Индэр    
2020 оны 7 сарын 7
Зураг
Эдийн засагч, шинжээч

Би яагаад МУУ ОНОО авчихсан бэ?

2020 он гарсаар их ч олон уралдаан болов. Засаг барих уралдаан, наадмын сунгаа, Монголын ирээдүйг бүтээх залуучуудын уралдаан цаашлаад ардчилсан намын уралдаан, орон нутгийн уралдаан, ирэх жил ерөнхийлөгчийн уралдаан болох нь.

Их Хурлын сонгуульд МАН-ынхан өнгөлсөн бол элсэлтийн шалгалтад хотын төвийн бүсийн хүүхдүүд өнгөллөө. Удахгүй наадмаар хэн гэдэг уяачдын ямар хүлэг өнгөлөхийг таашгүй.

Гэвч уяа сойлго нь таарсан хүлэг л наадмыг өнгөлөх нь тодорхой. Хэчнээн хурдан удамтай байлаа гээд идэш тэжээл, хол ойрыг нь тааруулах уяач байхгүй бол тэр хүлэг түрүүлнэ гэдэг барагтаа л худал.

Харин манай хүүхдүүд бараг л уяачгүйгээр уралдаанд оролцов. Цар тахлын хамгийн сөрөг нөлөө нь энэ байсан гэлтэй. Учир нь сургууль, цэцэрлэг хөл хорионд орсонтой холбоотой хүүхдүүдийн хичээллэх цаг, шаардлагатай материал, багшаасаа давтлага авах боломж нь эрс багассан. Тиймээс сунгааны бэлтгэлээ ч хангалттай базаасангүй. Үр дүнд нь элсэлтийн шалгалтын доогуур оноонууд.

Мэдээж цар тахал 100 хувь нөлөөлсөн хүчин зүйл нь биш. Эдийн засгийн нөхцөл байдал, соёл, боловсролын систем, гэр бүлийн орчин, сургуулийн орчин, хувь хүн гэх мэт олон хүчин зүйл бий.

НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ БОЛОВСРОЛД Ч НӨЛӨӨЛНӨ

Та өөрийгөө 1 урсгалтай 3 эгнээтэй замын дунд эгнээнд түгжрээд явж байна гэж төсөөл.

  • Дараа нь баруун эгнээний машинууд хөдлөөд эхэлж.
  • Баруун эгнээ түгжрээгүй болсон учраас та өөрийн эгнээг удахгүй хөдлөх нь гэж найдна.
  • Зүүн эгнээний хүмүүс ч гэсэн ижилхэн бодно.
  • Гэвч огт тийм зүйл болохгүй бол яах вэ?

Хэрвээ тэгвэл хөдлөөгүй хоёр эгнээний жолоочид бүгд баруун эгнээ рүү шилжихийг хүснэ.

Баруун эгнээнд өндөр орлоготой, дунд эгнээнд дунд орлоготой, зүүн эгнээнд бага орлоготой өрхүүд байсан гэж үзье. Баруун эгнээнд байгаа машин хөдөлсөнтэй адилхан өндөр орлоготой хүмүүсийн нөхцөл байдал сайжирч эхлэхэд биднийх ч гэсэн сайжирна гэсэн итгэл найдвар төрж эхэлдэг. Харамсалтай нь ийм зүйл тохиодоггүй. Тиймээс эдгээр дунд болон бага орлоготой хүмүүс уурлаж, бухимдаж эхэлдэг. Харин энэхүү түгжрэлийг гэрлэн дохио, замын урсгал, дугаарын зохицуулалт гэх мэт олон аргаар зохицуулж чадна гэсэн хэн нэгэн гарч ирж, бухимдалтай хүмүүст популист амлалт өгч эхэлсэн. Гэсэн хэдий ч ТЭГШ БУС байдал нэмэгдсээр байна.

