Индэр    
2020 оны 5 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 61: Улс орны хөгжилд шинэ зах зээлийн инновац чухал нөлөөтэй

Зураг

Хөгжиж буй, буурай орнуудын хамгийн гол асуудал нь ядуурал, авлигалтай нийгэм оршсоор байдагтай холбоотой.

Тэгвэл хөгжингүй орнууд ядуурлаас хэрхэн ангижирч, одоогийн соёлч нийгмийн бүтээж чадсан бэ гэдэг нь үргэлж судалж байх ёстой асуудал.

Бид Unlock подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт Харвардын алдарт профессор Клэй Кристэнсэний сүүлийн бүтээл "Prosperity Paradox"-ийг танилцуулж байна.

Энэхүү ном нь хөгжилтэй улс орнуудын гол хөгжлийг инновацын нөлөөтэй холбон тайлбарласан гэдгээрээ онцлогтой.

ШУУД СОНСОХ:

Инновац гэдэг нь ажиллах хүч, эд материал, мэдээллийг ашиглаж аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү үнэ цэнтэй болгож, өөрчлөлт гаргах үйл явцыг хэлдэг.

Тодруулбал, аливаа нэг үйлдвэр, үйлчилгээ явуулж байгаа зүйлд нь өөрчлөлт гарахыг инновац гэж ойлгож болох юм.

Гэхдээ инновацын олон төрөл байдаг бөгөөд аль инновац нь улс орнуудын хөгжилд тус нэмэр болдгийг энэхүү номд олон талаас тайлбарласан байна.

Шинэ зах зээл үүсгэгч инновацыг яагаад хийх хэрэгтэй вэ

 

Инновацыг хүн бүр сонсоод өөр өөрийнхөөрөө ойлгодог ч инновацын ачаар улс, үндэстэн хөгжиж чадна гэсэн итгэл олж авдаг.

Уг номд энэ тухай гурван төрлөөр тайлбарлан бичсэн бөгөөд эдгээр нь зах зээлд өөр, өөр үр нөлөөг авчирдаг.

Тогтворжуулагч инновац

Энэ нь зах зээлд нэгэнт бий болсон бараа бүтээгдэхүүнийг сайжруулан гаргахыг хэлнэ.

Тухайлбал, цай, кофе гэх зүйл тухайн зах зээл, тухайн нийгэмд байсаар байсан ч түүнийг илүү сайжруулж, шинэ төрөл гаргаж ирэх нь тогтворжуулагч инновацад тооцогдоно.

Гэхдээ энэ нь үсрэнгүй зах зээлийг авчрахуйц инновац биш юм.

Тиймээс ажлын байр ихээр өсөх, шинэ бизнес бий болгож чадахгүй. Учир нь шинэ төрлийн цай, кофе үйлдвэрлэж эхэллээ гээд илүү олон хэрэглэгчийг өөртөө татна гэсэн үг биш.

Бүтээмжийн буюу үр ашгийг бий болгогч инновац

Бүтээмжийн инновац гэдэг нь багахан зардлаар үр ашиг бий болгох инновацын төрөл гэж ойлгож болно. Энэ нь ихэвчлэн үйлдвэрлэл эрхэлдэг сектор эсвэл уул уурхайн секторуудад илүү ажиглагддаг.

Хямд төсвөөр үйлдвэрлэлээ бодлогын зах зээлд аваачиж, бүтээгдэхүүнийхээ зардлыг хэмнэх арга хэмжээ авахыг хэлдэг аж.

Шинэ зах зээл бий болгогч инновац

Энэ бол улс орнуудад хамгийн чухал ач холбогдол авчрах инновцын төрөл юм.

Шинэ зах зээлийг үүсгэгч инновац гэдэг нь зах зээлд шинэ зүйл бий болгохоос гадна дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг янз бүрийн сайн нөлөөг авчирдаг.

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг огт мэддэггүй, эсвэл авч чадахгүй байгаа хүмүүст боломж бий болгох нь энэ төрлийн инновацын амжилт авчирдаг гол түлхүүр юм.

Үүнийг АНУ-ын авто замын хөгжлийн жишээ маш тодоор харуулж байна.

1900 оны эхээр Форд компанийн гаргасан "Model T" загварын автомашиг зөвхөн баячууд унадаг байсан бөгөөд автомашин хэрэглэгчийн тоо тухайн үедээ ердөө 8,000 орчим байсан аж.

