Индэр    
2020 оны 10 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Нэг хайрцаг тамхинд ногдох ОАТ-ыг $1 болгон өсгөвөл 7,042 хүний амийг аварч чадна

Зураг

Тамхинд ногдуулах онцгой албан татварыг нэмж, тамхины хүртээмжийг хязгаарлая!

Манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27% нь тамхи татдаг гэх судалгаа бий.

Тэр бүү хэл Нийгийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ)-өөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2013 онд хийсэн эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар сурагчдын 22% нь тамхи татаж үзсэн, 61.4% нь 14 наснаасаа өмнө сонирхож татсан, 10% орчим нь сүүлийн нэг сард нэг болон түүнээс дээш өдөр тамхи татсан гэсэн сэтгэл түгшээм үр дүн гарч байв.

Энэ байдал одоо ч хэвээр болохыг гудамжны мухарт эсвэл байшингийн буланд утаа баагиулан тамхи сорох хүүхдүүдийн төрх илчлэх биз ээ.

Уг нь манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцод 2004 онд нэгдэн орж, 2012 онд уг конвенцын үндсэн зарчим, зорилтыг Тамхины хяналтын тухай хуульд тусгасан байдаг.

Гэвч уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, тамхичдын тоо буурахгүй, улам нэмэгдсээр байгаа нь харамсалтай.

Тодруулбал, НЭМҮТ-өөс 2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын 15-64 насны эрэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ 49.1% байсан бол эмэгтэйчүүдийн дунд 5.3% буюу нийт 560 гаруй мянган хүн тамхи татаж байна гэжээ.

Харин энэ тоо 2018 онд өссөн бөгөөд судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 90.8 хувь нь тамхи татдаггүй байхад эрэгтэйчүүдийн 43.5 хувь нь тамхи татдаггүй гэсэн үр дүн гарчээ.

Өөрөөр хэлбэл, 2018 оны байдлаар 10 эрэгтэй тутмын зургаа нь тамхи татаж байна гэсэн үг юм. Энэ байдлаараа Монгол Улс дэлхийд тэргүүлэх орны тоонд орж байгаа төдийгүй тамхины шалтгаант нас баралтаараа ч өндөрт тооцогдож байна.

Манай улсын эрэгтэйчүүдийн нас баралтын 23.3, эмэгтэйчүүдийн нас баралтын 9.3 хувь нь тамхины шалтгаанаар буюу тамхитай холбоотой өвчнөөр амиа алдсаар байгаа юм.

Нөгөөтэйгүүр, монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь бодлогын түвшинд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай, ноцтой хэмжээнд хүрээд буйг Жендерийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020 оны Суурь судалгааны тайланд онцолжээ.

Манай улс тамхины хэрэглээний тархалт өндөртэй, тэр дундаа эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээгээр дэлхийд тэргүүлж буй учраас 100,000 хүнд ногдох тамхины шалтгаант нас баралт мөн өндөр байна.

Нэг ширхэг янжуур татахад ялгардаг 7,000 гаруй хортой бодисын 70 орчим нь хавдар үүсгэдэг бөгөөд уушгины хорт хавдар нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод буй.

Тиймээс тамхины хэрэглээг бууруулах нь тамхины шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулж, нийт хүн амын эрүүл мэндэд маш олон эерэг нөлөө авчирдаг болохыг олон улсын урт хугацааны туршлага нотлон харуулсаар ирсэн юм.

Тэгвэл тамхины хэрэглээ хэт өндөр байгаа манай улсын энэ байдал үнэ хямд, хүртээмж их байдагтай холбоотой юу?

Монгол Улс 2019 онд дэлхийн 55 улсаас нийт 61 сая ам.долларын үнэ бүхий 2.9 тэрбум ширхэг тамхи импортолсон байна.

Харин энэ оны тухайд зөвхөн эхний найман сарын байдлаар л гэхэд 38.7 сая ам.доллар буюу 111.7 тэрбум төгрөгийн тамхийг хилээр оруулж иржээ.

Энэ нь төдий хэмжээний валютыг тамхины импортод зарцуулсан гэсэн үг юм.

