Индэр    
2020 оны 9 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 80: "Нүд ирмэх зуур" гаргадаг шийдвэрийн эерэг ба сөрөг талууд

Зураг

Хүмүүс бид заримдаа аливаа шийдвэрийг өнгөц дүгнэлтээр буюу хэдхэн секундийн дотор гаргачихдаг тохиолдол цөөнгүй. Тэр ч бүү хэл ихэнхдээ анх төрсөн мэдрэмжээрээ буюу анхны сэтгэгдлээрээ ч юмсыг дүгнэдэг талтай.

Үүнийг "Хүн төрөлхтөнд байгалиас заяасан хариу үйлдэл үзүүлэх чадвар" хэмээн The New Yorker сонины сэтгүүлч, зохиолч Гладуэлл Малколм өөрийн эрхлэн гаргасан "Blink" буюу "Нүд ирмэхийн зуурт" номдоо тайлбарлажээ.

НОМЫН ТУХАЙ ШУУД СОНСОХ:

Уг номд хүн яагаад асар богинохон хугацаанд шийдвэр гаргадаг талаар болон тэрхүү шийдвэр гаргах процессын эерэг ба сөрөг талуудын талаар өгүүлдэг. Тодруулбал, номоор дамжуулж “Snap Judgement”, “Thin Slicing”, “Adaptive Unconscious Mind” зэрэг ойлголтын мөн чанар, үр дагаврыг тайлбарлахыг зорьжээ.

Зарим үед бид бодож тунгаалгүйгээр хэдхэн секундийн дотор хүлээж авсан мэдээлэлдээ тулгуурлан шийдвэр гаргадаг буюу шууд хариу үйлдэл үзүүлдэг. Тэгвэл тэрхүү богинохон хугацаанд ухамсаргүйгээр тухайн үеийн мэдээлэл, мэдрэмждээ суурилан шийдвэр гаргаж байгаа үйл явдлыг "Thin Slicing” хэмээн нэрлэдэг бөгөөд дээрх 3 ойлголт нь ойролцоо утгыг илэрхийлж байдаг.

Ингээд түргэн хугацаанд шийдвэр гаргахын сайн болон муу үр дагаврыг жишээгээр тайлбарлан хүргэе.

14 сарын турш судлагдсан музейн үзмэрийг нүд ирмэхийн зуур хуурамч гэдгийг баталжээ

1983 оны зургаадугаар сард дэлхийн алдартай урлагийн бүтээлийн худалдаач залуу Калифорни мужийн нэгэн музейд хандаж, өөрийнхөө хадгалж байсан МЭӨ зургаадугаар зууны үед бүтээгдсэн эрэгтэй хүний уран баримлыг 10 сая ам.доллароор зарах санал тавьжээ.

Харин музейн захиргаанаас тус баримлыг үнэхээр үнэд хүрэх эртний эдлэл мөн эсэхийг мэргэжлийн геологичдоор 14 сарын турш судлуулсны эцэст худалдан авч, музейдээ байрлуулжээ.

Энэ явдлаас хэдэн сарын дараа Грекийн уран баримлуудыг олон жил судалсан туршлагатай судлаач баримлыг харсан даруйдаа хуурамч гэдгийг музейн захиргаанд дуулгасан байна.

Тухайн үед уг музейд очсон 3-4 судлаач тухайн уран баримлыг шууд харангуутаа буюу хоёрхон секундийн дотор нэг л биш байгааг нь анзаарч, уг баримлыг "Эртнийх гэхэд арай л шинэ харагдаж байна. Баримал хуурамч" гэсэн хариултыг өгч байв.

Тэдгээр судлаачийн хуурамч гэсэн дүгнэлт болон тус музейн жил гаруйн хугацаанд судлан тогтоосон жинхэнэ гэсэн хоёр хариулт дахин эргэлзээ төрүүлэхэд хүрч, дахин шалгуулахад судлаачдын хэдхэн секундийн шийдвэр зөв болж, тус баримал хуурамч гэдэг нь хэд хэдэн шалгалтаар нотлогджээ.

