Индэр    
2020 оны 6 сарын 6
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 66: Өөрчлөлт хийхэд хэн ч жижигдэхгүй...

Зураг

Анлок подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар Нобелийн Энх тайвны шагналд хоёр дахь удаагаа дэвшээд буй 17 настай байгаль хамгаалал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч охин Грета Тунбергийн "No one is too small to make a difference" буюу "Өөрчлөлт хийхэд хэн ч жижигдэхгүй" хэмээх номыг хүргэж байна.

Энэхүү ном нь түүний олон улсын арга хэмжээнүүд дээр тавьсан томоохон илтгэлүүдийн хураангуйгаас бүрдсэнээрээ онцлог. 

2019 онд НҮБ-ын байгаль цаг уурын чуулган дээр дэлхийн удирдагчдад хандаж тавьсан "How dare you" илтгэлээрээ олонд танигдсан түүний хувьд дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол хүн төрөлхтний ирээдүй сүйрч буй болохыг сануулахыг зорьжээ.

Номыг сонсох: 

Номын хэсгүүдээс түүвэрлэн хүргэе.

Бидний амьдрал таны гарт байна

Хүлэмжийн хийн ялгарал энэ чигээрээ гурван жил үргэлжилбэл бидний төсөөлшгүй хүнд нөхцөл байдал нүүрлэх болно. Бид нэг л дэлхийтэй учраас хүн бүр үйлдлээ ухамсарлахыг хүсэж байна. Сүйрэл дагуулж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар намууд, улс төрчид огт ярихгүй байгаа нь хамгийн аймшигтай. Хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн талаар сайн мэдэхгүйгээсээ болоод ямар ч үйлдэл хийхгүй байгаа нь дэндүү харамсалтай. Хүн тус бүр бие биедээ сайнаар нөлөөлж, нэг грамм ч гэсэн хүлэмжийн хийг ялгаруулахгүй байхад анхаараач. Томчуудаа хүүхдүүдийнхээ амьдралаас битгий хумслаач.

Бүх юмс хар эсвэл цагаан

Наймхан настай миний хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сонссон нь үнэхээр цочирдом байв. Гэтэл энэ талаар хүмүүс, хэвлэл мэдээлэл дурдахгүй байсан нь намайг маш ихээр хямраасан. Ан амьтад өдөрт хэдэн мянгаараа үхэж байхад хэн ч юу ч болоогүй юм шиг амьдарч чадаж, байгаа дэндүү харгис. Хүн төрөлхтөн үхэх үү, амьд үлдэх үү. Дэлхий дээрх амьд организмууд устах уу, устахгүй юу гэх хоёр л сонголт бидний өмнө байна. Иймд дундын зүйл, дундын шийдлийг битгий ярь.

 Өөрчлөлт хийхэд хэн ч жижигдэхгүй

Яагаад хүмүүс өөрт нь ярихад эвгүй санагддаг зүйлээ ярьж чаддаггүй юм бол.  Жишээ нь ногоон эдийн засаг гэж худал ярихаа боль. Нэр хүндээ алдаж, хэн нэгэнд муу хэлүүлэхээс бүү ай. Би ч үүнээс айхгүй байна. Хүүхдүүддээ бүхнээс илүү хайртай юм бол тэднийхээ ирээдүйг хулгайлахаа боль. Нүүрс түлэхээ дэлхий нийтээр зогсоохыг хүсэж байна. Ингэхдээ хөгжилтэй орнуудаас эхлэн үйлдлээрээ харуулах нь чухал.

 Миний буруу гэж батлаад өгөөч

Уур амьсгалын хямралыг бүх хүний буруу гэж хэлж болохгүй. Уг хямралыг бий болгосон хэсэг бүлэг хүмүүс нь эрх мэдэлтнүүд, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид юм. Иймд тэр хүмүүсээс эдийн засгийн зорилго зорилтоо түр хойш тавиад, биднийг аварч өгөөч гэж гуйя.

Бидний гэр шатчихлаа

Давосын чуулганд ирсэн хүмүүс үргэлж л амжилт ярьдаг. Гэтэл тэр эдийн засгийн өсөлт амжилт чинь бидний бодож чадахгүй олон зүйлийг золиослон байж ирсэн гэдгийг хэн ч ярьдаггүй. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарынхан чимээгүй байгаа нь харамсмаар. Гэхдээ төгсгөл хараахан болоогүй байгаа тул бидэнд 2030 он хүртэл цаг байна. Гол нь яг одоо л хөдөлж эхлэх хэрэгтэй. Нүүрс хүчлийн хий, хүлэмжийн хийг мөнгөний нэгжээр орлуулж ярьдаг болохыг дэлхийн нөлөө бүхий эдийн засгийн эрх мэдэлтнүүдээс гуйж байна.

Би энэ бүхнийг хийхэд хэтэрхий залуудаад байна

Намайг шүүмжилдэг, муулдаг маш олон цуурхал гардаг. Гэхдээ би үүнийг тоож, гайхаж хүлээж авахгүй байна. Ихэнх нь намайг хэн нэгний гар хөл, хэлэх үгийг минь надад хэн нэгэн эсвэл зааж өгдөг гэж боддог. Би зөвхөн өөрийгөө төлөөлж, итгэл үнэмшлээрээ үгээ хэлдэг. Харин зарим эрдэмтдээс тоо баримтын зөвлөгөөг авдаг. Бусдаар бол бүх илтгэлээ өөрөө бичдэг. Би бусдын адил жирийн хүүхэд байсан бол магадгүй ийм зоригтой байхгүй байсан.