Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 16
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 63: Ирээдүйн технологийн салбарууд

Зураг

-Таныг технологид дуртай, дургүйгээс үл хамааран технологид суурилагдсан шинэ дэлхий ертөнц угтаж байна-

Барак Обама, Хиллари Клинтон нарын инновацийн зөвлөхөөр ажиллаж байсан Америкийн томоохон технологийн мэргэжилтэн Алэк Росс-ын бичсэн "The Industries of the Future" буюу “Ирээдүйн технологийн салбарууд” хэмээх номыг анлок подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт хүргэж байна.

Энэхүү бүтээлээр дамжуулан ирээдүйд биднийг ямар ертөнц хүлээж байгааг, одооноос хэрхэн бэлдвэл зохих талаар өгүүлжээ. 

Алек Росс зохиолч бол АНУ-ын технологи, инновацийн салбарын нөлөө бүхий эксперт. Түүний хувьд Хиллари Клинтоны албанд ажиллаж байхдаа дэлхийн 41 орноор аялж, технологийн сүүлийн үеийн дэвшилттэй танилцан бодлого тодорхойлогчид болон гарааны бизнесийн манлайлагчидтай уулзаж явсан туршлагадаа үндэслэн тус номд өгүүлэгдэх мэдээллүүдээ олж авсан гэдэг. 

"The Industries of the Future" номыг сонсох:

Иймээс 2018 оны бестселлэр уг бүтээл нь роботчлол, генийн салбарын хөгжил, дижитал технологийн мөнгөн тэмдэгт дэх нөлөөлөл, кибер аюулгүй байдал, их өгөгдөл гэх бүлгүүдээс бүрдснийг тоймлон хүргэе.

Роботын эрин үе
 

Америк, Хятад, Солонгос, Япон, Герман зэрэг таван тэргүүлэгч оронд роботын салбар түлхүү хөгжиж буй бөгөөд тус улсуудад дэлхийн нийт роботын 70 хувь нь ашиглагддаг.

Тухайлбал, Японд роботын хэрэглээ хүмүүсийн амьдралын нэн шаардлагатай хэрэгцээнд зүй ёсоор орж байна. Японд дөрвөн хүн тутмын нэг нь 65-аас дээш настай. Энэ тоо нь 2050 онд таван хүн тутмын хоёр болж ихэснэ гэх судалгаа бий. Дээрээс нь төрөлт багассан нь энэ асуудлыг илүү хүндрүүлж байгаа тул роботын хэрэглээ огцом нэмэгджээ. Ахмад настнууд нь хүүхдүүддээ найдах биш роботын хүчийг ашиглахаас өөр аргагүйд хүрсэн нь хатуу боловч үнэн.

2025 он хүртэл японд ахмад настнуудыг асрахын тулд дөрвөн сая сувилагч хэрэгтэй тооцоо ч бий. Гэхдээ тус улс өөрсдийн давуу талаа ашиглан роботоор шийдэхийг илүүд үзэж буй бололтой.

Оксфордын их сургуулийн нэгэн профессорын хийсэн судалгаагаар АНУ-ын нийт ажлын байрны 50 хувь нь дараагийн 20 жилд автоматчилагдана гэсэн тооцоо гарсан байна.

Гэхдээ өнөөг хүртэл хиймэл оюун ухаан хүний оюун ухаанаас илүү гарна, гарахгүй гэдэг дээр эрдэмтэд хоёр талын байр суурьтай байсан хэвээр. 

Генийн салбарын хөгжил
 

Тун удахгүй хүний ДНК-г тогтоон хавдрыг эмчлэх, ирээдүйд ямар өвчин тусах магадлалтай вэ гэдгийг ч оношлох боломжтой болно. Гэхдээ энэхүү генийн шинжилгээг хийнэ гэдэг маш өндөр өртөгтэй. Хэдийгээр энэ шинжилгээг хийх бааз бэлэн болсон ч хүн шууд генийн мэдээллээ өгч болох эсэх тал дээр эрсдэл их буй нь хамгийн гол асуудал болж байгаа юм. 

Иймээс болгоомжтой хандаж, зах зээл уг технологийн шинэ боломжийг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй сууна.

Гэхдээ сүүлийн 100 жилд дэлхийн хүн амын дундаж наслалт 55 болж буурсан тул хүний насыг уртасгахад генетикийн салбар үнэтэй хувь нэмэр оруулна гэсэн шинэ аргаар үзэж буй бололтой. 

