Индэр    
2020 оны 10 сарын 8
Зураг
Эдийн засагч, шинжээч

Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд...

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сайн уу? Монголчуудаа,

Миний овог ТӨГРӨГ. Нэр ТАВАН ЗУУТ. Өнөөдөр та бүхэндээ би өөрсдийнхөө аж байдал, үүх түүх, амьдралын утга учрыг хуваалцъя гэсэн юм. 

Амьдрах орчин

Амьдрах орчин гэж үнэндээ авах юм алга аа. Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг шүү дээ. Шулуухан л хэлье. Жижиг түрийвчид нугалагдаж, жинсний карманд үнгэгдэнэ. Утасны кэйс, цүнхний ёроол, номын завсар гээд амьдарч үзээгүй газар үгүй. Хаа сайгүй амьдардаг болоод ч тэр үү манай ТАВАН ЗУУТ-н дундаж наслалт ердөө 3 жил. Төрсөн ах МЯНГАТЫНХ бүр 2.6 жил. Төгрөгүүд дундаа арай л бага насална(Төгрөгийн дундаж наслалт 3.8 жил). Дэлхийтэй харьцуулбал бүр бараадах ч үгүй биз(ам.долларын дундаж наслалт 10 жил байдаг). 

Уг нь ТӨГРӨГ -үүд бид чинь та нарын ярьдаг таун хаос шиг тансаг түрийвч хүсээгүй шүү дээ. Ердөө л нуруу тэнэгэр, үрчийж, үнгэгдэхгүй тийм л түрийвч хангалттай. 

Амьдралын утга учир

Хүний амьдралын утга учир хүн бүрийн итгэл үнэмшлээс хамаарч, өөр өөр байдаг байх. Харин МӨНГӨ-ний утга учир юу вэ? Эдийн засгийн харилцаанд гүйлгээ хийх, өртөг хэмжих,  төлбөрийн болон хуримтлалын хэрэгсэл болох үүргээ л гүйцэтгэх нь мөнгөний амьдралын утга учир. Хүн хүнээрээ л байх сайхан гэж хүмүүсийн ярьдаг шиг мөнгө мөнгөөрөө л байх сайхан. 

Төгрөг дундаа би хийгээд бидний ах нар мөнгөний утга учир, мөн чанарыг жаахан ч болов ойлгосон гэж итгэдэг. Харамсалтай нь бидний дүү нар болох Нэгт, Тавт, Аравт, Хорьт, Тавьтуудад ийм хувь тохиосонгүй. Одтой тэнгэрээр орон гэрээ хийж, овоон дээр хөглөрсөөр амьдралаа дуусгадаг. Хүн амын тооллого гэж хийдэгтэй адил төгрөгийн тооллого ч жил бүр хийгддэг. Жишээ нь, энэхүү тооллогын үеэр бидний дүү болох Нэгт, Тавтын дэвсгэртийн ердөө 0.3 хувь нь тооллогод эргэж ирдэг. Ингэж амьдрал нь дуусахад дэндүү хайран гэмээр. 

Угтаа дүү нарын минь мөнгөний захад гүйцэтгэх үүрэг арвин их. Өнөөдөр барааны үнэ өсөж байна гэж хүмүүс та нар бүгд л уурлаж, унтууцдаг. Харин барааны үнийг өсгөх нэг хүчин зүйл нь бидний дүү нар болох Нэгт, Тавт, Аравт, Хорьт, Тавьтуудыг гүйлгээнд ашигладаггүйтэй холбоотой. Хэрвээ тэднийг гүйлгээнд өргөнөөр ашиглавал худалдаачид барааны үнээ бутархай дүнгээр тавина. Та анзаарсан уу? Номин, Е-мартад цэвэр ус 766  төгрөг. Харин захын дэлгүүр, ТҮЦ-нд 800, 900 төгрөг. Учир нь хүмүүс та бүхэн тэднийг гүйлгээнд хэрэглэдэггүй учир үнэ бүхэл дүнгээр тогтоно. Ингэж үнэ улам нэмэгддэг.  

Эцэст нь төгрөг бид чинь орчлон дээрх мөнгө болсны мөн чанарыг огоорч ухаарч, олон түмэнд мөнгөний үүргээ гүйцэтгэж, одоо боллоо гэсэн үедээ л яван одоход харуусах зүйл үгүй.

Өв соёл, бахархал

Монголчууд өв соёл, түүхээрээ бахархдаг ард түмэн. Өв соёл гэж юу бэ? Бидний өвөг дээдэс болох зоосон, цаасан мөнгөн дэвсгэрт ч хүмүүс та бүхний өв соёл шүү дээ. Их Юань гүрний үед Хубилай хаан цаасан мөнгөн тэмдэгтийг анх үүсгэсэн байдаг. Хүмүүс та бүхний өв соёл, үнэт зүйлээрээ бахархах нь үгээр бус үйлдлээрээ байвал үр дүнтэй мэт. Үнэхээр тэгж ойлгож, омогшдог бол тэр зүйлсээ хайрлан, хамгаалж, дээдлэх нь чухал биз ээ. 

Тусгаар тогтнолын баталгаа, үндэсний аюулгүй байдал

Их Монгол Улс задран унаж, Монголчууд Манжийн эрхшээлд орсон үед бидний түүх ч(Монголын мөнгөн тэмдэгт) гэсэн устан үгүй болсон билээ. 1925 оноос өмнө Монгол улс өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт ашигладаггүй байлаа. Хоорондоо худалдаа, арилжаа хийхийн тулд цай, арьс эсвэл Хятадын янчаан, ембүү гэх мэтээр гүйлгээнд хэрэглэдэг байв. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа гадныханд тэр чигээр нь атгуулсан л байсан гэсэн үг.

Харин бидний өвөг дээдэс болох ТӨГРӨГ-г анх хэвлэж, зах зээлд нийлүүлснээр хятад янчаантай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байсан. Улмаар мөнгө, санхүүгийн зах зээлд хийсэн өвөг дээдэс болох ТӨГРӨГ-н хувьсгал амжилтад хүрч, хятад янчааныг зах зээлээс шахан гаргаж байлаа. Тэр үеийн Монголчууд эрх чөлөөний үнэ цэнийг мэддэг байсан учраас ч тэр үү өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтээ дээдлэхийг мэддэг байсан. Тиймээс ТӨГРӨГ бид бол зүгээр ч нэг гүйлгээний хэрэгсэл төдий бус Монголын тусгаар тогтнолын баталгаа болох нэг үнэт зүйл юм. 

Магадгүй өнөөдөр зах зээлийн нийгэм. Хүн бүр ашгийн төлөө л үйл хөдлөл хийх нь ойлгомжтой. Тиймээс доллар уу? Төгрөг үү? гэх сонголт хийхийг та бүхнээс хүсэхгүй. Ядаж л төгрөг биднийг төгрөг ёсоор нь зүй зохистой хэрэглэхийг МОНГОЛЧУУД ТА БҮХЭН-д уриалж байна.