Индэр    
2020 оны 10 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Цацрагийн аюулаас өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн арга нь WiFi-ийг унтраах

 
Source: http://www.safebee.com

Утасгүй интернэт, өсгөгч, гар утас гэх мэтчилэн бид долгионы элдэв эх үүсвэрээр хүрээлүүлэн амьдарч буй.

Эдгээр нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар гаднын судлаачид ялгаатай байр суурийг илэрхийлдэг. Тухайлбал, Пеннсилванийн их сургуулийн биоинженерчлэлийн профессор Кеннит Фостер 2016 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Гар утас, богино долгионы зуух зэрэг бүх төхөөрөмжид цацрагийн хэмжээний аюулгүйн стандартыг тогтоосон байдаг. Энэ дагуу интернэт цацагч төхөөрөмж ч аюулгүйн хязгаараас доогуур хэмжээний цацраг ялгаруулдаг" хэмээж байжээ.

Харин цацрагийн эх үүсвэрүүд нь хорт хавдрын нэг шалтгаан болж, тархины хөгжилд сөргөөр нөлөөлж буйг Калифорнийн их сургуулийн Гэр бүл, нийгмийн эрүүл мэндийн төвийн захирал Жоэл Москович 2018 онд Time.com-д өгсөн ярилцлагадаа онцолж байв. Тэрбээр "Эргэн тойрон дахь радио долгионы эх үүсвэрүүд тархины хөгжилд муугаар нөлөөлж, хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа" гэдгийг хэлсэн байна.

Б.Лхагвасүрэн: Цацрагийн үүсгэгч рүү ойртох тусам хоруу чанар ихэснэ

 

Тэгвэл хөгжлийн явцад орооцолдсон олон утас, залгуураас салгаж өгсөн энэхүү дэвшилтэт технологи бидэнд ямар нөлөө үзүүлж буй талаар 10 жилийн турш үргэлжилсэн нэгэн томоохон судалгааны талаар цөмийн физикч Б.Лхагвасүрэн "2008-2018 онд АНУ-ын Эрүүл мэндийн яамны "National Toxicology" гэх хөтөлбөрөөс 30 сая ам.долларын санхүүжилтээр гар утасны долгион амь биетэд ямар хор хөнөөл учруулж буйг тогтоохоор хархан дээр туршилт хийсэн байдаг.

Ингэхэд хархнуудын тархи, зүрхэнд хорт хавдар үүссэн нь тогтоогдсон. Тухайн үед 2G, 3G сүлжээ байсан бөгөөд энэ нь WiFi төхөөрөмжөөс ялгарч буй цацрагтай тун ойролцоогоор инженерчлэгдсэн байдаг" гэлээ. 

Мөн тэрбээр "Өдрийн цагт нарнаас маш их хэмжээний цахилгаан соронзон орон ирж байдаг. Харьцуулахад гар утас, утасгүй интернэт цацах төхөөрөмжөөс гарч буй нөлөөлөл нь нарныхаас нэг сая дахин бага. Шууд утгаар нь харьцуулахад нэг сая дахин бага байгаа учраас хүмүүс аюулыг нь төдийлөн анзаардаггүй. Үнэн хэрэгтээ WiFi төхөөрөмж, гар утасны долгионууд нь байгаль дээрх долгион шиг биш буюу инженерчлэгдсэн байдаг бөгөөд хүний биед хоруу чанар ихтэй" хэмээв. 

Шөнийн цагт хүний бие амарч, нөхөн сэргээгддэг чухал үе учир интернэт цацагчаа заавал унтрааж унтах ёстой

Цацрагийн үүсгэгч рүү ойртох тусам хоруу чанар ихэсдгийг цөмийн физикч Б.Лхагвасүрэн мөн онцолсон. WiFi төхөөрөмж нь бидэнтэй хамгийн ойр байгаа цацрагийн эх үүсвэр тул аль болох хол тавих, ашиглаагүй үедээ унтрааж байхыг тэрбээр зөвлөж буй юм. 

Ялангуяа, шөнийн цагт хүний бие амарч, нөхөн сэргээгддэг чухал үе учир интернэт цацагчаа заавал унтрааж унтах ёстойг тэрбээр олон нийтийн сүлжээгээр уриалсаар байна. 

