Индэр    
2020 оны 10 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Хотын ЭМЭГТЭЙ даргатай болоод үзвэл ямар вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа талаар олон жил ярьж байгаа ч өөрчлөлт гарахгүй байгаа нь харамсалтай. 

Энд зөвхөн эмэгтэйчүүдийг онцолж байгаа хэрэг биш. Аль ч түвшинд хүйсийн тэгш оролцоо хангах нь чухал гэдгийг тодотгоё. Энэ боломж хангагдаж байж хөгжил урт хугацаандаа тогтвортой байж, нийгмийн тулгамдсан асуудлаа тэнцвэртэй шийдээд зогсохгүй эдийн засагт маш том нөлөө үзүүлдгийг олон улсын судлаачид онцолдог. 

Тухайлбал, ОУВС-гийн захирал асан Кристин Лагард “Хэрэв Энэтхэг улс эмэгтэйчүүдийнхээ ажил эрхлэлтийн түвшинг эрчүүдийн хэмжээнд хүргэвэл ДНБ-ээ 27 хувиар нэмэгдүүлэх боломжтой бол Пакистан, Саудын Араб зэрэг улс эдийн засгаа 35%-аар тэлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Япон, АНУ л гэхэд ажиллах хүчний бодлогодоо жендерийн тэгш байдлыг тусгаснаараа ДНБ-ээ 5-9 хувиар өсгөж чадсан жишээ байгааг тэрбээр онцолсон байдаг.

Монголчууд бид нутгийн өөрөө удирдах байгууллагад төлөөллөө тодорхойлох чухал сонгуулиа хийгээд удаагүй байна. Гэвч энэ удаагийн УИХ-ын сонгуульд ч тэр, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын хоёр сонгуулиар жендерийн тэгш байдлын хувьд ахиц гарсангүй. 

Тодруулбал, УИХ-д энэ удаа 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь өмнөх оныхтой ижил түвшинд байгаа бөгөөд эмэгтэй нэр дэвшигчдийн тоо өмнөх сонгуулийг бодоход 129 байсан нь 151 болж, 18%-аар оролцоо нь дээшилжээ. 

График 1. УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвшсэн байдал, сонгуулийн жилээр

График 2. УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн сонгогдсон байдал, сонгуулийн жилээр

Тэгвэл иргэдийн амьдралд хамгийн ойр, өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай гол шийдвэрүүдийг гаргадаг ИТХ-ын сонгуулиар жендерийн хувьд бүр ухралт хийсэн байна. Нийслэлийн ИТХ-ын өмнөх сонгуулиар Төлөөлөгч болсон 45 хүний 10 нь эмэгтэй байсан бол энэ удаа 8 эмэгтэй төлөөлөгч НИТХ-д ажиллахаар болов. Аймаг, сумын түвшинд ямар байсныг дараах графикаас харж болно. 

График 3. 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо (2020 он)

График 5. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд эмэгтэйчүүд сонгогдсон байдал(2020 он)

Монгол Улс жендерийн тэгш байдлын индексээр 2019 оны эцсийн байдлаар 153 орноос 79-т эрэмбэлэгдсэн. Хэдийгээр энэ нь дэлхийн дунджаас бага зэрэг дээгүүр байгаа ч 2018 онтой харьцуулахад 21 байр ухарсан үзүүлэлт юм. 

Энэхүү үзүүлэлтийг хэмжихдээ эдийн засгийн оролцоо, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн эрх мэдэл, оролцоо гэсэн 4 зүйлийг голчилдог. Тэгвэл Монголын хувьд

  • Эдийн засгийн оролцоогоор 29 дүгээрт
  • боловсролын түвшнээр 71 дүгээрт
  • эрүүл мэндийн байдлаар 1 дүгээрт
  • харин улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 120 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.  

