Индэр    
2020 оны 5 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Он гарсаар 0-17 насны 992 хүүхэд түлэгдсэний улмаас ГССҮТ-д ирсэн байна!

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдварын тархалтаас урьдчилсан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд бүх, цэцэрлэг сургууль карантилаад дөрөв орчим сарын хугацаа өнгөрчээ.

Сургалтын үйл ажиллагааг зогсоосон төр засгийн энэхүү шийдвэр нь магадгүй томчуудыг хэр анхаарал, хариуцлага султай эцэг, эх болохыг нэг талаараа шалгаж байх шиг.

Учир нь хүүхдүүд хамгийн аюулгүй, амар тайван, аз жаргалтай байх ёстой гэртээ карантины энэ цаг үеэр хамгийн их эрсдэлд орж байгааг статистик тоонууд илтгэж байна.

Тухайлбал, 2020 оны эхний гурван сарын байдлаар гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 261 болж, өмнөх жилээс 114 тохиолдлоор буурсан ч гэмт хэргийн улмаас нас барсан 17 хүртэлх насны хүүхдийн тоо хоёроор нэмэгдэж, 36 болжээ.

Мөн 2020 оны эхний улиралд буюу эхний гурван сард улсын хэмжээнд 31,841 хүн гэмтэж, бэртсэн байна.

Тэдгээр хүнийг насны ангиллаар нь харвал:

  • 3.6 хувь нь малчин,
  • 4.1 хувь нь оюутан,
  • 8.2 хувь нь тэтгэврийн насныхан,
  • 18.7 хувь  нь ажилчин албан хаагчид,
  • 32 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүн,
  • 27.2 хувь нь гэртээ байгаа 0-15 насны хүүхэд байгаа юм.

Түүнээс гадна 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд 0-17 хүртэлх насны нийт 8,970 хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасгаар үйлчлүүлсэн гэсэн тоо байна. 

Үүнээс хамгийн өндөр буюу 65.7% нь гэртээ гэмтсэн тохиолдол байжээ. Өөрөөр хэлбэл, 6,162 хүүхэд буюу өдөрт дунджаар 58 хүүхэд гэр бүлийнхээ орчинд гэмтэж, бэртсэн гэсэн үг. 

Энэ нь өмнөх оны өмнөх оны мөн үед бүртгэгдэж байснаас харьцангуй буурсан нь сайн хэрэг мэт.  

Гэвч хүүхдүүд хамгийн аюулгүй байх ёстой орчиндоо ийнхүү өдөрт хэдэн арваараа гэмтэж, бэртсээр байгаад тайвширч болохгүй асуудал.

Энэ талаар ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн их эмч Б.Солонго хэлэхдээ “Хүүхэд гэртээ тоглож байгаад гэмтэж бэртэх асуудал сүүлийн 10 гаруй жил байсаар ирсэн.

Хэдийгээр энэ оны эхний гурав сарыг нийтэд нь харвал хүүхдийн гэмтлийн тоо буурсан байгаа ч сүүлдээ нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн.

Өмнөх жилүүдэд зун хүүхдүүдийн хичээл сургууль амрахад авто ослын гэмтэл бэртэл давамгайлдаг байсан бол харин одоо ахуйн гэмтэл өссөн байна.

Дэлхий нийтээрээ хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж, цар тахлаас сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авч буй.

Ийм үед эцэг, эхчүүд хичээж, үр хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай байгаа юм.

Мэргэжлийн байгууллагаас ч хүүхдэдээ хэрхэн аюулгүй орчныг бүрдүүлж, гэмтэл ослоос сэргийлэх тал дээр зөвлөмж, зөвлөгөө өгсөөр байгаа” гэлээ.

ГССҮТөвийн ХАЯТТ-аар  үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийн тоо COVID-19 халдварын үеийн хөл хорионы эхний үед буурах хандлагатай байсан бол одоогоор өдөрт 300-400 хүн осол гэмтлийн тусламж үйлчилгээ авч байгаа тухай ч ГССҮТ-ийн Статистик мэдээлэл, Тандалт судалгааны албанаас мэдээллээ.

“Давтагдсан тоогоор өдөрт 80-90 хүүхэд ГССҮТ-д үзүүлж байна”

Түүнчлэн тэрбээр гэмтлээс шалтгаалсан өвчнөөр өдөрт 0-16 насны 4-5 хүүхэд эмнэлэгт хэвтэж байгааг онцолсон юм. 

0-17 насны хүүхдийн үзлэгийг нэмэлтээр тасгийн эмч нар үзэж буй бөгөөд давтагдсан тоогоор өдөрт дунджаар хүлээн авах тасгаар 80-90 хүүхэд заавал үзүүлдэг аж.

