Индэр    
2020 оны 6 сарын 8
Зураг
Эдийн засагч, шинжээч

Намуудын “ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨР” бодитой юу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөрийг уншиж суув.

  • Өсгөнө, үржүүлнэ.
  • Өгнө, төлнө.
  • Нэмнэ, олгоно.
  • Болгоно, бүтээнэ.

Эдгээр үйл үгнүүд хамгийн ихээр давтагдаж байв. Ихэнх дэд хөтөлбөр нь эдгээр үйл үгээр илэрхийлэгдэхдээ тоо статистик төдийлөн дурдаагүй. Жишээ нь, Төрийн албан хаагчдын цалинг өсгөнө. Ямар ч тоо дурдаагүй учир +0.1%, +1% гэх мэт 0-с их бол өссөн л гэж ойлгогдоно. 

Тоо хэсэг дурдсан нь судалгаан дээр суурилсан гэхээс илүүтэй бидний сонсохыг, хүрэхийг хүссэн тоонууд мэт харагдана. Ядуурлыг 2 дахин бууруулах, орлогыг 2 дахин өсгөх гэх мэт... Бид яагаад эдгээр тоог өөрчлөгдөхийг ингэж ихээр хүсдэг болов? Учир нь 10, 20, 30 жил хичээгээд чадаагүй эсвэл хангалттай өөрчлөгдөөгүй болохоор тэр. Гэтэл 10, 20 жилд хийж чадаагүй зүйлээ 4 жилд багтааж чадна гэх.

Мөрийн хөтөлбөрийн суур нь тоон мэдээлэл, судалгаа байж гэмээнэ ажил хэрэг болж, амьдрал дээр бууна. Тиймээс 2 намын хөтөлбөрөөс тоо мэдээлэл дурдсан үзүүлэлтэд хүрэх боломжтой эсэхийг харцгаая(Зах зээлийн бус, гажууд үйлдэл хийхгүй нөхцөлд).

1. Иргэдийн орлогыг 2 дахин нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна. 

Монгол Улсын ядуурлын түвшин 2000 онд 36.1 хувь байсан. Энэ тоо сүүлийн 15 жилийн хугацаанд ердөө 8 пунктээр л буурчээ. Харин 4 жилд багтаан 2 дахин бууруулж чадах уу? БОЛОМЖ ТУН БАГА. Харин нэг хүнд ногдох орлого сүүлийн 20 жилд 4 дахин л өссөн байна. Хамгийн гол өсөлт нь Оюутолгой, Тавантолгой гэх мэт мега төсөлтэй холбогдоно. Хэрвээ нэг хүнд ногдох орлогыг 2 дахин өсгөх гэж байгаа бол бидэнд мега төсөл л хэрэгтэй. Ийм төсөл үр ашгаа өгтөл 4 жилд нөлөө нь харагдахгүй. Тиймээс БОЛОМЖ ТУН БАГА. 

 

2000-2010 оны дундаж

2011-2019 оны дундаж

МАН-ын 4 жилийн зорилтот түвшин

АН-ын 4 жилийн зорилтот түвшин

Ядуурлын түвшин

36.8%

28.1%

14.2%

 

Нэг хүнд ногдох орлого

1,225 $

4,000 $

 

8,000 $

2. Зээлийн хүүг бууруулна. 

2019 онд зээлийн хүүгийн түвшин 17 хувьтай байна. Сүүлийн 19 жилийн хугацаанд дунджаар 10 пунктээр л буурчээ. Логикоор бол намуудын амласан түвшинд хүрч бууруулахад бидэнд дор хаяж 15 жил хэрэгтэй. Учир нь зээлийн хүү дан ганц өөрөөсөө үл хамаарна. Манайд инфляц тогтворгүй, дагаад хадгаламжийн хүү ч өндөр байдаг. Дөрвөн жилд багтаан бууруулж чадах уу? БОЛОМЖ ТУН БАГА.

 

2000-2010 оны дундаж

2011-2019 оны дундаж

МАН-ын 4 жилийн зорилтот түвшин

АН-ын 4 жилийн зорилтот түвшин

Зээлийн хүү

28.6%

18.6%

12%

<10%

Хадгаламжийн хүү

13.5%

11.9%

 

 

Инфляц

9.6%

7.6%

 

 

3. Жуулчдын тоог 1 саяд хүргэнэ.  

Сүүлийн 20 жилийн дунджаар 300-400 мянган жуулчдаас хэтэрч чадаагүй нь манай аялал жуулчлалын салбарын хүчин чадалтай холбоотой. Түүнчлэн цар тахалтай холбоотой ирэх жилүүдийн аялал жуулчлал төдийлөн өсөхгүй. Тиймээс ирэх 4 жилийн хугацаанд 1 сая жуулчин хүлээж авах бол хүчин чадлаа л нэмэх ёстой. БОЛОМЖ БИЙ. 

 

2000-2010 оны дундаж

2011-2019 оны дундаж

МАН-ын 4 жилийн зорилтот түвшин

Жуулчдын тоо

325,567

457,028

1,000,000

4. Ажлын байр шинээр бий болгоно.  

Монгол Улс 3.2 сая хүн амтай. Түүнээс 1.2 сая нь ажиллах хүчин. Доорх хүснэгтийг харвал сүүлийн 10 жилд ажиллах хүч 200 мянгаар нэмэгджээ. Харин ийм богино хугацаанд 100, 150 мянгаар ажлын байрыг нэмж чадах уу? БОЛОМЖ ТУН БАГА.

 

2000-2010 оны дундаж

2011-2019 оны дундаж

МАН-ын 4 жилийн зорилтот түвшин

АН-ын 4 жилийн зорилтот түвшин

Ажиллах хүч, мянга

1,000

1,200

+150 мянга ажлын байр

+100 мянга ажлын байр

5. Худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ.  

Худалдааны эргэлтийг амласан хэмжээнд хүргэхийн тулд Оюутолгой шиг томоохон төсөл эхлүүлэх шаардлагатай. Тодруулбал, худалдааны эргэлт 2009-2010 оны дунджаар 2.9 тэрбум ам.доллар байсан бол 2011-2019 оны дунджаар 10.8 тэрбум ам.долларт хүрчээ(Оюутолгой, Тавантолгойн нөлөө). Магадгүй мега төсөлгүйгээр ирэх 4 жилд боломжтой юу? БОЛОМЖ ТУН БАГА.

 

2000-2010 оны дундаж

2011-2019 оны дундаж

МАН-ын 4 жилийн зорилтот түвшин

АН-ын 4 жилийн зорилтот түвшин

Худалдааны эргэлт, тэрбум ам.доллар

2.9

10.8

20.0

 

Экспорт, тэрбум ам.доллар

1.4

5.5

 

19.6

6. Махны экспортын хэмжээг 150 мянган тоннд хүргэж нэмэгдүүлнэ.  

2016 оноос хойш манай улс малын махны экспортыг дэмжиж эхэлсэн. Улмаар 41 мянган тонн мах экспортод гарсан ч дотооддоо махны үнийн өсөлтийг дийлж чадаагүй. Махны үнэ тэнгэрт хадаж, тагнуулынхан хүртэл махны зоорийг нэгжиж байсан удаатай. Дотоодын үйлдвэрээ ч хангаж чадахгүй байхад 4 жилийн хугацаанд махны экспортоо 4 дахин нэмж чадах уу? Тиймээс дотоодын үйлдвэрлэлийн асуудлаа сайн шийдэх нь зүйн хэрэг. БОЛОМЖ БИЙ.

 

2010

2018

МАН-ын 4 жилийн зорилтот түвшин

Махны экспорт, мянган тонн

28,990

41,018

150,000

МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЦӨМ БОЛСОН ХАЛАМЖ

Сүүлийн жилүүдэд ХАЛАМЖ, БЭЛЭН МӨНГӨ-ний амлалтууд утга, агуулгаа алдсан. Энэ нь дээр дурдсан хүслийн тооноос илүү хор уршигтай. Эргэн санахад, халамж амласан уралдаан 2006 онд хүүхдийн 10 мянгаас эхэлж, 2016 онд 22 их наяд төгрөгийн (Монголын баялгийн 74 хувь) гадаад өрөөр дууссан байдаг. Халамж, бэлэн мөнгө тараалт байгаа оносон нь ч бага байсан. Энэ уралдаан цаашид үргэлжлэх боломжгүй. Учир нь бид өрөнд ортлоо халамжийн амлалт өгсөн шүү дээ. Ирэх онуудад гадаад өрийн дарамт өндөр. Одоо байгаа халамжаа бууруулна л гэхээс биш өсгөх боломж үгүй.

ДҮГНЭХЭД:

Энэ удаагийн тоон зорилт тавьсан мөрийн хөтөлбөрүүд мөн л бодит бус болох нь харагдана. Учир нь 4 жилийн дараа хөтөлбөрийн ҮР ДҮНГ нь эргэн харж, улмаар дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготойгоо нийцүүлэх нь зүйтэй. Тиймээс сонгогчдын сонсохыг хүссэн тоогоор хөтөлбөрөө дүүргэх бус бодит байдалд нийцтэй, хэрэгжих боломжтой, хөгжлийн бодлогод нийцсэн тоог гаргаж тавих нь ӨӨРСДИЙГӨӨ ХӨГЖИЛ ГЭХ ҮГЭЭР ХАЛХЛАН УХРААХГҮЙ байхад нэн тустай.