Индэр    
2020 оны 6 сарын 19
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Сонгуулийн маргааш

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болно.

Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ. Харин тэр маргаашийн тухай Монголчууд, ялангуяа төр засаг маань сонгуулийн сурталчилгаанд ховсдуулчихаад мартчихсан бололтой. Тэр өдөр 606 нэр дэвшигчээс 76 нь УИХ-ын шинэ гишүүд болчихсон байна.

Хуучин гишүүд энгийн иргэд болж, халдашгүй дархан эрх нь цуцлагдах учир зарим нь шүүхэд шилжинэ (шилжих ёстой). Шинэ нь тангаргаа өргөнө, Ерөнхий сайдаа томилно, шинэ Засгийн газар байгуулагдана. Тэгвэл шинэ Засгийн өмнө ямар сорилт ирэх вэ?

ЦАР ТАХЛЫН ЦАРГИА

Өнөөдөр цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн цусны эргэлт зогсжээ. Айл өрхөөс эхлээд, аж ахуйн байгууллагуудад учруулсан цар тахлын хохирол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Сүүлийн хориод жил тасралтгүй буурсан туйлын ядуурал (extreme poverty) энэ жил буцаад өсөх болсон хүнд үеийг Дэлхийн Банк (2020) зарлав. МУ-ын эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувь (өмнөх оны мөн үеэс) агшив. Уул уурхайн орлого 30 хувиар тасарсан нь үүнд голлон нөлөөлжээ (ҮСХ, 2020).

Манай экспортын 90 хувийг авдаг Хятад улсын эдийн засгийн өсөлт сүүлийн дөчин жилийн хамгийн доод цэгтээ хүрч, энэ онд ердөө 1 хувь өснө, харин Монголын эдийн засаг 0.5 хувиар агшина гэж Дэлхийн Банк тооцжээ.

Улс орон бүр хямралын хор хохирлоо бууруулахын тулд урд өмнө нь байгаагүй том үнийн дүнтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэллээ. Герман гэхэд л ДНБ-ийхээ 33 хувьтай, Япон 21, Франц 15, Их Британи 15, АНУ 12 хувьтай тус тус тэнцэх зардлыг төр засгаас нь гаргах ажээ. Баруун Европын орнуудын эдийн засгаа идэвхжүүлэх багц арга хэмжээ нь 4 их наяд ам.доллар болох гэнэ.

Сүүлийн наян жилийн хамгийн том хямрал ирж магадгүйг эдийн засагчид сануулаад эхэллээ. Улс орнуудаас зарласан хөтөлбөрүүдийн дүн нийлээд 10 их наяд ам.доллар давсан нь 2008 оны санхүүгийн хямралын эсрэг авч байсан арга хэмжээний дүнгээс 3 дахин их болжээ.

ГАДААД ДОТООДЫН ӨР

Цар тахлын араас томоохон өрийн төлбөрүүд шил дараалан ирж байна. Эдүгээ МУ-ын нийт гадаад өр 30.4 тэрбум ам.долларт хүрснээс Засгийн газрынх нь 7.2 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 60 хувийг даваад байна.

Тухайлбал, Монголбанк энэ онд Хятадын ардын банканд своп хэлцлийн 12 тэрбум юанийн өрөө төлнө. Засгийн газар 2021 онд Мазаалай бондын 600 сая, 2022 онд Чингис бондын 1 тэрбум, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.доллар, нийт 3 тэрбум доллар, Монголбанкны 2.5 тэрбумыг нэмбэл 5.5 тэрбум доллар гэсэн үг.

Гадаад өрийн ирж яваа энэ их ачаалалтай зэрэгцээд эрх баригчдын УИХ-ын сонгуулийн амлалтын зардлыг хаах, төсвийн алдагдлыг бууруулахад том хөрөнгө шаардагдах болно. Энэ үед манай уул уурхайн экспортын эрдсийн үнэ эрчтэй унавал төгрөгийн ханш суларч, төсвийн алдагдал томрох эрсдэл ойрхон байна. Хямралаас гарахын тулд төсвөө тэлэх шаардлага байгаа ч тийм орон зай улам бүр хязгаарлагдмал болсоор байна.

