Индэр    
2020 оны 9 сарын 3

Боловсролын тэгш бус байдал ардчиллын өөрийнх нь хувь заяатай холбоотой асуудал

Зураг

Ерөнхий боловсролын хүрээнд Кембриж хөтөлбөрийг өргөжүүлэх талаар шийдвэр гаргах түвшинд яригдаж байна.

Үүнд Монголчууд бид санал бодлоо өргөнөөр илэрхийлэх нь зүйтэй гэж бодлоо. Нийгмийн шударга ёсны үүднээс ч, хүүхдийн дээд ашиг сонирхлын үүднээс ч тэр зарим зүйлийг хөндөх хэрэгтэй юм. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд нийслэлд ч, орон нутагт ч ерөнхий боловсролын улсын сургуулиудын чанар, хүртээмжид ихээхэн ялгаатай байдал бий болж, эцэг эхчүүд нийгмийн байр байдлаасаа хамаарч хүүхдүүдээ сайн сургуулиудад өгөх хандлага даамжирсан юм.

Мөн боловсролын салбарт хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд үүсч, хөгжиж ирлээ. Улсын болон хувийн сургуулиудын хоорондын сургалтын хөтөлбөр, орчин, үйлчилгээний чанарын ялгаа эрс гүнзгийрч ирлээ, асар өндөр төлбөр бүхий хувийн сургуулиуд бий боллоо.

2010 онд МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим НҮБХС-аас зүүн азийн улс орнуудад явуулдаг “Сургуулийн орчин” үндэсний хэмжээний судалгааг өөрийн оронд хийж байв. Дэд бүтэц, байгууламж, материаллаг орчин, багшийн хөгжил, нийгэм-сэтгэлзүйн орчин, сургуулийн менежмент зэрэг чиглэлээр судлахад Монголын сургуулийн систем дотооддоо ихээхэн ялгаралд орж, бараг давхарга маягийн зүйл үүссэн байсныг тухайн үеийн тайлангаас харж болно.

Түүнээс хойш боловсролын тэгш бус байдал гүнзгийрэхэд нэг талаас, ерөнхий боловсролын цөөн тооны лаборатори сургуулиудыг тусгайлан дэмжиж, ялгаатай хөтөлбөр хэрэгжүүлж, түүнд илүү хөрөнгө оруулалт хийх болсон, нөгөө талаас, хувийн сургуулиудад хувьсах зардал олгож ирсэн нь нөлөөлсөн гэдгийг судалгааны хүрээлэнгүүд тайлагнаж байв.

Францын социологич Бурьде тэртээ 1970-аад онд Францын нийгэмд янз бүрийн давхаргын хүүхдүүдийн сургуулиас хүртэх үр шим, сурлагын амжилт нь тэдгээрийн эцэг эхийн дундах капиталын хуваарилалттай холбоотой байгааг илчилж, шүүмжилж байв. Ер нь Монголд ерөнхий боловсролоос хүүхдүүдийн хүртэж буй үр шим тэдний эцэг эхийн нийгмийн байдлаас хамаарч хүчтэй ялгаралд орсныг судлаачид дүгнэсээр байна. Гэвч, өнөөдөр шийдвэр гаргагчид гадны хөтөлбөрийг өргөжүүлэх нэрээр дахиад л тэгш бус байдлыг зохиомжлох гэж байгаа нь тэд нийгмээ хэр таньсан улс вэ гэсэн бодолд хүргэж байна. Нийгмийн шинжлэх ухаанд дэлхий даяар ардчилсан засаглалын хөгжилд тулгарч буй нэг том сорилт бол тэгш бус байдал гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Оюунлагууд ардчиллыг хамгаалж бэхжүүлэхийн тулд тэгш бус байдлыг бууруулах ардчилсан засаглалын өөрийнх нь чадавхийг чухалчлан үзэж байна. Тэгш бус байдалд нөлөөлөгч маш чухал хүчин зүйл бол боловсрол. Боловсролын тэгш бус байдал ардчиллын өөрийнх нь хувь заяатай холбоотой асуудал.

Ерөнхий боловсролын сургуулиуд дотооддоо хүчтэй ялгаралд орсон нь бодит байдал

Өнөөдөр боловсролын тэгш бус байдлын талаар цогц судалгаа байхгүй.

Гэхдээ, нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд өөр өөрсдийн өнцгөөс шинжилгээний үр дүнгээ ярьж байна. Боловсролын институцийн нийгмийн чиг үүрэг, үр нөлөөний талаар социологийн суурь судалгаа хийгдээгүй. Судалгааны үр дүн биш, харин судлаачийн хувьд урьдчилсан төсөөлөл, таамаг маягийн утгаар хэлвэл өдгөө манай ЕБС-иуд гүнзгий ялгаралд ороод байгаа нь илэрхий. Жишээ нь өндөр үнэтэй элит хувийн сургуулиуд, чансаа өндөртэй хувийн сургуулиуд болон Кембриж хөтөлбөртэй улсын сургуулиуд, нийслэлийн уламжлалт нэр хүндтэй улсын сургуулиуд, тусгайлан хөтөлбөрөөр тордсон орон нутгийн лаборатори сургуулиуд болон уламжлалт нэр хүндтэй улсын сургуулиуд, хотын төвийн болон томоохон хүн ам төвлөрсөн орон нутгийн улсын сургуулиуд, гэр хорооллын болон сумын сургуулиуд, хотын захын алслагдсан болон жижиг сумын сургуулиуд гэх мэт. Шууд зэрэглээгүй ч, зааграл юм, энэ магадгүй батлагдахгүй ч байж болно.

Гэхдээ боловсролын тэгш бус байдлыг харуулах суурь нотолгоонуудын нэг нь сургуулиудын ялгарал байх нь дамжиггүй.

Сургуулиудыг ЭЕШ-ийн дүнгээр байр эзлүүлсэн байх нь бий. Энэ бол сургууль хэмээх институцийн нэг л үүрэг, харин ил далд, эерэг сөрөг олон талын чиг үүргийг социологичид харьцуулан судалж байж ярих нь зүйтэй л дээ.

Тухайлбал, ЭЕШ болон сурлагын амжилт, багшийн чансаа, хөтөлбөрийн төрөл, улсын чанартай уралдаан тэмцээний амжилт, сайн үйлс, гэмт хэрэг зөрчилгүй байдал, дэд бүтэц, байгууламж, сургалтын болон соёлын орчныг бүрдүүлсэн байдал, удирдлага ба засаглал, хичээлийн хүртээмж, хүртэц гээд олон шалгуураар судлахад ихээхэн ялгарал гарах нь ойлгомжтой. Боловсролыг элитийн ба масс боловсролын тогтолцоо гэж ангилдаг бол энэ нөхцөл цаашид даамжирвал манайд ерөнхий боловсролд элит болон масс гэсэн зэрэгцсэн хөгжил бий болж төлөвшинө.

Би хувьдаа ийм холимог хэлбэр ерөнхий боловсролын хүрээнд хэрхэвч байж болохгүй гэж боддог. НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцийн 2-р зүйлд оролцогч улс орнууд хүүхдүүдийн нийгмийн гарал, эд хөрөнгө, төрсөн байршлаас үл хамааран тэдний эрхийг хэрэгжүүлнэ гэсэн, мөн 3-р зүйлээс хууль тогтоогчийн хувьд аливаа шийдвэртээ хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах зарчим бий болдог. 2010 оноос олон улсын хөтөлбөрийг оруулж ирэх зорилгоор сургуулиудыг зориуд ялгавартай хөгжүүлсэн нь энэ конвенцоос ухарсан хэрэг гэхээс өөр юугаар тайлбарлах вэ? Одоогийн хууль тогтоогчид учир мэдэхгүй хүүхэд багачуудаа бодлогоор ялгарал, заагралд оруулах гэж буйгаа эргэцүүлэн тунгааж байна уу?

Хүүхдүүдийг эцэг эхийнх нь нийгмийн гарал, давхаргад нь дөнгөлж хаях бүтэц тогтолцоо чимээгүй үйлчилсээр байна

Түүхэнд боолын, феодалын, кастын, ангийн гэх мэт нийгмийн давхраажлын тогтолцооны хэлбэрүүд бий болсон. Мөн нээллтэй болон хаалттай гэж ангилдаг.

Ардчилал, зах зээлийн үед ангийн давхраажлын тогтолцоо оршиж байдаг.

Ямар ч нийгэмд хүмүүс байр сууриа хадгалахын төлөө байдаг ч, ямар ч нийгэмд чинээлэг хийгээд ядуус байдаг ч, нийгэм хэдий чинээ ардчилагдаж нээлттэй болно, тэнд боловсролын тогтолцоо нийгмийн байр сууриудыг зүй ёсны дагуу хуваарилах шүүлтүүрийн үүргээ хаа хаанаас илүү хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл боловсрол хүүхдүүдийг төрөлх буюу ээж аавынх нь статусаас чөлөөлж, нийгмийн аль ч байр суурьт хүрэх тэгш боломж олгодог. Манайх шиг боловсролын тэгш бус байдлыг тогтолцооны хувьд дэмжиж байгаа нийгэмд боловсролын институцийн шүүлтүүрийн чиг үүргийн тухай ярих утгагүй болж байна. Хүүхдүүд хэнийд, хаана төрж өсч байгаагаас хамаарч боловсролын үлэмж ялгаатай орчинд суралцаж байна. Нийгмийн бүтцийн нөхөн үйлдвэрлэл шударга бусаар явагдана гэсэн үг. Чухамдаа энэ бол Монголд нээлттэй нийгмийн суурь зарчим алдагдсан байгаа явдал юм.

Улс төрийн ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засаг бүхий оронд нийгмийн тэгш бус байдал жам ёсны үзэгдэл ч, улс орны ЗГ-уудын хувьд тэгш бус байдлыг бууруулах эн тэргүүний бодлого нь боловсрол юм.

Боловсрол бол хүүхдийн хожмын амьдралын шаансыг тодорхойлох хувьдаа тэгш бус байдлыг бууруулахад онцгой үүрэгтэй нийгмийн институц. Манайд боловсролын институц хүүхдүүдэд тэгш боломжийг олгож чадахгүй тэгш боломж, шударга ёсны зарчим ихээхэн алдагдаж буй салбар болж байна. Өдгөө хүүхдүүдийг феодалын, кастын гэх нь хаашаа юм, харин эцэг эхийнх нь нийгмийн гарал, давхаргад нь дөнгөлж хаях бүхэл бүтцийг лавшруулахад хүрээд байна. Мэдээж ядуу дорой амьдралаас, алслагдсан хөдөөгийн баг, сумаас, хотын захын дүүрэг, хорооноос тэмүүлж гарч байгаа хүүхдүүдийг алийг тэр гэхэв, гэхдээ бүтцийн гээд байгаагийн учрыг ойлгоосой гэж хүсч байна.

Ядуурлын тойрог архаг ядуурлыг бий болгодог, архаг ядуурлаас ядуурлын соёл бий болдог, энэ тойргийн эхлэх цэг нь хүүхдүүд хаана, хэнийд төрснөөсөө болж дорой боловсрол авах явдал байдаг. Манайд ядуурлын соёл хэдийнэ ажиглагдаж эхэлсэн.

Манайд ядуурлыг бууруулах асуудал дээр амжилт бий болохгүй байгаа нь ч үүнтэй холбоотой бөгөөд цаашид ийм бодлого үргэлжилбэл өнөөгийн суурь боловсролын тогтолцоо ядуурал даамжирахад их хувь нэмэр оруулах болно. Боловсролын салбар дахь чанар, хүртээмжийн ялгаатай байдал нь ядуурал үе дамжиж бөхлөгдөхөд хувь нэмэр оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ядуу, орлого багатай өрхийн хүүхдүүд чанарын хувьд бусдаас доогуур боловсрол эзэмшсэнээр хожмын ядууралд хүрэх бүтцийн шинжтэй шалтгаан оршин байна. Түүнчлэн, ядуурлын соёл хэмээх ойлголт буй, энэ нь ядуурал үе дамжсан буюу архаг ядууралд орсон газарт бусдын жишгээр амьдрах боломж байхгүй гэсэн үнэт зүйл, итгэл үнэмшил хүмүүст төлөвшихийг хэлдэг.

Ядуурлын соёлыг төлөвшүүлэгч механизмыг ядуурлын тойрог гэх ба энэ тойргийн эхлэл нь ядуу гэр бүлд төрсөн хүүхэд дорой боловсрол эзэмших явдал гэдэг шүү дээ. Хүн амын тал нь амьдардаг манай нийслэлд бурхны авралаар өнөөдөртөө барууныхны томъёолсон слам, геттос, барриос гэхчилэн ядуусын хороолол үүсч, тэнд Америк кинонд гардаг шиг тамын хүүхдүүдийг сургахад зориулсан дампуурсан сургууль бий болоогүй ч, ядуурал өндөртэй манай нийгэмд үндэсний бүх нийтийн боловсролоо тэтгэхгүй бол чанартай боловсролын шүүрэнд чинээлэг, статус өндөртэй гэр бүлийн хүүхдүүд үлддэг ялгарал бүтцийн хувьд далдуур чимээгүй явагдсаар байна.

Боловсрол, тэр дундаа ерөнхий боловсрол арилжааны дэглэмд байж болохгүй зүйл

Боловсрол, эрүүл мэнд болон бусад нийгмийн суурь үйлчилгээнүүдийг арилжааны шинжтэй зүйл болгож болохгүй гэсэн нийгмийн сэтгэгчдийн үзэл баримтлал байдаг. Ерөнхий боловсролын хүрээнд үүнийг инстиуцийн хувьд уламжлал болгоод ирсэн умард болон баруун европын орнууд байна.

Энэ нь марксизмын уламжлалаас бий болсон dekommodifizierung хэмээх ойлголт. Харин боловсролыг чөлөөт арилжааны дэглэмд шилжүүлснээр чинээлэг хэсгийн хүүхдийн боловсрол ядуу хэсгийнхээс үлэмж тасран холдоно. Тиймээс улс орнууд хувийн сургуулийн төлбөрт хязгаар тавих ба энэ төрлийн үйлчилгээнд ашиг орлогоор хөөцөлдөх явдлыг хориглодог. Түүнчлэн, төсвийн ил тод байдлын шаардлага тавьдаг. Боловсрол бол хүний эрх, нийгмийн үндсэн хэрэгцээ бөгөөд энэ арилжигдах учиргүй гэдэг нь үүнтэй холбоотой. Нөгөө талаас улс орнуудад эдгээр сургуулиуд нь ЗГ-ийн үйлчилгээний дутуу орон зайг нөхөх чиглэлд үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг бол манайд нефтийн магнат нь ч оролцдог бизнесийн ашиг орлого олох салбар болох талаас нь илүү хөөцөлдсөн гажуудал, хамрах тойргоос хальсан замбараагүйдэл, чинээлэг хэсгийнхний зиндаархал болсонд асуудал байна.

Боловсролын тэгш бус байдал болон авлигын хооронд хамаарал буй

Авлига болон боловсролын тэгш бус байдал хоёрын дунд холбоо хамаарал харагдаад байгаа юм.

Үүнийг гурван чиглэлээр тайлбарлаж болохоор байна. Юуны өмнө, одоогийн ЕБС-ийн хувийн сургуулиудын асар өндөр төлбөрийн схемийг хэрхэн тайлбарлах вэ? Мэдээж олон олон эцэг, эхчүүд, тэр дундаа дундчууд ч үр хүүхдээ бусдын жишгээс холдуулахгүй юмсан гэсэн дээ олсон мөнгөө зарцуулж байгаа нь үнэн.

Гэвч, хувийн сургуулиудын төлбөр дундаж цалин хөлснөөс хэдэн арав дахин илүү, тэр дундаа өөр хоорондоо ч асар ялгаатай болж ирсэн. Дээд тал нь дундаж цалингаас 80 дахин илүү байхад олонх нь 5-10 дахин илүү байна. Авлигаар хөрөнгөжсөн давхарга бий болсон нийгэмд ийм бизнес цэцэглэдэг нь харагдаж байна. Хоёрдугаарт, сүүлийн гучин жилд илүү нэр хүндтэй, чансаатай улсын сургуулиудад авлига, шан харамжийн схем бий болж, тэдгээрт илүү байр суурь эсвэл бэл бэнчин бүхий гэр бүлийн хүүхдүүд шавах болж, түүний авлигын ханшийг ард түмэн ч мэдэх болсон. Цаашлаад Кембриж хөтөлбөртэй нийтийн сургуулиуд бий болсон нь авлигын уут үүсэх нөхцөлийг бий болгож байна. Тэдгээрт хүүхэд сонгон шалгаруулж элсүүлэх үйл явц бүхэлдээ дампуурсан гэж болохгүй л дээ, гэхдээ тэнд нийгмийн статус бүхий гэр бүлийн хүүхдүүд элсэн орох явдал багагүй байдаг нь үүнийг харуулж байна. Нийслэлд байх Кембриж хөтөлбөртэй сургуулийн захирал нь авлигын асуудалд орсон нь саяхны жишээ. Одоо дахиад энэ бодлого өргөжвөл авлигын үйл явц ямар нэг байдлаар тэлэх л болно. Гуравдугаарт, хувийн сургуулиудыг бодлогоор дэмжиж ирсэн нь улс төрчид энэ төрлийн бизнест хамааралтай байгаад оршино. Энэ нь дээд боловсролд илүү хамаарах боловч ерөнхий боловсролд огт хамаагүй зүйл бишээ. Хувийн сургуулиудад төсвийн дэмжлэгийг бий болгох үйл явцад ашиг сонирхлын хүчин зүйл ихээхэн нөлөөлж ирсэн. Ер нь хүүхэд амьдарч буй хамрах тойрогтоо чанартай суурь боловсрол авах эрхтэй биздээ.

Боловсролын тэгш бус байдал нь хүүхдийн хүмүүжилд хор хөнөөлтэй бөгөөд ирээдүйн нийгэмд бусдыг хүндэтгэх, эрх тэгш байх, эв нэгдэлтэй байх үзэл санааг доройтуулж байна.

Боловсролын институцийн амин чухал үүрэг бол хүүхэд, залуучуудыг нийгэмшүүлж төлөвшүүлэх явдал. Өнгөрсөн жил хүүхдийн хүмүүжлийн асуудлаар үндэсний хэмжээнд явуулсан судалгааны үр дүнд хүүхдийн хүмүүжлийн үндэсний тогтолцоо байхгүй байгаа хэмээн дүгнэсэн. Үүнд манай ерөнхий боловсролын сургуулиудын дундах ялгарал, тэгш бус байдал хувь нэмэр оруулж байгаа ч үр дүн гарсан. Сургуулиудын ялгаатай байдлаар хүүхдүүд бусдыг ялгаварлан гадуурхах, өөр хоорондоо зиндаархах байдал үүсч, энэ нь эргээд сөрөг зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд хүргэж байна. Дунд сургуулийн фокус бүлгийн ярилцлагын үеэр өндөр үнэтэй элит сургуулиудад сурч буй хүүхдүүдийн дунд “ирээдүйд бидэнд үйлчлэх хүмүүсийг хаана бэлддэг вэ?” гэсэн яриа байдаг хэмээн нэгэн сурагч хэлснийг ярилцлага зохион байгуулсан оюутнууд маань дурдаж билээ. Хүүхдийн эрхийн конвенцид заасанчлан хүүхэд бүрийг эрх чөлөө, тэгш эрх, эв санааны нэгдлийн үзлээр хүмүүжүүлэх үүргээ манайд төр нь ч, асран хамгаалагчид нь ч хангаж чадаж байна уу гэсэн асуудал гарч байна. Социалист нийгэмд муу хүүхэд гэсэн шошго наагаад ТМС- рүү цөлөх, эсвэл сайн муугаар нь анги үүсгэн сайн муу хүүхдүүдийн ялгаатай бүлгэмийг үүсгэдэг байсан туршлагыг капиталист нийгэм өөрийн механизмаар тогтолцооны зүйл болгож хувиргасан байна.

Улс орнуудын сургуулийн систем өөр өөр ч нийтийнх давамгайлдаг, гэвч хувийнх холимог нь ч манайх шиг гажуудаагүй. Үндэстэн өөрийн өнгө төрхөө олох нь чухал

Улс орнуудын ерөнхий боловсролын тогтолцоог удирдлага, менежмент болон санхүүжилтийн хувьд авч үзвэл, улсын болон хувийн менежменттэй, нийтийн болон хувийн санхүүжилттэй гээд ялгаатай байх нь бий. Хувийн сургуулийг санхүүжилтээс нь хамаараад улсаас хамааралтай ба хамааралгүй гэж ангилдагаас гадна түүнийг сүм хийд, ТББ, үйлдвэрчний эвлэл болон цэвэр хувийн хэвшлийнхэн удирддаг. Хувийн менежменттэй мөртлөө улсаас санхүүжих, эсвэл цэвэр сурагчийн төлбөрөөр гээд өөр өөр. Гэвч, 2012 оны олон улсын байгууллагын судалгаанаас үзэхэд ЭЗХХАБ-ын гишүүн болон түншлэгч 62 орны 38-д нь нийт хүүхдүүдийн 90-ээс дээш хувь нь улсын санхүүжилттэй нийтийн сургуульд сурч бол 32-т нь нийт сургуулийн 90-ээс дээш хувь нь улсын санхүүжилттэй байна. Үүнд умардын загвар бүхий Норвеги, Финлянд, Швед тэргүүлж, Герман, Канад, Их Британи болон зүүн европын орнууд бас багтаж байна. Нөгөө талаас, хувийн сургуульд сурдаг хүүхдийн болон хувийн санхүүжилт бүхий сургуулийн эзлэх хувь харьцангуй өндөр буюу 30-40 гаруй хувьтай Япон, Солонгос, Тайван гэх мэт зүүн азийн либерал дэглэм холимог хөгжсөн орнууд, мөн Дубай, Катар зэрэг Арабын чинээлэг улсууд ч байна. Мэдээж улс орнуудын сургуулийн систем нь түүхэн уламжлал, улс төрийн эдийн засаг, нийгмийн бодлогын дэглэмээс хамаарч өөр өөр байна. Асуудлын гол нь тэр систем нь тухайн оронд нийцэж байна уу үгүй юу, хүүхдэд тэгш боломж олгож, нийгмийн шударга ёсыг хангаж, хөгжил дэвшилд хөтөлж байна уу гэдэгт байна. Манайд хөгжиж байгаа сургуулийн систем нийцэхгүй, ер нь яагаад л байна даа гэмээр байгааг хэн хүнгүй харцгааж л байна.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй

Тэгэхээр манайд боловсролын тэгш бус байдлыг бууруулах тухайд бодлогын хоёр том асуудал байгааг салгаж ярих хэрэгтэй болж байна.

Нэгдүгээрт, ерөнхий боловсролын хүрээнд өнөөгийн улсын сургуулиудын ялгаатай тогтолцоог үгүй хийж, жинхэнэ утгаар бүх нийтийн боловсролыг хүүхдийн үндсэн эрх болохын хувьд төлөвшүүлэх явдал. Энэ нь гадны янз бүрийн боловсролын модел, институцийг турших нэрээр зохиомлоор ялгааг даамжруулах хэрэггүй гэсэн үг. Барууны судлаач Штайнер-Камси бүтээлдээ Монголын кейсийг судалсан шалтгаанаа гуравны нэг нь нүүдэлчин, гуравны нэг нь ядуу энэ оронд ийм их боловсролын бодлогын импорт хийснийг хэн ч төсөөлөхгүй, тэгэхдээ өндөр хөгжилтэй орнуудын моделийг авч байсан нь сонирхол татсан гэх маягтай хэлсэн байдаг. Энэ тохиолдолд бодлогын сонголтын хувьд хүүхдийн дээд ашиг сонирхлыг бодсон ч, нийгмийн тэгш бус байдлын хор хөнөөлийг бодсон ч, үүнээс цааш хүүхдийн хувь заяаг зохиомлоор заагласан бодлогоо зогсоох хэрэгтэй. Хүүхдүүд төрөлх статусаараа ялгаатай үр шим хүртэх энэ бодлогын оронд үндэсний хөтөлбөрийг дорвитой алхмаар сайжруулах, бэхжүүлэх явдал чухал байна. Энэ чиглэлд үндэсний их сургуулиас ажил, амьдралын гарвалтай зарим залуу гишүүд ярьж, үзэл баримтлалаа хамгаалж байгаа нь нэн сайшаалтай билээ. Бүх нийтийн чанартай боловсрол бүрдүүлсэн цагт тусгайлан тордсон улсын нэр хүндтэй сургуулиуд руу хошуурах, өндөр үнэтэй хувийн сургуулийг сонгох сонголт буурах болно. Хоёрдугаарт, ерөнхий боловсролын хүрээнд нийтийн болон хувийн сургуулийн харьцааны асуудал буюу улс төрийн эдийн засаг ба нийгмийн бодлогын дэглэмийг эргэн харах болж байна. Уг асуудлын хувьд бодлогын ялгаатай сонголтууд бий. Үндэсний хэмжээнд ерөнхий боловсрол хүчирхэг болсон цагт хувийн сургуулиуд аажмаар хумигдана. Үүнийг төр оролцохгүй одоогоор нь орхих бодлогын тэг хувилбар гэж хэлж болно. Удаах нь, хувийн сургуулийн хувьсах зардлыг ялгаатай олгох, эсвэл олгохгүй байх сонголт болов уу. Эсвэл, төлбөрийн хязгаарлалт тавих, ашиг орлогоор хөөцөлдөх явдлыг хориглох зэрэг байж болно. Харин, сүүлийн радикал буюу эрс алхам бол хувийн сургуулиудыг хаах явдал бөгөөд үүнийг зарим орон сонгосныг бид мэдэж байгаа. Институцийн онолд аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд “замналаас хамаарах” гэсэн ойлголт буй. Манай сургуулийн системд өмчийн холимог хэлбэрийн хөгжлийн замнал нэгэнт явсан тул радикал сонголт хийхэд хугацаа хэрэгтэй байж болно. Хувийн сургуулийн хүрээнд ашиг хөөцөлдөхгүй, хамрах тойрогтоо байх, зиндаархах өвчнөөс ангид байх аваас Монгол хүний хөгжлийг дэмжих, хүмүүн капиталыг үнэ цэнэтэй болгох гэсэн хувийнхны хүсэл тэмүүллийг заавал хазаарлах шаардлага үгүй юм.  

Неолиберализмын нэрт төлөөлөгч Фрийдманий “Хувь заяагаа сонгох нь” бүтээлд “Манай сургуулиуд яагаад л байна даа?” гэсэн бүлэг байдаг, харин манай нөхцөлд ЕБС-ийг нэг талаас, неолиберал дэглэмд захируулснаар, нөгөө талаас, тэгш бус байдлыг дэмжсэн бодлого явуулж ирснээр ёстой л яагаад л байна даа гэмээр нөхцөл бий болжээ. Энэ нөхцөл бол ерөнхий боловсролын тэгш бус байдал юм.

 

Өгүүллийг:  МУИС-ийн багш, Социологийн ухааны доктор Г. Түмэннаст

2020.08.30