(Аль улсаас, хэдэн төгрөгөөр, хэчнээн ширхэг тамхи импортоор оруулж ирснийг доорх графикаас харах боломжтой)

Жилд хилээр нэвтрүүлж буй тамхины тоог Монгол Улсын хүн амын тоотой харьцуулан үзвэл нэг хүнд 880.3 мянган ширхэг тамхи ногдож байна.

Магадгүй тамхины ийм элбэг байдал нь тамхи татах хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ Тамхины хяналтын тухай хуулийг ч хүчгүйдүүлж байгаа болов уу.

Тиймээс ч дэлхий дахинд тамхины хэрэглээг бууруулах хамгийн түгээмэл бөгөөд үр дүнтэй арга нь тамхины татварыг нэмэх явдал байдаг аж.

Тодруулбал, тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхины хэрэглээг дорвитой бууруулах хамгийн сайн хөшүүрэг. Нөгөө талаар, тамхины үнийн өсөлт нь тамхичдын тоог цөөрүүлж, улмаар тамхи татдаг хүмүүсийн өдөрт татах давтамжийг цөөрүүлдэг гэж олон улс үздэг.

Олон улсын энэхүү сайн туршлага болон олон жилийн судалгаанд үндэслэн ДЭМБ-аас тамхины татварыг 70 хувьд хүргэхийг зөвлөдөг.

Тамхины хэрэглээг дорвитой бууруулж чадсан улс орнуудад тамхинд ногдох татварын хэмжээ нь жижиглэн худалдааны үнийн 75 хувиас өндөр  байдаг аж.

Харин манай улсад авч хэрэгжүүлж буй тамхины хяналтын талаарх бодлогын арга хэмжээг дэлхийн шилдэг туршлагатай харьцуулахад тогтоосон татвар нь л гэхэд олон улсын зөвлөмжөөс ХОЁР ДАХИН БАГА байгааг "Оном" сангаас хэрэгжүүлж буй "Тамхигүй Ирээдүй Хөтөлбөр"-ийн судалгаанд онцолжээ.

Мөн ДЭМБ-ын тамхины тайланд дурдсанаар, манай улс тамхины хэрэглээ болон тамхины шалтгаант нас баралт өндөртэй боловч тамхины татварын хэмжээгээр бүсийн орнуудтай харьцуулахад хамгийн бага татвартай таван орны нэгд багтаж байна.

Өөрөөр хэлбэл, 2020 онд Тамхины онцгой албан татвар 100 янжуурт 4,180 төгрөг буюу нэг хайрцаг тамхинд 832 төгрөг (0.3$) бөгөөд хамгийн их зарагдаж буй тамхины үнэд эзлэх татвар 33 хувьтай байгаа юм.

Энэ нь 2012 онд ногдуулж байсан татварын хувь хэмжээнээс даруй 30 хувиар буурсан үзүүлэлт аж.

Иймд дээрх төслийг санаачлагчид "Эхний ээлжид тамхины татварын хэмжээг 2013 оны хэмжээнд хүргэх, цаашлаад шат дараатай нэмж, хамгийн багадаа 60 хувьд хүргэх шаардлагатай" хэмээн хэлж байна.

Мөн нэг хайрцаг тамхинд ногдуулах онцгой албан татварыг 45 цент буюу 0.45 ам.долларт хүргэж, одоогийн татварыг 50 хувиар нэмэгдүүлэхэд дээд тал нь 1,111 хүний амь насыг аврахын зэрэгцээ татварын орлого ч 192.6 тэрбум болж нэмэгдэх боломжтой гэж үзжээ.

Цаашлаад нэг хайрцаг тамхинд ногдох уг татварын хэмжээг нэг ам.доллар хүртэл өсгөвөл 7,042 хүний амийг аварч чадна гэж Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг тооцоолсон байна.

(Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 1.0$ хүртэл нэмэгдүүлбэл хэдэн хүний амь аварч, ОАТ-д хэчнээн төгрөгийн орлого оруулж болохыг графикаас хараарай)

Өнөөдрийн байдлаар манай улсад импортоор орж ирсэн янжуур тамхи дунджаар 4,000-5,000 төгрөгийн үнэтэй борлуулагддаг.

