Зураг
Зураг
Индэр    
2020 оны 6 сарын 13
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 67: XXI зуунд хүн төрөлхтний анхаарлаа хандуулах ёстой 21 сургамж

Зураг

Уншигчдынхаа амралтын өдөрт зориулж бэлтгэн хүргэдэг "Unlock" подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт 2018 оны шилдэг номнуудын нэг “21 Lessons for the 21st Century” буюу “21 дүгээр зууны 21 сургамж” номыг танилцуулж байна.

Уг номын зохиолч түүхийн профессор Юваль Ноа Харариг уншигчид  "Sapiens: A Brief history of Humankind", "Homo Deus: A Brief history of Tomorrow" зэрэг глобал бэстсэллэр номнуудаар нь илүү сайн мэддэг.

Энэ удаа тэрбээр "21 Lessons for the 21st Century" номоороо бидний өмнө тулгараад буй технологийн хэт хурдацтай хөгжил, терроризм, экологийн сүйрэл зэрэг томоохон асуудалд хэрхэн хандах ёстойг 21 сургамжаар дамжуулан зөвлөжээ.

Ингээд Юваль Ноа Хараригийн 21 дүгээр зуунд анхаарвал зохих 21 сургамжийг товчлон хүргэж байна.

НОМЫН ТУХАЙ ШУУД СОНСОХ:

Сургамж 1: Түүх төгсөөгүй

20 дугаар зууны төгсгөлд ихэнх улс, орнуудад либерал үзэл суртал ноёлж байсан ч 2008 онд дэлхийн санхүүгийн хямрал болсноос үүдэн ихэнх хүмүүс энэ төрлийн үзэл сурталд итгэх итгэлээ алджээ.

Тухайлбал, 2016 онд Их Британи улс Европын холбооноос гарах санал гаргасан болон америкчууд Доналд Трампын төлөө саналаа өгсөн нь хүмүүс цэвэр либерал үзлийг итгэл үнэмшил муутайгаар хүлээн авах болсны нэг илрэл хэмээн зохиолч Юваль Ноа Харари номдоо дурджээ.

Тэрбээр, "Төрийн бодлогыг хүн биш хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн машин бодож, тооцоолдог болох ирээдүй маш ойрхон байгаа учир энэ зууны шинэ тэсрэлтүүдтэй холбоотой гарсан асуудлуудыг даруй шийдвэрлэх нь чухал.

Ингэхийн тулд либерал үзэл суртлыг илүү сайжруулж, дахин шинэчлэх хэрэгтэй" хэмээн бичжээ.

Сургамж 2: Ажилгүй ирээдүй бий болох магадлалтай

Технологийн эрин зуунд хиймэл оюун ухаант роботууд хүмүүсийн хийдэг байсан ихэнх ажлын байрыг булаах болно гэдгийг олон судлаачид янз бүрээр тайлбарладаг.

Хүмүүсийн бүтээсэн хиймэл оюун ухаан, машин зэрэг нь нийгэмд маш их эерэг өөрчлөлтийг бий болгох учир бид энэ хөгжлөөс зугтах эсвэл татгалзах нь боломжгүй. Иймд бид одоо хийж байгаа ажлын байраа роботуудад алдах нь цаг хугацааны л асуудал.

Гэхдээ энэ нь хүмүүс огт ажлын байргүй болно гэсэн үг биш бөгөөд эсрэгээрээ маш өндөр ур чадвар шаардсан шинэ ажлын байр олноор бий болохын үндэс аж. Өөрөөр хэлбэл, ирээдүйд хиймэл оюун ухаант машин, роботын хийж, тооцоолж чадахгүй олон ур чадвар бүхий ажлын байр хүн, хүчээр дутагдах болно. Хэн сайн сэтгэн бодож байгаа нь илүү боломжийг бий болгож баяжих бол үлдсэн нь төр засгаас хамааралтай улсын тэтгэлгээр амьдрах хэрэгтэй болно гэж зохиолч дүгнэж байна.

Ирээдүйд ур чадвараас шалтгаалсан баян, ядуугийн ялгаа ихээр нэмэгдэх учир тухайн үед улсын дэмжлэгтэйгээр амьдрах хүмүүс материаллаг бус зүйлээс амьдралынхаа утга учрыг эрж хайх ёстой хэмээн зөвлөжээ.

Сургамж 3: Биотехнологи та бүхнийг удирдах болно

Хувь хүмүүс л чөлөөт сонголтоороо нийгмийг удирдаж чадна гэсэн үзэл санааг либерал суртал илэрхийлдэг.

Тэгвэл 21 дүгээр зуунд гарах нэг өөрчлөлт нь хүний мэдрэмж, бодлыг биотехнологи хянах боломжтой болох явдал гэж уг номд өгүүлжээ. Тийм болсноор хиймэл оюун ухаан хүмүүсийн өмнөөс чухал шийдвэрүүдийг гаргах боломжтой болно гэсэн үг юм.

Энэ нь зөгнөлт кинон дээр гардаг шиг робот хүмүүсийг боолчилно гэх ойлголт биш. Ухаалаг роботыг тэнэг хүмүүс л таашааж хүлээж авах бөгөөд тэд тааварлашгүй мунхаг сэтгэл хөдлөлөөрөө роботуудын чадварыг буруугаар ашиглаж, нийгэмд нөлөөлөх эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс хүмүүс 21 дүгээр зуунд хиймэл оюун ухаанд мөнгө зарж байгаа шигээ өөрсдийн сэтгэл хөдлөлөө ойлгохдоо цаг зарцуулах хэрэгтэй аж.

Сургамж 4: Нийгэмд тэгш бус байдал ноёлох нь

Өнөөдөр бидний хэрэглэж буй Фэйсбүүк, ТвиттерАмазон зэрэг компаниуд хүмүүсийн мэдээллийг асар их хэмжээгээр цуглуулж байгаа. Бид тухайн компаниудын бүтээгдэхүүнийг ашиглаж байгаагийнхаа хэрээр эргүүлээд тэдэнд эрх мэдэл өгч, өөрсдөдөө нөлөөлөх боломжийг нь бий болгож байна.

Өөрөөр хэлбэл, 21 дүгээр мэдээллээ ашиглуулж байгаа нь эрх мэдэлгүй, харин мэдээллийг хэн цуглуулсан нь эрх мэдэлтэй нэгэн болж хувирна хэмээн тайлбарлажээ. Түүнээс сэргийлэхийн тулд бид одооноос онлайн сүлжээн дэх хувийн мэдээллүүдийг хэрхэн нууц хэвээр байлгах тухай хуульчилж, тооцоолох ёстой юм.

Сургамж 5: Бодит харилцаа утга учир авчирна

Хэдий 21 дүгээр зуунд хүмүүс онлайнаар хоорондоо мэдээлэл солилцож байгаа ч өөрсдийгөө биет зүйл хэмээн ухамрсарлах хэрэгтэй.

Хүн гэдэг байгаль дээр биеэр оршиж тогтнож байгаа учир хоорондоо биеэр уулзаж, ярилцаж байх нь амьдралыг илүү утга учиртай болгоно. Иймд бодит харилцааг илүү чухалчлах хэрэгтэйг сануулжээ.

Сургамж 6: Хүн төрөлхтний соёл, иргэншил

Хүн гэдэг үзэл бодлоороо хоорондоо хуваагдан амьдардаг. Тухайлбал, хүмүүс өмнө нь дайн тулаанд эсвэл шашин шүтлэг зэргээрээ хоорондоо нэгдэж, тусгаарлагдсаар ирсэн.

Харин 21 дүгээр зуунд бидний өмнө зөвхөн глобал асуудал асуудал тулгарах болно. Тэрхүү асуудал нь биднийг хувааж, бутаргана гэхээс илүү нэг, нэгнээсээ улам хамааралтай болгоно гэж зохиолч дүгнэжээ.

Сургамж 7: Үндсэрхэг үзэл эрсдэл дагуулна

Хэт үндсэрхэг үзэл хүмүүс хооронд хагаралдаан, мөргөлдөөнийг үүсгэсээр ирсэн. Одоог хүртэл дэлхийн томоохон гүрнүүдэд атомын бөмбөг зэрэг маш хор хөнөөл бүхий зэвсэг байсаар байгаа.

Тиймээс 21 дүгээр зуунд үндсэрхэг үзлээсээ болж улс, орнууд зэвсгээ ашиглаж эхэлбэл хүн төрөлхтнийг үндсээр нь устгах эрсдэлтэй гэж энэ бүлэгт сануулжээ.

Сургамж 8: Шашин шүтлэг

Хүн бусад амьтныг бодвол хоорондоо, хэдэн саяараа хамтарч ажиллаж чаддаг. Тэгж чадсанаар өөрсдийн хийсвэр сэтгэлгээнд бүтээсэн зүйлээ бодитоор хэрэгжүүлж, шинэ ололтуудыг хийж чадсан. Үүнд хамгийн ихээр чухал нөлөө үзүүлсэн зүйл нь шашин, шүтлэгтэй байж болох юм.

Хэдийгээр сүүлийн үед шинжлэх ухаан хөгжиж, хүмүүсийн шашны талаарх ойлголт, итгэл үнэмшлийг багасгаж буй ч шашин шүтлэг нь хүн төрөлхтнийг олноор нь нэгтгэсээр ирсэн хүчин зүйл учраас технологи өндөр түвшинд хүрсэн ч шашин шүтлэг цаашид оршсоор байна.

Сургамж 9: Цагаачлал ба ялгаварлан гадуурхалт

21 зуунд шинээр бий болсон нэгэн сэдэв нь яах аргагүй цагаачлал юм. "Цагаачид тухайн улс, оронд нэг мөсөн уусан шингэх ёстой юу? Цагаачид ямар ч асуудал үүсгэхгүй аж төрж чадвал хэзээ тэднийг тухайн улс өөрийн иргэн гэж хүлээж авах вэ?" гэх асуулт нь арьс, өнгөний үзэлтэй төстэй сонсогдож байж болох юм. Үүний цаад талд, цагаачлалаас үүдэн арьс, өнгөөр бус соёлоор ялгаварлан гадуурхах шинэ үзэл 21 дүгээр зуунд бий болж байна гэх санааг зохиолч илэрхийлэхийг оролджээ.

Өөрөөр хэлбэл, хүмүүсийн харилцаа, соёлоос улбаатай ялгаатай байдал нь 21 дүгээр зуунд ялгаварлан гадуурхалтыг бий болгож болзошгүй томоохон асуудал болно хэмээн номд тэмдэглэсэн байна.

Сургамж 10: Терроризмоос илүү түгшүүрт зүйл олон бий

Терроризм буюу алан хядлага нь хүмүүсийг олноор нь үгүй хийх мэт айдас төрүүлдэг ч бодит байдал дээр тийм ч аюултай зүйл биш. Учир нь терроризмын улмаас амиа алдсан хүний тоо нь бидний анзаардаггүй гэм буруугийн улмаас хорвоог орхисон хүний тооноос хамаагүй бага гэж зохиолч тайлбарлажээ.

Дэлхий дээр терроризмын улмаас өнөөг хүртэл ердөө 25 мянган хүн амь үрэгдсэн байдаг бол зөвхөн автомашины ослоор л гэхэд жил бүр нийт 1.5 сая хүн буюу террорист халдлагыг хэд дахин нугалахаар олон хүн амиа алддаг байна. Цаашилбал, чихрийн шижингээр 3.5 сая хүн, агаарын бохирдлын улмаас долоон сая хүн нас барж байна.

Эдгээрийн хажууд терроризм нь том өрөөнд дүнгэнэх жижигхэн ялаатай адил зүйл. Үүгээр эрх баригчдад, терроризмд санаа зовж мөнгө хөрөнгө зарах бус яг одоо тулгамдаад буй асуудлаа олж харж, түүндээ санаа тавьсан нь дээр гэж зохиолч сургамжилжээ.

Бид террроситуудын хүсдэг зүйлийг буюу террорист халдлагаас маш ихээр айж байгаагаа ил гардаг нь буруу гэж тэр тодорхойлсон байна.

Сургамж 11: ДАЙН (хүмүүсийн мунхаглалыг дутуу үнэлэх хэрэггүй)

Хүн төрөлхтөн өмнө нь эд хөрөнгө, газар нутгаас болж дайн зарладаг байсан. Харин одоо бидний амьдарч буй нийгэмд тийм шалтгаанаар ямар ч дайн гарахгүй бөгөөд хоорондоо ямар нэг өөр зүйлээр өрсөлдөх ёстой болж байна.

Өөрөөр хэлбэл, бидний яг одоо амьдарч байгаа эрин зуун түүхэн дэх хамгийн энх тайван цаг хугацаа юм. Гэхдээ ямар ч дайн гарахгүй гэж тайвширч болохгүй.  Учир нь урьд өмнө болж байсан улс, орнуудын хоорондын цус урсгасан дайн, тулаан нь зүгээр л хүмүүсийн мунхаглалаас үүдэлтэй байсныг санах хэрэгтэй.

Тиймээс хүмүүсийн тэнэглэл, мунхаг байдлыг дутуу үнэлж болохгүйг Юваль Ноа Харари номынхоо энэ бүлэгт онцлоод даруу байх нь дайн тулаанаас холуур байх нэг арга болно гэж зөвлөсөн байна.

Сургамж 12: Даруу төлөв байдал чухал

Даруу төлөв байдлын талаар зохиолч энэ бүлэгт "Чи бол дэлхийн төв биш" хэмээн товч дүгнэсэн байна.

Хэрвээ бид өөрсдийгөө хэт дөвийлгөж, дэлхийн төв гэж бодохоо боливол дайн тулаан гэх зүйлээс хол байх болно гэж сургамжилжээ. Үүний нэг жишээ нь, зохиолч Юваль Ноа Харари өөрөө Израйль хүн боловч израйлчуудыг өөрсдийгөө хэт дөвийлгөж, дэлхийн төв гэж боддог хэмээн шүүмжилжээ. 

Дэлхий дээрх бүх хүн адилхан учир өөрсдийгөө онцгой гэж асуудалд хандах хэрэггүй.

Сургамж 13: Бурхангүй амьдрах боломж бий

Бурхны шашин нь хэдэн мянган жил хүмүүсийн хоорондын нийгмийн дэг журмыг зохицуулж ирсэн ч 21 дүгээр зуунд хувь хүн өөрөө хүсвэл шүтлэггүй амьдарч болно гэж зохиолч бичжээ. Зарим хүмүүс шашныг хүмүүсийг ёс зүйтэй байхад сургадаг гэцгээдэг.

Харин зохиолчийн хэлж буйгаар ёс зүй бол хүний төрөхөд хамт оршиж байдаг учир бурхны нэрийг цаг үргэлж дуудаад байх хэрэггүй гэж сургажээ. Ялангуяа 21 дүгээр зуунд харгис шашинд итгэх явдал нь хамгийн муу зүйл болох учраас шашингүй амьдрах бололцоо бий гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн байна.

Сургамж 14: Шашингүй нийгэмд ямар үнэт зүйл байх хэрэгтэй вэ?

21 дүгээр зуунд өөрийнхөө хүслийг боосон шашин, шүтлэг мухар сүсэггүй амьдрахад илүү таатай.

Ингэхийн тулд:

  • Итгэл үнэмшил гэхээс илүү үнэн бодит зүйлийг хайх хэрэгтэй.
  • Өөртөө болон бусдад төвөг учруулахгүйгээр асуудлыг шийдэх гарч олох хэрэгтэй.
  • Хүн нийгмийн амьтан учраас бусдын зовлон болох шийдвэр гаргахгүй байх
  • Эрх чөлөөг өөртөө би болгох хэрэгтэй бөгөөд өөрийнхөө мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөх зоригтой байх хэрэгтэй.

Түүнчлэн хүн бүр нийгмийнхээ төлөө үнэт зүйлээ хүлээн зөвшөөрч, аливаа асуудлыг бурхан шийднэ гэж хүлээж суухаа боливол илүү хариуцлагаа ухамсарладаг болно гэж тэмдэглэсэн байна.

Сургамж 15: Таны мэдлэг маш бага

Сүүлийн хэдэн арван жил лебириал үзэл суртлын үүднээс хувь хүнийг илүү ухаалаг сонголт хийж чадна гэж үздэг байсан. 

Гэхдээ сэтгэл судлаачид хүмүүс ухаалаг, тэгш байдлаар шийдвэр гаргадаггүй бөгөөд ихэнхдээ зөвхөн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадаг гэдгийг сүүлд ил болгосон. Тиймээс 21 дүгээр зуунд ухаалаг хувь хүн гэдэг ойлголт үгүй болно.

Хүмүүс хоорондоо мэдээлэл солилцож байж асар их мэдлэгийг бий болгодог учир энэ зуунд хувь хүн ганцаараа бүх салбарын зүйлийг мэддэг байх боломжгүй. Тиймээс хувь хүмүүс өөрийнхөө хэмжээнд маш бага мэдлэгтэйгээ санах нь чухал.

Сургамж 16: Шударга ёсны талаарх ойлголт

Сүүлийн 300 жил бидний амьдарч буй нийгэм маш нарийн төвөгтэй бөгөөд хэдэн мянган өгөгдлөөс шалтгаалдаг болсон.

Гэвч хүний тархи аливаа асуудлыг хялбаршуулж ойлгодог. Энэ нь шударга ёсны талаарх нарийн зүйлсийг ч хялбаршуулан буруу ойлгоход хүргэдэг хэмээн номд өгүүлсэн байна.

Сургамж 17: Худал мэдээлэл

Хүн анхны үүсэн бий болсноос хойш л худал мэдээлэл, худал домгууд оршин тогтносоор байсан.

Харин 21 дүгээр зуунд тэрхүү зохиомол худал мэдээллийг бус, түүнийг хүмүүст олноор нь тарааж буй явдлыг л таслах зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зууны хүмүүс худал мэдээллийг үнэн бодитой мэдээллээс л ялгаж сурах хэрэгтэй. Бид өдөр тутам авч буй мэдээлэлдээ илүү анхааралтай хандаж, шүүх тунгаах ёстой нь өөрсдийн маань үүрэг гэжээ.

Сургамж 18: Шинжлэх ухааны зөгнөл

Шинжлэх ухааны зөгнөлт бүтээлүүд 20 дугаар зуунаас гарч ирсэн. Шинжлэх ухааны зөгнөлт уран бүтээлээр хүмүүс ташаа мэдээлэл авах гээд байдаг нь хиймэл оюун ухаант машин болон хүн төрөлхтний хооронд дайн болж байгаагаар дүрсэлдэг.

Гэвч бодит байдал дээр роботууд бус хиймэл оюун ухааныг сайн ашиглаж чадах цөөн хэдэн хүн эрх мэдэлтэй болоход санаархах явдал юм. Өөрөөр хэлбэл, ямар нэг робот биш зүгээр л мэдээллийн эрх мэдэлтэй болон мэдээллээ ашиглуулсан хүмүүс хоорондоо сөргөлдөх нь 21 дүгээр зуунд хамгийн том эрсдлийг бий болгоно гэжээ.

Сургамж 19: Энэ зууны хамгийн чухал боловсрол

Энэ цаг үеийн хүмүүс ирээдүйд хүүхдэдээ юуг сургаж, ямар боловсрол эзэмшүүлэх вэ гэдэгт илүү анхаарлаа хандуулдаг болсон. Учир нь 20 дугаар зуунд мэдээллийг зөвхөн цацах зорилгоор багш нар зааж сургадаг байсан. Харин одоо цагт мэдээлэл гэх зүйлээр дэлхий хэтэрхий бялуурч байна.

Тэгвэл ийм үед хүүхдээ зөвхөн шүүмжлэх чадвар, багаар ажиллах чадвар, уран сэтгэмжийн чадварт л сургах хэрэгтэй гэж зохиолч сургамжилжээ. Тэрбээр "Хамгийн гол нь хүүхдэдээ өөрийгөө хянах, ойлгож чадварт сургах хэрэгтэй.  Учир нь 21 дүгээр зуунд дэлхий ертөнц асар хурдацтай хөгжиж, өөр нийгэмд шилжиж байна. Ийм үед хүн өөрийгөө хэн болох, юу хүсэж байгаагаа мэдэх нь хамгаас чухал" хэмээн тэмдэглэсэн байна.

Түүнчлэн 21 дүгээр зууны хүүхдүүдэд өөрсдөөсөө том хүмүүс буюу шинэ зуунд хэрхэн амьдрах учраа олоогүй 20 дугаар зууны  хүмүүст найдах хэрэггүй гэдгийг сануулах хэрэгтэй гэжээ.

Сургамж 20: Амьдралын утга учир

Зохиолч шашныг үгүйсгэх хандлагатай хүн учраас 20 дахь сургамжид шашин гэдэг бол хүмүүсийн өөрсдийн бодож олсон зүйл гэж тайлбарласан байна. Тиймээс орчин үеийн нийгэмд өөрийнхөө зохиосон түүхэд өөрөө итгээд явах хэрэггүй. Чиний амьдрал түүх болж үлдэх албагүй. Өөрийнхөө амьдралын утга учрыг зөвхөн өөрийнхөө дотроос хайх хэрэгтэй гэжээ.

Сургамж 21: Бясалгал

Орчин үеийн нийгэмд амьдрахын тулд дээр дурдсанчлан хүн өөрийгөө ойлгох нь чухал.

Харин ингэхийн тулд бясалгал хийх хэрэгтэй гэж Юваль Ноа Харари зөвлөжээ. Энэ тухай "Бясалгал гэдэг нь хүмүүсийн төсөөлдөг шиг ой модонд, хоол идэхгүй суугаад байх зүйл огтхон биш. Бид өөрийнхөө амьдралынхаа утга учрыг хэтэрхий томоор харж, нийгэмд өөрийгөө ямар байр суурьтай хүн болохоо боддог ч жижигхэн зүйлүүдийг анзаарахгүй орхидог. Тухайлбал, бид өдөр бүр өөрийг чинь амьдруулж байдаг амьсгалын системээ хэрхэн ажиллаж байгааг анзаарахыг хүсдэггүй.

Тэгвэл бясалгал өөрийн амьсгал дээрээ төвлөрөхөөс л эхэлдэг" хэмээн номд тайлбарласан байна.

Хүмүүс амьсгал дээрээ таван секунд ч төвлөрч чадахгүй өөр зүйлийн талаар боддог байна. Үүгээр зохиолч шинжлэх ухаанчид ч гэсэн бясалгал гэх ухагдахууныг судлах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн бөгөөд 21 дүгээр зууны хүмүүс өөрийгөө дотроосоо ойлгож, асуудалд хандах нь хамгийн чухал гэсэн санааг дэвшүүлсэн байна.

ВИДЕО: