Индэр    
2020 оны 6 сарын 8
Зураг
2020 оны сонгууль ЗАЛУУСЫН ГАРТ

OYUREDY: МОНГОЛД ЗАЛУУЧУУДЫН ЭРИН ҮЕ ЭХЭЛЛЭЭ

Зураг

- "2020 оны сонгууль залуусын гарт" -

OYUREDY болон iKon.mn хамтран залуусын сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх цуврал нийтлэлүүдийг хүргэж байна. 

Энэ удаад залуусын дуу хоолойг хүргэе.

Сонгуулийг 5 асуулттай тест шиг өнгөцхөн харж аргацааж өнгөрөөхгүй байгаасай

 

168:

Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын олонх нь залуучууд, “залуучуудын улс орон” гэсэн “сүртэй гоё” статистик тоон мэдээлэл байдаг боловч яг цагаа тулахаар залуучууд нь 70 сая малтайгаа ижил сүрэг хонь шиг л байдаг.

Залуучууд бидэнд маш олон асуудал өдөр тутамдаа тулгарч байгаа ч надад л тохиолдоогүй бол хамаагүй гэж боддог учраас ядахнаа л үзэл бодлоо илэрхийлдэггүй, дуу хоолойгоо хүргэхгүй ирснээр өнөөгийн асуудалтай нийгмийг бүтээсэн. Үүний төлөөсийг залуучууд бид өөрсдийн эрх, эрх чөлөө, ирээдүй гээд үнэт зүйлсээрээ төлж байгааг ойлгох хэрэгтэй. Залуучууд бид энэ хэвээрээ байвал бидний тоо 5 сая байсан ч 5 гүзээтэй хөгшин ах гарч ирэхэд бид хэн ч биш байсаар байх болно. Миний хувьд залуу хүн мөн л юм бол нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө дугарч, тэмцэх ёстой гэж үздэг. Тиймээс одоо л бид ирээдүйгээ гартаа авч, өөрчлөлтийг авчрах хэрэгтэй. Одооноос залуучууд энэ улсын ирээдүй нь чи болон би – бид шүү гэдгийг ойлгоод ядахнаа л сонгуулийг 5 асуулттай тест шиг өнгөцхөн харж аргацааж өнгөрөөхгүй байгаасай гэж хүсч байна.

Зорьсон зорилгодоо тууштай байж, аливаа зүйлийн эцсийн үр дүнг үзэх хүртлээ тэмцэх нь өөрөө амжилт юм

 

KAI:

Саяхан юм шиг л санаж байна, 18 хүрчихээд анхны сонгуулиа өгөөд их л догдолж, улс орныхоо өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, шийдвэр гаргах цаг ирсэнд бахдаж явлаа.

Одоо эргээд харахад нэр дэвшигчдийг ямарваа нэгэн шалгуураар шүүж, өөрийн зүгээс судлалгүй эмээ, өвөөгийхөө тушаалаар л өгчихсөн нь харамсмаар тэнэг үйлдэл байжээ гэж бодох үе бий. Үүнтэй адил яг одоо л сонгуульд санал өгөх насан дээрээ ирж байгаа залуустаа хандаж хэлэхэд хэзээ ч битгий “миний саналаар дутав л гэж дээ, надтай надгүй болно” гэж хандаарай. Яг энэ агшинд чамтай адилхан бодолтой мянга мянган залуус орон даяар ижил шийдвэр гаргаж байдаг. Үнэндээ хамгийн өндөр ач холбогдол, нөлөөтэй санал нь чиний, миний санал байдаг. Залуустаа хандаж хэлэхэд, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нэгэн зорилгын дор нэгдэж, боломжийг бүрэн ашиглаж зөв бүхний төлөө, эерэг бүхний төлөө тэмцээсэй гэж хүсч байна. Гагцхүү зорьсон зорилгодоо тууштай байж, аливаа зүйлийн эцсийн үр дүнг үзэх хүртлээ тэмцэх нь өөрөө амжилт юм шүү.

Нийгэмд гарч буй зөв өөрчлөлтүүдээс харахад залуучууд л нэгдэж нийлснээр эхэлсэн байдаг

 

Б.БАТЖИН:

Бид хэн ч бай, хаана ч бай өөрсдийн хамаарагдаж буй газраа үргэлж сайжруулж, хөгжүүлж байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Олон улсад болж байгаа нийгэмд гарч буй зөв өөрчлөлтүүдээс харахад залуучууд л нэгдэж нийлснээр эхэлсэн байдгийг бид сайн мэдэж байгаа. Тэгэхээр залуучууд нэгдэж нийлэх гэдэг ойлголт нь ямар чухал вэ гэдгийг үүнээс харж болохоор байна.

Бид 20 жил Монгол Улсыг өөрчлөгдөнө гэж хүлээж бусдад найдсаар 2020 оныг хүргэсэн болохоор энийг уншиж байгаа залуу хүн таны оролцоо маш чухал гэдгийг ойлгоорой.

Бид сонгуульдаа идэвхгүй оролцвол хамгийн муу нэр дэвшигчид саналаа өгч байгаатай ижил

 

Ц.ЭНГҮҮН:

Төрдөө дуу хоолойгоо хүргэдэггүй залуучуудтай улсыг ер нь л мөхсөнд тооцох хэрэгтэй.

Нөгөө талаар сонгуульд саналаа өгөх гэдэг бол иргэд нь улсынхаа хөгжилд гар бие оролцох чухал боломж юм. Хэдий залуус бид өөр өөр салбарт өөрсдийн хүсэл зорилго, эрмэлзлээр тус тусын замаар явж байгаа ч энэ л улсынхаа ирээдүй нь болох болохоор нийгэмд дуу хоолойгоо хүргэж хамтдаа зогсох хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Нөгөө талаар залуучууд бид сонгуульдаа идэвхгүй оролцвол хамгийн муу нэр дэвшигчид саналаа өгч байгаатай ижил гэж ойлгож байгаа. Ийм учраас бид дуу хоолойгоо саналаа өгч илэрхийлэх хэрэгтэй байна.