Зураг
Зураг
Индэр    
2020 оны 11 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ч.Ганжавхлан: Машинд дайруулж, шатаж, зодуулж нас барсан хүүхдийн хагас жилийн тоог харвал дайны статистик гарна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ онд гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд тэднээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтсэн гэсэн харамсалтай тоо бий. 

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл газар авч, энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхэллээ. 

8,000 хүүхэд тутамд нэг Хүүхдийн эрхийн цагдаа ажиллахаар болж, төсвийг шийдлээ. 

Ерөнхий сайд гэр бүлийн хүчирхийлэл, тэр тусмаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход онцгой анхаарч ажиллахыг үүрэгдэв. 

Гэвч үүрэг өгөөд хүчирхийлэл арилна гэсэн үг биш. Хэрэг гарах үед хэсэг шуугиад өнгөрдөг, үүрэг өгөөд мартдаг биш, дор бүрнээ сэтгэл гаргаж, асуудалд бодитоор хандах нь чухал байна. 

Хүүхэд хамгааллын талаар албаны зарим хүний байр суурийг сонссон юм. 

"Сүүлийн гурван жилд 5,043 хүүхэд гэмт халдлагад өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Мөн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл өссөөр байна. Энэ бол эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял буюу бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг юм" гэсэн мэдээллийг ЦЕГ-ын Хүүхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан өглөө. 

Хууль эрх зүйн мэдлэгтэй байснаар хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чадна

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх талаарх сургалтыг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 52 сургуулийн 5,200 багшид орохоор болсон. 

Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа "Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн багш, нийгмийн ажилтанд энэ сургалтаа явуулна. 

Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс өмнө яаж урьдчилан сэргийлэх вэ, ямар шинж тэмдгүүд хүчирхийллийг мэдээллэдэг вэ гэдэг талаарх сургалт орно. Хүүхдүүдэд хууль эрх зүйн мэдлэгийг сайн олгох хэрэгтэй. Ингэснээр хүчирхийлэлд өртөхөөс хүүхэд өөрийгөө урьдчилан сэргийлж чадна" гэлээ. 

Хүүхдүүд цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсанаар гэмт хэрэгт өртөх эрсдэл буурна гэж үздэг. 

"Улсын хэмжээнд 3-5 насны 232,435 хүүхэд бий. Эдгээр хүүхдийн 85.7 хувийг нь цэцэрлэгт хамруулахаар төлөвлөсөн. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1,449 цэцэрлэг ажиллах урьдчилсан дүн гарсан. Цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор яамнаас хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг бодлогоор дэмждэг. Энэ хичээлийн жилд найман хувийн цэцэрлэг шинээр байгуулагдсан” хэмээн БШУ-ны яамнаас мэдээлж байв. Одоогийн байдлаар нийт хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан тоог салбарын яам удахгүй гаргах юм байна.

Хүүхдүүдийн хоолны зардлыг нөхрийнхөө цалингаас болгож байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Хоёроос таван насны бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа юу гэвэл үгүй. Улсын цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүд зарим нь хувийн цэцэрлэгт, эсвэл хүүхэд харах үйлчилгээнд хамрагддаг. 

Хүүхэд харах үйлчилгээний төвүүд санхүүжилтийн улмаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зогсоод байсан. Тэгвэл энэ оны есдүгээр сараас санхүүжилтийг шийдэж, 160 төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Нөхцөл байдал ямар байгаа талаар Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нэгдсэн холбооны тэргүүн С.Шүрэнцэцэгээс тодруулсан юм. 

Тэрбээр “Хүүхэд харах үйлчилгээний 160 төв үйл ажиллагаа явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл хувьсах зардал, хүүхдийн хоолны мөнгө олгогдоогүй байна. Миний хувьд гэхэд таван хүүхэд хариуцан ажиллаж, эдгээр хүүхдийн хоолны зардлыг нөхрийнхөө цалингаас болгож байна. 

