Индэр    
2020 оны 5 сарын 30
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 65: Хүн төрөлхтний ирээдүйн чиг хандлага-Homo Deus

Зураг

Түүхч Юваль Ноа Харари "Sapiens: A Brief history of Humankind" номдоо хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өнөөг хүртэлх түүхийг сонирхолтойгоор өгүүлсэн бол "Homo deus"-д ирээдүйг өөрийнхөөрөө томьёолжээ. 

Маргах мэтгэх зүйл олон зүйл байж мэдэх ч тэрбээр технологи, шинжлэх ухааны дэвшил нь хүн төрөлхтнийг хааш хөтлөх тухай өөрийн хувилбараа дэвшүүлснийг энэ удаагийн Номын тэмдэглэлд онцолж байна.

Хүн төрөлхтөн бол мэдээлэл боловсруулах систем бөгөөд хувь хүн нь энэ системийн жижиг чип

Номыг сонсох:

Хүн төрөлхтөн яагаад дэлхийг "эзлэв"?

Хүн төрөлхтөн байгаль орчныг орвонгоор нь эргүүлж, бусад амьтныг мөхөлд хүргэж, устсан амьтдыг тэжээвэр амьтдаар орлуулж эхэлжээ. Өнөө цагт 200 мянган чоно амьд үлдсэн байхад 400 сая гэрийн тэжээвэр нохой бий. 

12,000 орчим жилийн өмнө хөдөө аж ахуйн хувьсгалын үед хүнсэндээ хэрэглэж, амьтдыг гаршуулж эхлэв. Энэ үед "Хүн бол бусад амьтнаас илүү" гэж итгүүлэхийн тулд Бурхан хэмээх хийсвэр ухагдахууныг гаргаж, "Хүн төрөлхтөн бол бусад амьтнаас илүү хүч чадал, оюун ухаантай" гэх бурхны номлолыг гаргажээ.

Мөн хүн төрөлхтөн яагаад бусдаас илүү вэ гэдгийг тодорхойлохдоо

  • Хүн бол мөнхийн сүнстэй. Бусад амьтан сүнсгүй. Гэвч хувьслын онолоор сүнс байдаг эсэх нь батлагдаж байгаагүй. 
  • Зөвхөн хүн л ухамсарт оюун ухаантай. Ухамсарт оюун ухаантай байснаар өвдөлт шаналал, хайр энэрэл, шунал зэргийг хүн мэдэрдэг. Харин бусад амьтанд энэ байдаггүй гэж ойлгодог байжээ.

Үүний дээр цэнхэр гарагт зэрэгцэн амьдарч буй олон төрлийн амьтдаас ялгарах онцлог нь хүмүүс олуулаа нэгдэж, чөлөөтэй хамтран ажиллах чадвартай. Хүнд л байдаг өөр нэг чадвар бол ургуулан бодох бөгөөд бодит амьдрал дээр байдаггүй зүйлийг ургуулан бодож, түүндээ олон түмнээрээ итгэж, биелүүлэх чадвар нь зөвхөн хүнд байдаг аж.

Хүн төвт нийгмийн онцлог

Аж үйлдвэрийн хувьсгал гарч, шинжлэх ухаан хөгжиж эхэлснээр дэлхий ертөнц бурхант төв нийгмээс хүн төвт нийгэм рүү аажмаар шилжиж эхэлжээ.

Гэхдээ хүний ёс зүй, эрх чөлөө гэх мэтчилэн шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй зүйл олон бий. Тиймээс шинжлэх ухаан, шашин нь нэг нэгнээ нөхөж, өнөөг хүртэл зэрэгцэн оршиж буй.

Хүн төвт нийгэмд хүн өөрийнхөө төлөө сонголт хийх эрхтэй, чөлөөтэй байх ёстой, муухай-сайхныг өөрийн үзэл бодлоор дүгнэдэг. 

Энэ үед дэлхийн улсууд эдийн засгийг онцлон хөгжүүлдэг. Эдийн засгийг хурдтай хөгжүүлэх үед байгаль орчны асуудлыг орхидог тул цаг уурын өөрчлөлт хурдацтай явагдсаар байна. Хэдийгээр томоохон улс орнууд үүнийг зогсоох, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгддэг ч энэ нь тунхгийн шинжтэй байх бөгөөд бодит байдалд бүгд эдийн засгийн хөгжлөө эн тэргүүнд тавьдаг аж.

Хүн хүнээ дээдэлдэг нийгэмд гурван үзэл суртал давамгайлдаг.

  1. Либерал үзэл-Ардчилсан нийгэм. Хүн бүр өөрийн онцлогтой, хүний эрхийг хүндэтгэх ёстой гэж үздэг.
  2. Социалист үзэл-Хувь хүний эрх чөлөөнөөс илүү хэсэг бүлэг хүний сонголт, ашиг сонголтыг хүндлэх ёстой.
  3. Хувьслын үзэл-Нацист нийгэм үүнд хамаарна. Хүчтэй нь хүчгүйгээ дийлж, хүчтэй нь илүү хөгжсөнөөр дараагийн шатанд гарна гэж үздэг.

Орчин цагт либерал үзэл буюу ардчилсан нийгэм давамгайлж байна.

Технологийн хөгжил биднийг хаашаа хөтөлж байна вэ?

Зохиогч номынхоо сүүлийн бүлэгт ирээдүйд хүн төрөлхтөн эрх мэдэл, дэлхийг удирдах боломжоо хэрхэн алдах тухай өөрийн хийсвэр санааг бичсэн тул маргаж, мэтгэх зүйл олон гарч болох юм. Гэвч энэ бүлгийн санаа нь хүмүүс ирээдүйг нээлттэйгээр харж, боломж өргөн байгааг харуулах зорилготой хэмээжээ.

Ардчилсан нийгмийн үнэт зүйл нь чөлөөт хүн. Харин ирээдүйд энэ нь байхгүй болох магадлалтай. 

Орчин үеийн технологийн хөгжлийг харвал хувь хүний эрх чөлөө оршин тогтнох боломжгүй. Учир нь хувь хүний гаргаж буй шийдвэр нь энгийн нэг тархинд явж буй цахилгаан химийн процессын үр дүнд бий болдог. Үүнийг өөрсдөө удирдах боломжгүй бөгөөд цаанаасаа өгөгдсөн эсвэл тохиолдлын чанартай байдаг. Тиймээс хүний гаргасан шийдвэр нь өөрөө сонгосон зүйл биш гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан нотолжээ. 

Тодруулбал, тархины дүрс буулгагч төхөөрөмжөөр хийсэн туршилтаас үзэхэд хүмүүс шийдвэрээ гаргахаас өмнө төхөөрөмж түүнийг нь тооцоолон гаргаж байжээ. Эндээс үзвэл, хэрвээ хүний чөлөөт хүсэл нь ердийн нэг цахилгаан химийн процесс юм бол түүнийг удирдах боломжтой гэх санааг судлаачид гаргаж, энэ талаар судалгааг ч хийж байгаа аж.

Шийдвэр гаргах эрх чөлөөгөө компьютерт өгч магадгүй

Өмнөх зуунуудад дайн тулааны үед олон мянган цэрэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд үйлдвэрт хэдэн зуун ажилтан шаардлагатай байв.

Харин орчин цагт дайны үед өндөр технологитой зэвсэг, ур чадвартай хэдхэн мэргэжилтэн л шаардлагатай. Мөн хиймэл оюун ухаан хөгжсөнөөр зарим мэргэжил устах эсвэл хэрэгцээ нь багасаж байна. Хэдийгээр компьютерт ухамсар, сэтгэл хөдлөл гэж байхгүй тул хэзээ ч хүнийг орлож чадахгүй гэж маргах хүмүүс байдаг ч оюун ухаан ба ухамсар нь тусдаа зүйл болж хувираад байгаа юм.

