Индэр    
2020 оны 6 сарын 19

ЗАЛУУЧУУДЫН СОНГОЛТ 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ ТОДОРХОЙЛНО

#YOUTHQUAKE_2020

 
Гэрэл зургийг MPA.mn

Судлаачид 1990 оноос хойш явагдсан сонгуулиудыг ардчилсан хэмээн тодорхойлж, ихээхэн ач холбогдол өгч олон талаас нь судалдаг болжээ.

Иргэд чөлөөт сонгуульд оролцохдоо саналаа хэрхэн өгдөг, улс төрийн сонголт хийхэд юу нөлөөлж байдаг вэ? гэх мэт асуудлууд сонгогчдын үйл байдлаас ихээхэн шалтгаалж байдаг. Мэдээж хэрэг сонгогчдын сонголтод тэдний нас, хүйс, мэдлэг боловсрол, нийгмийн ямар бүлэгт хамаарагддаг, намын фонн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдгийг өмнө хийгдсэн судалгааны үр дүнгүүдээс харж болно.

Иймд сонгогчдын сонголтын учир шалтгааныг ойлгоход түүнд нөлөөлж буй хүчин зүйл нэг бүрийн гүйцэтгэх үүрэг, хоорондын харилцаа холбоо, хамаарлыг зөв тогтоох явдал нэн чухал. (Эх сурвалж: Д.Одмаа “Судалгааны бүтээлийн товчоон” 2018) Үүний нэг нь улс төрийн сонголт дахь хүн ам зүйн асуудал (Демография) юм. Энэ нь “Ард түмний тухай бичих” гэсэн утга бүхий эртний грекээс гаралтай үг бөгөөд үндэслэгч нь Английн эрдэмтэн Д.Граунт юм. Хүн амын нөхөн үйлдвэрлэлийн зүй тогтол, хүн амын өсөлт түүнд  нийгэм  эдийн засгийн болон  байгаль газар зүйн хүчин зүйлсийн нөлөөлөл, миграц, хүн амын бүтэц, тоо тэдгээрийн өөрчлөлт, шалтгаан зэрэг цогц асуудлыг судалдаг. (Эх сурвалж: Демографический энциклопедический словарь. М.,1985)

Демографийг практикт хэрэглэхдээ хүн амын тоо баримт, нөхөн үйлдвэрлэлтэй холбон үзэх нь түгээмэл байсан бөгөөд улс төрийн бодлого, сонгуулийн процесстой холбон үзэх нь тийм ч түгээмэл биш байв. Харин демографийн статистикийг төрийн бодлогод Английн судлаач Д.Граунт анх авч хэрэглэсэн хэдий ч тухайн улс үндэстний нас баралтын шалтгаанд анализ хийж “Нас баралтын таблиц” гэдгийг боловсруулжээ. (Эх сурвалж: Д.К.Шелестов. Демография: история и современность. М., 1983)

Тэгвэл 1970-аад оны дундуур НҮБ-аас гаргасан “Хүн ам зүйн хандлага дахь үр дагаврын тодорхойлолтууд” хэмээх баримт бичигт:

  • Шинжлэх ухаанд демографийн мэдээлэл болон эх сурвалжийн эзлэхүүн ихээхэн нэмэгдэж байна.
  • Демографийн судалгааг мэргэжлийн түвшинд хэрэглэх хандлага сайжирч байна хэмээн дүгнэсэн байна.

Эндээс энэ  удаагийн УИХ-ын сонгуульд демографийн хүчин зүйлийн нэг болох насны бүтцийг улс орны улс төрийн амьдрал, иргэдийн улс төрийн сонголтод авч үзэх хандлага түгээмэл ажиглагдаж байгаа бөгөөд сонгогчдын болон сонгогдогчдын (нэр дэвшигчид) настай холбоотой асуудлыг объектив болон субъектив талаас нь (Дараагийн нийтлэлээр хөндөх болно) авч үзэх нь уг нийтлэлийн гол санаа болно.

Бидний авч үзснээр демографи дахь насны байдлын объектив тал нь сонгуулийн идэвхгүй эрх бүхий иргэд буюу сонгогчид юм. 1990-ээд он хүртэл иргэдийн улс төрийн сонголт нь улс төрийн нэг нам, нэг үзэл суртлын нөлөөгөөр шууд тодорхойлогдож байсныг дээр өгүүлсэн. Дээрх нөхцөлд сонгогчдын боловсрол, улс төрийн соёл, демографийн хүчин зүйл, нийгмийн сэтгэл зүйн талаар ярих ч боломжгүй байв. Өнгөрсөн 30 жилийн дотор улс төрийн системийн өөрчлөлттэй холбоотой сонгогчдын насны байдалд өмнөх нийгмийнхээс чанарын хувьд ялгаатай олон хүчин зүйл гарсныг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улс 2020 онд УИХ-ын 8 дахь удаагийн ардчилсан сонгуулиа хийж байна. Энэ хугацаанд сонгуульд хамгийн идэвхтэй оролцож сонгуулийн үр дүнг хэн тодорхойлж ирсэн бэ? Мэдээж  дунд, ахмад насныхан.