Цэцэрлэгийн хүртээмж муу, хамрагдаж чадахгүй хүүхдүүд байсаар байгаа учраас хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг нэмэх хэрэгтэй. Ялангуяа, гэр хорооллын хоёр гудамж тутамд хүүхэд харах үйлчилгээ байвал хүүхдүүд илүү аюулгүй байж чадна. Ер нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад боловсролын асуудал чухал. 

Өдийг хүртэлх хугацаанд 21,000 орчим хүүхэд манай төвүүдийн үйлчилгээг авч, 1,100 гаруй хүүхэд харагч бэлтгэгдсэн. 

Улсаас сард нэг хүүхдэд 136 мянган төгрөгийн хувьсах зардал олгодог. Нэг хүүхэд харагч таван хүүхэд харах бөгөөд хувьсах зардлын 60 хүртэлх хувьд эцэг, эхээс төлбөр авна хэмээн хуульд заасан. Үүнд үндэслэн хүүхэд харагч, эцэг, эх хоорондоо зөвшилцөн сард 150 хүртэлх мянган төгрөгийн төлбөр авдаг" гэлээ. 

Хүүхдийн асуудал дээр төрөөс онц байдал зарлаасай

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн эрхийн асуудлаар өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж, нийгэмд тодорхой нөлөөлөл үзүүлж буй залуус бол "Лантуун дохио” ТББ-ынхан. Тус төвийн тэргүүн Ч.Ганжавхлан хүүхэд хамгааллын байрууд байдаг ч ихэнх нь нээлттэй байдаггүй, энэ тал дээр анхаарах хэрэгтэйг дурьдлаа. 

Тэрбээр “Хөшөө дурсгал барьдаг цементээр, хаалга цутгадаг мөнгөөр хэчнээн зуун хүүхдийн амийг аврах, хамгаалах төвүүдийг гэр хороололд барьж болно. Дарга нар хэлэлцүүлэг хийж, араас нь зөвлөмж гэдэг юм гаргаад мартдаг байдал хэвээрээ л байна. Хүчирхийллийн эсрэг асуудлыг хэлбэр төдий, яг нэг хэрэг гарангуут гал унтраасан, гэнэт гарч ирээд алга болдог байдлаар хийгээд сурчихлаа. 

Ул сууринд нь олон шалтгаан, хийх ёстой бодитой ажил олон байна шүү дээ. Хэрэг гарсны дараа дарга нар нь хэдэн хүнийг дуудаж загнадаг, хүмүүс нь анхаарал хандуулчихлаа гэж ойлгодог үе байна.

Зарим дарга гэр хорооллоор явж үздэггүй юм уу гэмээр зүйлийг шилэн байшин, Их Хурлын индрээс ярьж байна. Бодит байдалтай очиж танилцаасай. Миний зүгээс хүүхдийн асуудал дээр төрөөс онц байдал зарлаасай гэж хүсэж байна. Хүүхэд хамгааллын байрууд бий ч ихэнх нь нээлттэй байдаггүй. 

Автомашинд дайруулж, шатаж, зодуулж нас барсан хүүхдийн хагас жилийн тоог гаргавал дайны статистик гарна. Улс бүтцийн хуулиудаа баталчихсан учир энэ чиг үүргийнхээ дагуу ажиллах ёстой. Их хурлын сонгуулиас хойш хороон дээр хэн ч ажил хийсэнгүй.

Хүүхдийн асуудал яриад очихоор хорооны нийгмийн ажилтан сонгуулийн ажил хийгээд сууж байдаг. Байгаа боломж нөхцөл дээрээ чадлынхаа хэмжээнд ажиллаж чадаж байна уу гэдгээ харсны дараа төсөв мөнгө ярих ёстой. Иргэдэд бас гэр бүлийн боловсрол хэрэгтэй байна. Сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болж, хүүхдийг золиосонд гаргахаа болих хэрэгтэй” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг ихээр гарч байгаа нь энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг сануулсаар байна. Аливаа бараан мэдээллийг хараад өнгөрөх биш хүүхэд тань үлдэх нийгэмд хүчирхийллийн эсрэг хүн бүр оролцоотой байж "ХҮН БАЙ"  хэмээн “Лантуун дохио” ТББ-аас уриалсаар буй.