2020 оны 9 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Одсүрэн: Боловсролыг процесс гэж ойлгож, өөрийгөө байнга шинэчлэх ёстой

Зураг
mpa.mn

Метро Девелопмент Группийн үүсгэн байгуулагч Бадарчийн Одсүрэнтэй ярилцлаа. Ганзагын наймаанаас эхэлсэн түүний бизнесийн түүхийг хуваалцахын зэрэгцээ боловсролын салбарын шинэчлэлийн талаарх үзэл бодлыг нь сонирхсон юм. 

"Миний бизнесийн гараа наймдугаар ангиас эхэлсэн"

-“Метро молл” худалдааны төвийг байгуулсан гэдгээр тань хүмүүс таныг эчнээ мэддэг. Молл гэх шинэ соёлыг түгээсэн компанийн тухай танилцуулгаас ярилцлагаа эхэлье. 

-“Метро Девелопмент” группт нийтдээ есөн компани харьяалагддаг. Барилга, хайгуул шинжилгээ, боловсрол, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн түрээс гэсэн салбарт нийт 400 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Голлох үйл ажиллагаа нь боловсрол, худалдаа, барилгын салбар. 

“Метро молл”-ыг 2006 оноос барьж эхлээд 2008 онд нээлтээ хийж байлаа. Тухайн үед Улаанбаатартаа томоохон дэлгүүрийн нэг байсан л даа. Тэр үед UB mart, Сарны титэм гэдэг худалдааны төвүүд байсан. Улаанбаатарын худалдааны төвүүд III хороололд л төвлөрдөг байв. Энэ худалдааны төвийг бид гэв гэнэт барьчихаагүй. 

Миний бизнесийн гараа наймдугаар ангиасаа ганзагын наймаанд явж байх үеэс эхэлсэн түүхтэй. Ахынхаа гадаад паспортод хавсралт хийлгээд Орос руу үүргийн наймаанд явдаг байлаа. 

Одоо бодоход аймшигтай санагддаг юм. Яагаад гэхээр өөрийнхөө наймдугаар ангийн хүүхдийг харахаар нялх ч юм шиг санагдаад байдаг. Тэгэхэд би 15-хан настайдаа зах дээр зогсоод юм зарж байсан гэж бодохоор бас л сонин шүү. 

-Наймдугаар ангийн хүү зах дээр юу зарж байв? 

-Социалист тогтолцоо нурж, шилжилтийн нийгэм рүү дөнгөж ороод байсан үе. Оросын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдоод зарим нь дампуурсан учраас барааны хомсдолд орчихсон. Манай үйлдвэрүүд түүнээс арай хожуу хоёр жил орчмын дараагаас “нурсан” шиг байгаа юм. 

Улсын их дэлгүүрээс “Монгол гутал”-ын гутал, “Монгол савхи”-ийн савхин хүрэм авдаг байлаа. Манай савхи Орост эрэлттэй. Одоогийнхоор бараг л тансаг бүтээгдэхүүн гэсэн үг. Гутал, савхиныхаа оронд орны даавуу, спирт авчирна. Тэр үед архины хуурай хуультай байсан учраас спирт их үнэтэй. Хууль бус наймаа л юм даа. 2-3 цүнхтэй хилээр нууж оруулж ирсэн спиртээ архи найруулдаг хүмүүст зарчихдаг. 

Тэр бол миний өөрөө олсон анхны мөнгө. Түүнээс хойш мөнгө, эд хөрөнгө, барааны харилцаа ямар чухал, хүний амьдралд ямар их нөлөө үзүүлдэг болохыг ойлгосон. 

Есдүгээр ангидаа ээжтэйгээ Свердловск явж нөгөө олон савхин хүрмээ галт тэргэнд худалдаад, буцахдаа хоёр ширхэг ханын стенк авчирч нэгийг нь гэртээ тавьж, нөгөөг нь худалдаж байлаа. Тавилга галт тэргээр зөөнө гэдэг хэцүү. Хоёр орон дээрээ стенкээ хураачихаад коридорт нь долоо хоног унтаад ирж байсан. 

 

Ер нь тэр үеийн ганзагын наймаачид бүгд л тэгж явдаг байсан даа. Орон дээр тав тухтай унтана гэдэг ойлголт бага. Амьдралын төлөөх тэмцэл хүнд байсан үе шүү дээ. 

Тэр үетэй өнөөдрийг харьцуулбал харьцангуй дэвшилттэй, нэлээд зүйл өөрчлөгдсөн байна. 

-Та олон бизнес эхлүүлж байсан юм билээ. Тэр тухайгаа дурсахгүй юу?

-Оюутан болж, гадаад паспорт аваад Хятад, Оросын хооронд явж эхэлсэн. Монголоос илүү Хятадын бараа эрэлттэй болсон үе. Өдөн куртка, ангор цамц гээд л манай томоохон бизнесмэнүүд бүгд мэднэ дээ. Зөрүүлээд Оросоос сахлын машин, “Marlboro” тамхи авч зардаг. 1990-ээд онд Хятад улс сахлын машин худалдаж авдаг байсан гэж бодохоор хөгжил нь хэр байсан нь төсөөлөгдөж байгаа биз

Ерөнхийдөө 5-6 жил ганзагын наймаа хийсэн. Тэр үед томоохон наймаа хийсэн хүмүүс 500 мянган ам.долларын, нэг сая ам.долларын баяр хүртэл хийдэг байлаа. Тухайн үеийн 500 мянган ам.доллар маш их мөнгө шүү дээ. 

Миний хувьд 20 гаруйхан настай байсан болохоор багаас эхэлсэн, зоригтой хөдөлж чадахгүй. Надад туслаад байх ажилтан байхгүй. Бүх л зүйлд ганцаараа зүтгэдэг байж. 

Тэгж явсаар анхны компаниа 1997 онд 22 настайдаа байгуулж байлаа. “Монгол карт системс” гэдэг мэдээлэл технологийн чиглэлийн компани. Хуримтлуулсан мөнгөөрөө Сингапурын компанитай гэрээ хийгээд цахим карт нэвтрүүлэхээр карт хэвлэдэг машин авчирч байв. 

Тэр үед төлбөрийн бүх гүйцэтгэл төлбөрийн даалгавар гэдэг хуудас дээр бичигддэг, цахим карт банкны системд нэвтрээгүй байсан юм. Кредит карт гэдэг ойлголт байхгүй. 

-Цахим карт хэрэглээнд нэвтрээгүй байхад карт хэвлэдэг машиныг нь оруулаад ирсэн хэрэг үү?

-Би арай илүү дэвшилтэт үзэлтэй хүн. Сингапураас Монголын бүх л том компани компьютер зөөдөг байв. Би ч өөрөө зөөж байлаа. 

Ингээд анхны ажлаа эхлүүлсэн. Оюутан байсан болохоор оюутныхаа зовлонг сайн мэднэ. Улсын төв номын сангаас хэрэгтэй номоо олж уншихын тулд бараг 3-4 цаг номынхоо нэр, шифрийг гараараа хайдаг. Кодоо олчихоод захиалгын хуудсаа дээш нь цаасаар өгдөг. Маш их цаг ордог байлаа. Тэр үед их ядаргаатай санагддаг байсан юм. Тэгээд Төв номын сангийн захирлуудтай уулзаад “Би хувиасаа 30 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийе” гэдэг санал тавьсан. Саналыг маань ч зөвшөөрч, магадгүй тухайн үедээ төр, хувийн хэвшлийн бараг анхны харилцаа тогтоосон.

Ингээд 22 настай хүүхэд 30 мянган ам.доллароор баахан компьютер, дээрээс нь карт хэвлэдэг бүх системээ авчраад уншигчийн үнэмлэх нэвтрүүлж байлаа.

Бүх номын баазыг компьютерт шивж оруулахад хоёр жилийн хугацаа шаардсан гэхээр ямар том ажил байсан нь ойлгомжтой. Тэр ажил одоогийн Төв номын сангийн үйл ажиллагааны үндсэн суурь бааз нь болсон юм. 

Энэ ажлыг минь зарим хүн ойлгосон шиг байгаа юм. Шүүхэд яг ийм автоматжуулалт маш хэрэгтэй байсан юм билээ. Хавтаст хэргүүд ширээн дээр овоолоостой, цаана байгаа хүн нь харагдахааргүй хураасан байдаг. Хэрэг нь орж ирнэ, цааш нь дамжуулна, ерөнхий шүүгч нь хуваарилаад бусад шүүгч рүүгээ шилжүүлнэ гэхчлэн маш хүндрэлтэй, баахан цаас бариад дээш доошоо гүйдэг байсан. Энэ бүх дамжлагыг хөнгөвчлөх зорилготой Judge гэдэг программыг миний байгуулсан компани хийсэн юм. Шүүх энэ программыг одоо ч улам сайжруулан ашиглаж байна.

Энэ ажлыг үнэлээд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс санхүүжүүлж энэ программыг улс даяар нэвтрүүлэхээр хоёр жил ажилласан. Гэхдээ тэндээс бизнесийн ямар ч үр өгөөж гараагүй. Ажиллагаа, алдаа маш ихтэй байв. 

