Индэр    
2020 оны 8 сарын 30
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 78: Санаагаа бусдын ой тойнд "наах нь"

Зураг

Зарим зүйл бидний ой тойнд хадгалагдан үлдсэн байхад зарим нь чихний хажуугаар өнгөрсөн байх нь олон. 

Үүний учир шалтгааныг тайлбарласан "Made to stick" номыг 2007 онд Чип Хийт, Дэйн Хийт нар гаргаж байв. Уншигчдаас ихээхэн өндөр үнэлгээ авсан уг ном 2008, 2010 онуудад мөн дахин хэвлэгдэж байжээ. 

Ах Чип нь Стэнфордын Бизнесийн их сургуулийн багш бол дүү Дэйн Хийт нь Дьюкийн их сургуулийн профессор юм. Тэдний томьёолсноор илэрхийлж буй санаагаа бусдын ой тойнд хоногшуулахад SUCCES / Simple, Unexpected, Concrete, Creditibility, Emotion, Stories/ зарчмыг баримтлах хэрэгтэй аж.

"Made to stick" номыг сонсох: 

НЭГ. Санаагаа энгийн байлга /SIMPLE/

Хэлэх санаагаа аль болох энгийн бусдад ойлгомжтой байхад анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна чухал хэсгээ түрүүлж мэдээллэн, цаашид сонирхол татахуйцаар үргэлжүүлэх нь зөв шийдэл юм. 

АНУ-д Иргэний дайны үеийг сурвалжилж буй сэтгүүлчид сониныхоо редактор руу телеграфаар мэдээллээ явуулдаг байв. Цэргийн шугамаар мэдээлэл дамжуулахад хэзээ ч тасарч мэдэх тул сэтгүүлчид мэдээнийхээ хамгийн чухал хэсгийг түрүүнд явуулдаг байжээ. Цөм хэсгээ явуулсны дараагаар дэлгэрүүлж мэдээллээ явуулдаг байсныг зохиогчид номдоо жишээлжээ. 

Мөн хэцүү санааг ч энгийн байлгах нь чухал юм. Тухайлбал, Pomela гэх жимсийг мэдэхгүй хүнд дараах хувилбаруудаар тайлбарлаж болно. 

  1. Дотроо зөөлөн, улаан шаргалдуу өнгөтэй, гаднах нь өнгө нь бордуу, хальс болон зөөлөн хэсгийн дунд байх цагаандуу өнгөтэй зүйл нь идэхэд хатуу. 
  2. Бэрсүүт жүржтэй төстэй, гэхдээ бага зэрэг том. 

Үүнээс хоёр дахь хувилбар ихэнх хүнд ойлгомжтой санагдах байх. Ийнхүү хүмүүсийн мэддэг зүйлд нь түшиглэн тайлбарлах нь ойлгомжтой байдаг. 

ХОЁР. Санаанд оромгүй байх /UNEXPECTED/

Хэлэх санаагаа хүмүүсийн санаанд оромгүй байлгахад анхаарлыг нь татах (1), татсан анхаарлаа удаан хугацаанд барих (2) нь чухал. 

  1. Анхаарлыг татахын тулд онцгой байх хэрэгтэй. Онгоц нисэх бүрт өгдөг аюулгүйн зөвлөмжийн ихэнх хүн тоохгүй орхидог бол онгоцны үйлчлэгч өвөрмөц байдлаар тайлбарлахад олон хүн анхаарлаа хандуулж, сонирхон хийсэн бичлэгүүд олон нийтийн сүлжээнд хөвөрдгийг та андахгүй биз ээ.
     
  2. Татсан анхаарлаа удаан хугацаанд барихын тулд ЯАГААД гэх асуултыг хүмүүст төрүүлэх ёстой хэмээн номд өгүүлсэн байн. Ах, дүү Хийт хоёулаа их сургуулийн багш учир оюутнуудын анхаарлыг удаан барихын тулд хичээл эхлэхийн өмнө асуулт асуудаг байж. Оюутнууд асуултын хариуг олохын тулд хичээлийн туршид анхаарч, төгсгөлд нь хариугаа олдог байжээ. Гэхдээ тухайн зүйлийн талаар мэддэггүй хүнд асуулт төрдөггүй тул та шинэ зүйлийн тухай тайлбарлах гэж буй бол тодорхой хэмжээний мэдлэг өгч, түүндээ үндэслэн асуулт зохиох хэрэгтэй гэжээ.

ГУРАВ. Бодит байх /CONCRETE/

Туршилт: Та эдгээрийг төсөөлөн бодно уу - Мона Лизагийн хөрөг, Тарвас, Таны бага насаа өнгөрүүлсэн гэр, Битлз хамтлагийн "Hey Jude", Үнэн гэдэг үгийн тодорхойлолт.

Эдгээрийг бодоход тархины өөр өөр хэсгүүд ажилладаг. Мона Лизагийн хөргийг төсөөлөхөд Леонардо Да Винчигийн зурсан хөрөг зураг нүдэнд тань харагдаж, Тарвас гэхэд амт нь амтагдаж, бага насаа өнгөрүүлсэн гэрээ эргэн санахад тоглоомуудаа яаж өрж тоглодог байснаа мэдэрч байж болно. Алдарт Битлзийн Hey Judе чихэнд тань сонсогдсон ч байж мэднэ. Харин үнэн гэдэг үгийг тодорхойлолтыг та санаж байна уу?

Үүнээс ажиглах ёстой зүйл бол аль болох олон мэдрэхүйгээрээ мэдэрсэн зүйл хүний санаанд удаан хадгалагдан үлддэг аж. Эсрэгээрээ хийсвэр зүйлийг шууд хүлээн авах, ой тоондоо тогтоох нь хэзээд бэрхшээлтэй байна. 

Иймд аль болох бодит зүйлээр жишээлж, тайлбарлаж байх нь та хэлэх гэсэн санаагаа бусдад ойлгомжтой, тогтоож авахад тус болно. 

Жишээ: АНУ-д 1960-аад оны сүүл үед нэгэн бага сургуулийн хоёрдугаар ангийн сурагчид багшаасаа ялгаварлан гадуурхах гэж юу вэ гэж асуужээ.

Зурагтаар үзсэн нэвтрүүлгээсээ улбаалж асуухад багш "Хүмүүсийн зарим нь цэнхэр нүдтэй, зарим нь хар бордуу өнгийн нүдтэй байдаг. Цэнхэр нүдтэй хүүхдүүд илүү ухаантай байдгийг багш нь сонслоо. Тэгэхээр ангиа хоёр хуваана. Бараан өнгийн нүдтэй хүүхдүүд нь толгой муутай учраас хойшоо суу, цэнхэр нүдтэй сурагчид урдуурх ширээнд суу" гэжээ. Ингэмэгц цэнхэр нүдтэй хүүхдүүд бусдадаа дээрэнгүй хандаж, ялгаварлах үзэл тэр дороо ажиглагдав. 

Харин маргааш өдөр багш нь "Өчигдөр би андуурсан байна. Хар бор нүдтэй хүүхдүүд илүү ухаантай гэсэн байж. Тиймээс байраа солиод цэнхэр нүдтэй хүүхдүүд хойшоо суу" гэв. Хүүхдүүдийн хандлага ч эсрэгээрээ эргэж, хар бор нүдтэй хүүхдүүд бусадтай дээрэнгүй харьцах эхэлжээ. 

Гурав дахь өдрөө багш нь "Бүх хүн адилхан, цэнхэр, хар бор өнгийн нүдтэй байгаа нь харагдах байдал л өөр болохоос, хувь хүн, сэтгэн бодох чадвар нь бүгд ижил" гэжээ.

Ийнхүү ялгаварлан гадуурхах гэх хийсвэр санааг хоёрдугаар ангийн хүүхдүүд насан туршдаа мартахааргүй болтлоо ойлгосон байна. Тэднийг том болсны дараа судалгаа авахад хүүхдүүд тэр өдрийн хичээлээ огт мартаагүй бөгөөд толгой муутай гэж хэлүүлэх үедээ зүүж байсан зүүлтээ яг одоо зүүж байгаа мэтээр мэдэрч байна гэж хариулжээ. 

Өөр нэгэн жишээ: 1980-аад оны үед зөөврийн компьютерийг одоогийнхтой ойролцоо загвартай хийх санааг гаргасан нэгэн залуу хөрөнгө оруулагчидтай уулзав.

Танилцуулгаа сайн бэлдэж чадаагүй тэрбээр хөрөнгө оруулагчидтайгаа ярилцаж байгаад уур амьсгал бишдэж байгааг ойлгон, нэгэнт өнгөрсөн юм чинь гээд барьж байсан хавтсаа ширээ рүү шидэн "Бодит байдал дээр иймэрхүү л харагдана" гэжээ. Энэ нь ч амжилттай болж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татсан байдаг. 

ДӨРӨВ. Итгэл үнэмшилтэй байх /CREDIBILITY/

Өөрийн танилцуулж буй санаа, мэдээллийг итгэл үнэмшилтэй байлгахын тулд нэгдүгээрт, Үндэсний статистикийн хороо, Төвбанк гэх мэтээр баталгаат эх сурвалжуудын гаргасан тоон мэдээллийг баримтлан ярьж болно.

Хоёрдугаарт, хүмүүсийг дотроос нь итгүүлэх арга бий бөгөөд хэрэгжүүлэх дөрвөн хувилбартай аж. 

1. Өөрөө хийж үзсэн зүйлээ ярихад бусад хүн итгэдэг

Тухайлбал, би яаж эрүүл зөв хооллосон бэ, ямар дасгалууд хийж турсан бэ гэх зэргээр өөрийн хийсэн зүйл, гарсан үр дүнгээ хуваалцах нь хэзээд итгэл үнэмшил төрүүлнэ.

Жишээ:  1980-аад онд Австралийн алслагдмал нутаг дахь их сургуулийн хоёр судлаач оюутан хеликобактерийг нээж, эрдэмтдэд танилцуулахад хүлээж аваагүй аж. Учир нь нас залуу, тосгоны хүмүүс нээсэн гэхэд итгэхгүйн сацуу ходоодонд бактери амьдардаг гэх нь санаанд оромгүй байв. Харин нэг судлаач нь бусдад итгүүлэхийн тулд аяга дүүрэн хеликобактертай шингэн ууж, хэдэн өдрийн турш бактерийн шинж тэмдэг илэрсний дараа нээлтээ зөв гэдгийг батлан пенцилин ууж, эдгэрчээ. Энэ нээлт нь 20 жилийн дараа Нобелийн шагнал авсан байдаг.

2. Тоо баримт сонсож итгэдэг

Статистик хэлэхдээ өөр нэг оновчтой зүйлтэй харьцуулж хэлэх хэрэгтэй. Аварга загас хүнийг барих нь маш ховор гэдгийг хүмүүст итгүүлэхийн тул аварга загасанд бариулж үхэх эрсдэл, усанд сэлж байгаад үхэх эрсдэл хоёрыг номд харьцуулан тайлбарлажээ.

Мэдээж хэрэг аварга загасанд бариулах эрсдэл маш бага байх нь ойлгомжтой тул зохиогчид “Та аварга загасыг аюултай гэж бодож байна уу, эсвэл буга илүү аюултай юу” гэж асуужээ.

Ихэнх хүн аварга загас гэсэн боловч бодит байдал дээр буга илүү аюултай байв. Харанхуйд зам дээр гэнэтхэн буга харайн гарч ирэх, үзэгдэх орчин муу үед бугатай мөргөлдөх, түүнээс зайлсхийхийн тулд жолоогоо хэт мушгиж осолдох гэх зэргээр аюул осол их болдог байна. Харьцуулж үзвэл бугатай мөргөлдөх эрсдэл нь аварга загасанд бариулахаас 300 дахин их байдаг аж.

Статистикийг дангаар нь хэлэх биш санаанд оромгүй өөр зүйлтэй харьцуулах нь бусдын санаанд тод үлдэнэ.

3. Синатра тест

Франк Синатрагийн “Нью Йорк, Нью Йорк” гэх дуунд Би Нью Йоркт амьдарч чадах юм бол дэлхийн хаана ч амьдарч чадна хэмээн гардаг. Үүнийг бизнесийн хүрээнийхэн “Синатра тест” гэх болсон бөгөөд энэ нь тухайн зүйлийг л хийж чадвал цаашид бүгдийг нь чадах болно гэх утга санаа юм. 

4. Өөрсдөөр нь туршиж үзүүлэх

Хийж бүтээсэн шинэ зүйлээ хэрэглэгчдийг туршиж үзүүлэх нь итгэл үнэмшил төрүүлэх хамгийн сайн аргын нэг

ТАВ. Сэтгэл хөдөлгөсөн байдал /EMOTION/

Хүний сэтгэл хэзээ хамгийн их хөдөлдөг талаарх судалгааны үр дүнд логикоор сэтгэх үед сэтгэл хөдлөл дарагддаг гэдгийг судлаачид олж мэджээ.

Жишээлбэл, Африк тивд хэдэн сая хүүхэд өлсгөлөнгөөс болж нас барж байна, та хандив өргөнө үү гэхэд сэтгэл төдийлөн хөдлөхгүй атал хүнд хэцүү амьдралыг туулж буй нэг хүнийг хармагцаа сэтгэл нь хөдөлж, хандив өргөдөг болох нь ажиглагджээ. 

Зорилтот бүлгийнхээ сэтгэл хөдөлгөхөд үндсэн гурван аргыг ашиглах болох юм. 

  1. Айдас төрүүлэх 
  2. Баяр баясгалантай болгох
  3. Дур хүслийг нь өдөөх /sexual content/ 

Жишээ: АНУ-ын Техас мужид гудамж талбайд хогоо хаях нь их байжээ. Хотод ямар хүмүүс хог их хаяад байсныг судлахад, гудамж талбайд хамгийн их хог хаядаг бүлэг нь 20-оод насны залуус байв. Тэд Засгийн газар, хотын захиргааны үгийг үл тоодог, эсэргүү залуус юм. Тэдэнд нөлөөлж, буруу хэвшлийг нь засахын тулд муж улсдаа алдартай бодибуйлдингийн тамирчин, басхүү эсэргүү араншинтай нэгнийг нийгмийн сурталчилгаанд тоглуулжээ. 

Тухайн тамирчин “Техасчууд хог хаядаг хүмүүс биш, хэрэв хаясан байвал дэмий шүү, тийм хүнийг надтай уулзуулаарай” гэж хэлүүлсэн нийгмийн рекламыг цацжээ. Агуулга, дүр нь зорилтот бүлэгтээ яв цав нийцэж, жинхэнэ нөлөөллийг бий болгосноор залуус хог хаях эрс багассан байна. 

ЗУРГАА. Түүхүүд /STORIES/

Түүх сонсохдоо хүмүүс өөрийгөө тухайн нөхцөлд байгаагаар мэдэрч, түргэн хугацаанд үйлдэл хийдэг аж.

Америкчуудын дунд одоо алдартай "Subway sandwitch diet" хэмээх жишээг номд мөн дурджээ.

Жаред гэх залуу 250-260 кг жинтэй байв. Тэрбээр нэгэн удаа метроны буудал дээр "Зөв зохистой шим тэжээлтэй" хэмээн сурталчилж байсан хачиртай талхыг авч идэх болов. Хачиртай талхаа идэхийн хамт дасгал хөдөлгөөн хийсээр Жаред 6-7 сарын дараа гэхэд 80-90 кг жинтэй болжээ. 

Эхлээд энгийн нэг сурталчилгаатай байсан хачиртай талхыг илүүдэл жинтэй хүн идээд, олон кг жин хаясан нь уг хачиртай талхны том сурталчилгаа болсон байна. 

Гурван төрлийн түүх хүний сэтгэлд хамгийн сайн хүрдэг бөгөөд эдгээр нь

1. Challenging - Хүнд давааг даван туулсан түүх хэзээд хүмүүсийн анхааралд өртдөг. 

2. Connectiveness-Огт холбоогүй хоёр зүйл холбогдож, шинэ түүх гаргах. 

3. Creativity - Шинэ санаа гаргах, шинэ түүхийг бүтээх.

Гэхдээ түүх ярих гол зорилго нь сонсгох биш, харин хүнийг түргэн хугацаанд үйлдэл хийлгэх арга юм.