Индэр    
2021 оны 1 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

ЭМД-ын тухай хуулийн 2021 оноос хэрэгжиж буй ОНЦЛОХ ГУРВАН ӨӨРЧЛӨЛТ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

-2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд нийтлэгдсэн мэдээллийг дахин нийтлэв-

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гол заалтууд болон хуучин хэвээр үргэлжлэх зохицуулалтуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Даатгуулагчид шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдсэн

Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг 2 сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх шинэ хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай даатгуулагчид тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болсон. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдсэн гэдгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран онцлон хэлж байв.

Эмнэлгүүд эзэмшил үл харгалзан гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг болно 

Шинэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд ЭМД-ын байгууллага стратегийн худалдан авагч болж байна.

Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд өвчтөний оношоос хамааран зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг төрөөс даадаг бол зарим тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас хариуцдаг. Тэгвэл хуулийн өөрчлөлтийн хүрээнд төр даах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сан руу шилжүүлэн, нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжих болж байна.

Ингэснээр ЭМД-ын байгууллага төрөөс болон даатгалын сангаас хариуцдаг бүх тусламж, үйлчилгээнд нэгдсэн хяналт тавьж, тухайн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг нь даатгуулагчид олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн бол гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна. Тодруулбал, ЭМД-ын сангаас даатгуулагчид үзүүлсэн бүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлнэ.

Зарим оношийг төр болон даатгалын аль нь хариуцах нь тодорхойгүй байдлаас үүдээд иргэн ойлгомжгүй байдалд орж, өөрөө төлбөрөө төлөх тохиолдлууд их гардаг байсан гэдгийг Г.Гийхнаран дарга хэлж байв.

Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнээр олон улсын эмнэл зүйн удирдамжид заасан эмчилгээ, оношилгоог хийсэн байна уу, үгүй юу гэдгийг үндэслэн хянах зохицуулалттай бөгөөд эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжилт авах буюу "САНХҮҮЖИЛТ ИРГЭНИЙГ ДАГАНА".
Эмнэлгүүд даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн оношоор үйлчилгээ үзүүлнэ

Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд ЭМДЕГ эмнэлгүүдтэй гэрээ хийхдээ магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ байгуулаад, батлагдсан орны тоо, хүчин чадал, үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэр төрөлд үндэслэн даатгалын сангаас санхүүжилтийг олгодог байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага нийт батлагдсан төсвийн хүрээнд тусламж, үйлчилгээний нэр төрлөөрөө зардлаа хуваарилан тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан.

Харин хуулийн өөрчлөлтөөр даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн оношоор үйлчлэх зохицуулалт оруулжээ. Ингэхдээ улсын хэмжээнд 450 гаруй онош тус бүр дээр сонгон шалгаруулалт зарлах юм байна. Онош тус бүр дээр "даатгалын сангаас ийм төлбөр төлнө" гэж нээлттэй зарлаад эмнэлэг түүн дээр нь хэдэн төгрөг нэмж аваад, хэчнээн иргэнд үйлчилгээ үзүүлэх боломжтойгоо ЭМДЕГ-т эргэн мэдэгдэнэ. ЭМД-ын байгууллага үнийн саналыг судалж, хянаад хамгийн хямд үнэ санал болгосон эмнэлгээс сонгоод явах аж.

ЭМД-ын шимтгэл төлдөг хүн бүр урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой

Даатгуулагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш гэсэн 4 насны ангиллаар, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан товлолт хугацааны дагуу эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Мөн ЭМД-ын сангаас үзүүлж буй спорт клубийн үйлчилгээнээс бусад 13 төрлийн тусламж үйлчилгээг Даатгалын сангаас үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шинэ хуульд тусгажээ.