Зураг
Зураг
Индэр    
2020 оны 9 сарын 7
Зураг
Эдийн засагч, шинжээч

1,072 хувьцааны ногдол ашгаараа урт хугацааны хөрөнгө оруулалт хийх үү?

Зураг

Таатай үед худалдан авах нь

Манай хөрөнгийн зах зээл нь олон улсын хөрөнгийн зах шиг тийм ч мэдрэмтгий бус.  Гэсэн хэдий ч цар тахлаас хойш топ-20 индекс 16 хувиар унасан байна.

Уналт бүрийн цаана компаниудын хувьцааны үнэ явж байгаа учраас энэ уналт ёроолдоо хүрсэн үү гэх асуулт чухал. Хэрвээ хүрсэн бол унаж буй, ирээдүйтэй хувьцаанаас худалдаж авах цаг. Дэлхий нийтээр нислэгийн компаниуд хүнд нөхцөлд орж, хувьцаа нь шалдаа бууж байх үед Норвегийн тэтгэврийн сан энэхүү хувьцааг нь худалдаж авав. Учир нь тэд энэ үеийг хамгийн доод цэг хэмээн худалдан авсан.

Зураг 1. Хөрөнгийн захын топ-20 индекс

 

 

100 мянган төгрөгөөр байрны урьдчилгаа хийх хөрөнгө оруулалт

Хэрвээ та ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол хугацаагаа бодох хэрэгтэй. Богино хугацаанд үр ашгаа харж байгаа бол МӨНГӨНИЙ ЗАХ тохирно. Жишээ нь, банкны хадгаламж богино хугацаатай, хамгийн найдвартай хөрөнгөө өсгөх бүтээгдэхүүн. Банкны хадгаламжийн хамгийн өндөр хүү нь 13 хувьтай. Тиймээс та богино хугацаанд мөнгөө өсгөж, үржүүлж, үр шимийг нь хүртэх гэж байгаа бол банк илүү тохирно. 

Харин тухайн бизнест урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол ирээдүйд таныг хүлээж буй үнэ цэнийг харах ёстой. Нэгэн жишээ авъя. 2008 онд “СҮҮГИЙН” хувьцаа 1 төгрөг байв. Тухайн үед та 50 мянган төгрөгийн хувьцаатай байсан гэж бодъё. Харин 2020 онд “СҮҮГИЙН” хувьцаа 200 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 12 жилд хувьцааны үнэ 200 дахин өсжээ(хувиар бол 19,900%). Харин таны 50 мянган төгрөг 10 сая төгрөг болох байжээ. Тэгэхээр урт хугацаагаа харвал хөрөнгө оруулалтын өрөм хэчнээн зузаан болох нь харагдаж байна. Алсын хараатай, урт хугацааг харсан хөрөнгө оруулагч л 100 мянган төгрөгөөр байрны урьдчилгаа(100 мянган төгрөгөө 20 сая төгрөг болгож өсгөх) хийж чадаж байна.

Урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол...

Дэлхий нийтэд хөрөнгийн тэгш бус байдал нэмэгдэж байна. Манайд ч ялгаагүй. Монгол улсын хувьд ажиллах хүчний дийлэнх нь цалингийн орлогоос хамаардаг. Энэ нь өөрөө эрсдэлтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар ажилгүй, хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон үед гэр бүлийн санхүүд том асуудал үүснэ. Тиймээс та ирээдүйн 10, 20 жилээ харж байгаа бол их, бага нь хамаагүй ямар нэгэн хувьцаа худалдаа авчихад гэмгүй. 

Мэдээж урт хугацаагаар таны хөрөнгө оруулсан бизнес өсөх, тэлэх боломжтой эсэхийг харахын тулд та хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. 1800 оноос гэрлийн хурдаар өсөж байсан эдийн засаг цар тахалтай холбоотой том зогсолт хийв. Магадгүй дэлхий нийтээр нэг зүйлийг ухаарсан. Бидний хөгжлийн зам зөв үү? Бид дэлхий ертөнцдөө хэр ээлтэй вэ? гэх мэтээр асуултуудыг урьд өмнөхөөс илүү өөрсөддөө тавьж эхэлсэн. Тэгэхээр дэлхийн тренд хаашаа чиглэж байгааг харахад болно. Тэрхүү трендийг таны сонгох компани дагаж чадах уу, тэргүүлж чадах уу? гэдэгт хариулах юм. Ядаж дараах асуултыг та хөрөнгө оруулах гэж буй компаниасаа асуухад илүүдэхгүй.  

Дэлхийн зах зээл рүү экспортлох боломж бий юу?

