард түмэн ч нэлээдгүй бий. Худал мэдээллийн шуурганаас болоод түүхийн хуудас өөрөөр эргэсэн асуудал ч бас бий. За ямартай ч хүн төрөлхтөн соёлт нийгэмд шилжсэнээр худал, гүжир, гүтгэлгийн эсрэг хуулиар хариу арга хэмжээ авдаг болсон юм. Энэ л жишиг түүхийн дагуу манай улс худал мэдээлэл түгээхийг гэмт хэрэгт тооцож эхэлснээр нэгэн оныг үдэх гэж байна.

Хөл хорионы үед худал мэдээллийг онцлох нь хүн бүр хэрэгцээт, үнэн зөв мэдээлэл авах шаардлагаас үүдэлтэй. Энэ үед Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагууд бүх хүнд хүртээмжтэй хэлбэрээр, бүрэн, хоёрдмол утгагүйгээр мэдээллийг тухай бүр өгч байх үүргээ хэрэгжүүлэх ёстой. Харин чадаагүй юмуу, чадахгүй нөхцөлд худал мэдээлэл түймэр шиг асна. ЦЕГ-аас 2020.11.25-ны өдөр бүх нийтэд өгсөн мэдээлэлдээ, хорио цээр тогтоосноос хойш цагдаагийн байгууллага бүх өргөдөл гомдол, худал мэдээллийг шалгаж буй.

Одоогийн байдлаар нийтдээ 740 гаруй гомдол, мэдээллийг шалгаад байна. Үүнээс 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулах арга хэмжээ авсан бол 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 290 сая гаруй төгрөгөөр торгох арга хэмжээг авсан тухай дурджээ.

Прокурорын байгууллагаас ч гэсэн Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчих зөрчил гурав дахин нэмэгдсэн талаар мэдээлсэн. Энэ бол бахархаад зарлаад байх тоо яавч биш. Эрх бүхий албан тушаалтнуудын энэ цаг үед хийж буй ажлын үр дүн хангалтгүй байгаагаас үүдэн гарч буй балаг юм. Эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэргээр шийтгэсэн анхны тохиолдол 2020.04.03-нд  Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээс гарсан байдаг. Яахав дээ, иргэн аймгийн зарын групптээ хөдөлгөөн зохицуулж буй албан хаагчид 30 мянган төгрөг өгөөд орж, гаргаж байгаа юмуу гэсэн асуулт тавьсанд шүүхээс торгох ял оногдуулжээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш иргэн “Ж” нь Имарт худалдааны төвийн фүүдбанк зорилтот бүлгийн иргэддээ хүрч чадахгүй байгаа тухай өөрийн цахим хуудастаа сэтгэгдэл бичсэнийг тус байгууллагын хуульчаас нь устга, цагдаа, шүүхэд хандана гэж мэдэгджээ. Энэ үед шударга шүүмжлэл өрнүүлэх, үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэхдээ хэн нэгний нэр хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, борлуулалтын ашигт нөлөөлөх зорилгогүйгээр илэрхийлж, нийтэлсэн болгон дээр хариуцлага тооцох гэж оролдсоор байх уу? Иргэн “Ж”-гийн сэтгэгдлийн тухайд энэ бол цэвэр иргэний үзэл бодол, нийтийн эрх ашгийн үүднээс дуу хоолойгоо хүргэсэн асуудал. Тухайн үед байсан Имартын ажилчдын гаргасан харилцаа, хандлагын асуудал байдаг бөгөөд энэ бүх үйл баримт нь тухайн худалдааны төвийн камерын бичлэгээр нотлогдох боломжтой юм. Тэгээд ч хүнсний фүүд банкны асуудал гагц эл худалдааны төвийн асуудал биш бөгөөд сайн дураар хүнсээ өргөсөн иргэд, хэнд очиж яаж зохицуулагдаж байгаад хяналт тавих эрхтэй юм.

Ахиад нэг асуудал бол, төрийн байгууллага нь өөрөө иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тараах байдал ажиглагдаж байна. Жишээлбэл, Увс аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас иргэдийг татан авахтай холбоотойгоор тусгаарлах байрын төлбөрийн талаар цахим хуудастаа мэдээлсэн. Төд удалгүй энэхүү мэдээллээ устгасан бөгөөд энэхүү мэдээллийг цахим хуудастаа хуваалцсан иргэнийг худал мэдээлэл тул устгана уу, та бидний ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл түгээсэн мэтээр харилцсан байдаг. Дээрх тохиолдолд төрийн байгууллага нь ашгийн бус хуулийн этгээд болох тул өөрөө үнэн бодит бус мэдээлэл түгээсэн нь Зөрчлийн хуулийн 5.13 дугаар зүйлээр 5 сая төгрөгөөр торгох шийтгэвэр оногдуулах боломжтой байх аж. Их л сонирхолтой кэйс хэрхэн шийдвэрлэхийг харж л сууя.

Зорчих хөдөлгөөнийг хориглосон нь зол баяр биш зарим нэгэнд нь зовлон шаналал болох тухайд

Иргэний чөлөөтэй оршин суух эрх бол хуулиар хязгаарлаж болдог эрхийн нэг. Одоогоор бид 20 хоногийн хугацаанд хөл хорионы хатуу дэглэмд байна. Зөвшөөрөгдсөн 13 төрлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг иргэдээс бусад нь тодорхой хэмжээнд хөл хорионы дэглэмийг сахиж гэртээ байна. Үүнээс үүдэн нэг асуудал тулгарч буй нь хэзээ иргэд өөрийн байнгын оршин суудаг хаяг болох гэр орондоо буцах тухай асуудал. Маш тодорхойгүй, сая л нэг УОК-аас хуралдан байж үе шаттай шийдвэр авахаар болж байх шиг байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд эхнээсээ УБ хот, тахлын голомтоос ирж буй иргэдээ татан авахтай холбоотойгоор тусгаарлах байрны гэрээ хийх, төлбөр бодуулах зэргээр илт хууль зөрчсөн шийдвэр гаргахад бэлэн болоод байгаа аж.

Уучлаарай, энэ асуудалд хуулиар эрхэм засаг ноёд та бүхэнд ямар ч эрх хэмжээ олгогдоогүй болохыг сануулъя. Учир нь Захиргааны актууд хоорондоо зөрчилдөөнтэй байвал хууль бус захиргааны актад тооцдог. УОК нь эрх хэмжээний хүрээнд чиглэл өгөх, үүрэг болгох эрх нээлттэй бол түүний бусад захиргааны байгууллагаас хэлбэрэлтгүйгээр дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ хавар батлагдсан Цар тахлын хуулиар ч нийслэл, аймгийн засаг дарга нарт дотооддоо зорчсон иргэнийг тусгаарлах эрх олгоогүй байна. Иймд санаагаа ав, савраа тат гэж шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст нь хэлье!

Нийслэлийн онцгой комиссын дарга буюу Нийслэлийн засаг даргын 2020.11.20-ны өдрийн захирамжаар иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж, хянахаар болсон. Нийслэлийн засаг даргын захирамжийн мэдээлэл 2020.11.18-ны өдрөөс хойш шинэчлэгдээгүй бөгөөд Улаанбаатар хот доторх замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий зөвшөөрөл олгох шийдвэр нь ямар хуулийн зүйл заалтад үндэслэсэн, захиргааны ямар байгууллагаас гаргасан шийдвэр эсэх нь одоогоор тодорхойгүй байх тул анхнаасаа хүчин төгөлдөр бус шийдвэр аж. Иймд иргэд дагаж мөрдөх ямар ч эрх зүйн үндэслэл алга.