Зураг
Зураг
Индэр    
2020 оны 6 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Таны саналыг худалдаж авахаар бэлэг, мөнгө тарааж, амлалт өгч байсан нэр дэвшигчдийг ЭНЭ УДАА СОНГОХГҮЙ байцгаая"

Зураг

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-ний өдөр болно.

Улс орон даяар сонгуулийн кампанит ажил явагдаж буй энэ цагт сонгогчдод саналаа худалдахгүй, сонголтоо зөв хийхэд уриалсан “Би Саналаа #ХудалдахҮГҮЙ, #ХууртахҮГҮЙ” хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэхүү хөдөлгөөнийг “Нийгэм улс төрийн боловсрол” нийгэмд үйлчилдэг ТББ санаачлан Авлигатай тэмцэх газрын дэмжлэгээр өрнүүлж буй аж. 

Тус ТББ нь 2019 оны тавдугаар сард МУИС-ийн оюутнуудтай  хамтран “Улс төрчдийн гарын бэлэг” хэмээх нэгэн сонирхолтой үзэсгэлэнг дэлгэж байсан билээ. Мөн тус оны 12 сард Авлигатай тэмцэх газрын дэмжлэгээр “Сонгогчдын санал худалдан авалт-Олон улсын туршлага ба Монгол дахь тулгамдсан асуудал” сэдвээр бодлогын судалгааг хийжээ.  

Иймээс сонгогчдын санал худалдан авалт сэдвийн хүрээнд Нийгэм улс төрийн боловсрол ТББ-ын гүйцэтгэх захирал, Улс төрийн шинжлэх ухааны доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

- Сайн байна уу. Санал хураах өдөр ойртож байна. Энэ жилийн хувьд санал худалдан авах нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа талаар яриагаа эхэлье?

- Сонгогчид энэ жил томсгосон тойргоор саналаа өгнө. Тэгэхээр нэг тойрогт маш олон нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнийгээ дагаад их хэмжээний мөнгө сонгуульд зарцуулагдана. Нэр дэвшигчид хэдийгээр бодлогоороо өрсөлдье гэж байгаа боловч сонгуулийн кампанит ажилд зарцуулах мөнгөний уралдаан өрсөлдөөний суурь болсон нь ажиглагдаж байна.  

Судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон судалгааны институтуудын зүгээс намууд болон нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтын зардлын хэмжээг багасгая, бодлогын сонгууль хийдэг болъё гэж олон жил ярьж, уриалж байгаа.

Нэгэнт сонгууль мөнгөний өрсөлдөөн, уралдаан болоод ирэхээр парламентад сонгогдохын тулд ямар ч хамаагүй аргыг ашиглах, ялангуяа сонгогчдодоо бэлэн мөнгө, бэлэг сэлт, элдэв амлалт өгч сонгогдох оролдлогууд хийгдэж байна. Тийм ч учраас манай байгууллагаас Авлигатай тэмцэх газрын дэмжлэгээр сонгогчдод энэ чиглэлийн боловсрол, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Би Саналаа #ХудалдахҮГҮЙ, #ХууртахҮГҮЙ” хөдөлгөөн өрнүүлээд явж байна.

 "Ардчилал, авлига, хүний хөгжлийн индекс зэрэг олон үзүүлэлтээр хойно жагсдаг улсуудад сонгогчдын саналыг худалдаж авах үйл ажиллагаа эрчимтэй хийгддэг" 

- Манайд байгаа энэ асуудал бусад улсад ч бас байгаа байх. Тийм үү?

- Тиймээ байгаа. Дэлхийн бусад улсуудад ч гэсэн сонгуулийн санал худалдан авах бохир технологиуд хэрэглэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх зүйн зохицуулалтыг сайтар ашиглаад явж байгаа. Сонгуулийн болон сонгуулийн бус үед тухайн улсын парламентын болон бусад түвшний төлөөллийн байгууллагын гишүүн эсвэл нэр дэвшигч сонгогчдод бэлэн мөнгө эсвэл ямар нэгэн эд материал өгөх, ажилд зуучлах, сонгогдсоныхоо дараа маш олон давуу боломжийг тэдэнд олгосон амлалт өгөхийг хуулиар хориглодог.