Монгол Улс 2006 онд гарсан Жендерийн тэгш байдлын тайланд 42-рт бичигдэж байсан бол 2018 онд 58, 2019 онд 79-рт орж хойшилсонд боловсролын хэмжүүр 50, улс төрийн эрх мэдэл, оролцооны түвшин 8 байраар хойшилсон нь голлон нөлөөлсөн болохыг уг судалгаанд онцолжээ. Илүү тодруулбал, дээд боловсролтой эмэгтэйчүүдийн хувь өссөн хэдий ч шийдвэр гаргах түвшинд, ялангуяа хууль тогтоох дээд байгууллага болон аймаг, нийслэлийн ИТХ-ын хувьд Жендэрийн эрх тэгш байдлын хуульд заасан квотуудын түвшинд хүрээгүй хэвээр байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулсан юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн 

  • 10.1.1-д томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15%-иас, дүүрэгт 20%-иас, суманд 25%-иас, хороонд 30%-иас доошгүй байх 
  • 10.1.2-т төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын ТНБД, Засгийн газрын агентлагийн даргын 15%-иас, бусад төв байгууллагын удирдлагын 20%-иас, яамдын газар, хэлтсийн даргын 30%- иас, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40%-иас доошгүй байх
  • 10.1.4-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах хэмээн заасан байдаг.

Тэгвэл төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын түвшинд 2016 оны сонгуулийн дараа ямар түвшинд байсныг харъя. 

  • Яамдын төрийн нарийн бичгийн түвшинд 7.7%
  • Агентлагийн даргын түвшинд 3.3%
  • Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын даргын түвшинд 18.2% байгаа бол 
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын даргын түвшинд 0% байгааг тус судалгаанаас харж болно.

Цаашлаад нийслэл, дүүрэг, аймаг, сумын ИТХ-ын даргад эмэгтэйчүүдийн эзлэх хувь

  • дүүрэгт 33.3%
  • суманд 14.2% байгаа бол 
  • нийслэл болон аймгийн түвшинд мөн л 0% байв.

Хүн амын 1963 оны тооллогын дүнгээр дээд боловсролтой хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 22.6 хувь байсан бол 2010 оны тооллогын дүнгээр 58.6 хувь болж, 2.6 дахин нэмэгдсэн маш сайн үзүүлэлт байгаа юм. Тэгвэл 2011-2018 оны дунджаар дээд боловсрол эзэмшигчдэд эзлэх эмэгтэйчүүдийн хувь 58.3 болжээ. 

Хэдийгээр 2004 оноос УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй өсөж, нийт нэр дэвшигчдийн 32 хувьд хүрч, сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо буураагүй ч улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх хөгжлийн зорилтод хүрэх яагаа ч үгүй байгаа юм. 

Тэгвэл энэ үзүүлэлтүүдийг ахиулах боломж яг одоо шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдөд байна. 

2016 оны үзүүлэлтээр аймаг, нийслэлийн ЗДТГ-ын даргын түвшинд 18.2% байсан эмэгтэйчүүдийн оролцоог 30% биш юм гэхэр 25 хувьд хүргэх боломжтой бол нийслэл болон аймгийн ИТХ-ын түвшинд 0% байгаа даргадаа энэ удаа эмэгтэйчүүдийг томилох боломжтой.

Улаанбаатар хотын хувьд дүүргийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилж байсан удаатай ч орон нутагт энэ хандлага огт алга. 

Харин нийслэлийн Засаг даргаар нэг ч удаа эмэгтэй хүн ажиллаж байгаагүй билээ.

Өнгөрсөн 30 жилд томилогдсон удирдлагууд ямар өнгө төрхтэй хот бүтээснийг өдгөө бид харж, буруутай шийдвэрүүдийнх нь горыг нийслэл даяараа амсаж байна.

Тэгвэл нийслэлчүүд энэ удаа эмэгтэй хотын даргатай болоод үзвэл ямар вэ? Магадгүй өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг ийм байдлаар залруулж болох юм гэдгийг олон улсын судалгаа, туршлага харуулсаар байгаа бус уу.