Индэр    
2020 оны 5 сарын 20
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Та амьдралд оройтсон уу?

Зураг

“Эртэч шувуу хорхой барьдаг” буюу “The early bird gets the worm”.

Тайлбарлавал, хамгийн эрт боссон, хөдөлсөн тэрхүү шувуу л хорхойг барьж, хоолтой үлдэх боломжтой байдаг аж. Санаа нь таныг аливааг бүү хүлээ, түрүүлж хөдөлж бай гэсэн санаатай юм. Бусдаас нэг алхам урд бай гээд байгаа хэрэг шүү дээ.

Гэхдээ... Гэхдээ байж байгаарай. Дээрх өгүүлбэр үнэндээ дуусаагүй байгаа шүү. Араас нь “but the second mouse gets the cheese” гэх холбоос дагалддаг.
Бүхлээрээ:

“The early bird gets the worm, but the second mouse gets the cheese” буюу орчуулбал “Эртэч шувуу хорхой барьдаг боловч хоёрдох хулгана л зөвхөн бяслагтай үлдэж чаддаг” юм.

Юм бүхэн хоёр талтай.

Үүний л нэг жишээ. Эхний хулгана бяслаг авах гэж хавханд үхэхэд, хоёрдох нь явж ороод төвөггүйхэн бяслагыг аваад идчихэж байгаа юм. Санаа нь түрүүлж хөдлөх зүйл байхад, хүлээж харзнах зүйлс ч бас байна. Бодож тунгаах хэрэгтэй буюу аливаад хамаагүй яарах хэрэггүй гэсэн үг л дээ. Анхдагч байх гэж, түрүүлж хөдлөх гэж хэт улайрвал хавх байгааг ч олж харахгүй юм болно. Харин таны яаруу үйлдэл нь бусдын хувьд сургамж болж, өгөөжийг нь тэр хүн хүртэх ажээ. Үүнтэй холбоотой бяцхан түүх танд хуваалцъя.

Жона Лерерийн түүх

Жона Лерер бол маш залуудаа тодорсон нэгэн.

Тэрээр 15 настайдаа эсээ бичлэгийн уралдаанд ялж, анхны мянган доллароо авч байв. Цаашлаад Колумбын их сургуульд тархи судлалаар суралцсан. Энэ хугацаанд Дауны синдромын талаар судалгааны ажил хэвлүүлж, мөн Колумбиа ревиү-д ажиллаж байсан гэдэг. Үүний дараагаар Рөүдэсийн тэтгэлэг авч, Оксфордын их сургуульд философийн чиглэлээр суралцсан юм.

Түүнийг бүхий л зүйлийн талаар мэддэг, яг л АНУ-н ерөнхийлөгч асан Томас Жефферсон шиг олон талын мэдлэгтэй гэдгийг нь хүмүүс шагшан магтаж байлаа. Лерер 26 настай байхдаа анхны номоо хэвлүүлж, маш сайн үнэлгээ авч чадсан. Дараагаар нь хоёр ч бүтээлээ гарган бестселлер хүртэл болжээ. Тэр ч бүү хэл Лерер нь үндэсний радиогоор өөрийн нэвтрүүлгийг хөтөлж, чадварлаг хөтлөгч гэдгээ ч харуулсан байдаг. Түүнийг олон газар урилгаар лекц уншуулж, төлбөр төлдөг байлаа. Улмаар Лерерийн амьдрал ч огцом сайжирч, Калифорнид 2.2 сая доллароор өөрийн харшийг худалдан авсан юм. Хамгийн гол нь үүнийг тэрээр хэний ч тусламжаар бус, өөрийн хүчээр бий болгосон. Ердөө 31-н насандаа тэрээр дэлхийн дийлэнх номын зохиолчдоос илүү нэр хүнд, эд баялагтай болжээ.

Гэхдээ... Гэхдээ түүх ийнхүү дуусаагүй юм.

Хэсэг хугацааны дараа асуудал гарч эхлэв. Лерер 2012 онд бичсэн төсөөлөл номондоо алдарт Боб Даялан хэлсэн хэмээн худал үгс бичсэн болох нь ил болов. Мөн төд удалгүй тэрээр бусдаас хуулбарладаг нь тодорхой болов. Үүнийг “Плажаризм” хэмээн нэрлэнэ. Асуудал шуудхан л дэврэх нь тэр дээ. Түүний номнуудыг дэлгүүрүүд зарахаа больж, Амазон түүний номыг вэбдээ байршуулахаас татгалзав. Мөн түүнийг ажлаас нь халах нь тэр.

Хурдан өсөж, бас аймшигтайгаар унасан түүх.

Энэ түүний буруу байгаагүй юм. Энэ бол нийгмийн түүнд үзүүлсэн дарамт байсан юм. Түүнээс амжилт гарахыг бүгд л хүлээж байлаа. Түүнчлэн бүгд л хар залуудаа супер од болсон хүнд дуртай байсан явдал юм. Энэхүү дарамт нь түүнийг юу ч хамаагүй хийхэд хүргэсэн хэрэг. Хуулаад ч болтугай од болохыг хүссэн хэрэг. Ердөө л нэг системийн золиос…

Зарим хүнд бодох цаг, ухаарах хугацаа хэрэгтэй байдаг

Хүн болгон хар багаасаа бүх хичээл дээрээ дараалан онц авдаг. Өсвөр насандаа олны танил байдаг юм биш шүү дээ. Хүн бүр гуч хүрээгүй байхдаа мөнгөтэй, амьдралтай болдоггүй байх.

Бизнесийн ертөнц рүү өнгийвөл Том Сибел нь өөрийн анхны амжилттай, технологийн компанийг 41 насандаа үүсгэж байв. Үүнийг бид Сибел Системс гэдгээр нь мэднэ. Дев Даффилд ПиплСофт компаниа 66 насандаа үүсгэн байгуулж байв. Деэтрих Матечиз 40-н насандаа РэдБүллийг үүсгэн байгуулав. Стив Жобсын хувьд ч бас хамгийн гайхалтай бүтээлүүд нь 45 наснаас нь хойш бий болсон байдаг. Кино урлагт л гэхэд Харри Поттерын Снепийн дүрийг мэднэ биз дээ. Түүнд тоглосон Алан Рикман 42 насандаа анхны томоохон бүтээлдээ тоглосон байдаг.

Тэгэхээр "залуудаа" гэдэг нь амжилтын хэмжүүр биш юм. Бүтээлч байдлыг хэн ч бий болгож болно. Зүгээр л зарим хүнд илүү хугацаа хэрэгтэй байдаг. Тэдэнд туршлага бас туршилтууд хэрэгтэй байдаг юм.

Түүнчлэн сүүлд амжилтад хүрсэн хүн нь бусдыг ойлгох чадвар өндөртэй, тэд илүү сайн суралцагчид байдаг. Тэд хөөрүү, зөрүүд хүүхэд биш шүү дээ. Бид зүгээр л залуудаа амжилтад хүрсэн түүхүүдээр өөрсдийгөө сохолж, ямар ч утгагүй нийгмийн дарамтыг бий болгон өдөр бүр залуу үеэ хорлож буй мэт.

Эцэст нь...

Хэзээ ч, хэзээ ч бусдын стандартаар өөрийгөө шийтгэж болохгүй.

Зарим зүйлд цаг хугацаа шаардана. Та өөрийгөө олоход магадгүй 50 жил шаардагдана. Танд бодох цаг хэрэгтэй. Бусад нь хурдан байсан болохоор та хурдан байх албагүй. Таны зам бол таны л зам.

Жона Лерерийг бусад нь, нийгэм нь амжилт гаргах ёстой гэж хүлээсэн болохоор тэр хуулаад ч болтугай амжилт гаргахыг хүссэн. Тэр хүний дотор зөрчил явж байсан нь мэдээж. Тийм зөрчилтэй амьдрал, аз жаргалгүй нь мэдээж.

Зарим нь шувуу байх, тэд түрүүлж гараад алалцдаг байх, тэгээд өөртөө хоол олдог байх. Зарим нь хулгана байх. Тэд бусдын алдааг хараад суралцдаг, тэндээс өөрийгөө олдог байх. Бусад нь хүссэн болохоор биш, та өөрөө хүссэн болохоор л амьдарч бас үйлдээрэй.

Гэхдээ бас нэг зүйлийг санах нь зүйтэй. Энэхүү нийтлэлийг уншаад миний цаг ирнэ гээд хүлээгээд суувал хэзээ ч ирэхгүй шүү. Цаг нь ирэхээр гэдэг бол ямар ч утгагүй, өөрөөсөө өөр далд хүчинд итгэж буй хэрэг. Цагийг та өөрөө авчрах ёстой.

Гэхдээ шаардлагатай бол үүндээ 60 жилийг ч зарцуулсан болно. Хэдий хугацаа зарцуулсан нь чухал биш.

Гол нь та хүн болж төрөөд хорвоо дэлхийгээс юу олов, хэрхэн бусдад бас өөртөө туслав л гэдэг чухал байх. Товчоор та аз жаргалтай, бас утга учиртай тийм нэгэн амьдралыг туулж чадав уу л гэдэг байх даа.

Би ингэж бодож байна. Та юу гэж бодож байна?