Индэр    
2020 оны 5 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

2020 ОНЫ СОНГУУЛЬ ЗАЛУУСЫН ГАРТ

 

 

МАН, АН л биш бол хэнийг нь ч хамаагүй дугуйлна гэж ярилцах залуусаас яагаад гэж асуухад “МАН, АН байгаад яг юу өөрчлөв. Одоо энэ хоёроос бусад нь бол хэнийг нь ч байсан хамаагүй сонгоно. Өөрчлөөд үзье” гэх нь тэр.

Хэдийгээр залуусын сонгуулийн идэвх муу гэдэг ч нийт хүн амд эзлэх жин их тул залуусын сонголтоор сонгуулийн үр дүнг шийдвэрлэх боломжтой.

Энэ тухай “МАН сонгуульд ялах хүсэлгүй байна” нийтлэлээрээ бид өмнө нь дурдаж байсан билээ.

Тодруулбал, УИХ-ын 2016 оны сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 63% буюу дийлэнх нь 18-45 насныхан байна. Юу гэхээр энэ улсын эрх баригчид хэн байх вэ гэх сонголтыг эдгээр насныхан буюу залуу, идэр насныхан шийдэж байгаа юм.

Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөгч нам, улстөрчид эдгээр олонхын нөхцөл шаардлагыг хангахуйц байж чадах уу?

Намуудын нэр дэвшигчид энэ долоо хоногт тодорно. Тэгвэл намуудын нэр дэвшигчид болоод намын баримтлах бодлогын хүрээнд дараах ЗӨВЛӨГӨӨГ ӨГЧ байна.

Муугаараа танигдсан үнэмлэхүй 65

2012-2016 оны эв түнжингүй Ардчилсан Намд өгсөн хариу эв нэгдэлтэй Монгол Ардын Нам байв. Гэвч МАН нь ялгаагүй хоёр хуваагдсан хоорондоо дайтсан, өөрийн засгаа сольсон он жилүүд өнгөрлөө.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын УИХ дахь бүлгийн 65 гишүүний iKon.mn дата сурвалжлагын хүрээнд 14 нь ЖДҮ-дсэн, нэг нь хүчингийн хэрэгтээ ял авсан, нэг хүн сайд байхдаа эрх мэдлээ ашигласан хэргээр шалгагдаж байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар Д.Гантулга, Б.Батзориг, Н.Номтойбаяр гэсэн гурван гишүүн нь хасагдсанаар 65 гишүүний 62 нь бүрэн эрхтэйгээ үлдэв.

Үлдсэн 62 дотор 60 тэрбумын хэргийн гэрч, банк дампууруулсан нэг хүн, хэсэг концессчин, үлдсэн ЖДҮ-чид гээд мууг нь дурдвал энэ парламент бараг хамгийн шившигтэй нь болохоор байна.

Нөгөө талаар улс орны бодлогын хувьд 2017 оноос Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж бусдад толгойгоо мэдүүлсэн ч эдийн засгийн хувьд төдийлөн ахиц ирсэнгүй. Нүүрс, зэс, алт л өөрийн ажлыг сайн хийлээ. Ядуурал буурсангүй, Монгол төгрөгийн ханш 2016 оны зургаадугаар сард буюу МАН-ын эрх мэдэлд шилжих үед 1,992 төгрөг байсан бол өнөөдөр 2,793 төгрөг буюу 800 төгрөгөөр сулраад байна. 

Тэгвэл МАН залуусын дэмжлэгийг авахын тулд өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг сонирхоё.

НЭГ. Тус намын дэргэдэх залуусын байгууллага бол Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо. Энэ байгууллагын удирдлагаар алдарт ЖДҮ-д холбогдсон УИХ-ын гишүүн Н.Учралыг тавьсан нь залууст өгч буй уриалга уу, доромжлол уу?

Н.Учрал шиг гишүүн болоод аавдаа ЖДҮ авч өгөөрэй, залуусаа! ЗӨВ ҮҮ?

ХОЁР. НАМЗХ-ны хийсэн судалгаагаар залуусын өмнө тулгамдаад байгаа хамгийн нэгдүгээр асуудал нь орон сууцны хөтөлбөр гэдгийг судалгаа харуулсан.

Тэгвэл МАН-ын хувьд ипотекийн зээл гэдэг ховрын зүйл болсныг бид сайн мэднэ.

