Индэр    
2020 оны 6 сарын 16
Зураг
Эдийн засагч, шинжээч

Олон улстай харьцуулахад манай залуучуудын СОНГУУЛИЙН ИРЦ хэр вэ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын 2016, 2017 оны сонгуулиар залуучууд(18-25)-ын сонгуулийн идэвх бусад насныхантай харьцуулахад маш муу байв. Тэдний зөвхөн 50 хувь нь л сонгуульд саналаа өгсөн.
 
Асуудал нь хаана байна?
 
Зөвхөн монгол залуус улс төрийн идэвхгүй, залхуудаа ийм хандлага гаргаад байна уу? Эсвэл дэлхий нийтэд ийм үзэгдэл нийтлэг ажиглагдаад байна уу?
 
Дэлхийн залуучуудын хөгжлийн тайлан(2016)-д дурдсанаар олон улсад нийтлэг ажиглагддаг зүйл нь одоогийн залуус ахмад үеийнхэнтэй харьцуулахад харьцангуй бага санал өгдөг ажээ. 
 
Өнгөрсөн хугацааны сонгуулийн тоо баримтыг сөхье(Зураг 1-ийг харна уу).
  • 2012, 2016 оны Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгууль. Тус сонгуульд 18-25 насны залуу сонгогчдын ердөө 45 хувь нь сонгууль өгчээ. Эсрэгээрээ 45-с дээш насныхны 66 хувь нь сонгуульд оролцсон байна. 
  • 2019 оны Европын холбооны сонгууль. Залуучууд 2014 оны сонгуульд залуучуудын ердөө 28 хувь сонгууль өгсөн бол, 2019 онд энэ тоо 42 хувь болтлоо өсжээ. 
Дээрх улсууд нь насжилт өндөртэй, хөгжингүй орнууд тул харьцуулахад өрөөсгөл болно. Харин манайхтай хөгжлийн түвшин ойролцоо эсвэл адил бүс нутагт байгаа орнуудад залуучуудын сонгуулийн ирц бүр ч доогуур байна. 
  • Африкийн ардчилсан системтэй 19 орныг хамруулсан судалгаагаар залуучуудын сонгуулийн ирц 35-40 хувьтай гарсан байна.
  • Харин Зүүн Азийн орнуудын залуучуудын сонгуулийн ирц 32-40 хувь орчимд байдаг байна. 
  • Сингапурт гэхэд залуучуудын 63 орчим хувь санал өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо тасралтгүй буурсаар 38 хувьд хүрчээ. 
Мэдээж дундаж тоо учир дээш, доош нэлээд савлах нь ойлгомжтой. Монгол Улсын хувьд 2016 оны сонгуулиар залуучуудын ирц 51 хувь байсан нь бүс нутгийн орнуудын дунджаас өндөр байна.
 
Зураг 1. 18-25 насны залуучуудын сонгуулийн ирц, хувиар
 
 

Эх сурвалж: 

АНУ-н сонгуулийн үр дүн, холбогдох судалгаа, Африк болон Зүүн Азийн орнуудын залуучуудын сонгуулийн ирц, Global Youth Development Index and Report -2016
 
Дээрх дундаж үзүүлэлтийн дээр, доор байх нь чухал бус. Гэхдээ бид нэг, нийтлэг үр зүйлийг олж харж байна. Энэ бол улс орнуудын залуучуудын сонгуулийн ирц бага байдаг гэх үр дүн юм. Яагаад ийм нийтлэг зүйл ажиглагдах болов?

ЯАГААД ЗАЛУУС УЛС ТӨР СОНИРХОХГҮЙ БАЙНА ВЭ?

Олон улсад энэ чиглэлийн нийгмийн асуудалд судалгаа хийгдэхгүй байна гэж үгүй. Нэлээд хэдэн судалгаа эргүүлж, үр дүнг нь харав. Нийтлэг дурдагдаж буй зүйл Монголд ч гэсэн ажиглагдана. 
 
Залуучуудын амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Дэлхийн II дайны үр нөлөө тухайн цаг үедээ ч бус өнөөдөр ч бидний амьдралд нөлөөлсөөр байна. Үүний нэг тод жишээ нь миллианистууд(19–38)-ын амьдралын хэв маягт өөрчлөлт орсон явдал юм. 
 
Дэлхийн II дайны дараа олон мянган цэрэг эх нутаг руугаа буцаж, улс орнуудад төрөлтийн түвшин нэмэгдсэн. Дайны дараа төрсөн тэдгээр хүүхдийг “baby boomers” гэх бөгөөд өнөөгийн 54–72 насныхан болжээ. Өнөөдөр тэд дэлхийн ажиллах хүчний голлох хувь, дэлхийн баялгийн дийлэнх хувийг бүрдүүлж байна.
 
Харин энэ нөхцөл байдлаас шалтгаалан миллианистуудын боломж багасаж эхэлсэн. Тэдэнд boomers шиг хямд боловсролын систем байсангүй. Ихэнх нь өндөр төлбөртэй их сургуульд зээлээр суралцсан төдийгүй төгсөөд ажлын байр олно гэдэг нь том асуудал болж байв. Тиймээс миллианистуудад байшин, машин гэх мэт материаллаг хөрөнгө оруулалтаас илүүтэй материаллаг бус зүйлд хөрөнгө оруулах нь илүү чухал болж хувирсан байна. Энэ нь тэднийг аялал, адал явдал, дотоод сэтгэлийн амар амгалан гэх мэт олон зүйлсийг чухалчилдаг амьдралын хэв маяг руу шилжихэд нөлөөлсөн.
 
Улс төрөөс өргөн цар хүрээтэй асуудлыг шийдэх эрмэлзэлтэй залуучууд.  Мэдээж дэлхийн баялгийн тал хувийг эзэмшдэг "baby boomers" улс төрд ч хүчтэй. Тэдний тогтоосон улс төрийн системд залуучууд хөлөө олох амаргүй. Тиймээс улс төр дэх залуучуудын оролцоо буурсан. Гэвч нөгөө талдаа байгаль, хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах гэх мэт сайн дурын хөдөлгөөнд тэдний оролцоо нэмэгдэж эхэлсэн. 
 
"Төрийн төлөө оготно боож үхнэ" гэх ойлголт. Тус тайланд дурдсан нэг зүйл нь Саб-Сахар болон Азийн орнуудын залуучуудад “МИНИЙ САНАЛААР ДУТАВ ГЭЖ” хэмээх нийтлэг ойлголт байдаг байна. Манайд ч энэ ойлголт хүчтэй. 
 
Энэ хэсгээс дүгнэхэд, магадгүй тэднийг эхлээд ойлгох хэрэгтэй. Буруу ойлголтыг нь засах хэрэгтэй. Яагаад гэвэл? 
 
30 хүртэлх насны залуучуудаас авсан судалгаа(НҮБ, 2014)-нд хамгийн чухал зүйлсийг дараах байдлаар эрэмбэлжээ. 
  1. Эрүүл мэнд, 
  2. Боловсрол
  3. Ажил
  4. ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСГИЙН ГАЗАР
Монголд ч ялгаагүй ийм байдлаар эрэмбэлэх биз. Залуучууд ЗАСГИЙН ГАЗАР-ыг тэгтлээ чухал хэмжээнд авч үздэг. Шударга, хариуцлагатай байлгахыг хүсдэг. Гэвч түүнийхээ төлөө ямар нэг үйлдэл хийхгүй байгаа нь харамсалтай. Мэдээж энэ бол дээр дурдсан амьдралын хэв маяг, сайн дурын ажил, "Миний санал юуг ч өөрчлөхгүй" гэх ойлголт, бас бус бусад зүйлстэй холбоотой. 

ЮУ ТЭДНИЙГ САНАЛЫГ ЭРГҮҮЛЭХ ВЭ?

Эдийн засгийн хямралын дараах сонгуульд залуучуудын идэвх оролцоо нэмэгддэг байна. 2008 оны эдийн засгийн их хямралын дараагаар залуучуудын сонгуулийн идэвх ардчилсан системтэй улсуудад нэмэгджээ. Тухайлбал, 2016 оны Өмнөд Солонгосын сонгууль нь залуучуудын нөлөөгөөр Засгийн газар солигдож байсан байна.
 
Ардчиллын үнэ цэн мэдэрч буй улсуудад залуучуудын оролцоо нэмэгдэж байна. Эхний жишээ нь, Камбож улсад залуучуудын сонгуулийн ирц бүс нутгаасаа хамаагүй өндөр байна. Хоёр дахь жишээ нь Хонг Конгийн радикал үзэл бүхий залуучуудын тэмцэл, хөдөлгөөн. Тэд олон нийтийн сүлжээг ашиглан маш ухаалгаар Хятадын эсрэг тэмцэхийн зэрэгцээ Америкаас дэмжлэг авч чадсан юм.

КОРОНАВИРУС БОЛОМЖ Ч БАЙЖ МЭДЭХ ЮМ. 

Юутай ч 2008 оны эдийн засгийн их хямрал дэлхий нийтэд хүнд туссан. Тэр дундаа өөрсдийн гараараа амьдралаа босгож буй залуучуудад бүр ч хүндээр нөлөөлсөн. Тиймээс дэлхийн хаа сайгүй сонгогчид, иргэд тэр дундаа залуус улс төрчдөд дүнг нь тавьсан.
 
Гэвч 2008 оны хямралаас ч их далайцтай хямрал 2020 оны цар тахлаар бий болов. Америкт гэхэд ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулах магадлал хамгийн өндөр байсан Трампын рейтинг хүртэл цар тахлын нөлөөгөөр буурсан.
 
Эцэст нь, манайх хүн амын хувьд залуу бүтэцтэй улс. Энэ нь бусад улс орны залуучуудаас хэд дахин хариуцлагатай бай гэсэн үг. Тиймээс залуучууд маань одоогийн улс төрийн оролцоогоо улам бүр нэмэгдүүлж, сонгуулийн ирцээ 80, 90, 100 хувьд хүргэх хэрэгтэй.