Зураг
Зураг
Индэр    
2020 оны 6 сарын 9

Сонгуулийн сурталчилгаа мөнгөний сүлжээн дээр бус итгэл үнэмшил дээр явагдах ёстой

Зураг
www.newtimes.co.rw

2020 оны тавдугаар сард хийсэн Сонгуулийн оролцоо, зан үйлийн судалгаанд оролцогчдын хамгийн их буюу 53.5 хувь нь сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хэнд санал өгөх сонголтоо хийдэг гэсэн хариултаас харахад сонгуулийн кампанит ажил чухал гэдэг нь харагдаж байна.

График 1, Та өмнөх сонгуулиар аль нэр дэвшигчийг сонгож саналаа өгөх сонголтоо хэзээ эцэслэн шийдсэн бэ?

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1 дүгээр зүйлд “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх зэрэг үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн заажээ.

Гэтэл өнөөдөр сонгуулийн кампанит ажил эхлээд хэдхэн хонож байхад иргэдийн дунд аль нэг мөнгөтэй намын, нэр дэвшигчийн “сонгуулийн сурталчилгаа”-нд ажиллах марафон өрнөөд байна.

Өмнөх сонгуулиудын үеийн санал худалдан авах мөнгө тараалт нь энэ удаа сонгуулийн сурталчилгаанд ажиллуулах нэртэй далд хэлбэрт шилжжээ. Иргэдийн амьдралын түвшин доогуур тэр тусмаа коронагийн үеийн орлогын хомсдолд орсон байдал нь иргэд сонгогчдыг олноороо сонгуульд ажиллаж амьжиргааны тав, арван төгрөг олох хэрэгцээнд хөтөлчихлөө. Үүнээс харахад иргэдийн “ойрын” зовлон нь улс орны холын зорилгыг нь үгүйсгэж байна гэж үзэж болохоор байна.

Өмнөх УИХ-ын сонгуульд сонгогчид “Нам, нэр дэвшигчийн зүгээс өгсөн ашигтай санал болон мөнгөн урамшуулал зэргийг харгалзан сонголтоо хийсэн" гэсэн бол ямар шалгуураар санал өгсөн байдлыг авч үзвэл “Сонгуулийн сурталчилгаанд ажиллаж, цалин авсан учраас” гэдэг хариулт хамгийн өндөр буюу 26.8 хувийг эзэлж байна.

График 2, Нам, нэр дэвшигчийн зүгээс өгсөн ашигтай санал болон мөнгөн урамшуулал зэргийг харгалзан сонголтоо хийсэн бол ямар шалгуураар

Бидний судалгааны үр дүнгээс харвал “Таны хувьд 2020 оны сонгуульд аль шалгуурыг чухалчилж саналаа өгөх вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 18 хувь нь “Бэлэг сэлт, мөнгөн урамшуулал бусад адилтгах зүйл өгөх” гэдэг хариултыг маш чухал, чухал гэж үзсэн нь дээрх хариултуудыг давхар нотолж байна. Ямар нэгэн байдлаар үүрэг хүлээх байдалд орж, мөнгө болон адилтгах зүйлийн нөлөөлөлд автаж сонголтоо хийдэг нь Монгол хүний нэрэлхүү зан, хариу барих сэтгэлгээтэй холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл, аяганы хариу өдөртөө гэдэгтэй утга нэг.

Ер нь бусад улс орны туршлагаас үзэхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллах ажилтан, ухуулагч, иргэдийн дийлэнхийнх нь үйл ажиллагаа сайн дурынх байдаг. Тухайн нэр дэвшигчтэй үзэл бодол байр суурь нэгдэж, түүнийг нь дэмжиж байгаа бол сурталчилгаанд нь ямар нэгэн цалин хөлс авахгүйгээр сайн дураараа ажилладаг байна.

Бидний дараагийн хөндөх асуудал бол цахим орчин дахь иргэдийн улс төрийн оролцоо, соёлтой холбоотой асуудал юм.

Сонгууль бол процесс. Улс төрийн сонгуулийн үед иргэд ямар үнэт зүйл дээр нэгдэж, ямар зан үйлийг дэмжих эсвэл дэмжихгүй байх, улс орны тулгамдсан асуудал, хөгжлийн шийдэл гэх мэт олон асуудлаар үндэсний хэмжээнд “хэлэлцүүлэг” явагдаж улс төрийн соёлын төлөвшил явагдаж байдаг. Энэ нь гэр бүлийн орчин, байгууллага, бусад бүлгийн хэмжээнд ялангуяа хамгийн өргөн хүрээтэй сошиал орчинд явагдаж байна. Тиймээс сошиал орчин нь мэдээлэл түгээх, мэдээлэл авах, солилцох хамгийн хүртээмжтэй талбар учраас улс төрийн нам, нэр дэвшигчид өөрсдийн хүмүүсийг ТРОЛЛ (Цахим хуудсуудын мэдээ, нийтлэлд захиалгатайгаар сэтгэгдэл бичдэг хөлсний хүмүүсийг троллчид гэдэг) байдлаар байршуулсан бөгөөд мөн ВЕНАТОР (Цахим орчинд илэрч буй улс төрийн үйл явцад мониторинг, манипуляци хийх чадвартай захиалгаар нийтлэл бичдэг хөлсний  хүмүүсийг венатор гэдэг) хүч нэмэн мөнгөний сүлжээ үүсгэн ажиллаж байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа нь цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон үед болж байгаагаас цахим орчинд түлхүү явагдаж байгаа бөгөөд иргэд сонгогчид зөвхөн өөрийн итгэл үнэмшлээрээ үзэл бодол, байр сууриа илэрхийлж байгааг энд хөндөөгүй болно.

Зөвхөн  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.2.7-д заасан “Цахим орчин ашиглах” гэсэн заалтыг овжноор ашиглаж, улс төрийн сонгуультай холбоотой сошиал дахь мэдээллийн дийлэнхийг зохион байгуулалттайгаар илүү зохиомол, тавилттай, хийсвэр мэдээ, мэдээлэл бүхий контентоор бүрдүүлж нийгмийн сүлжээнд  дээр дурьдсанчлан эрүүл хэлэлцүүлэг өрнөх боломжийг үгүй хийж байгаа нь харамсалтай. Иймэрхүү тавилттай мэдээллийн гол хэрэглэгчид нь ахмад, дунд үеийнхэн түүнийг гүйцэтгэж байгаа хүмүүс нь өөрсдөө ч мэдэхгүйгээр залуучууд болж байгаа нь эмгэнэл юм.

Энэ мэт иргэд сонгогчдын сонголтод нөлөөлөх зорилгоор өрсөлдөгчөө үгүйсгэх, өөрсдийгөө магтуулах ажлыг зохион байгуулалттай хийж байгаа байдал нь өөрөө цаана аа ямар үр дагавартай вэ?

  1. Цалин аваад ажиллаж буй иргэд тухайн ажиллаж буй нэр дэвшигчийнхээ нөлөөлөлд орж итгэл үнэмшлийнхээ дагуу сонголт хийх боломж багасаж ирж байна.
     
  2. Хэн нэгнийг зохиомлоор үгүйсгэх, зохиомлоор магтах ажлыг зөвхөн мөнгө төлснийх нь төлөө хийж байна гэдэг хувь хүний ёс суртахууны үнэт байдлыг нухчин дарж байгаа процесс болж байгаа юм.

Энэ утгаараа сонголт нь сонгуульд оролцож буй цөөнгүй иргэний хувьд хүний өөрийн итгэл үнэмшлийн дагуу гаргасан шийдвэр гэхээсээ ахуйн хэрэгцээгээ хангах гэсэн хамжлагдсан иргэний үйл байдлыг харуулж байна. Судалгаанд оролцогсод тэр тусмаа залуучууд улс төрийн намууд болон өөрийн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг  нийгмийн суурь асуудлуудаар ямар бодлого баримталж, ямар шийдэлтэй байгаа талаар дийлэнх олонх нь мэдэхгүй буюу сайн мэдэхгүй байгааг харж болно.

График 3, Улстөрийн намууд болон өөрийн тойрогт нэр дэвшигчдийг нийгмийн суурь асуудлаар ямар үзэл баримтлал, бодлого барьж байгаа талаар мэддэг үү (Боловсрол, Нийгмийн хамгаалал, Ажлын байр, Эрүүл мэнд, Байгаль орчин, Аюулгүй байдао)

Тэгсэн мөртлөө Монголчууд “улсаараа” сонгуульд ажиллаж байдаг.

Гэхдээ мөнгөн дээр суурилсан сүлжээ үүсгэх замаар сонгуульд оролцож буй нэр дэвшигчдийн төлөө ихэнх нь ажиллаж, гэр бүл, найз нөхөд хамаарал бүхий хүмүүсээ татан оролцуулж, олзлон дайчилж нэр дэвшигчийгээ дэмжүүлэхээр улайрдаг хар практик байсаар ирсэн бөгөөд энэ удаа ч үргэлжилж буй дүр зураг харагдаж байгаа юм.

Энд хөндөх чухал асуудал бол сошиал орчинд ажиллаж буй троллуудын дийлэнх нь залуучууд байгаа бөгөөд зөвхөн ялж л байвал яахаас ч буцахгүй болсон, улс төрчид гэсэн нэр зүүсэн увайгүй нэр дэвшигчид тэдэнд өөрсдийн бохир улс төрийг тулгаж, залуу үеийн ёс суртахууны төлөвшлийг мөнгөөр удирдаж, улс төрийн нийгэмшилд нь маш ноцтой нөлөөлөл үзүүлж байгаа байдал юм. Ийм зан үйл нь ёс суртахууны байх ёстой хэм хэмжээ юм шиг нутагшиж, хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаа нь цаашдаа асар хортой үр дагавартай. Хүн зөвхөн улс төрийн сонголт хийдэггүй, бидний амьдрал өөрсдийн маань сонгосон маш олон сонголтуудын нийлбэр байдаг. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдээ “хамгаалж”, тэднийг өөрсдийнхөө  ирээдүйн төлөө, итгэл үнэмшлийн дагуу сонголт хийх эрх чөлөө олгох хэрэгтэй. Мөн сонгогчдын дунд газар авсан дараах ташаа ойлголтуудыг мэдэхэд илүүдэхгүй. Тухайлбал,

  • Камер ажиллаж байгаа, ажиглагч харж байгаа, орсон дарааллаар чинь хэнд саналаа өгснийг чинь мэднэ гэх мэтээр сонгогчдыг төөрөгдүүлдэг.
     
  • Иргэд, сонгогчдыг мэдээлэл багатайгаар нь далимдуулж багаар нь дэмжээрэй, тэгэхгүй бол таны санал хүчингүй болно гэж тархийг нь угаадаг.
     
  • Регистрийн дугаарыг чинь авсан учраас тэрүүгээр чинь хэнд санал өгснийг чинь мэдэж болдог гэх мэтээр хууран мэхэлж, саналыг нь худалдан авдаг.

Иймд сонгуульд оролцохдоо хэний ч дарамт шахалт, нөлөөнд авталгүйгээр саналаа чөлөөтэй илэрхийлж, зөвхөн өөрийн ухамсартай үйл ажиллагаагаар бие дааж саналаа нууцаар илэрхийлэх боломж СОНГОГЧ ТАНД бий учраас хэдийгээр өмнө нь мөнгө аваад тэр хүнийхээ төлөө саналаа өгдөг байсан бол одоо та харин ямар ч тохиолдолд итгэл үнэмшлээрээ саналаа өгөөрэй. Мөн энэхүү иргэдийн итгэл үнэмшил, үзэл бодол дээр бус, мөнгөн дээр суурилсан сүлжээг ёс суртахуунтай, шударга хүн санаачлан зохион байгуулж хийх эсэхийг дүгнэх орон зайг танд үлдээе.

Ер нь сонгууль бол сонгуульд оролцож буй улс төрчид, нам, эсвлийн хувьд улс орноо ирээдүйд хамгийн сайнаар хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн мөрийн хөтөлбөр, хөгжлийн гарц, шинэ санаануудын өрсөлдөөн бөгөөд түүгээрээ сонгогчдыг татахын төлөө ажиллах ёстой болохоос амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүйгээс сонгогчдын итгэлийг алдсан хэрнээ тэдний саналыг ил далд аргаар худалдан авахын төлөөх уралдаан байж болохгүй.

Дүгнээд үзэхэд иргэдийн өөрсдийнх нь хүсэн хүлээсэн ёс суртахуунтай, шударга, мэдлэг чадвар өндөр, тулгамдсан асуудлын шийдлийг нийтийн эрх ашгийн төлөө оновчтой гаргаж, хэрэгжүүлж чадах улс төрч сонгогдох магадлал нь сонгогчдын  өөрсдийнх нь оролцоотойгоор бий болсон мөнгөн дээр суурилсан сүлжээнийх нь улмаас мөрөөдөл хэвээр үлдэх магадлал өндөр болж ирлээ.

Тиймээс сонгуулийн үр дүнд сонгогч таны ганц санал нөлөөлөх нь хувь хүн талаасаа өчүүхэн мэт боловч нэг удаагийн сонголтын нийлбэр ирэх дөрвөн жилийн цаашилбал бидний ирээдүй, улс орны хувь заяаг тодорхойлно гэдгийг санаж, сэрж ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОЛТ хийгээрэй хэмээн уриалж байна.

 

Өгүүллийг:

  •  Судлаач, доктор Д.Одмаа
  •  Судлаач, магистр Б.Янжмаа

Нийтлэлчдийн өмнөх өгүүллийг ЭНД дарж уншина уу.