График 1, Ипотекийн зээл олголт (тэрбум төгрөгөөр),  (Засгийн газрын орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр - ЗГОСИЗХ)

Эх сурвалж: Монголбанк

2019 оны эцсийн байдлаар нийт ипотекийн зээлдэгчдийн насны бүтцээс харахад 25- 35 насны иргэд хамгийн их буюу 41 мянга, 35-45 насныхан 34 мянга байна. 2018 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 47.0 хувийг 0-25 хүртэл насны иргэд эзэлж байгаа бөгөөд үүнээс 7.6 хувийг эзэлж буй 245 мянга иргэд 20-24 настай буюу ойрын жилүүдэд ипотекийн зээлд хамрагдах боломжтой иргэд байгаа юм.

ГУРАВ. Мөн залуусын хувьд сурч хөгжиж боловсрох нь нэн тэргүүний зорилтын нэг байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт ямар өөрчлөлт шинэчлэл хийв гэдэг сонирхолтой.

Монголд анх удаа хийгдсэн Монголын нийгмийн үе хоорондын ялгааг тодорхойлох судалгаагаар 1983-1994 оныхны 74 хувь нь боловсролын системийг муу гэж дүгнэж байна.

График 2, Манай Улсын боловсролын системийн чанарыг юу гэж дүгнэж байна вэ?

Эх сурвалж: SICA 

УИХ-д МАН-ын үнэмлэхүй олонх он жилүүдэд хамгийн тогтворгүй салбар нь боловсрол байв. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын хамгийн чухал тус салбар гэхэд 4 сайдын нүүр үзлээ. Өөрөөр хэлбэл, Боловсролын асуудалд эрх баригчид ямар хайнга хандаж буйн илрэл юм. Энэ улс цаашид оршин тогтнох нь үнэн гэж бид итгэж л байгаа бол ирээдүйн тухай ярих нь зүйн хэрэг. Тэгвэл ирээдүйн тухайх хамгийн чухал хэсэг болох хүүхэд, залуусын боловсрол өнөөдөр ийм түвшинд орхигдож иржээ. Ерөнхий боловсролын сурагчдын чанарын судалгааны үзүүлэлт ямар түвшинд байгааг бид өнгөрсөн хугацаанд танилцуулсан.

Нөгөө талд боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилготой Боловсролын зээлийн сангийн дэмжлэгээр өөрсдөө болон өөрийн үр хүүхдүүдээ сургадаг байсан зэрэг мэдээллийг iKon.mn нийтлэсэн. Өөрөөр хэлбэл, залууст хамгийн их хамааралтай боловсрол, орон сууцны асуудалд эрх баригч нам маань лав сайн дүн авахгүй нь. Дээр дурдсан хангалтгүй үзүүлэлтүүд нь бүгд хаашаа ч нууж, зайлж болохгүй БАРИМТ БИЛЭЭ.

ДӨРӨВ. Мөн залуу төдийгүй бүх насныхан, ялангуяа идэр насныхны хувьд хамгийн их хамааралтай жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой,  иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлэх сангаас нь УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө амьдралыг илүү дээшлүүлснийг бид харлаа.

Өөрөөр хэлбэл, МАН-ын хувьд энэ удаад сонгогчдын дийлэнх хэсэгт буюу 18-45 насныхны сонголтыг татахад нэлээд сорилттой байх нь ээ.

Дээрх алдаануудаа залруулсан бодлого, нэр дэвшигчдийг дэвшүүлж байж л залуусын дэмжлэгийг авах болов уу.

Судлаач Д.Одмаа, Б.Янжмаа нарын хийсэн залуусын сонголтын тухай судалгаанд залуучууд ““Шударга, нэр цэвэр, ёс зүйтэй, боловсролтой, иргэд, улс орны хөгжлийн төлөө тодорхой ажил хийж бүтээснээ харуулж чадсан” хүнийг дэмжинэ гэжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх ч энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдэд ёс зүйтэй, итгэлтэй, ажлын туршлагатай гэсэн гурван зарчмын шалгуур тавьж байгаагаа хэлсэн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанаас харвал энэ гурван шалгуур лав биелээгүй.

2020 оны сонгуульд нэр дэвшигчид чухам хэн байх, олонд ил болоогүй байгаа намын мөрийн хөтөлбөр ямар байх, сөрөг хүчин болох АН-ын 100 сая төгрөгийн дэнчинг шүүмжилж байгаа шигээ өөрсдөө санхүүжилтээ ил болгож чадах уу зэрэг ШААРДЛАГЫГ ууган намаас хүлээх нь зүйн хэрэг.

Үнэхээр улсын төсөв, төрийн өмчит компаниудаас эсвэл аль нэг томоохон бизнес эрхлэгчдийн халаасанд орохгүйгээр санхүүжилтээ МАН босгож чадах уу, түүнийгээ 100 хувь ил болгож чадах уу. Сонгуульд орохын тулд санхүүжилт хаа нэг газраас заавал татаж л таарна. Тэр нь чухам хаанаас вэ?

Бас нэг сонирхолтой асуулт.

  • Эрх баригчдын маань өнгөрсөн жилүүдэд улсынхаа хөгжлийн төлөө хийсэн МАНАН-ын эсрэг дайн дууссан уу? МАНАН нурсан уу?
     
  • МАНАН-ийн эсрэг тэмцлийн дүнд улс минь яаж гийгүүлэв дээ?
     
  • Хар жагсаалтад орж гийгүүллээ.
Ардчилсан намд найдвар бий юу?

Ардчилсан намд яг юу тохиолдоод байгааг оношилж тодорхойлоход тун бэрх байна.

Арван таван толгойтой атгаалжин хар мангас гэдэг шиг энэ нам яг хэд хуваагдчихав. Үүнийгээ тэд дотоод ардчилал гэх боловч үнэндээ институтийн хувьд итгэл алдарсаар л байна.

АН 2016 оны ялагдлын шокоосоо гарах гээд байна уу, улам бүр дордох гээд байна уу гэх асуултад хариулт их тодорхойгүй байна. Ингээд ярихаар нам доторх үйл ажиллагаа ингэж ингэж сайжирсан гэх байх... Гэхдээ тэр сүлжээний бүтэц яах вэ?... Улсын хөгжил, хүчтэй сөрөг хүчний бодлого үгүйлэгдсэн он жилүүд өнгөрлөө. 

Хэдийгээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялалт байгуулсан ч Ерөнхийлөгч хуулийн дагуу намаасаа татгалзсан. Тус намын дарга С.Эрдэнэ өөрийн сонгогддог тойрогтоо ван хэмээн өргөмжлөгдөн дархлагдсан. Түүнийг сонгуулийн сүлжээний супер менежер гэдэгтээ бараг маргах хүн үгүй биз.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг харвал Ерөнхийлөгч Х.Баттулгыг хамгийн их дэмжсэн тойргуудын нэгт, Баянхонгор буюу түүний нутаг, хоёрт, Баянгол дүүрэг буюу АН-ын даргын “Эрдэнэ вангийн хошуу” байв. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ сонгуулийн супер сүлжээг ажиллуулж чаддаг нэгэн.

Гэхдээ Ардчилсан Намын дарга байх хүн мөн үү? гэдэг асуулт түүнийг дарга болох үеэс л тавигдаж ирсэн нь нууц биш ээ. Хувь улстөрчийн рейтингийн хувьд ямар үнэлгээтэй байдгийг нээлттэй байдаг судалгааны үр дүнгээс (Хуулийн дагуу рейтингийн мэдээллийг оруулах боломжгүй байна) харахад юу гэх байгаа маань тодорхой болно.

Тиймээс Ардчилсан Нам энэ удаагийн сонгуульд энэ даргатайгаа орвол улстөрийн хувьд зөв нүүдэл мөн үү?

Улстөр судлаачдын хувьд энэ удаагийн сөрөг хүчин түүхэнд хамгийн муу сөрөг хүчин байсныг онцолж байна.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, дэд профессор Д.Бумдарь “Сөрөг хүчин бол монголын түүхэнд байхгүй маш муу сөрөг хүчин болчихлоо. Сөрөг хүчин иргэдэд зөв сонголт хийхэд нь чиглүүлэх ёстой” гэж “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн үеэр онцолж байв.

Тэгвэл АН 2020 оны сонгуульд яавал амжилт олох магадлалтай вэ?

Одоо даргаа солиход оройтсон бол залуу нэр дэвшигчдийг, залуу дүр төрхөөр намын имижээ бүрдүүлэх, ингэхдээ ардчиллын хараацай гэх бэлэг тэмдэг гэх нөхдөө төрхөмд нь буцааж эв нэгдлийг харуулах. Даргаа сольж амжихгүй ч рейтинг өндөртэй улстөрчдөөрөө намын удирдлага, дүрийг бүрдүүлэх.

Намын рейтингийг харвал АН-д эрс өөрчлөлт л хийхгүй л бол ялах нь битгий хэл хүчтэй өрсөлдөгч байхад хүндхэн сонгууль болох нь.

Ардчилсан намын хувьд байнгын шахуу шүүмжлэгдэж ирсэн зүйл бол залуу дүр төрх, үе залгамжлах чадвар муу байдал. Хэдийгээр Үндэсний бодлогын хорооны гишүүдийнх нь дийлэнх нь залуус гэж байгаа ч үнэндээ нийгэмд харагдаж байгаа нь нөгөө хэдэн ах нар байгаа нь энэ намын ирээдүй бүрхэг, залгамж чанарын итгэл найдварыг үгүй хийж байна.

Нөгөө талаар АН-ын хувьд алдагдсан боломжуудаа хурдан хугацаанд нөхөх нэг арга нь дээр дурдсан эрс өөрчлөлт буюу эмэгтэй даргатай, ахмад, залуу үеийн хамтын ажиллагааг хангасан хөгжингүй орнуудын жишиг намыг бий болгох боломж уг нь байх шиг…

Гуравдагч хүчин ба Бие даагчид

2020 оны УИХ-ын сонгуульд түүхэнд байгаагүй олон бие даагч нэр дэвшсэнийг хүн болгон гайхан ярьж байна. Дэнчингийн мөнгө, нэр хүнд нь унасан намуудын нөхцөл байдал гээд олон зүйл бие даан нэр дэвшихэд нь нөлөөлж буй байх.

Гэхдээ олон шалтгаан дундаас хамгийн бодитой нь намуудын шударга бус байдал түүнээс үүдэлтэй нэр хүнд.

Жишээ нь, эрх барьж байгаа намд гүйж очиж автоматаар ЖДҮ-чин гэх нэр зүүхийг хэн ч хүсэхгүй. Тэнэг л биш бол шүү дээ…

Эсвэл ямар ч оноо өгөхгүй намд 100 сая төгрөгөө өгч байснаас өөрийн кампанит ажилдаа мөнгөө зарцуулах нь илүү бодит үр дүнтэй байхыг үгүйсгэхгүй.

“Миний хувьд МАН, АН-д ороод хэн нэгний цүнх бариад, булхай, луйврыг нь мэдсэн ч мэдээгүй царайлаад, ах нарын заасан замаар явахыг хүсээгүй учир бие даан нэр дэвших сонголтыг хийсэн” гэж нийслэлийн нэгэн дүүрэгт бие даан нэр дэвшигч, хуульч залуу ярьж байлаа. Тэрбээр “Бие даагчдыг сонгогдсон хойноо нэгдэл, зохион байгуулалтад орохгүй гэж яг хэн батлаад байна вэ. Үнэхээр боломжийн хүмүүс гараад ирвэл нэгдэж нийлэх эрх нээлттэй, боломжтой” зүйл гэж байв. Нэгдэл нь нам, эвсэл, бие даагчид хоорондоо байхыг үгүйсгэхгүй.

Мөн “Бие даагчдын хувьд хууль санаачлаад лобби хийгээд явах бараг боломжгүй, өөрөөр хэлбэл тэд хяналтын л үүрэг гүйцэтгэхээс хэтрэхгүй гэх нь бий. Гэтэл өнгөрсөн хугацаанд байсан бие даагчидтай ижил байна гэж яг хэн батлаад байна вэ?” гэж байлаа. Өөрөөр хэлбэл, бие даагчийн хууль санаачлах эрх гэх мэт нөөц боломжийг бүрэн ашигласан бие даагчид өнгөрсөн хугацаанд байсангүй гэдгийг тэр онцолж байв.

Бие даагчдаас гадна энэ удаагийн сонгуульд сонирхол татаж байгаа эвслүүд бий.

Попын хаадын эвсэл ч бий, Зөв хүн электорат гэх сонирхолтой эвслүүд байна. Аль алиных нь мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчид эцэслэгдээгүй учир одоо дүгнэлт хийхэд эрт байна.

Гэхдээ бие даагчид болоод гуравдагч хүчнүүдийн хувьд МАН, АН-ын алдааг давтахгүй, нийгэм цаг үеэ мэдэрч чадвал хангалттай орон зай бийг улстөрийн намын рейтинг тогтоох судалгааны алийг нь ч дэмжихгүй иргэд гэх 70 хувь баталж буй.

Дээр дурдсан залуусын сонгуулийн оролцооны судалгаагаар нийт сонгогчдын дийлэнх жинг дарж буй залуус энэ удаад нэр дэвшигчийн нам, улстөрийн хүчний харьяалал гэхээс илүү хувь хүний нэр хүнд, туршлага, үзэл баримтлалыг харж сонгохоо илэрхийлсэн байгаа юм.

Мөн нэр дэвшигчийг сонгохдоо хамгийн чухал үзүүлэлт нь "Шударга, нэр цэвэр, ёс зүйтэй байх, хоёрт боловсрол, мэдлэг, чадвар" гэсэн шаардлагыг харж сонголтоо хийнэ гэжээ.