-Ганзагын наймаанаас эхлээд компани хүртэл байгууллаа. Ашиг нь юу байв? 

-Ер нь бол ашигтай ажиллахгүй байгаагаа ойлгосон. Ашигтай ажиллахгүй л бол бизнес гунигтай шүү дээ. Хүнд урам зориг өгөхгүй, ирээдүйд итгэх итгэл төрөхгүй, хэцүү. Бизнес хийж байгаагийн гол зорилго бол ашиг. Ялангуяа наймаанд явж байсан хүн ашгийг чухалчилдаг. Наймаанд зарим үед мөнгөө зургаа дахин нугалах ч тохиолдол байлаа. Бараг л бизнесийн алтан үе юм шүү дээ. 

Ингэж харьцуулаад үзэхээр үр өгөөжгүй учраас өөр бизнес рүү орсон. Агаарын тээвэр зуучлал, реклам сурталчилгаа, үүрэн телефоны худалдаа, такси үйлчилгээ болон худалдааны чиглэлээр нэлээд олон зүйл хийсэн ч амжилт олоогүй. 

"Монголчууд өөрсдөө орон сууц, сургууль, цэцэрлэг, оффисын барилгаа барьж чаддаг болсон нь гайхамшигтай хөгжил"

-Яагаад барилгын салбарыг сонгох болов?

-Өнгөрсөндөө дүгнэлт хийсэн л дээ. Эргэлтийн цэгт очоод барилгын салбарт ажиллая, том зах зээлд, өргөн зам дээр уралдахаар шийдсэн. 

Гэхдээ аймшигтай санагдаж байлаа. Туршлагагүй, салбараа мэдэхгүй, таньдаг хүнгүй. Дээрээс нь нас залуу.  20-н хэдтэй хүүхэд хүлээн зөвшөөрөгддөггүй юм билээ. Надад их хэцүү байсан. Мундаг, шилдэг инженерүүдтэй уулзаад “Ах аа, та надтай ажиллаач” гэхээр “Миний дүү хичээлдээ яв, юм сур” гэдэг байв. 

-Ингэхэд та анх ямар мэргэжил эзэмшсэн юм бэ?

-Би мэдээлэл технологийн менежментийн чиглэлийн мэргэжилтэй. Дараа нь бизнесийн удирдлага руу орсон. Ер нь бол би менежментийн л хүн юм билээ. 

 

Барилга руу ороход ажилчид олдохгүй, инженерүүд нь намайг тоохгүй, би өөрөө юу ч мэдэхгүй. Тиймээс бэлтгэл ажил хийе, бэлтгэлээ зуслангийн байшингаас эхэлье гэж шийдсэн. Жижгээс нь эхэлж байгаа хэрэг. Ер би юмыг багаас нь хийж эхлэх дуртай л даа. 

Тэгээд хоёр жилийн дотор 200 гаруй зуслангийн модон байшин барьсан. Балкаар байшин барихаар маш их мод ордог. Тэр нь технологийн шаардлага хангадаггүй. Сэлэнгээс модоо авчирдаг. Гэхдээ мод зөөх хориотой. Тэндээсээ гаргалгаа гаргаж, судалж байгаад канад хаус барихаар болсон юм. Тэр үед канад хаусны талаар ямар ч ойлголт байгаагүй. 2000-аад он шүү дээ.

Тухайн үед германчууд канад хаус яаж барих сургалт явуулж эхэлж байсан юм. Тэр сургалтад суусан цөөхөн хэдэн хүний нэг нь би. Тэндээс бизнесийн шинэ технологи гаргаж байгаа юм л даа.  Байшингуудаа Class M, Scat M гэхчлэн янз янзын орчин үеийн нэр өгөөд л. Тэрийг нь хүмүүс “Чи машины нэртэй байшин бариад байх юм аа” гээд л.

Ингэж явсаар хоёр жилийн дотор хуримтлагдсан өр 300 мянган ам.доллар болсон байлаа. Барилгын төсөв гэж юм байна. Гэтэл би барилгын төсвөө сайн тооцож чадаагүй. Тэндээс л тооцоолол хийж сурсан даа. 

Хоёрдугаарт, маш олон загварыг янз янзаар барьж байсан учраас алдагдал хүлээж байв. Нэг л загварыг төгс хийх ёстой гэдгийг ойлгоод Scat M гэдэг загварт суурилсан 50 гаруй байшин барьж борлуулсныхаа хүчинд өр төлбөрөө дарж чадсан. Илүү зардлаа хумьснаар үр өгөөжөө ч нэмэгдүүлсэн. 

Үүний дараа хотын төв рүү орж ирсэн. “Orange town” гэдэг Монголын хамгийн анхны амины орон сууцны хорооллыг “Улаанбаатар” сувиллын урд байгууллаа. Тухайн үед тэр хавиар нэг ч барилгагүй, Туулын шугуйд орон гэргүй хүмүүс амьдардаг байсан юм. 

-Тухайн үеийн барилгын салбарыг өнөөгийнхтэй харьцуулахад ямар байв?

-Байдал шал өөр болсон л доо. Тухайн үед монголчууд өөрсдөө барилгаа барьж чаддаггүй байлаа. Дандаа хятад ажилчид ажиллуулна. Шавраа зуурч, тоосгоо өрж, арматураа өөрсдөө боож чадахгүй, аргачлалаа мэдэхгүй, зургаа ч өмнөд хөршид очиж зуруулдаг байсан. Тэр үетэй өнөөдрийг харьцуулбал манай улс маш хурдтай хөгжсөн. Ялангуяа барилгын салбар үнэхээр хөгжсөн. 

-Өнөөдрийн барилгын салбарт гадаадаас ажилчин оруулж ирэх шаардлага бий юү? 

-Нийт ажлынхаа 95 хувийн монголчууд өөрсдөө хийж байна. Онцгой нөхцөлд, гүүр, онгоцны буудлын дэвсгэр зам ч гэдэг юм уу, тиймэрхүү ажилд өндөр технологийн мэргэжилтнүүдийг гадаадаас авчирч байгаа. 

Орон сууц, сургууль, цэцэрлэг, оффисын барилгыг өөрсдөө 100 хувь хийж чадаж байна. Энэ бол гайхамшигтай хөгжил.

Анх барилгын салбарт орохдоо бид үргэлж гадаадын хүмүүсээр барилгаа бариулж байх юм байна гэж санаа зовдог байлаа. Би тухайн үед 50 мянгатад амьдардаг байсан юм. 50 мянгатын орон сууцнуудыг 1940-өөд онд хятадууд барьсан шүү дээ. Тэгэхээр бид ер нь байшин барьж чадах болов уу, ирээдүй байгаа юу гэж эргэлзэж байсан. 

Гэтэл юм их өөр байдаг юм байна. Бидэнд өөртөө итгэх итгэл, зохион байгуулалт, хөдөлмөрийн хуваарь маш чухал санагдсан. Хамтарч ажиллаж чадвал бүх юм болно. 

Хоёрдугаарт, удирдлагын түвшинд төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг оновчтой төлөвлөж чадах юм бол Монгол Улс хөгжих бүрэн боломжтой. 

-Таны бизнесийн түүхээс харахад өөр хүний байгуулсан компанид ажиллаж байгаагүй юм аа?

-Амьдралдаа нэг ч байгууллагад ажиллаж үзээгүй юм байна шүү. Бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүнтэй минь холбоотой байх. 

"Өнөөгийн боловсролын тогтолцоонд чадвар, хандлага огт яригдахгүй байна"

-Та боловсролын асуудлаар сошиал орчинд байр сууриа идэвхтэй илэрхийлдэг. Энэ сэдвээр ном гаргахаар бэлдэж байгаа гэж дуулсан. 

-Миний аав боловсролын салбарт насаараа зүтгэсэн хүн л дээ. Сүүлийн 15 жил ЮНЕСКО-д алба хашсан. 10-аад жил ШУТИС-ийн захирлаар ажилласан, боловсролын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг. 

Миний хувьд дээд боловсролын тухай ярих сонирхол бага. Яагаад гэхээр хүний эзэмшсэн боловсрол амьдралд нь хэрэг болж байна уу гэдэг том асуудал байна. Баахан цаг хугацаа зарцуулаад сурдаг. Төгссөний дараа нөгөө мэргэжил нь хоцрогдсон байдаг. Тийм жишээ олон бий. 

Технологи маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ нөхцөлд боловсрол гэж юу вэ гэдгийг ойлгох нь чухал. Нөгөө талаас хүүхдүүддээ ямар боловсрол, мэдлэг эзэмшүүлэх вэ гэдэгт санаа зовдог учраас юм уншиж судалдаг. Ингэж судалсаар байгаад ном бичих хэмжээний материал цуглуулчихсан юм байна. 

 

Хүн боловсрол эзэмшинэ гэдэг нь өөрөө буруу юм. Боловсрол гэдэг бол үйл явц, процесс юм. Генри Форд “Хүн 20 насандаа ч хөгширч болно. 80 насандаа ч хөгширч болно” гэсэн байдаг. Хүн сурахаа зогсоовол хөгширнө гэсэн үг л дээ. 

Тэгэхээр боловсролыг бид процесс гэж ойлгох хэрэгтэй. Өөрийгөө байнга шинэчилж, өөрчлөх ёстой. 

Үүнээс улбаалаад сурч байгаа хүн болгон мэдлэг олж авч чаддаг уу гэдэг асуулт урган гарна. Харамсалтай нь тэгдэггүй.

Боловсрол, мэдлэг олж авахаас өмнө нэг чухал процесс байдаг. Энэ нь юу вэ гэхээр, тэрхүү мэдлэгийг эзэмших чадвар юм. Хүнд нийгмийн, сэтгэл хөдлөлийн, дээд эрин үеийн чадварууд гэж байдаг. Эдгээрээс хамгийн чухал чадварууд байна л даа. Жишээ нь, анхаарлаа төвлөрүүлэх, бусадтай харилцах чадвар гэх мэт. Энэ чадварууд хүнд 2-3 насанд суудаг учраас хүний хамгийн суурь чадварууд юм. 

Боловсрол гэдэг зүйлийг зөв томьёолох шаардлагатай байна.

Мөн сэтгэл хөдлөлийн чадварууд маш чухал. Уураа барих тэвчээртэй байх, сэтгэл хөдлөлөө хянах, хэт их баярлахгүй байх зэрэг чадвар чухал. Энэ бүх чадварыг хүүхдийн бага насанд нь суулгах ёстой. 

Бид боловсролын тухай ярихаараа дунд сургууль, эсвэл дээд сургууль ярьдаг. Хүүхдийг зөв, өрсөлдөх чадвартай хүн болгохын тулд чадваруудыг суулгах нь өөрөө жинхэнэ боловсролын процесс юм. Би үүнийг л боловсрол гэж томьёолно. Тэр олон чадвар, чадамжийг суулгасан хүн дараа нь хэдэн ч мэргэжил, мэдлэг, хаана ч ямар ч нөхцөлд амьдрах чадвартай хүн болж байгаа юм. Яг энэ талаарх ном маань тун удахгүй бэлэн болно. 

-Өнөөгийн боловсролын тогтолцоо таны саяын ярьсан чадвар эзэмшүүлэх асуудалтай уялдаж чадаж байгаа болов уу? 

-Манай боловсролын систем маш өнгөцхөн, цаасны хойноос хөөцөлдөөд байгаа юм л даа. Медаль, олимпиад гэхчлэн өнгөн талын төрх байдлын араас явдаг хуурамч ажлууд ихтэй. 

Дээр нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлахгүй юм. Хүүхдэдээ тавьдаг хамгийн гол шаардлагадаа хатуу, хана хэрэм шиг байх хэрэгтэй. Жишээ нь, нэг өдөр чихэр идэж болохгүй гэсэн хэр нь маргааш нь чихэр өгчихдөг. Эцэг, эхийн энэ хандлагыг хүүхэд хүлээж авч чаддаггүй. Ингэснээр ямар ч сахилга батгүй, үнэт зүйлгүй хүүхэд бий болж байна. Ажлаа тасалж ч болно, таслахгүй байж ч болно гэдэг хандлагатай хүн бий болно гэсэн үг. 

Монгол хүүхэд, гадаад хүүхдийн хооронд хөгжлийн зөрүү маш их бий. Харахад математикийн бодлого ижил түвшинд бодоод уралдаад байгаа ч гэсэн бусад хөгжил нь илт хоцорчихсон. Харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх чадвар нь маш их зөрүүтэй. Тэгэхээр бид боловсрол гэдэг зүйлийг зөв томьёолохгүй бол өнөөдөр зүгээр нэг цаас, хөтөлбөр яриад ямар ч хэрэггүй. Тэр чинь хэдхэн сурах бичгийн л асуудал байгаа юм. Тэнд чадвар, хандлагын талаар огт яригдахгүй байна. 

-Дан ганц мэдлэг бус, хандлага, чадвар эзэмшүүлдэг боловсролын тогтолцоо бий болгоход юу шаардлагатай вэ?

-Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю “Бидэнд хүний уураг тархитай ажиллах л хамгийн хэцүү байсан. Амьдралд хандах хандлага, үнэт зүйлийг өөрчлөх хэцүү” гэж хэлсэн байдаг. Барилга барьж чаддаггүй байсан монголчууд одоо чаддаг болсон. Тэгэхээр бид хичээх хэрэгтэй, хамтарч ажиллах нь чухал. Дэвшилт хөгжлийн төлөө зүтгэх хэрэгтэй. 

x