Түүнчлэн тус салбарт эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжинө. Тухайлбал, амьтны эрхтнийг авч, генийн мэдээллийг нь өөрчлөн хүнд суулгах боломжтой гэж үзсэн компаниуд гарч холбогдох судалгааг хийж эхэлжээ. 

Дижитал технологийн мөнгөн тэмдэгтэд үзүүлэх нөлөө
 

Ирээдүйд евро, доллар, фунт, иен, юань, биткойн гэсэн зургаан дижитал мөнгөн тэмдэгт үлдэх ба хөгжиж буй орны болон мөнгөний бодлого нь тогтвортой биш, Засгийн газар нь сул улсуудын валютыг биткойн орлоно. 

Ийнхүү худалдан авах гүйлгээ хийх систем илүү сайжирч, бидний амьдралд гарч ирснээр илүү түргэн шуурхай, найдвартай нөхцөл үүснэ хэмээн уг номд өгүүлжээ. 

Блокчэйн технологи нь биткойныг тодруулж өгдөг зүйл. Өөрөөр хэлбэл, интернет анх рекламын зах зээлийг өөрчилсөн шиг банк, нягтлан бодох бүртгэл, хуулийн зах зээлүүдийг блокчэйн технологи өөрчлөх аж. Блокчэйн технологи хүчээ авсан тохиолдолд банкны салбар хамгийн их аюулд учрах эрсдэлтэй. Яагаад гэвэл банк мэдээлэл агуулж, хүмүүсийн хооронд солилцох үйлчилгээг үзүүлдэг тул блокчэйн гарснаар хүмүүс банкны тусламжгүйгээр хоорондоо мэдээллээ солилцож, харилцах боломж нээгдэх юм. 

Кибер аюулгүй байдал
 

Дэлхийн гэмт хэргийн үзүүлэлтийн хоёрт кибер гэмт хэрэг эрэмбэлэгдэж, топ-4 эрсдлийн нэгт тооцогддог. Интернет орчинд аюулгүй байдал хамгийн чухал. Энэ салбарын нийт хөрөнгийн хэмжээ 400 тэрбумаас их байх боломжтой. Газрууд аюулгүй байдлаа хангаж, хамгаалж чадаагүйгээс болоод хакердуулж, мөнгөө урсгаж байна. 

Интернет хөгжих тусам хамгаалалт, сүлжээний аюулгүй байдалд анхаарах шаардлагатай тул чухал салбарын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа юм. Хакерын идэвхтэй улсуудад одоогийн байдлаар Америк, Орос, Израиль, Иран, Их Британи улс багтдаг. Уг номд өгүүлснээр хүн төрөлхтөн хүйтэн дайнаас гараад хакерын дайн руу шилжсэн хэмээн тодотгосон нь ч учиртай. 

Ялангуяа орос улс америк руу дайрах гэж, хөгжингүй орнуудын технологийг нь хулгайлах гэж энэ салбараа хөгжүүлж байгаа юм. Хятадууд жилд Америкийн зургаан хувь буюу 300 тэрбум долларын хэмжээтэй оюуны өмчийг хулгайлдаг байна.

Монгол Улсын хувьд интернет хэрэглэгчдийн 60 хувь нь буюу таван хүн тутмын гурав нь жилд ямар нэг байдлаар кибер халдлагад өртдөг гэсэн судалгаа бий.  Байгууллагуудын хувьд 2016 онд 2 тэрбум, 2017 онд 7.5 тэрбум төгрөгийн хохирол амссан. 
Дата буюу өгөгдөл
 

Мал аж ахуй, газар тариалангийн эрин үед хамгийн том түүхий эд нь газар нутаг, үйлдвэрлэлийн эрин үед төмөр байсан бол өнөөдөр мэдээллийн эрин зууныг дата өгөгдөлгүйгээр төсөөлшгүй.

Хэн датаг сайн эзэмшиж, боловсруулан, түүнээсээ мэдээлэл олж чадна тэр хүн хамгийн хүчирхэг нэгэн болно. АНУ-ын хувьд ихэнх датагаа дижитал хэлбэрт оруулсан байдаг. Дэлхийн нийт хүн ам өдөрт нэг минутад 400 сая мэйл бичдэг. Энэ бүгд дата болж арилахгүйгээр, хуримтлагдаж буй билээ. Том дата нь их мэдээлэл хуримтлуулахаас гадна үр дүнг нь ирээдүйд ашиглахын тулд байдгийг санаарай. Ингэхдээ том датаг төрөл бүрийн салбарт ашиглах боломжтой аж.