Гэтэл манай жишиг үүний эсрэг байгаа. Тодруулбал, манай улсад сонгуулийн бус үеийн санал худалдан авалтыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэрх санал худалдан авалтыг хориглосон хэдий ч ийм эрх зүйн зохицуулалт байхгүй мэтээр зарим нам, нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдаж авдаг, түүнд тавих хяналтын тогтолцоо ч сайн биш байна.

Ардчилал шинээр бий болж байгаа болон ардчилал хөгжиж буй улс орнууд сонгогчдын санал худалдан авалт дээр онцгой анхаарч, арга хэмжээ авахгүй бол ардчиллаас ухрах, бүүр үгүй болох хүнд байдалд хүргэдэг.  

Латин Америк, Африкийн орнуудад санал худалдан авалт маш өндөр. Сонгогчдынх нь хоёр хүн тутмын нэг нь саналаа худалдан авалтад оролцдог байсан байх жишээтэй. Дөрвөн хүн тутмын нэг нь саналаа өгөхдөө нууцаар өгч чаддаггүй, ямар нэгэн байдлаар эрх баригчдад саналаа өгөх ёстой гэсэн дарамтад өртөж хүсээгүй буюу бохир улс төрчдөд саналаа өгдөг гэх судалгааны дүнгүүд байдаг. 

Энд нэг гол зүйл нь эхлээд саналаа мөнгөөр эсвэл өөр зүйлээр худалддаг байсан бол сүүлдээ заавал энэ хүнд саналаа өг гэсэн дарамт шахалт, барьцаанд ордог муу жишээнүүд байгаа. Ардчилал, авлига, хүний хөгжлийн индекс зэрэг олон үзүүлэлтээр хойно жагсдаг улсуудад сонгогчдын саналыг худалдаж авах үйл ажиллагаа эрчимтэй хийгддэг улсууд ордог.    

- Манай сонгогчид саналаа худалдахдаа түгээмэл ажиглагддаг буруу хандлага гэвэл та юуг хэлэх вэ?

- Манай сонгогчдод “Энэ нэр дэвшигч надад мөнгөө өгч л байг. Мөнгөө тарааж л байг. Би мөнгийг нь авчихаад сонголтоо өөрөөр хийнэ” гэх хандлага хамгийн түгээмэл байдаг. Энэ нь улс төрчдийг өөгшүүлэх, санал худалдан авалтыг сонгуулиас сонгуульд даамжруулах зэргээр маш хор хөнөөлтэй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид санал худалдан авалтад зарцуулж буй тэр санхүүжилтийг бий болгохын тулд ямар эх үүсвэрээс мөнгө босгож байна гэдэг чинь өөрөө эргээд асуудал болж байгаа гэсэн үг.

Тэгэхээр бид Би Саналаа #ХудалдахҮГҮЙ, #ХууртахҮГҮЙ” хөдөлгөөнөөрөө “Шударга ёсыг тогтоох гэж байгаа шударга улс төрч хэзээ ч шударга бусаар, хууль зөрчиж ялалт байгуулахгүй ээ” гэдгийг уриалж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгогчдод мөнгө, ажлын байр, бусад зүйл амлаж  байгаа улс төрчийг битгий сонго гэж байгаа юм.

- Сонгогч саналаа худалдсанаар ямар хор уршигтай юм бэ?

- Санал худалдан авалт өндөртэй, муу жишээ болж буй улсуудыг судлаад үзэхэд, эхлээд мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авдаг.  Ингээд сонгогдсон парламентын гишүүн сонгогчдын саналыг худалдан авахад зарцуулсан асар их мөнгөө олж авах, бүр илүү нугалан олж авахын тулд төрийн нэрийг барьж иргэдийн өмнөөс хууль бус үйл ажиллагаа руу ордог. Өөрт болон өөрийн бизнестээ ашигтай хууль батлуулах, өөрийн хүмүүсийг төрийн албанд томилуулах, төрийн худалдан авалтад нөлөөлөх, бизнесийн шударга бус өрсөлдөөн үүсгэх гээд нийгмийн олон асуудлыг үүсгэдэг.

