Индэр    
2020 оны 8 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монголчууд хөрсөн дор ургадгаас илүү газар дээр ургадаг нарийн ногоог түлхүү авч хэрэглэдэг болжээ

Зураг
гэрэл зургийг MPA.mn

Намрын улирлыг шинэ ургацын ногоогүйгээр төсөөлшгүй. 

Тариаланчдын олон сарын хүч хөдөлмөрөөр монголчууд эрч хүч, амин дэм авах хүнсний ногоогоо базааж, бэлддэг уламжлал ч энэ цагт үргэлжилж байна.

"Шинэ ургацын ногоо" гэсэн бичиг нийслэлийн захуудад өлгөөтэй байх энэ үед бид ногооны үнэ, эрэлт хэрэгцээ ямар байгааг сурвалжлахаар Барс, Баянзүрх худалдааны төв болон шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй ПЕРОН (Барс худалдааны төвийн баруун тал руу байрладаг), Скай их дэлгүүрийн баруун талбайг зорилоо. 

Сар гаруйн өмнө л төмс нэг килогромм нь 2,800 төгрөгт хүрч, нэг ам.долларт үнэ нь дүйж очихыг бид харсан. Тэгвэл энэ үнэ шинэ ургацын ногоо ихээр борлуулагдаж байгаатай холбоотойгоор энэ сарын 12-ны өдрийн байдлаар 800 төгрөг болж буурсан байна.  

Хүснэгт: Төмс, хүнсний ногооны үнэ /Наймдугаар сарын 12-ны байдлаар/

Ногооны нэр

ПЕРОН  /кг/

(Барс худалдааны төвийн баруун талд)

Барс худалдааны төв /кг/

Баянзүрх худалдааны төв /кг/

Скай их дэлгүүрийн урд /кг/

1

Лууван

1,500

1,800

1,600

1,500

2

Төмс

8,00-1,000

1,000

8,00

800

3

Байцай /бөөрөнхий/

800

8,00

1,000

800

4

Манжин /шар, хүрэн/

1,000

1,300

1,600

1,200

5

Монгол Сонгино

1,200

1,500

2,500

2,500

6

Бууцай

4,000

4,500

4,500

4,000

7

Монгол хулуу

4,000

4,000

4,500

4,000

8

Сармис

5,000

5,000

5,000

5,000

9

Өргөст хэмх

1,200

1,200

1,500

1,200

10

Тарвас

2,500

2,500

2,500

2,500

11

Улаан лооль

6,000

6,000

6,000

7,000

Төмс, хүнсний ногооны нийлүүлэлт ийнхүү нэмэгдсэнээр үнэ хэрхэн буурсныг дээрх хүснэгтээс харж болно. 

"Тариан талбайгаасаа хурааж авраад өөрсдөө ногоогоо хямд заръя гэхээр зогсоолоос авахуулаад боломж байдаггүй"
 
гэрэл зургийг MPA.mn

ПЕРОН-ы үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоогоо бөөний үнээр борлуулж байсан Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч Ц.Батзаяатай уулзлаа. Тэрбээр “Тариаланчид ногоогоо хурааж, нийлүүлэлт ихсэж байгаа энэ үед ногооны үнэ ханш өдрөөс өдөрт унаж байна. Бид ногоогоо хураагаад нэг ченжид өгөхөд тэр хүнээс  цаашаа 4-5 ченж дамжуулж зардаг. 

Манайхан монгол ногоо хэт үнэтэй байна гээд л шүүмжилдэг. Яг үнэндээ бид тариан талбайгаасаа хурааж авчраад, өөрсдөө зогсоод хямд заръя гэхээр зогсоолоос авахуулаад боломж байдаггүй. Тэгээд ченжүүдэд бөөний үнээр нь маш хямд өгдөг. Төмсийг бөөний үнээр нь 400-600 төгрөгийн хооронд өгч байна. Гэвч цаашаа хэд хэдэн ченжийн гар дамжаад худалдан авагчдын гарт очихдоо хамаагүй үнэтэй болчихдог. Бүгд л амьдрах гээд ядаж байгаа шүү дээ. Энэ жил ган гачиг болоогүй, бороо хур элбэгтэй байсан болохоор ургац харьцангуй сайн байлаа” хэмээн ярьсан юм. 

Худалдан авагчдын хувьд хямд үнээр чанартай хүнсний ногоо хэрэглэхийг хүсэх нь аргагүй ч нөгөө талд тариаланчдын нөр их хөдөлмөр үнэгүйдэх ёсгүй. 

Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа нийслэлийн хэд хэдэн байршилд болдог. Үүний нэг нь Скай их дэлгүүрийн баруун талын талбай юм. Биднийг тус үзэсгэлэн худалдааг зорин очиход тор дүүрэн хүнсээ цуглуулаад явж байгаа хүмүүс тасрахгүй байв.

Долоо дахь хоногтоо үргэлжилж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа иргэд нарийн ногоонууд их гараагүй тул бусад ногоог бодоход харьцангуй үнэтэй байгааг онцолсон юм. Гэсэн хэдий ч иргэдийн хувьд нарийн ногоог түлхүү авч хэрэглэдэг болжээ. Эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллолтыг эрхэмд тооцох болсон иргэдийн бодит худалдан авалтаас энэ нь илт анзаарагдаж байлаа.  

Барс худалдааны төвийг зорин очиход худалдагч Т.Болор-Эрдэнэ "Нэг ажиглагдаж байгаа зүйл нь хүмүүс газар дор ургасан ногооноос илүүтэй газар дээр ургасан нарийн ногоог түлхүү авч хэрэглэдэг болсон" хэмээн хэлсэн нь уг хандлага түгээмэл болж буйг батлах биз ээ. 

Манай улсад төмс, хүнсний ногоог голчлон Ховд, Сэлэнгэ, Рашаант, Жаргалант гэх газруудад тариалдаг. Одоогийн байдлаар Барс худалдааны төв дээр ирж буй шинэ ургацууд ихэвчлэн Сэлэнгийнх ажээ.  

"Шинэ ургацын ногоо гарч хүнсний ногооны үнэ тогтворжиж байна"

 
эх сурвалж: ХХААХҮЯ

Тариалалттай холбоотойгоор ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад "Шинэ ургацын ногоо гарч хүнсний ногооны үнэ тогтворжиж байна. Энэ хавар тариалалтын хэмжээг нэмэгдүүлсэн тул ургац арвин байгаа. Тодруулбал,

  • Хүнсний ногоог 3,000 га
  • Төмсийг 1,000 га талбайгаар нэмэгдүүлсэн.

Наадмын дараачаас эрт болцын төмс, байцай, лууван гараад эхэлсэн. Дээрээс нь хүлэмжид тарьдаг таримлууд борлуулалтад гарч эхэлсэн. Тиймээс үнэ харьцангуй тогтвортой болж байна. 

Нийлүүлэлт ийнхүү ихсэхээр үнэ нь анх гарч байснаасаа буурна. Гэхдээ нөгөө талаар ногоочдын хөдөлмөр, хөрөнгө оруулалт зэргээс эхлээд маш их хөдөлмөр ордог тул аль аль талдаа боломжийн нөхцөлөөр худалдан авалт хийх тогтолцоон дээр ажиллаж байгаа.

График. Төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг оноор нь харьцуулбал, 

 
эх сурвалж: ХХААХҮЯ

Дотоодын тариалалтаа нэмэгдүүлэх, дэмжих үүднээс импортоор орж ирдэг хүнсний ногооны татварыг 10 хувиар нэмэгдүүлж, 30% болгосон. 

Үүнтэй холбоотойгоор импортын ногооны нийлүүлэлт багасаж байгаа болохоор дотоодын ногооны тариалалтаа нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Цаашлаад гарсан ургацаа хадгалж, жилийн турш борлуулах шаардлагын дагуу Улаанбаатар хотын орчимд байрлах арван аж ахуйн нэгжийн агуулах, зооринд хүнсний ногоогоо хадгалах боломжтой болсон" гэдгийг хэлсэн юм. 

"Манай улс дотооддоо улаан лооль, өргөст хэмх, чинжүү, навчит байцай гээд дөрвөн төрлийн нарийн ногоо тарьдаг нь нийт хэрэгцээнийхээ гуравны нэгийг хангадаг" 

Түүнчлэн "Манай улс дотооддоо хүлэмжинд улаан лооль, өргөст хэмх, чинжүү, навчит байцай гээд дөрвөн төрлийн нарийн ногоо тарьдаг. Үүгээр нийт хэрэгцээнийхээ гуравны нэгийг хангаж байна. Өнгөрсөн жил дотооддоо 5,000 тонныг үйлдвэрлэж, импортоор 15,500 тонныг авсан. Яншуй, бууцай зэрэг бусад нарийн ногоог тооцох аргагүй" гэв.