-Цуврал 3-
Угсармал орон сууцыг иж бүрэн дулаалах төслийн талаар мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа.
Төслийн багийнхан угсармал орон сууцанд амьдарч буй 3,000 өрхөөс "Угсармал орон сууцны шинэчлэл" төсөлд хамрагдах сонирхолтой эсэх болон орон сууцных нь нөхцөл байдлын талаар судалгааг авжээ.
Тэгвэл угсармал орон сууцыг олон улсын стандартын дагуу иж бүрэн дулаалснаар тухайн барилгын дулааны хэрэглээ 30-55 хувиар буурах боломжтой юм байна.
Герман, Их Британийн Засгийн газрууд хамтран хүлэмжийн хийг бууруулах зорилготойгоор 2012 онд санаачилсан "НАМА Фасилити" байгууллагаас 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахад нэг алхам ойртоод буй "Угсармал орон сууцны шинэчлэл төсөл"-ийн хоёр дахь шатны шалгаруулалтын хариу энэ намар гарна.
Санхүүжүүлэгч байгууллагын зүгээс хөгжиж буй орнуудын Засгийн газруудаас шалгарсан, уур амьсгалын нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслүүдэд санхүүжилт олгоно. Ингэхдээ төслийг иргэд дэмжиж байгаа эсэх болон төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний бодитой хэмнэлт гарах, цаашлаад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үр дүнд голлон анхаарах юм байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /ДДНХБ/, ИКЛЭЙ-Тогтвортой Хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргааны Зүүн Азийн газар болон бусад талууд хамтран төслийн бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байгаа. Төсөл хоёр дахь шатны шалгаруулалтад тэнцэж, санхүүжилт авсан тохиолдолд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ төслийг гардан хэрэгжүүлэх юм.
Төслийг гардан хэрэгжүүлэх багийн зөвлөх Торгэ Кетелходт "18 сая еврогийн буцалтгүй тусламж гэдэг бол маш том боломж. Уг тусламжийг авахад их ойрхон байгааг хэлэхэд таатай байна. 51 орны 51 төслөөс таван төсөл шалгаруулахад багтаж үлдээд, дараагийн шатны шалгаруулалт явж байгаа энэ үед төслөө маш сайн бэлтгээд 2021 оны нэгдүгээр улирал гэхэд санхүүжилтээ авахын тулд ажиллаж байгаа.
Санхүүжилт авахын тулд төсөлд оролцогч талуудын оролцоо маш чухал. Төслийн боловсруулагч Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба маш сайн манлайлал үзүүлж, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо идэвхтэйгээр оролцож байна.
"НАМА Фасилити" байгууллагын гол зорилго нь хүлэмжийн хийг бууруулах.
"НАМА Фасилити" байгууллагын гол зорилго нь хүлэмжийн хийг бууруулах бөгөөд тэдний хувьд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод хэрэгжих төсөл гэдэг утгаараа мөн маш сонирхолтой.
Хүйтнээс гадна барилгын насжилт өндөр байгаа нь иж бүрэн дулаалах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Угсармал орон сууцууд баригдсанаас хойш цөөн хэд нь шинэчлэгдсэн. Тиймээс энэ төсөл хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд 1960, 1970-аад онуудад баригдсан угсармал барилгуудад амьдарч буй иргэдэд хүндрэл учирч эхлэх болоод байгаа. Ялангуяа өвлийн улиралд хүйтнээс гадна, хананд цана цохиж, мөөгөнцөр үүсэж байгаа нь ойрын хэдэн жилдээ ашиглалтаас гаргах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн барилгын эрчим хүчний салбарт дагнан ажилладаг. Барилгын эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр маш олон төслүүд хэрэгжүүлж байгаа учраас хэрвээ санхүүжилт батлагдсан тохиолдолд энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн ярилаа.
Мөн тэрбээр "Угсармал орон сууцны шинэчлэл" төсөл хэрэгжсэнээр орон сууцны зах зээлийн үнэ цэнэ 15-20 хувиар өсөх, барилгын үзэмж, харагдах байдал сайжрах, барилгын насжилтыг хамгийн багадаа 50 жилээр уртсах, тав тухтай, дулаахан орчих бүрдсэнээр өрхийн амьдралын чанар сайжрах давуу талууд бий болно гэдгийг тодотгон хэлж байв.
Дулаалсан барилгууд:
Мөн шинэчлэлийн ажилд шинээр 4,000 гаруй хүний ажлын байр бий болох юм байна.
ВИДЕО ТАНИЛЦУУЛГА:
Зүүн Европын Польш, Украин, Словак, Армен зэрэг улс угсармал орон сууцуудаа дээрх жишгээр иж бүрэн дулаалсан бөгөөд Герман улсад гэхэд дулаалгын ажил 10-аад жил үргэлжилжээ.
Төслийн явцын талаар цаг алдалгүй мэдээлэл авч байхыг хүсвэл Та энд даран дагаж болно.
Уг төслийн бэлтгэл ажил, олон нийтээс судалгаа авах зэрэг ажлууд урьдаас төлөвлөсөн хуваарийн дагуу хийгдэж буй нь сонгуулийн сурталчилгааны цаг үетэй таарсан бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй төсөл учир сонгууль, аль нэг намын мөрийн хөтөлбөрт хамааралгүй гэдгийг төслийн багийнхан онцолж байв.