Индэр    
2020 оны 11 сарын 23
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 90: Ертөнц дээрх хамгийн хатуужилтай эрийн хамт бэлтгэл хийсэн 31 өдөр

Зураг

Номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт Жэсси Итзларын бичсэн "Living with the SEAL"-ийг онцолж байна. 

Жэсси Итзлер бол шинийг эрэлхийлдэг, гүйх дуртай саятан эр. Тодруулбал, үндэсний сагсан бөмбөгийн холбооны Атланта Хокс багийн эзэн, Marquis Jet, Zico coconut water компаниудыг үүсгэн байгуулагч.

Тэрбээр ойрын болон холын зайн марафонд тогтмол гүйдэг бөгөөд Калифорни мужид болдог халуун цөлд болох марафонд гүйхээр шийджээ. Олон хүнд томоохон сорилт болдог энэ марафонд оролцохын тулд Жэсси Америкийн тусгай хүчний алба хаагчтай хамт нэг сарын хугацаанд ямар хүнд бэрх дасгалууд хийсэн тухайгаа тэмдэглэн "Living with the SEAL" номоо 2015 онд гаргажээ. 

 SEAL(Sea, air and land) хэмээх тэнгис, агаар болон хуурай газарт үүрэг гүйцэтгэдэг тусгай анги аж. Номын туршид алба хаагч эрийг SEAL хэмээн нэрийдэж, төгсгөлд нь хэн байсныг нь зарладаг.

"Living with the SEAL" номыг сонсох:

SEAL-тэй танилцсан нь

Нэгэн өдөр Жэсси гурван найзынхаа хамтаар 25, 25 милл буюу 24 цагт багаараа нийт 100 милл гүйх буухиа марафонд оролцжээ. Энэ үед SEAL ганцаараа 100 милл газар буюу 160 км зайд гүйж байв. Үүнийг харсан Жэсси SEAL-ийг сонгож, түүнтэй бэлтгэл хийхээр шийджээ.

Тухайн марафонд Жэссигийн баг 24 цагт 100 милл гүйсэн бол SEAL ганцаараа 19 цагт 160 км газар гүйсэн байна. 

"Энэ л миний хийж чадах дээд хязгаар гэж бодсон үедээ хүмүүс ашиглаж болох хүчнийхээ 40 хувийг л гаргасан байдаг"

 

Тэд хамтдаа бэлтгэл хийх хугацаанд SEAL-ийн хэлсэн бүрийг үг дуугүй дагах ёстойг тохиролцож, эхний өдөр Жэссигийн гэрт 07:00 цагт уулзахаар товложээ. Товлосон цагтаа SEAL ганцхан үүргэвчтэй л ирсэн байв. Ирэнгүүтээ мэндийн зөрүүгүй шахам, шууд бэлтгэлдээ оръё гэжээ. Гадаа хүйтэн байхад SEAL шорт, богино цамцтай л байсан бол Жэсси хамаг байдгаараа дулаалж, "Гадаа хасах градустай, хүйтэн байна шүү дээ" гэхэд

SEAL: Хэн тэгж байна?

Жэсси: Миний компьютер.

SEAL: Чиний компьютер бидэнтэй хамт гүйхгүй. Өөрийнхөө бодол санааг хянаж сур. Гадаа дөрвөн градус байна гэж бодвол тийм л байх болно. 20 градус гэж бодвол бас л тэгж мэдрэгдэнэ.

07:00 цагт гүйх нь хамгийн энгийн зүйл байсан бөгөөд цаашид бэлтгэл нь улам хүндэрсээр байв. SEAL өдөр бүр өөртөө хүнд сорилт тавьж, хүчээ үзэх ёстой гэх зарчмыг баримталдаг. Тиймдээ ч өдөр бүр Жэссиг тавгүйтүүлж, хэцүү байлгах аргыг бодож олдог байв. 

Эхний өдөр гүйснийхээ дараахан турник дээр 100 суниа гэх даалгавар өгчээ. Энэ үед Жэсси дунджаар 7-8 л суниадаг байсан тул ингэх боломжгүй гэхэд SEAL 100 хийтлээ өрөөнөөс гарахгүй шүү хэмээжээ. Тохиролцсоны дагуу Жэсси үг дуугүй даалгаврыг биелүүлэх ёстой тул 7, 8 суниагаад 10 секунд амарч, үргэлжлүүлж хийсээр 100 суниажээ.

SEAL "Хүмүүс оролдож ч үзээгүй байж чадахгүй, бүтэхгүй гэдэг. Энэ бол тархитай холбоотой. Чадахгүй гэж байгаа хязгаарыг тархи тогтоодог. Энэ л миний хийж чадах дээд хязгаар гэж бодсон үедээ хүмүүс ашиглаж болох хүчнийхээ дөнгөж 40 хувийг л гаргасан байдаг" гэжээ.

Тэдний хийж байсан бэлтгэлээс дурдвал, өдөр бүр 10-20 км гүйх, гар дээр суниах, хүнд ачаатай гүйх, хүнд хантааз өмсөөд өдөржин явах гэх мэтээр олон зүйл хийж байв.

Өмнө дурдсанчлан SEAL Жэссиг тавгүйтүүлэх аргыг хэзээд бодож олдог тул нэг орой түшлэггүй, модон сандал дээр суугаагаар нь унтуулжээ. Мөн 24 цагт 4 цаг тутамд 6 км гүйх дасгал хийлгэв. Хаана, юу хийж байгаагаас үл хамааран өмнө нь гүйснээс хойш 4 цагийн хугацаа өнгөрсөн л бол шууд гүйх ёстой байв. 22 цагт гүйсэн бол 02:00 цагт, 06:00 цагт гүйлгэжээ. 

Харзны усанд оруулах, халуун ууранд нуруу цэх суулгах зэргээр сорилт үргэлжилсээр байв. Саятан эр бараг бүх даалгаврыг хийж чадсан ч нэг л даалгаврыг биелүүлж чадаагүй нь цельсийн 85 градус халуун саунд 30 минут нуруу цэх суух байв. Жэсси 20 минут тэссэн ч 21 дэх минутад ухаан алдах дөхсөн тул уучлалт гуйж, биеэ алчуураар ороон хоёр цаг хэвтсэнээ өгүүлсэн байдаг. 

Бэлтгэл дуусахаас гурав хоногийн өмнөх дасгалаар тэд гар дээрээ 1,000 суниав. Ингэхдээ 10 минутад 100 суниаж, түр амарч байжээ. Сонирхуулахад, SEAL өдөрт тогтмол 2,500 суниадаг аж.

SEAL гэж хэн байв?

Жэссиг 31 өдрийн турш дасгалжуулсан SEAL бол Дэвид Гоггинс юм. Тэрбээр багаасаа хүнд амьдрал туулж, арьс өнгөөр ялгаварлагддаг байжээ. Нэг удаа Дэвид тусгай албаныхан бэлтгэл хийж байхыг зурагтаар үзсэнээс хойш тэдний нэг болох зорилго тавьж, 130 кг орчим жинтэй байснаа хоёр сарын дотор 80 кг болтлоо турсан.

Ташрамд дурдахад, Дэвид 17 цагт 4,030 удаа турник дээр суниаснаар Гиннесийн номд бичигдсэн байна.