Үүгээр зогсохгүй өндөр түвшний авлигатай холбогддог, төсвийн мөнгийг очих ёстой газруудад хуваарилахгүй өөр зүйлд зарцуулдаг, дундаас нь ашиг хонжоо хайдаг. Ингэхээр тэр улс орон ч хөгжихгүй, ард иргэд нь улам ядуурч, улам боловсролгүй болж, амьдрал нь дорддог. Сүүлд нь бүр хамгийн үнэ цэнтэй зүйл болох ардчиллын зарчмууд хэрэгжихээ болино, хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл ч байхгүй болох уршигтай.

Монгол Улсын ирээдүй ийм зүйлд уначих вий гэсэн санаа зовнил байгаа учраас бид уг хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа юм. Та саналаа өнөөдрийн хэдэн бор төгрөгөөр битгий худалдаач ээ, өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхдээ сонголтоо зөв хийгээрэй гэж байгаа юм.

- Танай байгууллага өмнө нь “Улс төрчдийн гарын бэлэг” нэртэй үзэсгэлэнг зохион байгуулж байсан. Нэг хүнд дундаж нь хэдэн төгрөгийн бэлэг өгч байна вэ. Тооцоо байдаг болов уу?

- Бид бэлэгнүүдэд анализ хийж үзсэн. Нэг нэр дэвшигчээс нэг хүнд  өгч буй бэлэгний мөнгөн дүн нь дунджаар 25,000-200,000 мянга орчим төгрөг болж байсан. Үүнээс илүү үнэтэй бэлэгнүүд ч бий.  Ийм мөнгөн дүнтэй бэлгийг хэдэн айлд, хэдэн хүнд, хэдэн удаагийн давтамжтайгаар өгсөн бэ гэвэл маш их хэмжээний мөнгөн дүн гарч ирнэ.

Гэтэл УИХ-ын гишүүн сард 1.5 сая төгрөгийн цалинтай шүү дээ. Тэгэхээр энэ их мөнгө хаанаас гарч ирээд байна вэ гээд бодох хэрэгтэй. Материаллаг зүйлсийг сонгогчдод тараахаас гадна, оюутны сургалтын төлбөр, гадаад дотоод аялал, цайллага дайллага, тэмдэглэлт томоохон баяруудад өгдөг бэлэг сэлт гээд тооцоод байвал энд асар их дүн гарна.

- Судалгаанаас харахад манай улсад  санал худалдан авалтын ямар хэлбэрүүд байна вэ?

- Санал худалдан авалт нь сонгуулийн болон сонгуулийн бус үед явагддаг. Өөр өөр хэлбэрүүдтэй. Аль аль нь манай улсад түгээмэл байгаа.

Сонгуулийн үеэр бол сонгогчдод бэлэг, ямар нэгэн эд материал өгөх нь хуулиар хориотой, хориглосон хуулийн заалттай. Тиймээс нууцаар сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах, оролдох тохиолдол түгээмэл  байгаа. 50,000-100,000 төгрөг гэсэн ханш ч гадуур яригдаж байна.

Өөрөөр хэлбэл, санал өгөх өдөр саналаа худалдахгүй, өөрийн бодолдоо үнэнч, сонголтоо хийсэн сонгогчид нь ажил төрлөө зохицуулаад эртхэн очоод саналаа өгчихдөг. Гэтэл хөвөгч сонгогчид, бас захын дүүргүүд, хөдөө орон нутагт нэр дэвшигчид, улс төрийн намууд  мөнгө тараадгийг мэддэг болсон сонгогчид маань мөнгө тараах эсэхийг нь ажиглаж байгаад оройхон тийшээ очиж саналаа өгдөг буруу жишиг манай улсад тогтчихсон.

Бас нэг зүйл энэ удаагийн сонгуулиар ажиглагдсан нь, сонгогчдыг сүлжээний бизнесийн зарчмаар нэг хүн 5-10, 10-20 хүн цуглуулж баг болгон тэдэнд мөнгө өгөх, эсвэл регистрийн дугаар, хаяг, дансыг авах зэрэг аргуудыг ашиглаад байна. Энэ бол мэдээж сонгуулийн бохир тактик, сонгогчдыг буруу зүйлд л ашиглах гэж байгаа үйлдэл.

Харин сонгуулийн бус үед бэлэг, материаллаг эд зүйл тараах, тойргийнхоо сонгогчдод янз бүрийн зүйл амлах, түүнийгээ биелүүлэх зэрэг нь элбэг. Тухайлбал, сонгуулийн жил эхлэхээс өмнө гээд арванхоёрдугаар сарын 31-нд парламентын гишүүд тухайн тойргийнхоо сонгогчдод маш их хэмжээний бэлэг тарааж байсан. 31-ний орой 20, 21 цагийн үед гурил, будаа хүргээд явж байсан тохиолдлууд ч бий.  

Энэ нь төрийн эрхийг барьж байгаа хамгийн шударга, зарчимтай ажиллах хүмүүс хууль бус, шударга бус үйлдэл гаргаж буй нь ардчилсан сонгуулийн зарчимд нийцэхгүй.  

"Тэдэн сургууль цэцэрлэг барилаа, ийм дэд бүтцийг ингэж сайжрууллаа гэх мэтээр ярьж сонгуульд оролцож, нэр дэвшиж байгаа бол буруу"

- Та дээр санал худалдан авалтын өөр хэлбэрүүд байдаг гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

Сонгуулийн сурталчилгаа болж байгаа учраас хэн нэгний нэрийг дурдмааргүй байна. Манайд материаллаг зүйлийг өөр шалтгаан хэлж тараадаг санал худалдан авалтын өөр хэлбэрүүд маш их байдаг. Тухайлбал,

  • Төсвийн мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах үйл ажиллагаа их хийгддэг. Тухайн нэр дэвшиж байгаа тойрогтоо тэдэн сургууль цэцэрлэг барилаа, ийм дэд бүтцийг ингэж сайжрууллаа гэх мэтээр ярьж сонгуульд оролцож, нэр дэвшиж байгаа бол буруу. Яагаад гэвэл нөгөө талд шинэ нэр дэвшигч бодлогын мөрийн хөтөлбөр гаргаж ирээд ингэж хөгжиж болно гээд ярьж байхад аль хэдийн ажиллаж байсан тойрогтоо төсвийн мөнгөөр нэлээн ажил хийчихсэн, баяр бүрээр бэлэг тараачихсан хүнд сонгогдох магадлал нь өндөр байх нь ойлгомжтой хэрэг. Энэ нь өөрөө сонгуулийн хамгийн гол зарчим болох тэгш байх, тэгш өрсөлдөх зарчмыг алдагдуулж буй сөрөг талтай. Манай сонгогчид ч гэсэн тухайн улс төрч тойрогтоо заавал гарт баригдах ажил хийсэн байх ёстой гэсэн буруу хандлага байгаа. Гэхдээ үүнийг түр орхиё. Энэ удаагийн COVID 19-ийн нөхцөл байдлаас үүдэн гаргасан Засгийн газрын шийдвэрүүд ч гэсэн зарим талаараа сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн оролдлого шүү дээ. 
  • Амлалт өгөх. Жишээ нь, хүүхдийг нь ажилд оруулна, их сургуульд сурдаг хүүхдийнх нь төлбөрийг төлнө, малчдын малыг нь өндөр үнээр авна, гэр олгоно, бизнес хийх таатай нөхцөл олгоно гэх мэтээр амлалтуудыг маш их өгдөг.
  • Манай парламентын гишүүд орон нутагтаа маш олон төрийн бус байгууллага, холбоодыг удирдаж, тэмцээн уралдаан зохион байгуулж, оролцсон хүмүүстээ өндөр шагнал урамшуулал олгодог. Энэ нь тухайн нийгмийн бүлэг, хүмүүст танигдах гэсэн бохир арга.  Уг асуудлыг ихээр  шүүмжилж байсан учраас Улсын Их Хурлын тухай хуулиар  төрийн бус байгууллага, холбоодын тэргүүн байхыг хориглосон заалт орж ирсэн нь сайшаалтай. Гэхдээ л тэнд байгаа холбоодод тухайн улс төрч нөлөөтэй хэвээр үлдэнэ. Ядаж л тэмцээн уралдаан зохиох мөнгийг нь санхүүжүүлнэ. 
  • Залуу сонгогчид руу чиглэсэн үйл ажиллагааг улс төрчид маш их явуулдаг. Энэ нь нэг талаар боловсролын салбар руу анхаарч байгаа мэт харагдавч  цаад санааг нь харахаар боловсролын салбарын бодлогод нөлөөлөх үр дүн харагддаггүй. Зүгээр л залуучуудад нөлөөлж, тэдэнд танил болоод саналыг нь худалдаж авах гэж буй нэг хэлбэр. Ахлах ангийн сурагчдад яагаад англи хэлний сургалт зохион байгуулж, яагаад өөрсдийн зурагтай, нэртэй ЭЕШ-ын номуудыг хэвлэж тараагаад байгаа вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Анх удаа саналаа өгөх гэж байгаа, улс төрийн үзэл баримтлал нь  тогтоогүй шинэ сонгогчид саналын хуудас бөглөхдөө нөгөө өөрт нь шалгалтад бэлдэхэд нь тусалж байсан бага зэрэг таньдаг нэрээ л дугуйлах эрсдэлд орно.
  • Чи энэ байгууллагынхаа даргад, даргынхаа эхнэрт саналаа өгөхгүй бол ажлаас хална, нийгмийн халамжаас өгдөг олголтуудаас чинь хасна, тэтгэвэр тэтгэмжийг чинь бууруулна, татварыг чинь нэмнэ гэх зэрэг дарамт шахалтад оруулдаг бас нэг хэлбэр бий. Эцэстээ саналаа мөнгөөр худалдах нь байтугай хүний барьцаанд орж буй хэрэг.