Цэрэг дайны үед компаниуд ухамсраас илүү оюун ухааныг сонгоно. Зохиомж сэтгэлгээний хувьд хүмүүс илүү өндөр чадвартай гэдэг ч компьютерууд хүнээс илүү уран сэтгэмжээр бүтээл туурвиж байгаа тул аль ч утгаараа хүн төрөлхтөн түүнд ялагдах өндөр байна. 

Түүнчлэн фейсбүүк, гүүгл зэрэг дээр мэдээлэл цуглуулсаар байгаа нь тухайн алгоритмд таныг өөрөөс тань илүү мэдэх боломжийг олгож байна. Цаашид улам даамжирвал алгоритмүүдийн гаргаж буй шийдвэрийг дагадаг болох буюу хүн өөрөө шийдвэр гаргах эрх чөлөөгөө компьютерт өгсөн явдал болохоор байгаа юм.

Ингэснээр улс төр, эдийн засгийн хувьд хувь хүн үгүйсгэгдэж, шийдвэр гаргах эрх чөлөөгөө алдсанаар ирээдүйд либерал биш постлиберал үе үүснэ хэмээн зохиогч бичжээ. 

Постлиберал үе

Энэ үед хүн төрөлхтөн супер хүн ба жирийн хүн гэх хоёр ангилалд хуваагдана хэмээн Юваль Ноа Харари үзэж байна.

Түүний дэвшүүлсэн санаагаар цөөн тооны хүн эрх мэдэлтэй үлдэх бөгөөд тэд өөрсдийгөө сайжруулсан супер хүн болно. Тэд алгоритмд захирагдахгүй, дэлхийд чухал шийдвэрүүдийг гаргадаг тусгай бүлэг байх аж. Харин сайжруулагдаагүй хүмүүс нь шинэ үеийн кастын системийг бүрдүүлнэ.

Өнгөрсөн болон өнөө цагт бид Бурхныг, хүнийг шүтсээр буй бол ирээдүйд Technohumanism, Dataism хэмээх технологийг шүтсэн "шашин"-тай болно хэмээн номын зохиогч томьёолжээ. Юваль Ноа Хараригийн үзсэнээр: 

  • Technohumanism-Технологитой холбоотой хүн төвтэй үзэл. Хүн бол дэлхий ертөнцийн хамгийн чухал гэх санааг хадгалсаар байна. Гэхдээ үүнд хомо сапиенс хамаагүй бөгөөд технологио ашиглаад сайжруулсан супер хүн буюу HOMO DEUS-г бүтээх шаардлагатай гэжээ. Энэ нь ухамсаргүй боловч оюун ухаантай алгоритмүүдийн эсрэг зогсох чадвартай байх юм. 
  • Datаism- Хиймэл оюун ухаан болон биологийн шинжлэх ухааны огтлолцол дээр үүснэ. Мэдээ, мэдээлэл бол байнгын урсгалд байх бөгөөд мэдээллийг боловсруулахад хувь нэмрээ оруулах нь бүхий л зүйлийн үнэ цэнийг хадгална гэж үзэх үзэл.
Хүн төрөлхтөн бол мэдээлэл боловсруулах систем бөгөөд хувь хүн нь энэ системийн жижиг чип гэжээ. 

"Sapiens: A Brief history of Humankind" номоо төгсгөхдөө зохиолч "Бид ирээдүйд яах вэ гэдгээ одоо тодорхойлбол хойч үеийнхэн ойлгож, чигээ болгох буюу бид тэдэнд нөлөөлөх боломжтой юм биш үү" гэх асуултаар өндөрлөж байсан бол энэ удаад 

  1. Бидний амьдрал ердөө л мэдээлэл боловсруулах явц гэж үү?
  2. Оюун ухаан чухал уу, ухамсар чухал уу?
  3. Оюун ухаан өндөр алгоритм биднийг өөрсдөөс минь илүү мэддэг болчихвол өдөр тутмын амьдралд юу учрах вэ хэмээх гурван асуултаар "Homo deus" номоо төгсгөжээ.