Индэр    
2020 оны 10 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хилийн шугам нэг сантиметр ч ХӨДЛӨХ БОЛОМЖГҮЙ"

Зураг
Монгол, Хятадын хилийн 756 дугаар багана

Одоогоос дөрвөн жилийн өмнө Дорноговь аймгийн Хилийн 0168 дугаар анги тус аймгийн Хатанбулаг сумын төв рүү нүүн шилжсэн.

Үүнээс улбаалан Монгол Улсын хилийн шугам дотогшоо 40-45 километр татагдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ.

Мөн тус цэргийн анги нүүх болсон шалтгаан нь хуучин байрлаж байсан газраас цагаан алтны нөөц илэрсэнтэй холбоотой байж болзошгүй ч гэж зарим хүн харддаг.

2016 оноос хойш олон нийтийн сүлжээгээр үе үе тарж, иргэдийн уур бухимдлыг төрүүлэн төөрөгдөлд оруулж буй уг мэдээлэл бодитой эсэхийг газар дээрээс нь сурвалжлахаар бид Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг зорилоо.

ВИДЕО сурвалжилга:

https://www.facebook.com/watch/?v=394574961580749

Улаанбаатар хотоос 683 километрийн зайд орших Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг зорихоор үүрийн 05:00 цагт замдаа гарлаа.

Аймгийн төв болох Сайншанд хүртэлх 461 километрт асфальтан хатуу хучилттай. Үргэлжлүүлэн 222 километр шороон замаар тасралтгүй давхисаар найман цаг гаруйн дараа зорьсон газраа хөл тавив. 

Намрын налгар энэ өдөр шаргал говийн буйдхан сумын төвд хөл хөдөлгөөн цөөтэй, элсэн дунд байрлах тоглоомын талбайд тоглох ганц хоёр хүүхдээс өөр хүн бараг үзэгдсэнгүй. Суманд өдгөө 3,000 хүн амьдарч байгаа гэх статистик байна.

Дорноговь аймгийн Хатанбулаг бол Монгол Улсын 330 сумаас 2017 он хүртэл төвийн эрчим хүчний шугамд холбогдоогүй, дизель асааж гэрэлтэй залгадаг байсан гурван сумын нэг. 

Харин 2017 онд Оюутолгойгоос Цагаан суваргын зэсийн орд хүртэл 160 км урт, 220 кВт хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор эрчим хүчний хангамжийн асуудал нь шийдэгджээ.

Хатанбулагийн төвөөс 1.5 километр орчим зайд бидний зорьсон Хилийн 0168 дугаар анги байрлах бөгөөд Хилийн цэргийн байлдагч биднийг угтаж, ирсэн зорилгыг уламжилснаар дотогш нэвтрэв.

Хилийн 0168 дугаар ангийн захирагч Хурандаа П.Батбилэгтэй уулзсан даруйдаа юун түрүүнд яагаад хилийн анги нүүж ирэх болсон шалтгаан болоод улсын хилийн шугамд хөдөлгөөн орсон эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Анги нүүх нь хил хамгаалалтад огтхон ч сөргөөр нөлөө үзүүлэхгүй. Харин ч ийнхүү нүүж ирснээр хилчдийн амьдралд эерэг нөлөө бий болсон" хэмээн учирлав.

"Хилийн багана тэмдгийг аль нэг улсын тал хөдөлгөх эрх зүйн үндэс, боломж байхгүй"

 

Тэрбээр “Олон нийтийн цахим сүлжээнд анги нүүлгэсэн асуудлыг буруугаар ойлгож, улсын хилийн шугамыг дотогш 40 гаруй километр татсан мэтээр ярьж байгаа нь буруу.

Анги байрлалаа сольсон гэх ойлголт нь хилийн шугам дээр үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс хилээ орхисон, эсвэл хилийн шугамаа хөдөлгөсөн гэсэн үг огтхон ч биш. Ингэх ч боломж байхгүй.

