Индэр    
2020 оны 10 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 86: Сайнаас агууд дэвшихүй

Зураг
https://www.welcometothejungle.com/en/articles/sometimes-good-to-great-is-just-a-short-step-away

Уншигчдынхаа амралтын өдөрт зориулан бэлтгэдэг "Unlock" подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт менежментийн библи гэж нэрлэгддэг "Good to Great" буюу "Сайнаас агууд дэвшихүй" номыг хүргэж байна.

Зарим үсрэнгүй амжилтад хүрч чадсан компанийн баримталсан зарчмуудыг энэхүү номд өгүүлдэг.

Номын тухай шууд сонсох:

Номын зохиолч Жим Коллинз болон түүний багийнхан энэхүү номыг Америкийн 1,500 шахам компанийн санхүүгийн тоо баримтыг цуглуулж, удирдагчидтай хийсэн ярилцлага дээр үндэслэн таван жилийн судалгаа хийсний үр дүнд хэвлүүлжээ.

Сайн удирдагч байх нь

Агуу компанийг бий болгохын тулд эхлээд та өөрөө маш сайн удирдагч байх хэрэгтэй.

Номын зохиолч Жим Коллинз компанид таван түвшний хүн байдаг гэж тодорхойлон бичжээ.

Үүнд: 

  • Нэгдүгээр түвшин: Чадварлаг ажилтан, 
  • Хоёрдугаар түвшинБагтаа өндөр хувь нэмэр оруулдаг ажилтан
  • Гуравдугаар түвшин: Чадварлаг менежер буюу багийн удирдагч 
  • Дөрөвдүгээр түвшинТөрөлхийн лидерүүд
  • Тавдугаар түвшин: Агуу компаниудын нийтлэг лидер багтаж байна.

Харин хамгийн сайн удирдагчид үргэлж нийтлэг лидер байдаг аж.

Нийтлэг лидерүүд төрөлхийн лидерүүдээс төлөв, даруу бөгөөд өөрөөсөө илүү компанийнхаа эрх ашгийг түрүүлж харж чаддагаараа ялгаатай.

Тэд үргэлж өөрийнхөө амжилтыг бусдын хамтын ажиллагааны хүч гэж үздэг.

Мөн энэ төрлийн лидер буюу манлайлагчийн бусдыг удирдах чадвар нь төрөлхийн биш  хөдөлмөрөөрөө маш их суралцсан байдагт ялгаа нь бий.

Харин төрөлхийн лидерүүдийн хувьд нэн тэргүүнд өөрийнхөө эрх ашгийг тавьдаг сул хандлагатай хүмүүс байдаг гэж номд бичжээ.

Тодруулбал, төрөлхийн лидерт өөрийнхөө эрх ашгийг түрүүнд тавьдаг хандлагаасаа болж үргэлж өөрөөсөө чадвар муутай хүмүүсээр хамтрагчаа сонгодог.

Энэ байдал нь мэдээж цаашдын ажил өсөн хөгжихөд маш сөрөг нөлөөтэй.

Тавдугаар түвшний лидерийн зан чанарын жишээгээр, Nike-ийг үүсгэн байгуулагч Фил Найтыг дурдаж болно.

Тэр төрөлхийн чадвартай нэгэн биш байсан ч маш удаан хугацаанд хөдөлмөрлөж, алдаагаа засаж сайжруулж, зорилгынхоо төлөө тууштай тэмцсэний эцэст амжилт гаргаж чадсан юм.

Мөн Тесла компанийн үүсгэн байгуулагч Илон Маск ч тавдугаар түвшний лидерт тооцогдоно. Ер нь дэлхийн амжилттай яваа компанийн үүсгэж амжилтад хөтөлсөн хүмүүсийн ихэнх нь тавдугаар түвшний лидерүүд байдаг.

Эхлээд хэн гэдгээ ол, дараа нь юу хийхээ шийд

Компани байгуулж хэтийн төлөв, зорилгоо боловсруулахаасаа өмнө гол албан тушаалтнуудаа буюу хамтран ажиллаж, шийдвэр гаргах багаа эхлээд цуглуулах нь чухал.

Энэ талаар номд "Хэрвээ танд нэг аяллын автобус байсан бол та суух хүмүүс бүрдсэний дараа нь доторх хүмүүстэйгээ хаашаа аялахаа ярилцана. Баг сонгох гэдэг үүнтэй л адил үйл явц" хэмээн тайлбарлажээ.

Яагаад түрүүлж багтаа орох хүмүүсээ сонгох хэрэгтэй вэ гэвэл бизнесийн орчинд үргэлж эрсдэл үүсэж байдаг учраас тулгарсан хүнд хэцүү бэрхшээлүүдийг хамт даван туулдаг баг тэргүүн эгнээнд хэрэгтэй аж.

Гэхдээ чиний багт багтах хүмүүс "Юу хийхээ харж чамтай нэг баг болсон" биш "Чамайг хэн бэ" гэдгийг чухалчилж хамтрахаар шийдсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, хамтрагч чинь заавал чадварлаг байх албагүй, хамгийн гол нь ямар ч үед чамайг орхихооргүй хүмүүсээр л чухал багаа бүрдүүлэх хэрэгтэй.

Багаа бүрдүүлэхдээ хэд, хэдэн зүйл анхаарахыг зохиолч зөвлөсөн.

Үүнд:

  • Заавал зөв хүнээ олтлоо эхлэлгүй хүлээх хэрэгтэй- Багтаа орох зөв хүн гэдэг ойлголтоо тодорхой мэдлэг чадвартайг нь бус зан араншин, сахилга бат, тулгуур дэг журам хандлагыг нь түрүүлж хар.
  • Өөртэйгөө хамтарч ажиллах хүнээ сонгочхоод эргэлзсэн үедээ шуурхай хариу ав- Энэ нь тухайн хүнийг шууд хал, хамтрахаа боль гэсэн үг биш бөгөөд түүнд таарсан өөр ажил хариуцуулаад үз.

Номд өгүүлснээр, ядаж гурван удаа албан тушаалыг нь сольж үзээд үнэхээр аль ч тушаал дээр очсон тэр алдаа гаргасаар л байвал халахаас өөр сонголтгүй гэсэн байна.

  • Зөвхөн хамгийн ирээдүйтэй албандаа л шилдгүүдээ тавь- Хамгийн хэцүү албандаа сайн хүмүүсээ ажиллуулж, тэдний чадвар мэдлэгийг гарздаж болохгүй зэргийг зөвлөсөн байна.
Бизнесийн цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?

Бизнесээ тодорхойлохдоо хоёр зүйлийг түрүүлж бодох хэрэгтэй.

Үүнд:

  • Гашуун бөгөөд бодит үнэнтэй нүүр  тулах 
  • Өөрийнхөө гарааны онолыг тодорхойлох багтаж байна.

Хэрвээ та үнэхээр сайн багаа бүрдүүлж чадлаа гэж бодож байвал дараагийн хийх хамгийн эхний алхам бол зах зээлийн бодит нөхцөл байдлыг байгаагаар нь, бодитоор үнэлж дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

Олон жил нэр хүндтэй байсан эсвэл олон ажил ажиллаж туршлага хуримтлуулсан зарим компанийн үргэлж нэг хэв маягтай байх нь элбэг. 

Өөрөөр хэлбэл тэд зах зээл өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрдөггүй, яг одоо болж байгаа эрсдэлдээ ач холбогдол өгдөггүйгээсээ болж хөгждөггүй.

Уг номд дурдагдсан агуу компанийн жишээ нь, жил бүрийн төгсгөлд хурлаа хийж, өнгөрсөн оныхоо амжилтыг дүгнээд, ирэх жил хэрхэн ажиллах талаарх бүх эрсдэл тооцооллыг хийдэг талаар гардаг.

Уг жишээ компани ч гэлтгүй хувь хүмүүс улс оронд байх ёстой хандлага болов уу.

Мэдээж нөхцөл байдалд бодитоор үнэлгээ дүн шинжилгээ хийхэд компанийн хамгийн доод түвшний ажилтан  удирдлагуудтайгаа чөлөөтэй илэрхийлж чаддаг байхаар уур амьсгалыг бүрдүүлсэн байх шаардлага тулгардаг.

Гэхдээ сүрдмээр амбицтай манлайлагч ийм байдалд саад болдог тул тийм төрлийн манлайлагч нар тийм ч сайн үр дүн авчрахгүй гэжээ.

Зараа шиг чанараа олж ав

Уг бүлэгт үнэг, зараа хоёрын үлгэрээр жишээлж тайлбарласан байдаг бөгөөд үлгэрт өгүүлснээр үнэг ан хийхдээ олон арга туршиж хэрэглэдэг ч дийлэнх тохиолдлууд нь амжилтгүй болдог.

Харин зараа аюул тохиохоос эхлээд бусад зүйлд нэг л чанараа ашигладаг нь бөөрөнхий болж биеэ хумиад өнхөрдөг. Гэсэн ч энэ байдал үргэлж амжилт олдог.

Компанийн хувьд олон зүйлийг туршиж үзэх биш өөрийнхөө хамгийн том нэг давуу талыг олж хараад түүгээрээ байнга илүүрхэх хэрэгтэй гэж өгүүлжээ.

Гэхдээ энэ чанар нь хийж байгаа зүйлдээ бүх хүсэл чадлаа дайчлах, ашиг олж болох боломжоо олж харах, давуу талаа олох гурван зүйлийн огтлолцол дээр үр дүнгээ өгөх аж.

Зарааны онолыг хэрэглэдэг 11 агуу компани дунджаар дөрвөн жилийг зарцуулж байж яаж давуу талаа ашиглаж ашигтай ажиллаж болох талаар ойлгосон байдаг.

Сахилга бат дэг журамтай үйлдэл хийх нь

Сайн хүмүүсээ сонгож, юу хийхээ зарааны онолоор тодорхойлсон бол одоо байгууллага дотроо сахилга бат дэг журмын соёлыг бий болгох хэрэгтэй.
Дэг журмыг ямар нэг шахалт шаардлагаар бий болгоно гэдэг бол том эндүүрэл.

Зүгээр л аль болох хүнд суртлыг компаниас авч хаяхад болно.

Учир нь шахалт шаардлагаар заавал хэрэгжүүлэх шаардлагатай дүрэм журам нь нийт ажилчдын төлөө бус тэдний дунд байгаа цөөн тооны болохгүй зүйл хийдэг хүмүүст зориулсан зүйл.

Өөрөөр хэлбэл, алдаа гаргагч залхуучуудын төлөө гаргасан дүрэм журам нь хэтэрхий олон болоод эхлэнгүүт өөрийнхөө ажлыг өдөр тутамд сайн хийдэг сахилга баттай хүмүүс нь шахалт шаардлагаар бий болсон дүрмүүдээс залхаж эхэлнэ гэж номд өгүүлсэн байна.

Хэрвээ ажлаа мэддэг, чин сэтгэлээсээ хийдэг хүмүүс залхсаны улмаас ажлаа орхиход хүрвэл танай компани шахалт шаардлагаар тавьсан дүрмүүдийг л мөрдөхөөс өөр аргагүй, мөрдөхгүй бол уналтад орж мэдэх эрсдэлтэй болно гэж тэмдэглэжээ.

Мөн технологи бол зөвхөн хурдасгуур болдог гэдгийг онцолсон байна.

Технологи ямар нэг цоо шинэ зүйл авчрах биш байнга хийж байгаа зүйлийг чинь хурдацтай өсгөж болдог гэж тайлбарлажээ.

Зарим компаниуд шинэ технологи гарч ирэх бүрд бусдаас хоцрох вий гэж эмээж, гаднаас төхөөрөмж худалдаж авдаг нь буруу алхам болох эрсдэлтэй талаар ч өгүүлжээ.

ТОВЧ АГУУЛГА

 Агуу компани байхыг тулд хамгийн эхлээд тавдугаар түвшний лидер буюу маш энгийн, компанийн төлөө ажилладаг манлайлаг байх хэрэгтэй.

Хоёрдугаарт зөв багаа бүрдүүлж, асуудлыг бодитоор хүлээн авч, хамгийн сайн давуу төлөө олж авч, түүнийгээ үр дүнгээр нь орлого олох боломжтой гэдгийг тооцоолох хэрэгтэй.

Гуравдугаарт компани дотроо сахилга баттай соёлыг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Хамгийн сүүлд дээрх алхмуудыг амжилттай хэрэгжүүлж чадвал үйл ажиллагаа аяндаа эрчлүүрт орж, хурдацтай хөгжинө гэсэн санааг илэрхийлсэн байна.

Дээрх алхмууд агуу үйлдэл огтхон ч биш. Агуу компани болох алхмууд ийм амархан байхад агуу зүйл рүү тэмүүлэх боломжийг нэг үзээд алдах хэрэгтэй.

Үнэхээр та өөрийнхөө хүсэж мөрөөддөг зүйлээ хийж байгаа бол таны мөрөөдөлд агуугаас өөр зүйл байх боломжгүй хэмээн тайлбарласан байдаг.