Манай зах зээлийн багтаамж жижиг. Нэгэнт ханачихсан зах зээл рүү хэчнээн хөрөнгө оруулалт хийгээд ч өсөхгүй. Харин дэлхийн зах зээл бол өөр хэрэг. Манайхыг дэлхийн 2 том эдийн засаг хүрээлж байна. Бүтээгдэхүүн нь органик, чанартай, стандарт нөхцөлийг хангасан байхад асуудал үгүй. Гадагшаа бүтээгдэхүүнээ экспортолж буй Говь, Гоёо, Апу ХК экспортлохоор төлөвлөж буй Сүү ХК-ийг дурдаж болно. Бид байнга зэс, нүүрсээ зөөгөөд валют олж ирж чадахгүй. Нэг л өдөр дуусна. Бидэнд малын гаралтай, нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнүүд л валют олж ирнэ.

Байгальд ээлтэй бизнес мөн үү?

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг ярьж байгаа энэ үед тухайн бизнес байгальд ээлтэй эсэх нь чухал болоод байна. Үүгээр ч үл барам бизнесийг нь дэмжсэн бага хүүтэй, ногоон санхүүжилт олгож байна. Цаашид ч эрчээ авах нь гарцаагүй. Харин таны хөрөнгө оруулах гэж буй бизнес байгальд ээлтэй учраас энэ төрлийн ногоон санхүүжилт татах боломжтой эсэхийг нь хараарай. Өнөөдөр банкны бизнесийн зээлийн хүү 20 орчим хувьтай, ААН-н санхүү дээр хамгийн дарамт болж буй үзүүлэлт. Харин ногоон санхүүжилтийн өртөг жилийн хүү нь 2–3 орчим хувьд байна. Валютын ханшийн уналтыг тусгалаа гээд 10 хүрэхгүй хувиар санхүүжилт татна гэсэн үг. Улмаар санхүүгийн үзүүлэлтүүд ч сайжрах боломжтой.

Төр засгийн зүгээс дэмжлэг авах боломж бий юу?

Манайх шиг уул уурхайгаасаа валют олж ирдэг улсад орлогынхоо эх үүсвэрийг төрөлжүүлэх шаардлага хэзээд байдаг. Тиймээс эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах хэмээх үг танд хэдийн танил болсон биз. Энэ чиглэлд төрийн хийж чадах зүйл нь хууль эрхзүйн орчин, гадаад харилцаа холбоог нь хангаж өгөхөөс гадна татвар дээр хөнгөлөлт үзүүлдэг. Энэ нь мэдээж тухайн компанийг татварын дарамтгүй, улмаар санхүүгийн үзүүлэлтэд нь сайжрахад бодитоор нөлөөлнө. Цар тахлаар манай төрийн гол ойлгосон зүйл нь экспортыг төрөлжүүлэх(түүхий эдээс бусад), экспортын бүтээгдэхүүнийг дэмжих тухайд бодлого нь чиглэж байна. 

Үйлчилгээний салбар бол технологийн хөрөнгө оруулалт хийсэн үү? Үйлдвэрлэл бол үйлдвэрийн нь автоматматжуулалт бий юу?

Цар тахлын үед ямар бизнесүүд амьд үлдэж чадаж байна вэ? Технологи суурьтай компаниуд. Нэгэн жишээ хэлье, онлайн бизнес эдийн засаг хэвийн үед өсөлттэй байсан ч цар тахлын үеэр огцом өсөв. Онлайн уулзалт хийдэг Zoom app –ын орлого 150 хувиар өсөж, Амазон компани ажилчдадаа 500 сая ам.долларын бонус тарааж байна. Цаашид технологи суурьтай компаниуд давуу талтай байх болно.

Хямралд бага өртдөг, савлагаа багатай салбар мөн үү?

Эдийн засаг хэвийн горимдоо ажиллаж байхад ихэнх бизнес л өсөлттэй байна. Харин хямралын үед тухайн бизнесийн хямралд хэр өртдөг эсэх нь чухал. Хямралын үед хүмүүс ажил, төрөлгүй болсноос сэтгэл санаагаар унаж, улмаар архины хэрэглээ нэмэгддэг гэх судалгаа бий. Энэ жишээ Монголд ч бий. Та ажиглаарай, эдийн засаг хүндрэлтэй байх 2016 онд АПУ компани топ-10 аж ахуй нэгжид багтаж байв. Харин эдийн засаг сэргэж эхлэхэд энэ байраа хадгалаагүй.

Цар тахлаас 1 болон 2-р улиралд өсөлттэй байсан салбар бол хүнсний салбар. Эдийн засаг хэвийн горимд ч энэ салбар өсөлттэй. Эдийн засаг хэчнээн хямарлаа ч Монголчууд мах, сүү, гурил 3-аа барагтаа л танахгүй. Тиймээс хямралд бага өртөх хөрөнгө оруулалтуудын нэг бол голлох хүнсний бараа(мах, сүү, гурил) бүтээгдэхүүн. Мэдээж нөөц нь хангалттай бий учраас түүнийг дагасан үйлдвэрлэл хөгждөг. Бидэнд байгаа том баялаг бол мал сүрэг.

ЭЦЭСТ НЬ...

Мэдээж эдгээр ерөнхий хүчин зүйлсээс гадна тухайн байгууллагын засаглал, санхүүгийн үзүүлэлт гэх мэт микро түвшний олон хүчин зүйлсийг та бас харах хэрэгтэй.