Магадгүй энэ нь хүн амын нягтаршил, суурьшмал байдлаас болон 0-17 насныхны эзлэх хувь их болчихсонтой холбоотой хэмээн тайлбарлав.

Ялангуяа, амралтын өдрүүдэд, эсвэл хоолны цагаар буюу 13:00-14:00, 18:00-20:00 цагийн хооронд түлэгдэлтээс шалтгаалсан гэмтэлтэй хүүхэд эмнэлэгт очих нь элбэг байдаг байна.

Энэ тухай их эмч Б.Солонго “Ялангуяа, зарим айл эрсдлийг тооцолгүйгээр халуун тогоогоо хүүхдийн хүрэх газар байрлуулчихдаг.

Хүүхэд өөрийн хүрч чадах хэсэгт сонирхоод хүрч үзнэ, адаглаад л утсанд нь тээглэх, бие дээрээ асгах гэх мэтээр түлэгдэж гэмтэх тохиолдол олон бий. Хүүхдийн түлэгдэлтийн тохиолдол нэмэгдсээр л байна.

Он гарсаар дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 0-17 насны 992 хүүхэд түлэгдлийн улмаас ГССҮТ-ийн хүлээн авах тасагт ирсэн байна.

Энэ нь бүтэн жилийн үзүүлэлт биш гэдэг нь анхаарал татахаар байгаа юм.

Хөл хорио бол ямар нэг байдлаар эрүүл мэнддээ эрсдэл үүсгэхгүйгээр өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах ёстой үе.

Халдвараас хамгаалах гэж хорио цээр тогтоосон болохоос биш, эмх замбараагүй гэртээ бай гээгүй шүү дээ. Энэ үед аль аль талдаа хянамгай баймаар байна” хэмээн ярив.

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн байрны гадаа тоглож байгаа хүүхдүүдийн тоо ч нэмэгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор өндрөөс, тоглоомон дээрээс унаж, бэртэх тохиолдол ч гарсаар байгаа юм.

Тухайлбал, ахуйн гэмтэлд тооцогдох уналт нь энэ оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл 4,607 бүртгэгджээ. Энэ нь хүүхдийн осол, гэмтлийн 51 хувийг эзэлж буй юм.

Энэ нь нэг талаараа гэрийнхээ ойролцоо гараад тоглож байгаа ч хүүхдэдээ эцэг, эхчүүд хэзээд анхаарал хандуулж, санаа тавих шаардлагатай болохыг харуулж байна.

Тухайлбал, байрнуудын гадаах тоглоомын талбайн өндөр таны хүүхдэд тохирох эсэх болоод талбайн зөөлөвч нь бүтэн эсэхийг шалгах хэрэгтэй болов уу.

Хэдийгээр нийт хүүхэд гэмтлийн хэмжээ, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс буурсан нь сайн хэрэг ч санаагаа амрааж, хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулж болохгүй.

Учир нь хүүхэд заавал ямар нэг байдлаар гэмтэх эсвэл хохирогч болж байх албагүй. Бидний ирээдүй болсон гэрэлтүүлэх бяцхан үрс аль ч орчинд айдасгүй, аюулгүй байх ёстой.

Хүүхэд гэдэг бол нийгэмд ямар нэг байдлаар бие даан хариуцлага хүлээх чадамжгүй иргэн. 

Ялангуяа, өсвөр насныхан эцэг, эхээрээ тэврүүлэхгүй, байнгын хараан дор нь байхгүй ч өөрийгөө бүрэн төлөөлөх чадамжгүй гэдгийг мартаж болохгүй.

Тийм ч учраас асран хамгаалагч гэдэг чухлаар тавигддаг. 

Өнөөдөр манай улс дотооддоо халдварыг алдалгүй барьж чадаж буй. Энэ хичээл зүтгэлд та бидний оролцоо маш чухал гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Байгалийн нөлөөт хүчин зүйлсээс бид эрүүл мэндээ хамгаалж чадахгүй ч осол, гэмтэл бэртлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах боломж үргэлж байсаар байдаг.

Тиймээс хүүхдүүдэдээ тавих хяналтаа сайжруулж, анхаарлах халамжаа нэмэгдүүлье.

Гэртээ байгаа хүүхдийг болзошгүй осол, гэмтлээс сэргийлэх зөвлөмж

Түлэгдэхээс сэргийлэх

  • Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
  • Зуухны тагийг заавал түгжиж байх,
  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

Тогонд цохиулахаас сэргийлэх

  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
  • Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
  • Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Галын аюулаас сэргийлэх

  • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
  • Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
  • Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх