Индэр    
2020 оны 7 сарын 11
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 71: Умард Солонгосоос оргосон Масажи Ишикавагийн түүх

Зураг

Умард Солонгосын удирдагч агсан Ким Ил Сон 1958 оны есдүгээр сарын 8-нд нэгэн илтгэл тавихдаа Японд амьдарч байгаа солонгосчуудыг эх орондоо ирэхийг уриалжээ.

Тэрбээр "Умард Солонгос бол дэлхийн диваажин, ахан дүүсээ буцаад ирцгээ" хэмээн хэлсэн байдаг. Энэ илтгэлийн дараа хар ажил хийхээр Японд очсон 100 мянга гаруй солонгос хүн, гэр бүлийн хамтаар арлын орныг орхисон байна.

Масажи Ишикавагийн гэр бүл ч тэдний нэгэн адил 1959 оны сүүлээр Умард Солонгосыг зорьжээ. Энэ үед тэрбээр 13 настай байв.

"A River in Darkness" буюу "Харанхуйн дундах гол" хэмээх номд Масажи Ишикава өөрийн туулж өнгөрүүлсэн хүнд амьдралын тухай өгүүлсэн юм.

"A River in Darkness" номыг сонсох:

Японы Эзэнт улс Солонгосыг эрхшээж байх үедээ хар ажил хийлгэхээр олон солонгос иргэнийг эх орондоо авчирч байв. Масажи Ишикавагийн аав ч мөн хар ажил хийхээр тэр оронд иржээ.

Ишикавагийн бага нас буюу 1950-аад он нь дайны дараах үе тул амьдрал хүнд, хоол хүнс ховор байв. Ялангуяа, Японд амьдарч буй солонгосчууд ялгаварлагдан гадуурхагдаж, нийгмийн ёроолын давхаргад тооцогдож байв. 

Сургуульд орох нас нь болоход солонгос хэл мэддэггүй байсан Масажиг аав нь хүчээр солонгос сургуульд оруулжээ. Сургуульд нь Умард Солонгост болж байгаа үйл явдлыг тогтмол танилцуулж, тус улсыг газрын диваажин, байгалийн баялаг, идээ ундаагаар элбэг хэмээн магтан дуулдаг байлаа. 

1958 оны есдүгээр сард Умард Солонгосын удирдагч агсан Ким Ил Сон илтгэл тавьж, Японд байгаа иргэдээ буцан ирэхийг уриалсан байдаг. Илтгэлийн дараа олон мянган солонгос хүн гэр бүлийн хамтаар Умард Солонгосыг зорьсон юм.

Дахиад л ялгаварлан гадуурхалт

Төсөөлснөөс нь тэс өөр нөхцөл тэднийг угтав. Хэдийгээр эх орондоо ирж буй солонгосчуудыг угтан авахаар бөмбөр, бүрээ тоглосон олон хүүхэд эгнэн зогссон байсан ч тэдний нүднээс баяр баясгалан огт харагдаагүйг Масажи номдоо өгүүлжээ.

Умард Солонгост ирэнгүүт нь түр орогнох газарт нийтээр нь хэдэн долоо хоног байршуулсны эцэст хүмүүсийг тосгодод тараан байршуулав. Ишикавагийн гэр бүлд оногдсон байшин нь тосгон дотроо хамгийн сайхан нь мэт санагджээ. Учир нь тэр байшин л дээвэртэй, бусад нь дээвэргүй байв.

Тосгоныхон эхний өдрөө угтан авсан ч маргаашаас нь "япон гэр бүл" хэмээн ялгаварлан гадуурхаж эхлэх нь тэр. 

Японд байхдаа "солонгос" хэмээн нүд үзүүрлэгдэж байсан тэд Умард Солонгост ирээд "япон хүмүүс" гэж гадуурхагдах болов. Энэ улсад ирээд сайнаар өөрчлөгдсөн ганц зүйл байсан нь аав нь архи ууж, ээжийг нь зодохоо больсон явдал байлаа. 

Тосгондоо төвхнөснөөр аав нь тариан талбайд ажиллахаар хуваарилагдав. Өдөржин ажилласан ч цалин өгдөггүй, харин ажилласан цагаараа эрэмбэлэгдэн ургац хураах үед хувь авах эрхтэй болсон байжээ. Гэхдээ ургацыг эхлээд Засгийн газартаа тушааж, үлдсэн хэсгийг нь тосгоноороо хуваан авдаг байсан нь айлуудын хэрэгцээнд бүрэн хүрдэггүй тул иргэд нь өлсгөлөнгийн байдалд байсныг Масажиг Ишикава номдоо бичсэн байна.