Өөрөөр хэлбэл, ямар нэг байдлаар хилийн багана тэмдгийг аль нэг улсын тал хөдөлгөх эрх зүйн үндэс өчүүхэн ч байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

БНХАУ болон Монгол Улсын хил 1962 онд хоёр улсын Засгийн газрын байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу анх тогтоосон газраа, нэг ч сантиметрийн зөрүүгүй, бүрэн бүтэн байгаа" гэсэн юм.

"Анги хуучин байрлалд байхдаа 12 км-ээс өдөрт 3-4 удаа ус зөөж, хэрэгцээгээ хангадаг байсан"

Харин анги нүүх болсон тухайд "Манай ангийн хуучин байрлаж байсан Замын шанд гэх газраас улсын хил хамгаалалтыг зохион байгуулж явуулах ажиллагаа 43 жил үргэлжилсэн бөгөөд анх тус газар Хилийн 0168 дугаар анги байгуулахдаа Сулинхээр /хуучнаар/ сумын төвтэй зэрэгцүүлэн байгуулж байсан юм.

Дараа нь Дорноговь аймгийн Сулинхээр сум өргөжиж, Хатанбулаг нэртэйгээр одоогийн байгаа энэ байрлалд шилжсэн байдаг. Харин манай анги тухайн үедээ сумын төвөөс тасарч, Замын шанддаа үлдсэн.

Замын шандаас 2016 оныг хүртэл хил хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулахад амаргүй бөгөөд урсгал зардал ч их гардаг байсан нь нүүлгэх хамгийн эхний шалтгаан болж байна.

Учир нь тухайн байрлалд дэд бүтэц хөгжөөгүй, гэрэл тог цахилгаан байхгүй бөгөөд анги усныхаа хэрэгцээг 12 гаруй километрийн зайнаас өдөрт 3-4 удаа том машинаар зөөж, хэрэгцээгээ хангадаг байв.

Энэ байдлыг харгалзан 2012 онд Засгийн газрын тогтоол гарч манай ангийг Хатанбулаг сумын төв рүү нүүлгэх нь зүйтэй гэж үзсэн. 

Нөгөө талаар, анги тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан бие бүрэлдэхүүний 100 хувийн саналтайгаар нүүлгэн шилжүүлсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нэгэнт анги нүүх болсонтой холбоотойгоор төр засгаас бие бүрэлдэхүүний амьдрах орон сууц нөхцөлийг харгалзан үзэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоогийн барилгын бүтээн байгуулалтыг шат дараатайгаар хийсэн” хэмээн тайлбарлав.

Хилийн 0168 дугаар анги байрлаж байсан Замын шанд гэх газар нь одоогоор Хатанбулаг сумаас зүүн урагш 45 километрийн зайд оршдог аж.

Тус газарт одоогоор ямар нэг үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байхгүй. Тэр тусмаа уг газрыг ухаж төнхсөн ч асуудал байхгүй бөгөөд экологийн нөхөн сэргээлт хийгдсэн гэдгийг учирлаад нүдээр очиж харж болох тухай хэлсэн юм.

Ингээд бид тус газарт нөхөн сэргээлт үнэхээр хийгдсэн эсэх бодит байдлыг камерын дурандаа буулгав.

Ангийн захирагчийн тайлбарласнаар, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Замын шанд нэртэй газар Хилийн 0168 дугаар анги 1973 оноос 2016 оны наймдугаар сар хүртэл улсын хил хамгааллын алба үйлчилгээг зохион байгуулж байжээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 164 дүгээр тогтоолоор Хилийн 0168 дугаар ангийг нүүлгэхээр шийдвэрлэсэн.

Дараа нь хуучин барилгыг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр акталсан бөгөөд тус газарт богино хугацаанд нөхөн сэргээлт хийжээ.