Учир нь тэд 1990 оноос өмнө бэлтгэгдсэн сонгогчид буюу тухайн үеийн нийгмийн улс төрийн үзэл суртлын дагуу төрийн бодлогоор улс төрийн нийгэмшлээ “удирдан жолоодуулсан” сэтгэлгээний инерци бүхий иргэд. Гэвч энэ бүлэг сонгуулийн ирцийг хангалттай бүрдүүлж чадахаа нэгэнт больжээ. Учир нь “хоор”-оор сэтгэдэг сэтгэлгээ бүхий энэ үе давхарга биологийн хуулийн дагуу хумигдаж хувь хүний ялгаатай байдал, бие даасан үзэл бодлыг тунхагласан шинэ үеийн давалгаа хүч түрэн орж ирж байна.

Нийт хүн амын 63.77 хувь нь 35 хүртэл насны залуучууд байна. Тодруулбал, нийт хүн амын:

  • 30.94 хувь буюу 1,002,052 нь 0-14 насны хүүхэд, 
  • 62.4 хувь буюу 2,020,696 нь 15-59 насны хүмүүс, 
  • 6.66 хувь буюу 215,731 нь 60 ба түүнээс дээш насны өндөр настан байна. (эх сурвалж 1212.mn) 2020 оны УИХ-ын сонгуулиар 2.120.528 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын жагсаалтанд бүртгэгдсэн байна.

График 1, Нас хүйсийн суварга, Эх сурвалж: ҮСХ

 
NSO

Сонгуулийн насныхныг нийгмийн өөрчлөлтийн үеэр нь ангилбал, нийт сонгогчдын 41.5 хувийг миллениал үе буюу 25-40 насны хүмүүс бүрдүүлж байна. Дараа нь 28.7 хувийг нь Generation X үе буюу 1965-1979 онд төрөгсөд бүрдүүлэх бол 17 хувийг тавин таваас дээш насныхан, үлдэж буй 12.1 хувийг Generation Z үе буюу 1995-2015 онд төрсөн сонгуулийн насныхан эзэлж байна. (эх сурвалж itoim)

НЭГ. ЗАЛУУЧУУД САНАЛАА ӨГӨХ ҮҮ?

2016 оны УИХ, орон нутгийн хамтарсан сонгуулиар 450 мянга гаруй 18-35 насны иргэд саналаа өгөөгүй байна. Тэгвэл энэ удаагийн буюу 2020 оны сонгуулиар нийт залуучуудын 80 орчим хувь саналаа өгнө гэж судалгааны дүн байгаа юм. Залуучуудын сонгуулийн идэвх өндөр байхад нөлөөлж буй 2 гол хүчин зүйлийг авч үзвэл:

1.     Өмнөх жилүүдэд залуучууд сургууль, шалгалт шүүлэг, ажил төрөл, гадаад дотоодод аялал, амралт, чөлөөт цагаа илүү өөр зугаатай зүйлүүдэд зарцуулах хандлагатай байсан бөгөөд энэ удаа цар тахлын улмаас хөл хорио тогтоогдсон байгаа энэ нөхцөлд залуучууд харьцангуй илүү зав чөлөөтэй бөгөөд сонгуулийн хаяг дээрээ байгаа юм.

2.     Залуучуудын улс төрийн оролцооны байдал нь олон жил үргэжилсэн улс төрийн эс оролцооны байдлаас оролцооны байдалд тодорхой хэмжээгээр шилжсэн гэж үзэж болно. (Үүнд юу нөлөөлж байгаа нь судалгааны дахин өөр нэг асуудал юм). Өмнөх жилүүдэд залуучуудын хувьд сонгуульд оролцож саналаа өгөх нь чухал асуудлуудын нэг болж эрэмбэлэгдэхгүй байсан хандлага энэ удаа өөрчлөгдсөн нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Дэлхийн хамгийн алдартай англи хэлний толь бичиг “Oxford dictionary” жил бүр зарладаг 2017 оны хамгийн онцлох үгээр YOUTHQUAKE тодорсон байна. 1963-1971 оны хооронд “Vogue” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан Диана Вреландын анх томьёолсон энэ үг нь "Залуусын манлайллаар нийгэм, улс төр болон соёлын ертөнцөд бий болж буй өөрчлөлтийн давалгаа" гэсэн утгыг агуулдаг. Энэ үг нь Youth буюу залуус, earthquake буюу газар хөдлөлт гэсэн үгсийн нийлмэл. Тэгвэл энэ жил Монголд #YOUTHQUAKE_2020 үүсэх үү? Залуучууд саналаа өгнө, залуучууд сонгуулийн үр дүнг тодорхойлоно. Тэгэхээр эндээс залуучууд хэнд, хэрхэн саналаа өгөх вэ? гэдэг асуудал урган гарч ирж байгаа юм.

ХОЁР. ЗАЛУУЧУУД ХЭНД, ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ?

Өнөөдөр бий болсон нөхцөл байдлыг судалгааны үндсэн дээр авч үзэхэд залуучуудад эрүүлээр сонголт хийх орчин, орон зай төдийлөн бүрдэхгүй байгааг юуны өмнө энд дурдах хэрэгтэй. Тухайлбал:

1.     Хөл хорионы үеийн ажилгүй, орлогогүй байдал нь сонгуульд ажиллаж хэдэн гурван төгрөг олж авах хэрэгцээнд хөтөлснөөр мөнгөний хамааралтайгаар сонголт хийх орчин бий болгоод байна. Ихэнх тохиолдолд залуучууд сонгуулийн сурталчилгаанд сошиал орчинд тролл хийх, ухуулга хийх, сурталчилгааны материал тараах зэрэгт дайчилагдан ажиллаж байгаа юм. Энэ нь бусад улс орны жишгийн дагуу сайн дурын үндсэн дээр гэхээсээ хөлсөөр ажиллаж байгаа дийлэнх олонх нь.

2.     Нэр дэвшигчдийн сурталчилгааны хэлбэрүүд нь залуучуудад төдийлөн хүрэхгүй байна.

3алуу сонгогчидод телевиз, сошиал, уулзалт, танилцуулга материал зэрэг сурталчилгааны хэлбэр нь үр дүн муутай, тэдний сонирхолыг татахгүй байгаа бөгөөд товч тодорхой мэдээллийг тухайн үед хялбараар авахыг хүсч байна. Халз мэтгэлцээнийг бодитой мэдээллийг авах боломжтой, хэн нь хэн бэ гэдгийг харуулах, ПР-ийн сонирхолтой хувилбар гэж залуучууд үзэж сонирхдог ч манай нэр дэвшигчдийн хооронд төдийлөн болдоггүй нь харамсалтай. Үүний оронд сонгуулийн сурталчилгаанд ажиллуулах, сонгож гаргавал дахиж цалин хөлс өгнө гэж үүрэг хүлээлгэн идэвхитэй ажиллах байдалд оруулан худалдан авах нь илүү хялбар гэж үзэж байна. Энэ бүхнээс үзэхэд өөрийн ажиллаж буй нэр дэвшигчдийн төлөө найз нөхөд, гэр бүл хамаарал бүхий хүмүүсээ сүлжээ үүсгэх замаар татан оролцуулж, нэр дэвшигчээ дэмжүүлэхээр ятгаж ажиллаж байгаа хандлага түгээмэл байна. Тэгэхээр найз минь, гэр бүл минь ажиллаж байгаа учраас, нэр дэвшигч нь ялсны дараа тэр цалин авах учраас гэдэг шалтгаанаар дараачийн 4 жилд өөрийгөө төлөөлөх, улс орны хэмжээнд шийдвэр гаргах эрх бүхий УИХ-ын гишүүнийг сонгох уу? Эсвэл гудамжаар дүүрэн самбаруудыг харж байгаад сонголтоо хийх үү? Бодоод үзээрэй!

ГУРАВ. ЗАЛУУ СОНГОГЧДОД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

УИХ-ийн гишүүн бол Үндсэн хуулийн 23.1-т заасанчлан "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" Үндсэн хуулийн 23.1-т заасанчлан "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан байдаг. Тиймээс  УИХ-ын гишүүн нь тухайн тойрогт нэр дэвшиж, сонгогдож байгаа ч нийт иргэдийн төлөөлөл байх ёстой юм.

Энд залуучууддаа зөвлөмж болгож цөөн зүйлийг тодорхой дурдая:

1.     Монгол улс, төрөө иргэдийнхээ сонголтоор байгуулж чаддаг тийм ч олон бус улсын нэг, энэ бол сонгох сонгохдох эрхээ эдэлж, төрд өөрийн төлөөллөө сонгож байгаа үнэ цэнэтэй боломж тиймээс энэ үнэ цэнээ өнөөдрийн хоолны тав арван төгрөгөөр бүү арилж, өнөөдөр та хоолны мөнгөтэй болох боловч дараачийн 4 жил та боломжоо булаалгах эрсдэлтэй.

2.     Та өөрийнхөө итгэл үнэмшлийг сонс, мөрийн хөтөлбөрийг унш судла, нэр дэвшигчдийн background-ыг судла. Аав ээж болон бусдыг заавал даган дуурайх албагүй тэд 30 жил сонголт хийсэн гэдгийг бүү март. Найз нөхөд чинь энэ хүнийг гаргавал надад ийм ашигтай гэж ярьж байгаа тохиолдолд дэмжих гэж бүү яар, харин нэр дэвшигчийн боловсрол, мэдлэг чадвар, хувь хүнийх нь замнал, мөрийн хөтөлбөр зэрэг нь чиний санаанд нийцэж байгаа эсэхийг чухалчилж үз!

3.     Та тулгамдсан асуудлыг шийдлийг хамгийн сайнаар олж чадах нэр дэвшигчийг хайж ол. Тухайлбал: Мэргэшсэн, мэргэжлийн боловсролтой хүмүүс авилгал чөлөөтэй авч байгаа таатай боломж бүхий орчинг шинэ технологи, автоматжуулалт, оновчтой шийдэл нэвтрүүлэх замаар авилгачдыг орчингүй болгож шахах замаар асуудлыг шийдэж чадна. Жишээ нь:Татварын цахим систем нэвтрүүлэх, боловсролын дижитал платформ бүрдүүлэх гэх мэт.

4.     Та популистуудыг бүү сонго!
Популист эсэхийг ялгахад амархан. Тэд бол “Ард түмэн юу сонсохыг хүсч байна, яг түүнийг нь олж тааруулж ярьдаг”. Өөрөөр хэлбэл улс төрчид өөрийнхөө туршлага, мэдлэг чадвар, эрхэлж буй ажилдаа тулгуурлан улс орноо хөгжүүлэхийн төлөө бодитоор ажиллаж байна уу эсвэл зүгээр л иргэд сонсоход тааламжтайгаар, олон нийтийн сонсохоос татгалзахгүй зүйлийг нь ярьж байна уу гэдгээр нь популист эсэхийг ялгаж болно. (Эх сурвалж:Конрад-Аденауэр сан: Др.Даниел Шмюкинг) Нэг л удаа авилгалын асуудалтай холбогдсон хүмүүсийг бүү сонго! Жишээ нь: Бизнес эрхлэгчдийн боломжыг хулгайлсан ЖДҮ-чин гишүүд, нийтийн эрх ашгийг хамгаалах байтал хулгайлна гэдэг бол өөрөө гэмт хэрэг

5.     Та 4 жилийн дараа тодорхой хийсэн ажилгүй, дахин мухардмал байдалтай ТРОЛЛ (Цахим хуудсуудын мэдээ, нийтлэлд захиалгатайгаар сэтгэгдэл бичдэг хөлсний хүмүүсийг троллчид гэдэг)  хийгээд, сонгуулийн сурталчилгааны ажил хайгаад явж байхгүйн төлөө өнөөдөр итгэл үнэмшилээрээ хариуцлагатай сонголтоо хий!

Мөн дараах ташаа ойлголтууд байгааг мэдэж авахад илүүдэхгүй. Тухайлбал:

-        Камер ажиллаж байгаа, ажиглагч харж байгаа, орсон дарааллаар чинь хэнд саналаа өгснийг чинь мэднэ гэх мэтээр сонгогчдыг төөрөгдүүлдэг.

-        Иргэд, сонгогчдыг мэдээлэл багатайгаар нь далимдуулж багаар нь дэмжээрэй, тэгэхгүй бол таны санал хүчингүй болно гэж тархийг нь угаадаг.

-        Регистрийн дугаарыг чинь авсан учраас тэрүүгээр чинь хэнд санал өгснийг чинь мэдэж болдог гэх мэтээр хууран мэхэлж, саналыг нь худалдан авдаг.

Энэ удаагийн сонгуулиар #YOUTHQUAKE  үүсч Монголын залуусын манлайллаар нийгэмд эерэг өөрчлөлтийн давалгаа бий болоосой гэж хүсч байна!

 
Гэрэл зургийг MPA.mn

 

Өгүүллийг:

  •  Судлаач, доктор Д.Одмаа
  •  Судлаач, магистр Б.Янжмаа