Харин ээж нь солонгосоор ярьдаггүй байсан тул ажилд орж чадалгүй үлдэж, хүүхдүүддээ хоол олж өгөхийн тулд өдөржин уулаар явж хүнсэнд хэрэглэж болох ногоо, жимс түүх болов. 

Амьдрал нь бага зэрэг дээшлэв. Гэтэл...

Ишикава дунд сургуулиа төгсөөд тракторын жолооч болжээ. Ингэснээр тэдний амьдрал бага зэрэг дээшлэв. Энэ бол 1966 оны зун юм. 

Гэвч удалгүй ээж нь 47-хон насандаа хорвоог орхисон нь Масажид хүнд цохилт болжээ. Ээж нь нас барахынхаа өмнө “Миний чандрыг Японд аваачиж, аав ээжийг минь оршуулсан газарт хүргээрэй” гэж захидаг. 

Масажи Ишикава ээжийгээ нэг ч өдөр аз жаргалыг мэдэрч чадаагүйд нь ихэд энэлэн шаналжээ. Ээж нь Японд байхдаа өдөр бүр нөхөртөө зодуулж, Умард Солонгост ирсэн хойноо идэх хоолгүй байсаар бие нь ийнхүү муудсаар насан эцэслэсэн юм. 

23 настай байх үед нь Ишикавагийн аав түүнийг өмнө нь огт харж байгаагүй хүнтэй гэрлүүлжээ. Удалгүй тэд хүүхэдтэй болсон ч эхнэр нь нөхөр, хүүхдээ орхиод зугтав. Өөрсдөө ч идэх хоолгүй байсан тухайн үед хүүхдээ яаж өсгөх нь туйлын хүнд байсан нь мэдээж. Тэрбээр нялх хүүхдээ тэвэрч, тосгоны хүмүүсээс хоол гуйдаг байсан ч хүмүүс тоодоггүй байв. Аз таарвал хэдэн халбага хоол хүүхдэдээ өгч чаддаг байснаа номдоо дурсжээ.

Харин түүнийг 31 настай байхад эмэгтэй дүү нь жирэмсэлж, дахин нэг нялх хүүхэд гэрт нь нэмэгдэв. Хэдийгээр эмэгтэй дүү нь өөр нэг хүнтэй гэрлэсэн ч жилийн дараа төрөх дөхсөн том гэдэстэй, бас хоёр хүүхэд дагуулан төрхөмдөө буцаж ирсэн юм. Шинээр гэрлэсэн нөхөр нь өөрийнхөө хоёр хүүхэдтэй хамт жирэмсэн эхнэрээ гэрээсээ хөөсөн нь энэ байлаа.

Харамсалтай нь, дүү нь амаржсанаас хойш хоёр сарын дараа хоол хүнсгүйн улмаас бяцхан хүүхэд нь энджээ.

Масажи өвлийн шөнө ташаагаар татах цасан дунд бяцхан хүүхдийн цогцос үүрэн, оршуулахаар явсан тухайгаа бичсэн нь энэ номын хамгийн зүрх зүсэм хэсэг ч байж мэднэ. Тухай үед түүнд хүрз ч байгаагүй тул гараараа хөлдүү газар малтсаар зээ дүүгээ оршуулжээ.

Удалгүй Масажи дахин гэрлэв.

Зориглосон шийдвэр

Ээжийгээ, зээ дүүгээ алдсан түүнд гэрт нь амьдарч буй хүүхдүүдийг хэрхэн тэжээхээс авахуулаад амьдрал дэндүү хүнд санагдсан тул хүмүүстэй ярилцах ч хүсэлгүй болж, тариан талбайгаас нүүрсний уурхайд ажиллахаар уул руу явжээ

Ажлаа хийж байтал “Хүү төрлөө” гэх зурвас ирдэг. Тосгондоо иртэл охин төрсөн байдаг. Эхнэр нь хэрэв охин төрлөө гэвэл гэртээ ирэхгүй байж магадгүй гэж бодон ийнхүү худал хэлсэн байв. Охиноо хараад ихэд баярласан ч хүүхэд нь амьдрах болов уу, хоол хүнс олдох болов уу гэх зэрэг олон асуудал байгааг бодож, дахин гуниг хуржээ.

Ажилдаа буцаж очоод, нэг удаа өөрийнхөө амийг хороох гэж хүртэл оролдож байв.

Тосгон руугаа буцан, гэртээ ирэхэд байдал огт өөрчлөгдөөгүй, хүнд хэвээр байсан учир нам дагахгүйгээр өөрөө амьдралаа авч явахаар шийдэж, шинээр байшин барьж, уулнаас хоолонд хэрэглэх ногоо түүдэг болов. 

Гэнэт эхнэрийнх нь бие муудахад Масажигийн эхнэр хоолны мөнгө олохын тулд цусаа худалдаж байсныг олж мэдэх нь тэр.

1994 оны долдугаар сарын 8-нд Умард Солонгосын удирдагч Ким Ил Сон таалал төгсөв. Энэ мэдээг сонссон хүн бүр уйлан сөхөрч унаж байв. Масажи ч мөн уйлсан бөгөөд тухайн үеийн мэдрэмжээ одоог хүртэл тайлбарлаж чаддаггүй аж. 

Удирдагч нь нас барсны дараа Умард Солонгосын байдал улам дорджээ. Тухайн жилийн ургац ч муу байв. Хүмүүс хэт өлсгөлөнд автаж, идэх зүйлгүй, ажил ч үгүй болцгоолоо. 

Энэ үед Масажи алдах зүйл үгүй тул Япон руу зугтахаар шийджээ.

Одоо л биш бол хэзээ ч биш

Умард Солонгос, Хятад хоёр улсын хилийн зурваст Ялу (Yalu) гол бий. Нэлээд адал явдал туулсаар Масажи Ишикава Ялу голд ирэв.

Голын цаана Хятадад амьдрал энгийнээр өрнөж байхад Умард Солонгост 50 метр тутамд буутай цэрэг, нохой эгнэн байлаа.

 

Масажи хэд хоног ажигласны дараах нэгэн өдөр гадаа ширүүн бороо орж, хүмүүс борооноос хоргодон дотогш орох үеэр нь “Одоо л биш бол хэзээ ч биш” гэж өөрийгөө зоригжуулан, гол руу гүйжээ. Сэлж чаддаггүй байсан учир ус ихээр залгиж, ухаан алдсан байсныг Хятадад амьдардаг солонгос хүмүүсийн нэг Ким аварч, гэртээ аваачжээ.

Ухаан орсныхоо дараа Масажи өөрийг нь аварсан эрхэмд амьдралынхаа бүхий л түүхийг ярьж өгөхөд Ким түүнд чадах бүхнээрээ туслахаа амлав. Тэд анхлан Улаанзагалмай нийгэмлэгийн Токио дахь салбартай холбогдон учир байдлаа хэлж, цааш Японы Гадаад харилцааны яам, Хятад дахь Элчин сайдын яамтай нь холбогдсон байна. 

Амьдралдаа туулсан хамгийн урт зам

Хятад дахь Японы Элчин сайд нь Масажиг Шеньян хотод ирэхийг зөвлөдөг. Тэд хоёр хоногийн дараа таван цагт Шеньян хот дахь Элчин сайдын яамны ойролцоох телевизийн цамхгийн доор уулзахаар тохирчээ. Хэрэв Масажи Ишикава Хятадад баригдвал хоёр улсын хэлэлцээрийн дагуу үг дуугүй Умард Солонгос руу буцаагдах байлаа.

Амийг нь аварсан Ким Масажийг суудлынхаа доор нууж, Шеньян хотод товлосон газарт нь хүргэж өгөхөд Элчингийн ажилтан тосон авав. 

Телевизийн цамхаг нь Элчин сайдын яамнаас ердөө таван минутын зайтай байсан ч энэ нь түүний амьдралдаа туулсан хамгийн урт зам байсныг номдоо дурсжээ.

Учир нь энэ бол маш эрсдэлтэй алхам байв. Элчин сайдын яаманд авчирмагц түүнийг нууцлалын зэрэгт байлгажээ. Японы талаас иргэнээ авахаар тусгай онгоц ирүүлэхээр болж, Масажийг Хятадын эргийн хот руу нууцаар авч явж, онгоцонд хүргэв.

36 жилийн турш хүнд хэцүү амьдралыг туулж, эх орондоо ирсэн түүний түүх энэ юм.

 

Эх орондоо ирсэн ч түүний байдал төдийлөн дээрдээгүй бөгөөд ажилд орох гэтэл хэн ч ажилд авахыг хүсээгүйн дээр гэр бүл, найз нөхөд аль нь ч байгаагүй.

Хөдөлмөрлөж олсон мөнгөө Умард Солонгост байгаа охин руугаа явуулах гэтэл охин нь өлсгөлөнгөөс болоод нас барсныг олж мэджээ.

Масажи Ишикава гэр бүлийнхээ бусад гишүүнийг хэрхсэн талаар огт мэдэхгүй ч эсэн мэнд байгаа гэсэн итгэл найдварын хүчээр өдийг хүртэл амьдарч байна хэмээснээр номоо өндөрлүүлжээ.