Өөрт байгаа цөөн мэдээлэлд тулгуурлаж маш хурдан гаргаж байгаа зөв шийдвэрийг номд Blink гэж томьёолжээ.
Хосуудын яриаг 15 минут ажиглаад цаашдын харилцааг мэдэж чаджээ

Хэдийгээр бид урт хугацааны турш логикоор бодож, алдаа гаргалгүй сонголтыг хийх учиртай. Гэхдээ логикоор сэтгэлгүйгээр маш богино хугацаанд анализ хийж, шийдвэр гаргах чадвар хүн төрөлхтөнд байгалиас заяажээ.

Өөрөөр хэлбэл, хүн логик сэтгэлгээгүйгээр байгалиасаа ямар нэг аюулаас өөрийгөө хамгаалах хариу үйлдэл үзүүлдэг аж. Үүнийг номд "Thin Slicing” (мэдээллээ боловсруулж жижиглэн хуваагаад асар хурдан шийдвэр гаргах) хэмээн нэрлэсэн байна.

Үүнийхээ ачаар ч эрт үед өөрийгөө бусад амьтдаас хамгаалж иржээ. Тэр чадвараа сайн хөгжүүлж чадвал олон цаг зарцуулахгүйгээр зөв шийдвэр гаргах боломжтой гэж номд онцлон тэмдэглэжээ.

Жишээ дурдахад, Вашингтоны их сургуулийн нэгэн багш туршилт явуулжээ.

Тэрбээр дөнгөж гэрлэсэн 3,000 гаруй хосыг нэг өрөөнд оруулж, өдөр тутмынх нь ярилцдаг сэдвээр хооронд нь 15 минут ярилцсан бичлэгийг бусад хүмүүст үзүүлэн оноогоор дүгнүүлсэн байна.

Ингэхдээ тухайн хоёр хүний дуу хоолойг огт сонсохгүйгээр биеийн хөдөлгөөн, нүүрний хувирлыг нь харж 0-1,800 ширхэг оноо өгүүлжээ.

Ажиглагчид 15 минутын яриаг сонсоод хоорондоо тааламжтай харилцаатай гэж дүгнэвэл өндөр, таарамжгүй харилцаатай гэж үзвэл бага оноо өгч, дараагийн 1-15 жилийн дараа аль хос салж, аль нь гэр бүл хэвээр байхыг магадлан тогтоожээ.

Тэгвэл уг туршилт 95 хувийн магадлалтай болох нь сүүлд батлагдсан аж.

Гэхдээ хүмүүсийн байгалиас заяасан хурдан шийдвэр гаргах чадвар цоожтой хаалганы цаана байдаг гэж номд өгүүлжээ.

Өөрөөр хэлбэл, энэ чанар нь ухамсаргүй байдалд боловсруулагдаж үйлдлээр илрэн гардаг аж.

Хандлагаа өөрчлөх нь зөв шийдвэр гаргахад нөлөөлнө

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт ч гэсэн  Thin Slicing-тай холбоотой аж.

Номд тайлбарласнаар, хар болон цагаан арьстай хоёр хүнийг зэрэг харахад ихэнх хүмүүс хар арьстай хүмүүсийг ямар нэг муу зүйлтэй холбож ойлгодог.

Энэ байдлаа тэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч биш гэж ойлгох боловч ухамсаргүй байдалдаа аль хэдийн шийдвэр гаргасан учир хэзээ нэг цагт ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхалт үйлдлээр нь илрэн гарна гэжээ.

Харин бид түүнээс ангижрахын тулд амьдралыг үзэх үзлээ, өдөр тутмын хэв маягтаа өөрчлөлт оруулж байх хэрэгтэй аж.

Байгалиас заяасан чадвараа зөв зүйлд ашиглах нь

АНУ цэргийн хүчээ 2002 он хүртэл бэлтгэхдээ төрөл бүрийн арга хэрэглэж байсан бөгөөд 2002 оноос "Thin Slicing"-ийг ашиглаж бэлтгэлээ явуулахаар болжээ.

Тухайн үеийн цэргийн бэлтгэлд тус улс 250 сая ам.доллар зарцуулсан бөгөөд уг бэлтгэлд 10 мянга орчим цэрэг оролцжээ.

Ингэхдээ цэнхэр болон улаан гэсэн хоёр багт хувааж, цэнхэр багийг өмнө нь бэлдэж гаргасан төлөвлөгөөний дагуу, улаан багийг ямар ч дайны төлөвлөгөөгүйгээр тухай бүрт нь шийдвэрлэдэг байхаар туршсан байна.

Ингээд яг дайны талбар дээр төлөвлөсөн баг бус төлөвлөгөөгүй  тухай бүрт нь шийдвэр гарган ажиллаж байсан улаан баг илүү эрсдэлгүй бөгөөд хурдан шуурхай амжилттай ажиллаж байжээ.

Цэнхэр багийнхан логикоор сэтгэж, удаан хугацаанд даргатайгаа зөвлөлдөж байх хооронд улаан баг цаг үед тохируулан шийдвэр гаргаж цэнхэр багийг эзэлжээ.

Түргэн хугацааны шийдвэр гаргахдаа бусад хүмүүс дутуу мэдээллээр ямар нэг алдаатай шийдвэр гаргаж магадгүй гэх айдас бий. 

Гэхдээ хүн цаг үедээ тулгуурлан гаргадаг шийдвэрээ оновчтой ашиглаж чадвал үргэлж давуу байдлыг бий болгодог гэдгийг дээрх жишээгээр тайлбарлажээ.

Түргэн хугацаанд гаргасан буруу шийдвэр

1999 оны хоёрдугаар сарын 4-нд АНУ-д 22 настай хар арьст иргэнийг цагдаа нар 41 удаа буудаж амийг нь хохироож байсан хэрэг гарч байв. Энэ нь хүний бодолгүйгээр гаргасан буруу шийдвэртэй холбоотой бөгөөд үйл явдал ердөө долоон секундийн дотор болж өнгөрчээ.

Тодруулбал, цагдаа нарын гарт амиа алдсан 22 настай цагаач залуугийн амьдардаг байсан хороололд үргэлж харгис гэмт хэргүүд гардаг байжээ.

Тухайн өдөр шөнө дунд дөрвөн цагдаа гэмт хэрэгтнийг хайж явсан бөгөөд ажлаа тараад гэр рүүгээ орохоор хаалганыхаа өмнө зогсож байсан залууг андуурч зогс, гараа өргөөд эргэж хар гэсэн тушаал өгсөн байна.

Энэ мөчид залуу гэр рүүгээ хурдхан орох гэж байгаагаа тэдэнд харуулахын тулд халааснаасаа түлхүүрээ гаргаж ирэх үйлдэл хийсэн нь цагдаа нарыг гал нээхэд хүргэжээ.

Хамгийн эхэнд гал нээсэн цагдаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгөхдөө "Тэр дүүрэгт үргэлж буудалцаан болж байдаг. бид түүнийг халааснаасаа буу гаргаж ирэх гэж байна гэсэн бодсон" гэжээ.

Харин дараа нь гал нээсэн цагдаа, буун дуу гарах үед өөрийнхөө хамтрагчийг хойшоо савж унахыг хараад залуу цагдааг буудуулчихлаа гэж бодон буугаа залуу руу чиглүүлэн хэд хэдэн удаа гохоо дарсан хэмээн ярьжээ.

Энэхүү номоор хүн төрөлхтөн түргэн хугацаанд шийдвэр гаргадаг байгалиас заяасан чадвараа зөв ашиглах хэрэгтэйг сануулахыг зорьсон байна.