"Анги нүүсэн нь хил хамгаалалтад ямар ч сөрөг нөлөөгүйг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдье"

 

Энэ талаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд “2016 онд Хилийн 0168 дугаар анги Хатанбулаг сумын төв рүү нүүснээр хилийн бусад салбарыг хил дээрээс татсан гэдэг нь маш ташаа ойлголт. Зөвхөн анги л нийгмийнхээ асуудлыг шийдэхийн тулд Хатанбулаг сумын төв рүү орж ирсэн. Тэрнээс заставаас эхлээд хил хамгаалах ажиллагаа явуулдаг бусад бүх салбар үндсэн байрлалдаа хэвийн ажиллагаагаа явуулж байгаа.

Анги нүүж ирснээр хил хамгаалалтад ямар ч сөрөг нөлөөлөл гараагүйг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдье.

Мөн 2018 онд Дорноговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр Хилийн 0168 дугаар анги байрлаж байсан хуучин газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд одоо ч түүхэн хөшөө дурсгалтайгаа хадгалагдаж байгаа” гэсэн юм.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар Хилийн 0168 дугаар ангийг нүүлгэсэн нь оновчтой байрлалаас хил хамгааллыг зохион байгуулахад нэмэртэй төдийгүй хилчдийн нийгмийн асуудалд ч маш их эерэг нөлөө үзүүлсэн гэж байв.

Иймд бид замд тааралдсан нутгийн уугуул иргэнээс сэтгэгдлийг нь сонслоо.

"Анги эндээс нүүж, алба хаагчид урам зориг авахаар орчин бүрдсэн газар очсон нь зөв"

 

Иргэн Д.Болормаа “Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр багийн уугуул малчин. Манайх Хилийн 0168 дугаар анги хуучин байрлаж байсан газраас ердөө хоёрхон километрийн зайд өвөлждөг.

Цэргийн анги хуучин энд байхдаа жижигхэн шавар байшинд зөөврийн устайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан төдийгүй тог цахилгаан ч хязгаарлагдмал байсан нь үнэн.

Харин эндээс нүүснээр алба хаагч залууст урам зориг өгөхөөр орчин бүрдсэн учир зөв гэж би харж байгаа. Наад зах нь сумын төвд 24 цагийн интернэттэй, ангийн байр орчин үеийн тохилог оршин суух хэмжээнд очсон” гэсэн юм.

Хилийн 0168 дугаар ангийн шинэ байр

Бид бодит нөхцөлийг батлах үүднээс Монгол Улсын хилийн шугам хүртэл явж, хил хамгаалах үйл ажиллагаа хэвийн байгааг биеэр очиж харахыг албаныхнаас хүслээ.

Ингээд хуучин анги байрлаж байсан газраас 60 гаруй километр явж, хилийн зурвас хүрсэн юм.

"Улсын газар нутаг бүрэн бүтэн байна"

 

 Монгол, Хятадын хилийн 756 дугаар цэг дээрээс “1962 оноос хойш энэ газарт ямар нэгэн байдлаар хөдөлгөөн ороогүй бөгөөд анх босгосон цэг дээрээ бүрэн бүтэн байна.

Мөн хил хамгаалах үйл ажиллагааг явуулж буй нэгжүүд анх байгуулагдсан газартаа үүргээ гүйцэтгэж байна” гэдгийг Хилийн 0326 дугаар салбарын захирагч, Ахмад Н.Төгөлдөр мэдэгдэв.

Улсын хилийг олон улсын гэрээнд заасны дагуу сантиметр ч хөдөлгөх боломжгүй. Энэ нь зөвхөн Монгол, Хятадын асуудал ч биш бөгөөд олон улсад хамааралтай асуудал гэдгийг ч албаныхан хэлж байв.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хил хязгаарыг хил залгаа улсын нутаг дэвсгэрээс бусад газрын гадаргуу, усны мандал дээр зааглаж, олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг улсын хил гэдэг. Тухайн шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

Монгол Улсын хил нийт 8,252 километрийн урттай. 

Харин БНХАУ-тай 4,709 километрээр нь хиллэдэг бол ОХУ-тай 3,543 километрийн зайд хиллэдэг. Улсын хилийн нийт уртын 57 хувийг өмнөд хил, 43 хувийг хойд хил эзэлдэг аж.