Шөнийн цагт дэлхийн соронзон орны хэлбэлцэл нь 7.83 Гц байх бөгөөд хүний бие энэ хэлбэлзлийн орчинд амардаг. Гэтэл интернэт цацагч 5,000,000,000 Гц-ын давтамжтай хэлбэлздэг бөгөөд ийм үед хүн бүрэн амрах боломжгүй юм.

"Хорт нөлөөнөөс зайлсхийхийн тулд төхөөрөмжүүдээ утсаар холбодог болж байна"

Гар утас, интернэт цацагч зэргийн нөлөөнөөс эрүүл мэндээ хамгаалахын тулд хүмүүс утсаар холбохыг илүүд үзэх болжээ. Тухайлбал, компьютероо кабель утсаар сүлжээнд холбодог болсон аж. Гэвч орон сууцны айлуудын хувьд нэг айл дангаараа хичээх нь хангалтгүй тул өрх бүрийг төхөөрөмжөө унтраахыг зөвлөж байгаа юм.

Цөмийн физикч Б.Лхагвасүрэн "Долгионы хэлбэлзлээс хамаараад нэвтрэх чадвар харилцан адилгүй. Жишээ нь, 5G технологийн долгионууд нэвтрэх чадвар бага бол 2G сүлжээнийх их байдаг. Хэдийгээр орон сууцны айлуудын хувьд бетонон хана тодорхой хэмжээнд цацрагаас хааж чадах ч бүрэн хамгаалах боломжгүй.

Зарим оронд айлууд гэрээ тусгай материалаар хаадаг болж байна. Энэ бол өртөг өндөр. Үүний оронд өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн арга бол интернэт цацагчаа унтраах" гэв.

Түүнчлэн өндөр барилгуудын дээвэрт антен байрлуулах нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эсэхийг түүнээс тодруулахад "Сөргөөр нөлөөлнө. Энэ тохиолдолд компаниуд антеныхаа доор саармагжуулагч тавих хэрэгтэй. Мөн өмнө хэлсэнчлэн үүсгүүрт ойртох тусам хоруу чанар нэмэгдэнэ. Технологийнхон үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд цахилгаан соронзон цацраг нь халааж түлэхгүй л бол өөр гэмтэл учруулахгүй гэдэг ч энэ нь дээр хэлсэн судалгаагаар үгүйсгэгдсэн" гэв.

"Удирдлагатай тоглоомоос хүчтэй цацраг ялгардаг. Гэтэл хүүхдүүд бариад тоглож байдаг"

"Гар утас, богино долгионы зуух, интернэт цацагчаас гадна удирдлагатай тоглоомоос хүчтэй цацраг ялгардаг. Гэтэл түүнийг хүүхдүүд бариад тоглож байдаг.

Цацраг нь хүүхдийн тархины хөгжилд муугаар нөлөөлдөг учраас ийм тоглоом авч өгөхгүй байх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүд тусгай хормогч зүүж, хэвлий дэх үрээ хамгаалах нь зүйтэй юм. Судлаач нар дэлхий нийтийн загварын шинэ хандлага нь цацрагаас хамгаалсан хувцас байх болно гэж байгаа. Энэ нь цацраг гамшгийн хэмжээнд хүрсний илрэл" хэмээн тэрбээр хэллээ. 

Түүнчлэн цацрагийн нөлөөлөл нь зайн квадратад урвуу хамааралтай буюу өчүүхэн зайнд холдсон ч хамаарал нь эрс буурдгийг мөн онцолсон. Тиймээс гар утсаар ярихдаа чихэвч ашиглаад ярихад сөрөг нөлөө нь буурах аж.

Цөмийн физикч Б.Лхагвасүрэн цацраг ялгаруулагч эд зүйлсийн аюул хөнөөлийг шат дараатайгаар хэмжиж буй бөгөөд түүний судалгаанаас сонирхуулахад, Тоёота Приус машины жолоочийн арын суудалд зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин илүү соронзон орон үүсэж байгааг тогтоожээ. Энэ нь иргэд такси барихдаа хамгийн түгээмэл суудаг хэсэг билээ.