2020 оны 10 сарын 26
Зураг
Эдийн засагч, шинжээч

Монголын эдийн засгийн төлөв: The Good, The Bad, The Ugly

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

The Good, The Bad, The Ugly нэртэй киног та үзэж байсан биз ээ. Харин энэ гуравхан үгээр Монголын эдийн засгийн цаашдын төлөв байдлыг(3 жил) хангалттай тодорхойлох боломжтой.

The Good: Эдийн засаг ирэх 3 жилд өсөхөөр байна.

  1. 2021 онд эдийн засаг сэргэнэ.(Биелэх магадлал өндөр)
  2. 2022 он төмөр зам ашиглалтад орно. (Улс төрийн орчин нөлөөлнө)
  3. 2023 онд Оюутолгойн далд уурхайн экспорт 2 дахин нэмэгдэнэ.(Улс төрийн орчин нөлөөлнө)

Сайн гэвэл ирэх 3 жилд эдийн засаг өсөх бүрэн дүүрэн боломж харагдаж байна.

2021 онд нүүрсний экспорт хэвийн түвшиндээ хүрч, ОТ-н зэсийн баяжмал дахь агууламж хоёр дахин нэмэгдэхээр байгаа зэрэг нь уул уурхай эдийн засгийн өсөлтийг түүчээлэх нь ээ. Улмаар уул уурхайг дагасан худалдаа, тээвэр болон үйлчилгээний салбарт эерэгээр нөлөөлнө.

2022 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаж дууссанаар жилд 30 сая тонн нүүрсийг одоогийнхоос тав дахин бага өртгөөр гаргах боломжтой. Автомашины экспортыг нэмж тооцвол жилийн 65-70 сая тонн нүүрс гаргана. Мэдээж Хятадын талын хэрэг зоригоос энэ тоо хамаарах учиртай. 

2023 онд ОТ-н далд уурхайн баяжмалын экспорт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Улмаар ОТ дангаараа эдийн засгийн 20 хувийг бий болгоно. Энэ бол маш том тоо. Харин ОТ-н ээлжийн хоолыг булаах(бэлтгэн нийлүүлэгч) гэсэн улс төрийн ашиг сонирхол энэ бүхэнд саад болж болзошгүй.

The Bad: Хүлээгдэж буй гадаад өр төлбөр

  1. 2021 онд 0.5 тэрбум ам.доллар сунгасан.(Шинэ бондоор хугацаа сунгасан)
  2. 2022 онд 1 тэрбум ам.доллар бондын өр төлнө.
  3. 2023 онд 1.3 тэрбум ам.доллар бондын өр төлнө. 
  4. 2024 онд 0.6 тэрбум ам.доллар бондын өр төлнө. 

Муу гэвэл ирэх 4 жилд бидний төлөх ёстой 2.3 тэрбум ам.долларын өр төлбөр байна. Сайны хажуугаар саар гэгчээр ирэх гурван жилийн өсөлтийн хажуугаар өр төлбөр ч дагах нь дээ. 2000 оноос хойш гаднаас хөнгөлөлттэй, хөнгөлөлтгүй төрөл бүрийн зээл тавьсаар нэг л өдөр хуримтлагдаж, олон хавар нэгэндээ гэгч л болж хувирав. Оны дарааллаар оочироо хүлээсэн өр төлбөрийг төлөх чадамж байхгүй учир бид дахин сунгалт хийхээс өөр аргагүй. 

The Ugly: Сонгуулийн мөчлөг бүхий богино хугацааны бодлого

Таван жил тутам Валютын сангийн хөтөлбөрт ордог, сонгуулийн 4 жилээр л бодлогоо тодорхойлдог ийм эдийн засаг тогтвортой байх ямар ч боломжгүй. Улмаар түр зуурын гал унтраах бодлогодоо түүртсээр ядуурал, ажилгүйдэл, утаа, түгжрэл гэх мэт нийгмийн суурь асуудлуудаа огтхон ч шийдэж чадахгүй. 

Ирэх жилүүдэд төсөв тэлье гээд ч чадал нь байхгүй. Бэлэн мөнгө, халамждаа 40 хувь, байшин барихад 20 хувь гээд л төсөв бараг дуусчихна. Халамж авч байгаа хүн ам л гэхэд давхардсан тоогоор 2.6 сая байна. Тиймээс бодлогын хувьд, ирэх гурван жил нь сорилт байх болно. 

Хэрвээ бондын өр төлбөрөө төлж чадахгүй бол ирэх жилүүдээс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах эрсдэлтэй. Хамрагдсан нөхцөлд ААН, иргэдийн татвар нэмэхээс эхлээд л арга хэмжээнүүд нь ар араасаа цуварна. 

Энэ тойргоосоо л гарахгүй бол бид ядуурал, ажилгүйдэл, утаа, түгжрэл гэх суурь асуудлыг хэчнээн шаардаад хөтөлбөр дээр бичигдсэн хүслийн төдий тоо байсаар л байна.

x