2018 онд Монгол банкны хийсэн түүвэр судалгаагаар ӨРХИЙН ОРЛОГЫН ХҮРЭЛЦЭЭТЭЙ байдлыг өрхүүдээс асуухад 63 хувь нь “ХҮРЭЛЦДЭГГҮЙ” гэж хариулжээ. Мэдээж хүрэлцдэггүй учир орлогоос давсан хэрэглээгээ ямар нэгэн зүйлээр санхүүжүүлэх ёстой. Тэр нь зээл. Тус өрхүүдийн 79 хувь нь банк, бусад санхүүгийн байгууллага болон ломбарднаас зээл авчээ. Авахдаа хэтэрхий ихийг авчихаж. Жилийн орлогынхоо 69 хувийг зөвхөн зээлд зарцуулж байна. ТЭГВЭЛ ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ЧӨЛӨӨТ ЦАГ ГЭХ МЭТ АМЬДРАЛЫН ЧУХАЛ ЗҮЙЛСЭЭ ЮУГААР САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ? МАШ ТОМ АСУУДАЛ. Ихэнх нь санхүүжүүлж чаддаггүй.

Тийм учраас л элсэлтийн ерөнхий шалгалтад хотын төвөөр өндөр оноо, захын хэсгүүдээр нь бага оноо авсан хэрэг. Бидний байгаа байдал ийм. Тиймээс “би яагаад ийм муу авчихсан юм бэ?” гэх асуултад хүүхдийг үлдээхээс илүүтэй томчууд бид асуудлыг цогцоор нь харах ёстой мэт.

НҮБ-аас хийсэн судалгаагаар хүний амьдралын үе шат бүрт ямар зүйлс нөлөөлдгийг маш тодорхой харуулжээ. Тайлбарлавал,

Зураг 1. Амьдралын чиг хандлага боловсролын тэгш бус байдалд нөлөөлөх нь

 

Эх сурвалж: Нэгдсэн Үндэсний Байгууллага

  • Том бүтцээрээ улс орны нөхцөл байдал. Манай улсын 30 хувь ядуу, 15 хувь нь ядууралд өртөмтгий. Авлига, тэгш бус байдал, нээлттэй байдлын индексүүдээр байнга сүүл мушгиж буй. Ийм нөхцөл байдалтай улс оронд амьдарч буй хүүхдэд сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой.
  • Боловсролын систем. Сүүлийн үед хамгийн чухлаар тавигдаж буй асуудал. Дэлхий нийтээр цээжлэлтэд суурилсан боловсролын системээс татгалзаж байхад манайх чихгүй мэт явсаар байна. Дэлхий нийтээр хувийн сургуулийг туршиж үзээд тэгш бус байдлыг нэмэгдүүлж буйг анзаармагц татгалзаж байна. Боловсролын системээр тэргүүлэгч Финланд, Солонгос зэрэг олон улсууд хувийн сургуулийг татан буулгаж байна.
  • Гэр бүлийн орчин. Цар тахлаас хойш гэр бүлийн хүчирхийлэл 30 хувиар нэмэгдсэн гэх. Бусад улс орнуудтай харьцуулахад салалтын түвшингээр өндөр бичигддэг. Ийм гэр бүлийн орчинд хүүхэд ямар хүн болж, ямар боловсрол эзэмших вэ?
  • Үе тэнгийнхэн. Хүүхдээ гэрт нь чадахаараа хүмүүжүүлээд сургууль руу нь явуулахад янз бүрийн муу үг, үйлдэл сураад ирдэг. Тиймээс эцэг, эхчүүдийн хувийн сургууль гээд зүтгэдэг нь нэг талдаа буруугүй. Гэсэн хэдий ч асуудлыг нийтээр нь, нийгмээр нь шийдэхгүй л бол бид асуудлаас зугтаж чадахгүй.
  • Хүүхдийн хариу үйлдэл. Уулын мод урттай богинотой гэдэг шиг хүүхэд бүр адилгүй. Тиймээс энэ бүх нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаалаад боловсролд нь нөлөөлдөг. Хичээгээд улам бүр зүтгэх нэгэн байхад эсрэгээрээ буруу зам руу орох нэгэн ч бий.

Бидэнд цогц шинэчлэл хэрэгтэй. Цогц шийдэл хэрэгтэй. Асуудлыг хүүхэд рүү, багш руу чихээд юуг ч урагшлуулж чадахгүй.