Тамхи татдаг эрэгтэйчүүдээс сүүлийн 24 цагийн тамхины хэрэглээнийх нь талаар тодруулахад,

  • 72.1 хувь нь 1-9 ширхэг тамхи,
  • 15.4 хувь нь 10-20 ширхэг,
  • 2.8 хувь нь 21 ширхгээс их татсан гэж хариулсан бол ердөө 9.7 хувь нь л сүүлийн 24 цагт тамхи татаагүй гэсэн хариулт өгсөн талаар  2020 оны Жендерийн статистикийн суурь судалгааны тайланд дурджээ.

Тэгвэл тамхины жижиглэн худалдааны үнэ 10% өсөхөд

  • өндөр орлоготой орнуудад хэрэглээ 4%
  • бага, дунд орлоготой орнуудад 8% буурдаг гэсэн тооцоолол байдаг аж.
Тамхины хэрэглээний эдийн засгийн өртөг нь дэлхийн хэмжээнд жил бүр хоёр их наяд ам.доллар болж байгаа нь дэлхийн нийт эдийн засгийн бараг хоёр хувьтай тэнцэж байна.

Дэлхийн ихэнх улс оронд тамхины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тамхины хэрэглээний өртөг зардал огцом өсөж байгааг ч онцлох хэрэгтэй.

Учир нь аль ч улс орон хязгаарлагдмал нөөцтэй тул эдгээр зардал нь боловсрол, эрүүл мэнд, технологи, үйлдвэрлэл зэргээр дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх боломжийг хааж байна.

Тамхи татдаг хүмүүсийн ихэнх нь ирээдүйд өөрт нь болон гэр бүлд нь эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн ямар их хохирол бий болохыг мэдэлгүйгээр өсвөр насандаа донтсон байдаг.

Тодруулбал, тамхины хэрэглээний судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 66.2 хувь нь дунджаар 16.4 насандаа тамхи сорж үзсэн бөгөөд 45 хувь нь одоо ч татдаг гэжээ.

Мөн тамхи сорж үзсэн хувийг насны бүлгээр үзвэл, 

  • 24-26 насанд хамгийн бага буюу 63.4 хувь байгаа бөгөөд анх тамхи татсан дундаж нас нь 17.5 байна 
  • 18-20 насанд тамхи сорж үзсэн хувь 66.5 хувь байгаа бол анх тамхи татсан дундаж нас нь 15.9 байгааг Жендерийн статистик судалгаанаас харж болно.

Тиймээс залуучууд, хүүхдүүдийн дунд тамхины хор хөнөөлийг сайтар сурталчилж залуу үеэ тамхинд оруулахгүй байх арга хэмжээг авах нь чухал.

Нөгөө талаар, Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь дан ганц тамхи татдаг хүмүүсийн бус дам тамхидалтад өртөж буй иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал гэдгийг мартаж болохгүй.

Учир нь дам тамхидалтад өртсөн хүн тамхи татдаг хүнээсээ илүү их хорддог бөгөөд дам тамхидалт нь олон төрлийн өвчний суурь шалтгааны нэг болдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн.

Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд эрэгтэйчүүдийн 27.5%, эмэгтэйчүүдийн 43.7% нь гэртээ дам тамхидалтад өртдөг бол ажлын байрны дам тамхидалтад эрэгтэйчүүдийн 45.1%, эмэгтэйчүүдийн 23.2% нь өртдөг байна.

Дээрх судалгааг 2018 онд "Тамхигүй Ирээдүй Хөтөлбөр"-ийг санаачлагч "Оном" сангаас хийж байжээ.

Дэлхий дахинд жил бүр 1.2 сая хүн дам тамхидалтын хор нөлөөгөөр эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа гэх албан бус тоо баримт бий.

Гэвч өнөөдрийн байдлаар дам тамхидалтын аюулгүйн түвшин гэж хаа ч байхгүй.

Өөрөөр хэлбэл, бүрэн тамхигүй орчин л хүмүүсийг дам тамхидалтын хор нөлөөнөөс хамгаалж чадах цорын ганц баталгаатай арга зам юм.

Тиймээс энэ асуудал шийдвэр гаргагчдын бодлогын түвшинд анхаарч, яаралтай авах ёстой арга хэмжээний нэгд зүй ёсоор багтах шаардлагатай  гэдгийг сануулъя.