ЮУ ХИЙХ ВЭ?

Цар тахлаас үүссэн эдийн засгийн хямрал урт хугацаанд үргэлжлэх нь тодорхой боллоо. Засгийн газрын цар тахалтай тэмцэхээр авч хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хямралыг богино хугацаанд үргэлжлэхээр төсөөлсөн юм.

Хямралыг зөөллөж, давж гарахын тулд сонгуулийн дараа шинэ Засгийн газрын нэн тэргүүний хийх ажил нь төсвийн тодотгол байх нь гарцаагүй. Тэгвэл сонгуульд өрсөлдөж буй намуудын амлалттай бодит байдал хэрхэн уялдаж байна вэ? Эрх баригч МАН эдийн засгийн хямралаас гарах тухай ямар нэгэн шийдэл санал болгосонгүй.

Зүгээр л ядуурлыг хоёр дахин бууруулж, өрийн дарамтаас гарган, зээлийн хүүг сарын нэг хувиас хэтрэхгүй болгоно гэж амлав. Гэтэл бодит байдал дээр ядуурлыг бууруулах боломж үгүй болж харин яавал өсгөхгүй байлгах, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх нь ирэх жилийн хамгийн том сорилт болж байна.

Харин АН төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын зардлаа хэмнэж, иргэд, ААН-үүдэд олгох зээлийг санхүүжүүлэхээ амлав.

Эдийн засгаа хямралаас гаргах, өсгөх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө дараах гурван ажлыг шинэ Засгийн газар хийх ёстой.

Нэг. Маш тодорхой төлөвлөгөө боловсруулж, бодитойгоор хэрэгжүүлэх чадалтай мэргэжлийн Засгийн газар бүрдүүлж ажиллуулах. Өчигдөр АН олонх болбол Ерөнхий сайд нь хэн байхыг С.Эрдэнэ дарга нь зарлалаа.

Удахгүй бүрэлдэхүүнд нь хэн хэн байхыг зарлана гэсэн. Энэ бол сайн жишиг. Сонгуульд оролцож буй бусад нам эвслүүд ч энэ мэтээр зарлах учиртай. Эндээс л бид хэн нь цар тахлын дараах эдийн засгийг аврах, сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлж чадах мэргэжлийн багийг бүрдүүлэхийг харж сонгох боломж бүрдэнэ.

Хоёр. 2020 оны төсвөө яаралтай тодотгож, тэвчиж болох хөрөнгө оруулалтаа зогсоох, зардлаа хасах нь чухал. Үүнд тодорхой барилга, байгууламж, төрийн түшмэдийн тансаглал, томилолт, унаа, машины зардал орно. Цар тахлаас үүдэлтэй хямрал нь бага орлоготой иргэдэд хамгийн хүндээр тусдаг учраас, нийгмийн хамгааллын тухайлсан бодлогууд хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бодлого нь эдийн засгийг эрэлт талаас нь дэмжих бол, нийлүүлэлт талаас нь аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж олгох хэрэгтэй.

Гурав. Зоос хоёр талтай. Ковид 19 цар тахлын сайн тал нь бүх төрлийн байгууллагууд цахим шилжилт хийхийг шаардаж байна. Бизнесийн хувьд технологид суурилсан шийдлүүд л хамгийн бага хохиролтой гарахад тусалж чадна. Мөн менежментийн програм ашиглан байгууллагынхаа үйл ажиллагааг илүү уян хатан болгож, бүтээмжээ дээшлүүлэх боломжтой.

Үүний тулд Монголчууд бид зөв сонголт хийх шаардлагатай байна. Дээрх алхмуудыг хийж чадах улс төрийн хүчнийг сонгох нь Монгол Улс ирэх арваад жилд Венесуэлийн замаар эсвэл Финляндын замаар орохыг шийдэх юм.

Таны сонголт хоосон хийрхэгчид үү эсвэл мэргэжилтнүүд үү?

Зураг