Индэр    
2020 оны 8 сарын 15
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 76: Өөрийн мөн чанарыг таньж мэдэх аялал - "Одоо цагийн хүч"

Зураг

Герман гаралтай зохиолч, илтгэгч Экхарт Толле 29 нас хүртлээ сэтгэл санааны хямралтай, хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийжээ.

Тэрбээр нэгэн өглөө сэрэхдээ “Би хэвээрээ өөртэйгөө удаан амьдарч чадахгүй нь. Цаашид яах ёстой вэ” гэж боджээ. Энэ асуултаас үүдэн тэрбээр хүний дотоодод БИ болон МӨН ЧАНАР/I and Self/ оршин байна гэж үзжээ.

Үүнээс улбаалан Экхарт Толле БИ болон МӨН ЧАНАР гэж юу вэ, бидний оюун бодол юуг бүтээдэг вэ, бид яагаад өнгөрсөндөө сэтгэл дундуур байж, ирээдүйгээсээ эмээж амьдардаг вэ гэхчилэн ээдрээтэй асуултуудын хариултыг олохоор зоригложээ. Эрэл хайгуулын үр дүндээ тэрбээр 1997 онд “The Power of NOW” номыг бичсэн нь дэлхий даяар гурван сая гаруй хувь борлогдсон байна.

Уг ном нь монгол хэлээр “Одоо цагийн хүч”, “Энэ мөчийн хүч” хэмээн орчуулагдан гарч байжээ. 

Телевизийн шоуны Хатан хаан хэмээн өргөмжлөгддөг Опра Уинфригийн санал болгодог “The Power of NOW” номыг iKon.mn сайт, Unlock подкаст хамтран хүргэдэг Номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт онцолж байна.

Бидний тархинд өөр хоорондоо ямар нэг утга авцалдаагүй бодол, болж өнгөрсөн явдлууд гэх зэрэг бодлууд эргэлдэх үе их гардаг. Нэг бодлоос дараагийнх нь урган гарч, эхлээд юуны талаар эргэцүүлж байснаа ч мартчих нь бий. Гэтэл заримдаа гунигтай, саар бодолдоо таг гацчихна. 

Энэ мэтчилэнгээр өдөрт толгойд эргэлдэх түмэн бодлын 90 хувь нь үр ашиггүй, энерги үрсэн байдаг талаар номд өгүүлжээ.

Элдэв бодол болох нь угаас оюун бодлын хийдэг ажил. Бид үүнд хэт их ач холбогдол өгч, бодлынхоо боол мэт болчихоод байгаа нь олон асуудлыг үүсгэж байгаа юм. Мөн оюун бодол нь ихэнхдээ өнгөрсөнтэй холбогддог тусгал шинжтэй.

Харин хүний мөн чанар буюу оршихуй нь бодлыг ажиглагч, чиглүүлэгч юм. Энгийнээр тайлбарлавал, бодол бол үүл, мөн чанар буюу оршихуй нь тэнгэр. Оршихуй нь тэнгэр шиг мэт хязгааргүй. Гэтэл бид үүлийг өөрийгөө гэж андуурч, бодолдоо автдаг.

Өөрийн мөн чанарыг таньж мэдэх арга нь одоо цагтаа байх

Хүн одоо цагийг мэдэрснээр оюун бодол болон оршихуйгаа ялгаж салгах боломжтой. Ингэхийн тулд тодорхой хугацаанд чимээгүй орчинд бодлоо ажиглах хэрэгтэй. Үүний түгээмэл хэлбэр нь бясалгал.

Эхний оролдлогуудад өөрийгөө ажиглаж суух нь амаргүй байх бөгөөд нэг мэдэхэд л ажиглах биш өөр зүйл бодчихсон сууж байх нь элбэг. Тиймээс өөр зүйл бодсоноо анзаарсан үедээ дахин одоо цагтаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ мэтээр өдөрт хэдхэн секундийг өөрийгөө ажиглахад зарцуулж, зуршил болгосноор мөн чанараа танихад улам ойртоно.

Номд өгүүлснээр, одоо цагтаа анхаарч, одоогоороо амьдарна гэдэг нь ирээдүйдээ зорилгогүй байхыг огт хэлэхгүй. Яг одоо зорилгоо тодорхойл, зорилгоо тодорхойлсон бол цагийг дэмий үрэлгүй түүнийхээ төлөө яг одоо ажиллаж эхлэх хэрэгтэй гэжээ.

Хоёр төрлийн цаг хугацаа бий

Зохиогчийн тодорхойлсноор сэтгэл зүйн болон бодит хэмээх хоёр төрлийн цаг хугацаа бий.

Сэтгэл зүйн цаг хугацаа нь хүмүүсийн ихэнх асуудлын эхлэл цэг болсон байдаг. Өнгөрсөндөө санааширч, ирээдүйдээ зовниж байхаар зорилгоо тодорхойлоод, түүндээ хүрэхийн төлөө одооноос хичээх хэрэгтэй.

Товчоор бол, өнөөдөр хийх ёстой зүйлээ өнөөдөр л хийх ёстой.

Тулгарсан асуудлыг шийдвэрлэх гурван арга

Асуудал тулгарахад, хэн нэгэнтэй санал зөрчилдвөл хэрхэн даван туулах талаар "Power of Now" номд ийнхүү өгүүлжээ. 

  1. Асуудлыг орхих-Өөрт таагүй санагдсан бол шууд орхиж болно.
  2. Байдлыг сайжруулахыг хичээх-Зөрүүтэй зүйлийг засахаар оролдоно. 
  3. Хүлээн зөвшөөрөх-Засаж сайжруулж болохооргүй байвал байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэжээ. 
“The Power of NOW” номыг сонсох: