Индэр    
2020 оны 4 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 60: Өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй атлаа бусдын хүслийг мэдэх боломжгүй

Зураг

- Хүн бүрийн амьдрал өөрийн гэсэн хэлтэй. Тэр хэлийг хэрхэн бий болгох нь танаас л шалтгаална-

Хүн хоорондын хүнлэг харилцааны аргачлалын тухай өгүүлсэн сонгодог бүтээл болох "Nonviolent communication" номыг энэ удаагийн анлок подкастын бичмэл хөрвүүлгээр хүргэж байна.

Сэтгэл судлалын профессор Розенбергийн /1934-2015/ бичсэн 1999 онд хэвлэгдсэн энэхүү бүтээл нь 1960 оноос хойш түүний хөгжүүлж ирсэн Nonviolent communication буюу Эе эвийн харилцааны онолыг илэрхийлдэг хэмээдэг. Үүгээр зогсохгүй гэр бүл, ажлын байр, хүүхдийн хүмүүжил, олон улсын маргаан зэрэг олон талбарт уг онолыг амжилттайгаар хэрэгжүүлж, түгээж ирсэн гайхалтай бүтээл ажээ.

Хэн нэгнийг сонсож, ярилцахдаа сэтгэлээсээ, энэрэн хайрлах сэтгэлтэйгээр харилцахыг эв эеийн харилцаа хэмээн ойлгож болно.

Урьд өмнө нь бидний өдөр тутмын амьдралд хэн ч эв эеийн харилцааг зааж өгөөгүй болохоор бид мэддэггүй байсан байж болно. Түүнээс биш эв эеийн харилцааг бий болгох чадвар хүн бүрт бий.  

"Nonviolent communication" номыг шууд сонсох:

Хүний амьдралын мөнхийн сэдэв болсон хүнлэг, дотно харилцааны аргыг энэхүү номоос тоймлон хүргэж байна.

ЭВ ЭЕИЙН ХАРИЛЦААНЫ ДӨРВӨН ЭЛЕМЕНТ

Ажиглалт, сэтгэл санааны мэдрэмж, хэрэгцээ байдал, хүсэлт ДӨРВӨН ЭЛЕМЕНТЭЭР дамжуулан эв эеийн харилцааг хэрэгжүүлэх боломжтой. Эдгээрийг хэрэгжүүлэхэд хувь хүний зүгээс чин сэтгэлээсээ санаа бодлоо илэрхийлэх, харилцагчийнхаа санаа бодлыг хүлээж авах хандлага чухал. Мөн эв эеийн харилцаанд саад болдог харилцааны арга хэрэгслүүд нь,

  1. Нэгнийгээ шүүмжлэх
  2. Бусдыг болон өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах явдал хэмээн сэтгэл судлалын профессор өгүүлжээ.

НЭГ. Үнэлж дүгнэхгүйгээр ажиглалт хийх. Хүн хэн нэгэнтэй харилцаж эхлэхээсээ өмнө дотроо аль хэдийнээ үнэлэлт, дүгнэлтээ гаргачихсан байдаг. Тэгээд эсрэг талынхаа хүнтэй ярилцах үед гаргасан үнэлэлтээ өөрийн мэдэлгүй шингээдэг бөгөөд энэ нь тухайн хүнтэй чин сэтгэлээсээ ярилцах боломжийг хаадаг.

ХОЁР. Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх. Зарим ажил мэргэжлүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байхыг шаарддаг. Гэсэн хэдий ч та хүн л болсон хойно өөрт төрж буй гуниг, хайр, гутрал зэргийг мэдэрч буйгаа нөхцөл байдлаасаа шалтгаалаад бусадтай хуваалцахыг хичээгээрэй.

ГУРАВ. Өөрийн сэтгэл хөдлөлдөө хариуцлага хүлээх. Ямар нэгэн сэтгэл хөдлөл үүсэхэд хойно нь байдаг зүйл бол хэрэгцээ шаардлага юм. Түүнээс биш бусдын юу гэж хэлсэн нь зөвхөн өдөөлт болж өгсөн  байдгийг бодох хэрэгтэй. Хэн нэгэн сөргөөр хандах үед хүн дараах дөрвөн мэдрэмжээр хүлээж авдаг байна. Үүнд,

  1. “Би” дээр төвлөрөн өөрийгөө буруутгах
  2. Бусдыг буруутгах
  3. Өөрсдийн сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгож, мэдрээд ард нь байгаа шаардлагыг харах
  4. Харилцаж буй хүнийхээ сөрөг мессежэд нуугдсан зүйлийн шалтгааныг олж харах

Орчин үед “Би ингэмээр байна, тэгмээр байна” гэж хэлдэг хүмүүсийг ихэнх тохиолдолд хувиа хичээсэн хүн  мэтээр бодож, хүлээж авдаг. Энэ нь нөгөө талаар буруу ойлголт билээ. Ялангуяа эмэгтэйчүүд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бодитоор ил гаргаж, илэрхийлэхдээ муу байдаг. Тухайлбал, нөхөртөө сэжүүр өгсөн байхад яагаад тэгэхгүй байгаа юм бол гэж бодохын оронд ямар шаардлага байсан, нөхрөөсөө юу хүсэж байгаагаа шууд илэрхийлэх нь хамгийн зөв арга юм.  

Хүн сэтгэлзүйн хувьд хөгжиж, туршлага хуримтлуулах шаардлагатай. Сэтгэлзүйн байдал нь хөгжиж буй дараах гурван ангилалд хувааж болно.

  1. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөний боол нь болж, өөрийгөө үзэн ядаж, буруутгах сөрөг циклд орчихсон хүн
  2. Хэн нэгнийг гомдоож байгаа нь надаас болоогүй. Ямар нэгэн шалтгаан байсан гэдэгт итгэн өөрөөсөө асуудлыг холдуулж, бусдын эгдүүцлийг хүргэдэг хүн
  3. Сэтгэлзүйн хувьд чөлөөтэй байдалд орсон. Хүн бүрийн хийж буй зүйл шалтгаантай учраас минийх ч гэсэн шалтгаантай. Сөргөлдөх шаардлагагүй гэдгийг ойлгосон хүн

ДӨРӨВ. Өөрийн хэрэгцээ шаардлагаа илэрхийлэхийн тулд зөв хүсэлт тавих. Зөв хүсэлт тавихын тулд “тэгээрэй, ингээрэй” гэсэн утгатай эерэг үгээр хүсэлтээ илэрхийлж сурах нь чухал. Тухайлбал, миний хань долоо хоногт ядаж хоёр удаа оройн хоолоо гэр бүлтэйгээ цуг идээд, гэртээ өнгөрүүлээч гэж хэлэхийг сонссон нөхөр эхнэрийнхээ юу хүсэж байгааг нь шууд ойлгож, хариу үйлдэл үзүүлэхэд ч амар байх болно. Гэхдээ нэг анхаарах зүйл нь хүн өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй байдаг нь гол асуудал. Жишээ нь, Сэтгэл зүйч нэгэн эмэгтэйд зөвлөгөө өгч байв.

- Эмэгтэй: Намайг хайрлах хүн олдохгүй болохоор би гутраад байгаа юм шиг байна...

- Сэтгэл зүйч: Чи ямар хүнээр өөрийгөө хайрлуулмаар байгаа юм бэ?

- Эмэгтэй: Нэг тийм хүн. Миний юу хүсэж байгааг надаас түрүүлээд мэдчихдэг хүн...

 Ийм төрлийн хүн байвал өөрийнхөө юу хүсэж байгааг олж мэдэх гэж хичээгээрэй.  

Хүн өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй атлаа бусдын хүслийг мэднэ гэдэг боломжгүй юм

Түүнчлэн хэн нэгэнд хүсэлт, гуйлт хэлэхдээ хэзээ ч шаардаж болохгүй. Хэрвээ шаардаж хэлээд тухайн хүн хүсэлтийг чинь биелүүлэхгүй бол шийтгэх, тушаах гэх мэт сөрөг хариу үйлдэл гардаг. Тэгэхээр хүсэж гуйж байгаагаа ойлгомжтой байдлаар илэрхийлэх нь зөв юм. Үүгээр зогсохгүй дотроо миний гуйж, хүссэн зүйлийг зөвшөөрөхгүй байсан ч зүгээрээ гэх сэтгэл зүйн бэлтгэлийг өөртөө суулгах хэрэгтэй. Тухайлбал, эрх мэдэлтэй хүн нь доод талын хүндээ хүсэлт хэлэх үед автоматаар шаардлага гэж хүлээж авах тохиолдол их  байдаг. Эцэг эх нь хүүхдэдээ, ах нь дүүдээ, захирал нь ажилтандаа... гэх мэт

ЭВ ЭЕИЙН ЭЛЕМЕНТИЙГ ХАРИЛЦАЖ Буй  ХҮН РҮҮГЭЭ ХАНДУУЛЖ хэрэглэх нь
 

Бусдыг ойлгох буюу өөрийгөө бусдын оронд тавих. Өөрийнхөө бодол санааг хоосолж тухайн хүний ярьж байгаа зүйл рүү анхаарлаа төвлөрүүлэх нь чухал.

Сэтгэлээ уужим байлгах нь нөгөө талын хүнээ ойлгоход тусалдаг. Гэхдээ хэдий ойлгохыг хичээсэн ч та дотроо хэцүү байх үед бусдыг ойлгоно гэдэг боломжгүй тул эхлээд өөрийгөө ойлгохыг хичээхийг зөвлөж байна. Бусдад энэрэнгүй ханддаг хүн өөрийгөө ч хайрлаж эерэг байж чаддаг. Хүн ууртай, бухимдсан байгаа бол гарцаагүй ард нь шалтгаан байна гэсэн үг.

Өөрийгөө хүлээн зөвшөөрч харамсахгүй байх. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, уучилж сурах нь цаашид өсөж дэвжихэд чинь чухал гэдгийг санаарай. Өөртэйгөө эерэг харьцахад хамгийн их саад болдог зүйл нь би тэгдэг байж, ингэдэг байж гэсэн харамсах бодол юм.

Та харамсах зүйл хийсэн бол өөрийгөө болон бусдыг буруутгахгүйгээр суралцаад, дараа нь алдаагаа давтахгүй байхад болно. Хүн амьдралынхаа туршид хийх ёстой чухал зүйл нь өдөр тутмын амьдралд хийж буй мөч бүхэндээ үнэнч сэтгэлээр, хайр энэрлээр хандах явдал. Жишээ нь, “Хийх ёстой” гэсэн нэрийн дор өдөр бүр хийж байгаа зүйлээ жагсаагаад дараа нь “Би ингэж хийхийг сонгосон” хэмээн сольж бичээд хараарай.  Энэ үед хийх зүйлээ харах өнцөг чинь өөрчлөгдөх болно. Тухайлбал, би хүүхдээ өглөө болгон сургууль хүргэж өгөх ёстой гэдгийг би хүүхдээ өглөө болгон сургууль руу нь хүргэж өгөхийг сонгосон. Учир нь хол сургууль ч гэлээ сургалт нь сайн тул хүүхдийн маань ирээдүйд хэрэгтэй гэж бодох.  

Уур уцаартайгаа хэрхэн тэмцэх вэ?

Уурыг илэрхийлэх хамгийн зөв арга нь нь чамайг уурлуулсан шалтгааныг олж харах явдал. Уурыг чинь хүргэсэн хүн чиний уурыг зүгээр л өдөөж өгсөн хэрэг. Харин уурлуулаад буй жинхэнэ шалтгаан бол  өөрийн чинь бодол.  

Зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хоёр тал зөрчилдөж байвал та гуравдагч талаас нь бодож зөвшилцөлд хүргэхийг хичээхийг зөвлөе. Бие биеийнхээ хэрэгцээ шаардлага, сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгож чадвал зөрчилдөөн алга болох боломжтой.

 Талархлаа илэрхийлж сурах 

Хэн нэгэнд талархаж байгаагаа хэлнэ гэдгийг нөгөө хүндээ маш их аз жаргал, хүчийг өгдөг. Гэхдээ чин сэтгэлийн талархал байвал бүр сайн. Жижиг ч бай, том ч бай талархсан зүйлээ нээлттэйгээр хэлэхийг зөвлөж байна.