Иймээс санал худалдан авалтын хор уршиг энэ хэвээр үргэлжлээд, байдаг л үзэгдэл, сонгуульд саналаа худалдах нь надад ашигтай мэтээр ойлгох нь маш буруу гэдгийг судалгааны үр дүнгүүд харуулсан.

- Саналаа худалдаж байгаа хүмүүсийг шууд буруутгах бас аргагүй. Юу хүмүүсийг саналаа худалдахад хүргээд байна вэ?

- Тийм ээ. Нэг талаар сонгогчид мөнгийг нь авч байгаа нь буруу боловч нөгөө талд сонгогчдыг шууд буруутгаж болохгүй. Манай улсад сонгогчдын боловсрол руу чиглэсэн үйл ажиллагаа түгээмэл бус хийгддэг. Сонгууль дөхөөд ирэхээр л сонгогчдын боловсрол руу чиглэсэн иргэний нийгмийн байгууллагууд дуугардаг, Сонгуулийн ерөнхий хороо сонгууль дөхөхөөр л ажилладаг байх жишээтэй. Эндээс сонгогчдын боловсролд үнэхээр анхаарал хандуулах шаардлагатайг харуулна. 

Иргэд нь боловсролгүй, ядуу, амьжиргааны түвшин доогуур байх тусам авлига хээл хахуульд автсан, улс төрөөр мөнгө хийдэг улс төрчдөд ашигтай тусдаг.

Улс төрийн нам нь  иргэддээ улс төрийн боловсрол олгох үүрэгтэй хамгийн том институт атлаа өнөөдөр иргэдэд улс төрийн боловсрол олгож байгаа зүйл алга. Мэдээж хэрэг улс төрийн үзэл баримтлал нь  тогтчихсон, эдийн засаг, амьдралын хувьд боломжтой, боловсролтой, өөрсдийн үзэл баримтлалдаа үнэнч маш олон сонгогч бусдаас хамаарахгүйгээр сонголтоо хийдэг.

Харин санал худалдан авалтад өртөх гээд байгаа хүмүүс нь бидний судалгааны үр дүнгээс харахад амьдралын боломж тааруу, амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настнууд, улс төрийн болон сонгогчийн боловсрол тааруу хүмүүс их байгаа нь харагдсан. Ийм хүмүүс рүү л тэд нөлөөлөх гэж оролддог.

- Энэ жилийн хувьд сонгогчид маань саналаа худалдахгүй байхын тулд юунд анхаарах хэрэгтэй бол. Энэ удаа ажиглаад байхад зөв сонголт хийх цаг нь ирж, арай өөрөөр хариуцлагатай хандах хэрэгтэй болж гэх үзэл бодол иргэдийн дунд түгээмэл байна уу гэж харж байна?

- Санал худалдан авалт манай улсад аюулын түвшинд хүрчихсэн байгаа нь харагдаж байна. Иргэд ч үүнийг байдаг зүйл мэт боддог болж. Энэ удаагийн сонгуульд олон улсын ажиглагчид байхгүй онцлогтой. Тиймээс нэр дэвшигчид, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд сонгуулийн үеэр явагдаж буй хууль бус үйл ажиллагаа, санал худалдан авалтыг хуулийн байгууллагад мэдээлэх боломжтой.

Өмнөх жилүүдэд бид сонголтгүй сонгууль болж байна гээд “цагаан сонголт” хийж байсан. Харин энэ удаа иргэдэд олон сонголт байна. Харьцангуй олон нэр дэвшигч байна гэсэн үг.

Тэгэхээр тэр олон нэр дэвшигчдийн дунд төөрч будилахгүйн тулд өмнө нь ямар нэгэн байдлаар таны болон сонгогчдын саналыг худалдаж авахын тулд бэлэг, мөнгө, материаллаг болон материаллаг бус зүйл тарааж, амлалт өгч байсан нэр дэвшигчдийг энэ удаа сонгохгүй байх эрх, үүрэг бий гэж хэлэх байна.

Хэрвээ тийм хүмүүс дахин парламентад сонгогдвол таны цаашид хөгжих бүх боломжийг, сайхан ирээдүйг чинь хулгайлах нь ойлгомжтой. Иймд сонгогчид маань сайн бодож, мөрийн хөтөлбөртэй нь танилцаж байгаад сонголтоо хийх хэрэгтэй. Ялангуяа анх удаа саналаа өгөх гэж байгаа залуучууд хэн нэгний үгэнд автахгүйгээр өөрийн итгэл үнэмшилд тулгуурлаж саналаа өгөөсэй гэж хүсэх байна.

- Танайх Би Саналаа #ХудалдахҮГҮЙ, #ХууртахҮГҮЙ” онлайн хөдөлгөөн өрнүүлж байгаа гэлээ. Энэ хөдөлгөөнд хэрхэн нэгдэх вэ?

Би Саналаа #ХудалдахҮГҮЙ, #ХууртахҮГҮЙ”-пэйж хуудаст лайк даран нэгдээрэй. Ингэснээр энэ чиглэлийн мэдээлэл, мэдлэгтэй болох юм. Мөн таны эргэн тойронд санал худалдан авалттай холбоотой үйл ажиллагаа нэр дэвшигчдээс гаргаж байвал манай “худалдахҮГҮЙ хууртахҮГҮЙ гэсэн фэйсбүүк групп (нууц)-руу ч мэдээлэх, бидэнтэй санал солилцох боломжтой байгаа. Та санал худалдан авалтын талаарх мэдээлэлтэй болсноор өөрийгөө болоод өөрийн ойр дотно, эргэн тойрныхоо хүмүүсийн саналыг “аврах” боломжтой шүү.

Эцэст нь хэлэхэд, СОНГОГЧ ТА САНАЛАА БИТГИЙ ХУДАЛДААРАЙ, ХЭН НЭГ САНАЛ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БУЙ НЭР ДЭВШИГЧДЭД БИТГИЙ ХУУРТААРАЙ!

- Ярилцсанд баярлалаа.
 

Хөдөлгөөнд нэгдэх:  Facebook, Youtube