Индэр    
2020 оны 10 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Мөнгөншагай: Сэтгэл дүүрэн байлгадаг хайртай бүхэн минь хилийн шугамаас эхэлдэг

Зураг

Аян замын тэмдэглэлээс...

Шөнийн харанхуй, үдшийн бүрийгээр байгалийн чимээнээс өөр аниргүй тайван талыг “Хэн нэгэн” эргэж явна.

Амьсгалах агаар нь алхам бүрээр нь хэмжигдэх эх нутгийнхаа газар шороог амиараа хаан хамгаална гэсэн ухамсар тээн, өвлийн тэсгим хүйтэн, эсвэл зуны аагим халууныг ч үл ажран зогсох тэр нэгэн бол сайн дурын хүндэт “Хилчин”.

Монгол Улсын хил хамгаалалтад үнэхээр өөрчлөлт орж, хилийн шугам нааш, цааш хөдөлсөн эсэхийг сурвалжлахаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өмнөд хэсэгт орших хилийн зурваст хүрээд холоос өвөртлөн очсон асуултынхаа хариултыг чихээр сонсож, нүдээр үзчихээд санаа амран буцахдаа эх орныхоо энхийн манаанд сэтгэл зүрхээ зориулан үүрэг гүйцэтгэж буй залуусыг сайн дураараа ирсэн гэдгийг сонсоод сонирхохгүй өнгөрч чадаагүй билээ.

Хил хамгаалах байгууллагад “Гэрээт хилчин” гэх өвөрмөц алба үүсээд өдгөө 13 жил өнгөрчээ.

Тус албыг энгийнээр тайлбарлавал, улсынхаа хилийг манах ажилд дурлахын зэрэгцээ ирээдүйн амьдралынхаа зорилгыг тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хугацаат цэргийн албанаас хүсэлт гаргасан Гэрээт хилчний албанд зүтгэдэг байлдагчид гэж болно. 

Өглөө, оройн алинд ч эх орны энхийн манаанд бэлэн байх ёстой гэрээт хилчний гүйцэтгэх үүрэг хугацаат цэргийн албатай адил. Ялгарах нэг зүйл нь хил хамгаалах чин хүслээрээ энэ албыг зорин ирж байгаа тул сар бүр тодорхой хэмжээний цалин авна. 

Гэрээт хилчний албыг хаах анхны хугацаа 24 сар. Энэхүү хоёр жилийн хугацаанд хилчид хилийн манаанд гарахаас эхлээд олон зүйлд суралцаж, өөрийгөө хөгжүүлж, сар бүрийн цалингаа цуглуулдаг талаарх яриа сонирхол татсан юм. 

Бүр сар бүр цалингаасаа тодорхой хувийг хуримтлуулж, гэрээний хугацаа дуусахад хоёр өрөө орон сууцны урьдчилгаа болон сургалтын төлбөрөө төлсөн алба хаагчид ч байдаг ажээ.

Үүнийг сонсоход, нэг талаас залуус албаа хаахын хажуугаар мөнгө цуглуулах сонирхолтойгоор ирсэн мэт санагдах боловч нөгөө талаар "хилээ хамгаалж үзэх юмсан" гэсэн хүсэлдээ хөтлөгдөн ирдэг нь хүндэлмээр. Яагаад гэвэл эх орны дархан хилийг манана гэдэг тийм ч санаан зоргоор хийчих ажил биш.

Хилийн зурвасаас буцах замдаа Хилийн 0326 дугаар салбарын харуулын байраар түр саатаж, хил хамгаалах үйл ажиллагааг гардан гүйцэтгэж буй байлдагч буюу гэрээт хилчдийн нэгтэй нь уулзаж, таван хором ярилцав. Тэрбээр тухайн өдөр харуулд гарч таарсан юм.

Хил хамгаалах ажиллагаанд оролцохыг цэргийн албанд татагдахаасаа ч өмнө хүсдэг байсан гэх байлдагчийг Б.Мөнгөншагай гэдэг.

 

Тэрбээр хугацаат цэргийн албаа Сэлэнгэ аймгийн цэргийн ангид найман сар гаруй хугацаанд хаагаад Гэрээт хилчний албанд гэрээ байгуулан ирсэн цагаас хойш жил гаруйн хугацааг өнгөрүүлжээ.

Улаанбаатар хотод байгаа гэрийнхнийгээ хааяа санах ч хилийн манаанд гарах бүрдээ "Хайртай бүхнээ хамгаалж байгаа даа гэж санахад дотор минь уужирдаг" хэмээн ярих түүнд эх орноо гэсэн нандин сэтгэл хэдийн бат суусан мэт сэтгэгдэл төрж байв.

Ер нь цэргийн алба хүнд маш олон зүйлийг ойлгуулж, сургадаг төдийгүй өөрийгөө олж таних боломж олгодог.

Гэрээт хилчин Б.Мөнгөншагай "Би домогт Сулинхээрийнхээ манаанд гэрээт хилчнээр ирээд жил гаруй болж байна. Би ард байхдаа л хилийн цэргийн амьдралыг ихэд сонирхдог байсан. Тиймдээ ч хугацаат цэргийн албанаасаа шууд энд ирчихээд байгаа юм.

Ер нь цэргийн алба хүнд маш олон зүйлийг ойлгуулж, сургадаг төдийгүй өөрийгөө олж таних боломж олгодог.

Тэр дундаа хилийн цэрэг ажил, амьдрал, албанд нэгэн зэрэг сургадаг гэж ойлгож болно.

Наад зах нь л би цэргийн албанд ирэхээсээ өмнө зүү утас ч эвлүүлж чаддаггүй хүү байлаа. Харин энд ирээд байр орноо цэвэрлэх зэрэг ахуйн ажлаас эхлээд бүх л зүйлийг өөрөө хийж сурч байна. Өөрөөр хэлбэл, намайг энэ алба маань бүтээж байгаа.

Бусад цэргийн алба хаагчдаас гэрээт хилчний нэг ялгаатай тал нь тогтсон ажлын цагтай бөгөөд ажлаас бусад цагт энгийн хувцас өмсөж болдог. Бид чөлөөт цагаараа сонин сэтгүүл уншиж, бие бялдраа хөгжүүлэх чиглэлээр бэлтгэл хийх боломжтой байдаг.

Тодруулбал, бид гэрээнийхээ дагуу энд долоо, долоо хоногоор төлөвлөгөө гаргаж, өөрийгөө хөгжүүлдэг. Долоо хоногийн эхээр төлөвлөгөөгөө гаргаад, түүнийгээ хэрхэн биелүүлсэн талаар долоо хоногийн сүүлээр дүгнүүлж, үнэлгээ авдаг юм.

Бид өглөө 06:00 цагт босож цай ундаа уугаад харуулын алба дээрээ цагийн хуваарийн дагуу манаандаа ээлжлэн гарч, хил рүү ч тодорхой цагийн хуваарийн дагуу томилогдон эргэдэг" хэмээн өдөр тутамд хийдэг зүйлээсээ хуваалцав.

 
Гэрээт хилчдийн байрладаг өрөөг сонирхлоо.

Харуулын байранд байсан бусад хилчдийн хувьд ч чөлөөт цагаараа ихэвчлэн бие бялдраа хөгжүүлэхээр спортоор хичээллэж, ном сонин уншдаг талаараа ярьцгааж байв. Зарим нь бүр хилийн манаанд гарахаас бусад цагаар их сургуульд орох бэлтгэлээ хангаж, Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлддэг гэсэн юм.

Үүнийг сонсон суусан сэтгүүлч миний хувьд цэргийн алба хаахын зэрэгцээ хуримтлал үүсгэсэн алба хаагч хүүхдүүдийн хичээнгүй чанар, амьдралыг харах алсын бодол, хэрсүү ухааныг хүндлэх сэтгэгдэл төрж байв.

Тэдний ийм хичээнгүй чанарыг үнэлж, шалгалтад бэлдэж буй алба хаагчдаа дэмжин ЭЕШ дөхөхөөр багш хөлслөн, тусад нь тамхим гаргаж, сургалтад суулгадаг тухай Хилийн цэргийн 0168 дугаар ангийн захирагч хэлсэн юм.

Энэ талаар ангийн захирагч П.Батбилэг “Эх орондоо хувь нэмэр оруулахын зэрэгцээ өөрийгөө дайчлан хичээж буй залуусаа бид дэмжих хэрэгтэй. Хавар багшаас давтлага авсан алба хаагчид шалгалтандаа харьцангуй өндөр оноо авч, их сургуульд элсэн ордог" гэв.

 
Сургалтын танхимыг нь үзэв.

Түүнчлэн Гэрээт хилчин бол нийгэмд хэрэгтэй алба гэдгийг онцлоод уг алба нь ажилтай, орлоготой залуусын тоог нэмж байгаа хэрэг гэдгийг тайлбарлаж байлаа.

Тэднийг зөвхөн сурч боловсроход нь анхаараад зогсохгүй бие бялдрынх нь хөгжлийг ч дэмждэг байна. Тухайлбал, өөрийгөө дайчилж биеэ хөгжүүлсэн залууст сарын цалин дээр нь урамшуулал олгодог. Өөрөөр хэлбэл, биеэ хөгжүүлэх шалгуур стандартыг сайнаас дээш дүнтэйгээр хамгаалбал сар болгон нэмэгдэл цалин авах боломж бүрддэг ажээ.

Үүнийг сонссон миний бие хотод ажил олдохгүй байна хэмээн дэмий суух мянга мянган залууст ийм алба байдгийг дуулгахсан хэмээн бодогдоно...

Учир нь боловсон хүчний хувьд гэрээт хилчин их хэрэгтэй байгаа гэнэ.

Гэрээт цэргийн албыг анх удаа хаасан хүн нийт гурван жил цэргийн албанд ажилласан гэсэн үг.

Цэргийн албанд суралцаж, нэгэнт тэсвэр хатуужил суусан тэдгээр залуусыг хүчний байгууллага анхан шатны нэгждээ авах сонирхолтой байдаг аж.

Түүнээс гадна Гэрээт хилчний албаны цэргүүд хоёр жил алба хаах хугацаандаа жилд нэг удаа ээлжийн амралтаа авч, гэртээ хариад ирдэг тухай байлдагчид хэлж байсан юм.

Зарим хүний хувьд хилийн цэргийн ангид Гэрээт хилчнээр ажиллахад хэтэрхий алслагдмал байдлаас болж бэрхшээлтэй санагдахыг үгүйсгэхгүй. Ерөөсөө ч хилчин хүнээс сэтгэл зүйн хувьд асар их тэвчээр шаарддаг байна. 

Тиймээс хил дээр үүрэг гүйцэтгэх залуусыг сонгож, элсүүлэхдээ хөнгөн хуумгай ханддаггүй аж. Харин гүйцэтгэж байгаа үүргийн хувьд сурчихвал огтхон ч хэцүү зүйл байхгүй гэдгийг харуулд гарч байсан алба хаагчид хэлж байв.

Хилчин бүр мотоцикл унахаас эхлээд манаанд гарахад үнэнч нөхөр болсон морь, тэмээ, нохой зэргээ сургах гээд бүх төрлийн чадварыг эзэмшдэг. 

Магадгүй алба хаагчид "Хилчин" гэх мэргэжилд шамдан суралцаж байж хил зөрчигчийг илрүүлэх, саатуулах, тэмцэх ажиллагааг дадлагаар олж авдаг болов уу.

 

Хилийн манааныхаа тухай байлдагч Б.Мөнгөншагай ярихдаа "Ер нь хилчний алба хугацаат цэргийн албанаас маш олон ялгарах зүйлтэй. Наад зах нь хилийн манаанд гарахад байнгын нөхөр болдог унаа малтайгаа ойр байх шаардлагатай.

Гэхдээ хотод өссөн залуусын тухайд энд ирээд морь, малтай ойр байх нь бас нэг завшаан гэж хардаг.

Мөн хилийн манаанд гарч байгаа хүний нойр хүрдэггүй, унтаж үүрэглэх ч эрх байдаггүй. Эрх байхгүй гэдгээ би хэцүү гэсэн утгаар бус, тийм л хариуцлагатай, сонор сэрэмж шаарддаг чухал ажил гэсэн санаагаар хэлж байгаа юм шүү.

Яг хилийн зурвас руу томилгоонд гарах үеэр хилийнхээ баганын дэргэдээс эргээд харах бүрдээ төрж, өссөн эх орон минь ямар уудам, зах хязгааргүй сайхан юм бэ хэмээн өөрийн эрхгүй бодогдож, омогшихын зэрэгцээ улсын хилээ хамгаалан үүрэг гүйцэтгэж байгаа өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг юм" хэмээн сэтгэлээ уудлав.

"Ер нь торгон хилийн зурвас дээрээ ирж, манаанд гарч үзсэн бүх л хүн яг тийм мэдрэмж авдаг байх гэж бодож байна. Өвөг дээдсийнхээ үлдээсэн ариун гал голомт, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахаас илүү бахархууштай зүйл гэж юу байх билээ.

Хил хамгаална гэдэг зөвхөн газар нутаг гэдэг үгээр хязгаарлагдахгүй бөгөөд сэтгэл дүүргэдэг хайртай бүхэн минь яг хилийн шугамаас эхэлдэг гэж би хардаг юм. Энэ л миний хил дээр ирж, алба хааж буй хамгийн гол шалтгаан" хэмээн хоолой зангируулан ярихыг сонссон хэн бүхэнд хилийн манаанд ганц удаа ч болов гарч үзэхсэн гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ...

Гэрээт хилчдээс Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд 70 гаруй, ОХУ-ын Хилийн цэргийн дээд сургуульд 20 гаруй, офицерын албанд 80 гаруй, ахлагчийн албанд 700 гаруй залуус шилжсэн гэх тоон үзүүлэлт байдаг аж.

Залуус нэгийг ухаарч, эх орноо хайрлаж, эх орноосоо бахархах ойлголтыг авах нэг зам нь гэрээт хилчний алба байгаасай гэсэн үүднээс хилийн зурвас хүрээд буцахад төрсөн сэтгэгдлээ аян замынхаа тэмдэглэлд хүүрнэлээ...

Гэрээт хилчний албанд цэргийн алба хаасан гэх хамгийн эхний шаардлагаар авдаг аж.

Ингэхдээ:

  • Бие бялдрын хөгжил;
  • Эрүүл мэнд;
  • Боловсролын түвшин;
  • Ёс зүй, сахилга, хариуцлагын байдал гэсэн үзүүлэлтээр тусгайлан сонгон шалгаруулдаг байна.