Энэхүү сэтгэлгээг өөрчлөн бүх хүн "Моdel T" загварын машин унах боломжийг олгосон нь тухайн автомашин хэрэглэгчийг найман сая болгон нэмэгдүүлж, АНУ-д маш том инновац хийж чаджээ.

Дээрх өөрчлөлт нь тус улсад мянга, мянган ажлын байр бий болгохын зэрэгцээ автомашины түүхий эд, сэлбэгийн үйлдвэр, засвар үйлчилгээг ч шинээр бий болох боломжийг бүрдүүлсэн байна.

Хэрэглэгчийн тоо ингэж өссөн нь АНУ-ыг автомашины замд анхаарлаа хандуулах шаардлагыг бий болгожээ.

Ийнхүү шинэ зах зээлийн өөрчлөлт нь улс орныг эдийн засгийн хувьд тэр чигээр нь өөрчлөх боломжтой.

Гэвч хөрөнгө оруулагчид эрсдлээс айдаг

Дэлхий дээр нийт эргэлддэг хөрөнгийн хэмжээ 70 триллион доллар орчим байдаг гэж номд тэмдэглэжээ. Түүнээс гадаадын нэртэй хөрөнгө оруулалтууд хоёр тэрбумд ч хүрдэггүй аж.

Дэлхийн олон орны хөрөнгө оруулалтууд үргэлж өөрийн улсдаа үлддэг.

Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын 73 хувь нь хамгийн өндөр хөгжилтэй 35 орон руу явдаг бол үлдсэн 27 хувь нь хөгжиж буй, буурай хөгжилтэй оронд хэрэгждэг байна.

Яагаад хөгжилтэй орнууд тэр хөрөнгө оруулалтыг татчихаад байгаа вэ гэвэл, томоохон хөрөнгө оруулагчдын ихэнх нь бүтээмж хайж байгаа эвсэл тогтворжуулагч инновацад татагддаг.

Учир нь энэ нь илүү эрсдэл багатай бөгөөд хялбар, ойлгомжтой учраас хөрөнгө оруулагчид тогтвортой инновац руу татагдаж, ихэнх хөрөнгө оруулалтаа хийчихдэг байна.

Шинэ зах зээл үүсгэгч инновац хийхэд цоо шинэ учраас эрсдэл өндөртэй гэж тэд үздэг аж.

Иймд гадаадын хөрөнгө оруулалтаар шинэ зах зээл үүсгэгч инновацыг бий болгох гэхээс илүү дотоодын бизнес эрхлэгчид өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй болж байна.

БНХАУ зөв хөрөнгө оруулалтын ачаар 730 сая иргэнээ ядуурлаас гаргасан

 

Маш олон улс ядуурлаас гарах гэж тэмцэж буй. 1990 онд дэлхийн хүн амын гуравны нь буюу 35.3 хувь нь нэн ядуу гэсэн ангилалд багтдаг байжээ.

Тэгвэл 25 жилийн дараа буюу 2015 онд энэ тоо 9.6 хувь болтлоо буурсан байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд дэлхийн нэг тэрбум хүн ядуурлаас ангижирч чадсан гэсэн үг.

Тэгвэл ядуурлаас аврагдсан дэлхийн нэг тэрбум хүний 73 хувь нь зөвхөн БНХАУ-ын иргэд бөгөөд тус улс сүүлийн 30 орчим жилд 730 сая иргэнээ ядуурлаас аварсан байна.

БНХАУ-ын энэхүү хөгжлийг нарийн харвал шинэ зах зээлийг үүсгэдэг иннованцыг илүү дэмжиж ирсэнтэй холбоотой гэж энэхүү номд өгүүлжээ.

Тухайлбал, БНХАУ-ын Galanz брэндийн богино долгионт шарах шүүгээ буюу печийг ихэнх айл хэрэглэдэг.

1992 онд тухайн төхөөрөмжийг зөвхөн баячууд ашигладаг, тансаг хэрэглээ гэсэн ойлголт нийгэм даяар оршиж байв.

Харин тус брэндийг үндэслэгч Лян Зао Шиан /Liang Zhaoxian/ печийг юу гэдгийг ч мэдэхгүй эсвэл хэтэрхий үнэтэй тансаг хэрэглээ гэж боддог олон хүмүүсийг бизнесийн боломж гэж харсан байна.

Ингээд тэрбээр тэдэнд тохирсон хямд үнэтэй бөгөөд айл бүр хэрэглэгч нь байх боломжтой гэдгийг ойлгуулж давуу талуудыг нь сурталчилж, иргэдэд боловсрол олгох байдлаар маркетингаа явуулсан нь маш том амжилт олж чаджээ.

Өдгөө Galanz брэнд нь дэлхийн 200 гаруй оронд салбартай болон өргөжсөн бөгөөд дэлхий дээр үйлдвэрлэж байгаа богино долгионы зуухны тэн хагас нь уг үйлдвэрийн нэр дор бүтээгдэж буй аж.

Galanz брэнд нь БНХАУ-д шинэ зах зээл үүсгэсэн бөгөөд үүнийг дэмжсэн дэд бүтэц, хүмүүсийн хэрэглээний боловсрол гээд маш олон зүйлийг өөрчилжээ.

Магадгүй БНХАУ Galanz шиг маш олон компанид хөрөнгө оруулж, шинэ зах зээлийн инновацыг бий болгож чадсан нь богино хугацаанд эдийн засгаараа дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгосон байх гэж номд тэмдэглэсэн байна.

Буурай улс оронд тохиромжтой тусламж ховор

 

Буурай орон гэхээр л олон улсын байгууллагууд дэмжлэг, туслалцаа өгөх нь элбэг байдаг. Ингэх нь тухайн улсыг ядуурлаас гаргаж, дутуу зүйлсийг нь нөхөж чадна гэж тэд ойлгодог.

Гэвч энэ нь бодит байдал дээр, урт хугацаандаа гол асуудлыг шийдэж чаддаггүй нь харамсалтай.

Энэтхэг улсад нийт ард иргэдийнх нь тал хувь нь ариун цэврийн өрөөний дутагдалтай байна.

Энэ асуудлыг Засгийн газраас нь шийдэхээр 2019 он гэхэд 60 сая ариун цэврийн өрөөг ашиглалтад оруулахаар 2014 оноос төлөвлөгөө гаргаж ажиллаж эхэлсэн ч ганцхан жилийн дараа уг төлөвлөгөөгөө зогсоожээ.

Учир нь нэг жилийн дотор хэдэн мянган ариун цэврийн өрөө барьсан ч ундны усандаа хэрэглэж болохоор цэвэр усыг жорлонд зарцуулах нь иргэдийнх нь хувьд хэтэрхий тансаг хэрэглээ байсан аж.

Тийм учраас хэчнээн ариун цэврийн өрөө байсан ч жорлон хэрэглэхгүй байжээ.

Дээрх жишээгээр ядуу буурай орны дутуу зүйлийг нь нөхөж өгнө гэдэг бол архаг өвчтэй хүний уг өвчнийг нь эмчлэхгүйгээр өвчин намдаах зэрэг эм өгч, тухайн үеийн шинж тэмдгийг түр арилгаж байгаатай агаар нэгэн адил гэж номд тэмдэглэн үлдээжээ.

Ихэнх улс орон гаднаас тусламж авсан ч тухайн тусламжийг шууд шингээн авах чадамж муу байдаг.

Тиймээс энэхүү чадамж нь улс оронд бий болоогүй байхад гаднаас хэчнээн туслаад дутууг нь нөхөж чаддаггүй буюу ямар ч нэмэргүй ажээ.

АНУ-ын инновацын жишээнээс

 

АНУ-ыг хамгийн хөгжилтэй баян улс гэж боддог хүн цөөнгүй.

Гэвч тус улс 19-р зууны эхэн үед тус улсад авилгал хээл хахууль хаа сайгүй байснаас гадна, 1,000 хүүхэд тутмын 200 нь эндэж, нийт хүн амынх нь 5 хувь нь л гэр дотроо ариун цэврийн өрөөтэй байсан гэж түүхэнд өгүүлдэг.

Тийм ядуу байсан улсыг төр засаг нь хөгжүүлсэн гэхээс илүү томоохон компаниуд чухал нөлөө үзүүлжээ.

Гэрэл зураг.

Өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа хүмүүс жилд нийт 657 тэрбум зураг авдаг гэсэн судалгаа бий.

Энэ нь 150 жилийн өмнө, жилд авдаг байсан зургийг хоёр минут тутамд авдаг болсон гэсэн үг юм.

Хамгийн анх АНУ-н иргэн Кодак Истмен зургийн аппаратыг бүтээсэн нь жирийн иргэд гэрэл зургаа авахуулж, хадгалах боломжийг бүрдүүлсэн байдаг. 

Тухайн үедээ Коdaк компани 100 мянган ажилтантай, өнөөдрийн ханшаар тооцвол 30 тэрбум төгрөгийн орлоготой маш том компани болж чадсан.

Тэр зөвхөн зураг авдаг биш хальсыг нь угаана, орон нутагт салбараа нээж, хүмүүсийг ажилд авах гэх мэтээр шинэ инновац түгээснээр нийгмийг тэр чигт нь өөрчилсөн байна.

Банк.

120 орчим жилийн өмнө, 1900-аад онд банк гэдэг бол томоохон компани, баячуудад зориулагдсан санхүүгийн байгууллага байсан.

1904 онд АНУ-д амьдарч байсан Италийн цагаач иргэн банкнаас зээл авах гэсэн ч тухайн үед банк жирийн иргэнд зээл олгодоггүй байсан учраас чадаагүй аж.

Тиймээс тухайн иргэн жирийн иргэдэд зээл олгож, хадгаламж үүсгэдэг анхны банкийг бий болгохоор шийджээ.

Энэ нь тухайн үедээ Италийн банк гэдэг нэртэйгээр Сан-Франциско хотод байгуулагдаж байсан. Ингээд банк олон жирийн иргэдэд зээл олгодог болсноор иргэд зээл авч жижиг, дунд бизнес эхлүүлэх боломжийг нээж өгсөн.

Нийт хүн амын ердөө хоёрхон хувьд үйлчилдэг байсан санхүүгийн байгууллагыг бусад 98 хувь нь чөлөөтэй үйлчлүүлдэг болгож өгснөөрөө нийгмийг бүхлээр нь өөрчилсөн юм.

Энэ шинэ зах зээлийн инновацыг гаргаж чадсан нь АНУ-ыг ийм хөгжилд авчирчээ. Инновац гарч ирсэн учраас дэлхийн зах зээл одоо ч асар хурдтайгаар хөгжиж байна гэдгийг энэ жишээгээр номонд тайлбарласан байна.

Азийн орнууд инновацын ачаар хэрхэн хөгжиж чадсан бэ

Зохиолч Азийн орнуудаас энэ бүлэгт Япон, Солонгосыг онцолсон байна.

Япон улс Дэлхийн II дайны дараа өлсгөлөнд нэрвэгдсэн бөгөөд эдийн засаг нь нуралтад орсон байсан нь саяхан.

Энэ нуралтаас инновацынхаа ачаар гарч чадсан гэх таамгийг зохиолч дэвшүүлжээ.

Япон улсын Sony компанийн хамгийн анх олонд танигдсан бүтээгдэхүүн нь халаасны дуу хураагч байсан юм.

Энэ нь эхэн үедээ огтхон ч зарагддаггүй байсан тул тус компанийг үндэслэгч энэ бүтээгдэхүүнийг олонд зарахын тулд ашиг тусыг нь орон даяар танилцуулах бодлого барьж ажиллаж эхэлсэн.

Үүнийхээ хүчинд захиалгадаа дарагдаж, үйлдвэрлэж амжихгүй болтлоо амжилтад хүрсэн анхны бүтээл болж чадсан аж.

Дараа нь халаасны кассет тоглуулагчийг дэлхийн зах зээлд танилцуулсан юм.

Үүнийг анх танилцуулах гээд судалгаа явуулж байхад маркетингийн багийнхан нь чихэнд ийм зүйл хийхээр хүмүүс дургүйцнэ гэсэн байр суурьтай байсан аж.

Гэсэн ч эхний сараас эхлээд өөрсдийнх нь төсөөлж байснаас 10 дахин илүү орлого олсон бүтээгдэхүүн болж чаджээ. Энэ нь зах зээлд бий болохыг хүлээн суух биш зах зээлийг идэвхтэйгээр бий болгож, бүтээн байгуулах хэрэгтэйг харуулж байна.

1938 онд байгуулагдсан БНСУ-ын Sumsung компани анх загас, ногоо, гурил, будаа зардаг хүнсний борлуулагч байсан.

Харин дараа нь Sumsung elegtronics гэж байгуулагдаж, хар, цагаан дэлгэцтэй телевиз нь чанарын түвшин доогуур байсан гэж номд бичжээ.

1990-ээд онд ч тус компанийн бүтээгдэхүүн чанарын түвшинг хангадаггүй байсан.

Энэ үед тус компанийг үндэслэгч ажилтнууддаа "Эхнэр хүүхдээсээ бусдыг нь бүгдийг өөрчилж, сайжруул" гэсэн сануулгыг өгч, 150 мянган бүтээгдэхүүнээ ажилчдынхаа нүдний өмнө шатааж үзүүлжээ.

1993 онд болсон үйл явдлаас хойш Sumsung компани хэдхэн жилийн дараа анхны дижитал өнгөт зурагтыг дэлхийд маш амжилттайгаар танилцуулж байсан.

Өдгөө Google, Amazоn-ы дараа орох хэмжээний инновацдаа мөнгө олох чадалтай компани болтлоо өсөж дэвшиж чадаад байна.

Бүтээмжид тулгуурласан инновац

Мексик улс нь худалдааны гэрээгээр бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй гаргаж, худалдаа эрхлэх боломжтой нөхцөлд байдаг.

Тус улс ажилчдынхаа чадварын хувьд ч нэлээд дээгүүр тооцогддог. Тус улсад АНУ-ын томоохон үйлдвэрүүд хөрөнгө оруулж үйлдвэрүүдээ барьдаг.

Мексикт барьж байгаа шалтгаан нь бүтээмж өндөртэй, хямд өртөгтэй инновац руу хөрөнгө оруулалтаа хийдэг.

Гэтэл сүүлийн 30 жилд энэ улс ядуурлаасаа гараагүйгээр барахгүй хоёр сая хүн ядуурлын түвшинд очсон гэх тоо баримт байна.

Хямд өртгөөр бүтээмж нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт нь тухайн улс оронд шинэ ажлын байр үүсгэдэг ч шинэ зах зээл дэд бүтцэд огт нөлөөлдөггүй гэдэг нь харагдаж байгаа юм.

Байгалийн баялгийг олборлох салбар нь шинэ зах зээл үүсгэх биш, бүтээмж сайжруулсан хөрөнгө оруулалтууд хийгддэг.

Тийм учраас ОХУ-ын 70 гаруй хувь нь байгалийн баялгаас орж ирдэг.

Иймд тус улсын бүх зах зээл нь байгалийн баялгийн ашиг, бүтээгдэхүүний үнээс шууд хамааралтай байдаг бөгөөд байгалийн баялаг нь нийт нийгэмдээ хүрч чаддаггүй аж.

Бизнес нь хөгжиж байж дэд бүтэц нь хөгжих ёстой

Буурай хөгжилтэй орнуудад Дэд бүтэц нь хөгжөөгүй байдаг. НҮБ-ын тайлбарлаж байгаагаар дэд бүтцийн дутуу хөгжил нь улс орны хөгжлийг хойш татдаг гэжээ.

Гэтэл бодит байдал дээр зах зээл байхгүй байхад дэд бүтцийг байгуулчихаар цааш арчлаад явах зардлаа тухайн хөгжиж буй улс гаргаж чадахгүйд хүрдэг.

Үнэтэй дэд бүтэц байгуулахад шууд хөрөнгө оруулчих олон улсын байгууллага цөөн.

Өөрөөр хэлбэл, буурай эсвэл хөгжиж буй орнууд ихэвчлэн гаднын зээл тусламжаар бүтээн байгуулалтаа хийдэг. Энэ өрийг олон жилийн турш төлөх нөхцөлтэйгөөр авдаг.

Энэ нь зах зээл нь хөгжөөгүй нийгэмд олон жилийн турш хүүг нь ч төлж чадахгүй, бүтээн байгуулалтынхаа ашиглалтын зардлыг даахгүй гэх мэт дампуураад үлдэх магадлал маш өндөр байдаг аж.

Олон улсын валютын сангаас буурай орнуудын 40 хувь нь энэ хэрэгцээ муутай өр зээлээс болоод эдийн засаг нь дампуурах эрсдэлд орсон гэж үнэлжээ.

Энэ нь бизнес хөгжиж байж дэд бүтэц нь хөгжих ёстой гэсэн үг юм.

Инновац тухайн нийгэм өөр өөрийгөө засах механизм.

Шинэ зах зээлийг үүсгэгч инновац нь хөгжиж буй болон буурай орнуудад илүү байгаа учраас энэ зах зээлийг гаргаж ирэх инновацад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг зохиолч энэхүү номоороо тайлбарлахыг оролджээ.