Индэр    
2020 оны 4 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Улаанбаатар хот дахь 310 мянга гаруй нүхэн жорлон COVID-19-өөс ч өндөр эрсдэл дагуулж байна

Зураг
гэрэл зургийг MPA.mn

Гурван настай хүүхэд хүртэл “Covid-19” гэх нэрийг сонсоод "Битгий өвтгөөч" гэж гуйж буй сэтгэл өвтгөм өдрүүдийг өнөөдөр дэлхий дахин туулж, хүний алтан амь сүйдэж буй тоо мянга мянгаараа нэмэгдсээр буй гашуун мэдрэмжийг хүн төрөлхтөн амсаж байна.

Нөгөө талаар, бохирдлоор дамжин өвчин хэрхэн үүсэж, тархаж, хэр хэмжээний хохирол учруулж болдгийг энэ цаг үеийн үйл явдал тодоор харуулав. 

БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийг ялгадсанд маш удаан хуримтлагдаж үлддэг болохыг олж тогтоосон бөгөөд ДЭМБ-ын мэргэжилтнүүд ч халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг сайн хийхийг анхааруулсаар байгаа билээ. Манай улсын хувьд уг зөвлөмжийн хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийг боломжоороо хийж байгаа ч хаврын улирал эхэлж буй энэ үед Улаанбаатар хотын нүхэн жорлонгууд айдас дагуулаад байна. 

Улаанбаатар хот дахь 310 мянга гаруй нүхэн жорлонгоос шууд хөрс рүү нэвчиж буй ялгадас, угаадас нь гэр хорооллын хөрсний бохирдлын 88 хувийг үүсгэдэг.  Хөрсийг ингэж бохирдуулахад “нитрат” гэх бодис зонхилдог. Тухайлбал, Дэнжийн мянгад байрлах гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1,000 мг/л илэрсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын гэр хорооллын гүний усанд нитратын бохирдол их байгаа нь нүхэн жорлонтой холбоотой. Тиймээс үүнийг шийдвэрлэх ганц арга нь жорлонгоо өөрчлөх, хөрс рүү шууд ялгадсаа шингээхгүй байх, мөн угаадсаа шууд асгадаг явдал нь шинэ төрлийн органик бохирдлын эх үүсвэр бий болгох аюултай гэдгийг ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын багш Б.Наранчимэг хэлж байсан.

Нитратаар бохирлогдсон ус хүний биед орсныхоо дараа NO2 болон хувирч, хүчилтөрөгчийг эд эсэд хүргэхэд саад болдог аж.

Ингэж үүссэн хөрсний бохирдлоос болж нийслэлийн хэмжээнд халдварт өвчний тархалт нэмэгддэг хэрэг. Бид өнөөдөр халдварт өвчнөөс болж дэлхийн том, жижиг гэлтгүй бүх улс олон мянган хүнээ алдаж буй гашуун түүхийн гэрч болж сууна.

График 1. Халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо /улсын дүн, сараар/

 
эх сурвалж: ҮСХ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг. 

Нийслэл Улаанбаатарт манай улсын нийт хүн амын хагас нь буюу 1.4 сая хүн аж төрдөг. Үүнээс гэр хороололд 218 мянга гаруй өрх амьдардаг ба манай хотод 386,000 нүхэн жорлон бий болжээ. Үндсэндээ нийт хүн амын тал нь нийслэл хотдоо төвлөрдөг манай улсын хувьд нүхэн жорлонгийн бохирдолт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний нэн чухал асуудал болсон байна.

Өөрөөр хэлбэл, нүхэн жорлонгийн асуудлаа одооноос л шийдэж, цэгцлэхгүй бол COVID-19 өвчнөөс ч илүү хор хохирол учруулах эрсдэл өндөр байна.

Гэр хорооллын нүхэн жорлонгийн талаарх судалгаанууд олон байдаг ч ТЭЗҮ хийгдсэн судалгаа хомс. Тэгвэл ТЭЗҮ-ийн зөвлөх багаар ХБНГУ-ын Steuerungsbau Hanswille GmbH ажиллаж, зураг төслийн ажлыг нь Premium Project LLC хариуцан ажилласан нүхэн жорлонг сайжруулах, хаягдал ялгадсыг дахин боловсруулах шийдлүүдийг боловсруулсан судалгааны ажил/төсөл/-тай танилцсан юм.

Орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэн сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах, цаашид хэрэгжих боломжтой менежментийн бүтэн цикл боловсруулах, түүний санхүүжилтийн механизмыг тодорхойлох зорилготой уг төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 хорооны Ар Согоотын нэгж талбар 150171134 дугаартай 1.86 га талбайд жишиг ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, цаашид Bk 150 үйлдвэрийн байршлыг төлөвлөх, суурилуулах, угсрах, ажиллуулахад суурь тооцоо боловсруулагдсан байгаа аж. 

БОАЖЯ-нд хийгдэж буй энэхүү туршилтын шийдлийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх санхүүжилтийг босгож, хамтарч ажиллахад МҮХАҮТ бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ. 

"БОАЖЯ-нд хийгдэж буй нүхэн жорлонг уян бетон ашиглах замаар сайжруулах туршилтын шийдлийг улс даяар хэрэгжүүлэх санхүүжилтийг босгож, хамтарч ажиллахад МҮХАҮТ бэлэн"

Энэ талаар МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгээс тодруулахад "Уг төсөл нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын хүрээнд гэр хорооллын нүхэн жорлонг уян бетон ашиглах замаар сайжруулах, соруулан зөөвөрлөж, шатаах 3D жишиг төсөл. 

Зөвлөх багийнхан үндсэндээ 2020-2023 он хүртэлх мастер төлөвлөгөөг боловсруулсан төдийгүй батлагдсан стандартын хүрээнд уян бетоны технологи ашиглах замаар одоо байгаа нүхэн жорлонг сайжруулах судалгааг Монголд өмнө нь туршигдсан бусад жорлонтой харьцуулах байдлаар хийж, үр дүнтэй болохыг нь баталсан байсан. 

Өнөөдөр Монгол Улсад шаардлага хангасан 333,560 ариун цэврийн байгууламж, шаардлага хангаагүй 422,344 жорлон байдаг. Өөрөөр хэлбэл, улсын нийт хүн амын 63 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна. 

Иймд МҮХАҮТ-ын зүгээс үүнийг ганц дүүргээр зогсохгүй улс орон даяар хэрэгжүүлэх боломжтой хэмээн харж байгаа тул санхүүжилтыг нь газруудаар шийдүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ бол үндэсний хэмжээний асуудал учраас байгууллага гэлтгүй хүн бүр оролцоотой байх хэрэгтэй.

Уян бетоны технологи ашиглах замаар одоо байгаа нүхэн жорлонг сайжруулах судалгаа нь менежментийн бүрэн цикл боловсруулах хүрээнд дөрвөн үндсэн үе шаттайгаар гэр хорооллоос ялгарч буй лаг, хаягдлын менежментийн шийдлийг боловсруулж, үе шат бүрт нь техникийн болон санхүүгийн тооцоолол хийгдсэн байсан.

Иймээс цаашид уг төслийг Монгол Улс орон даяар хэрэгжүүлэхэд тохиромжтой гэдгийг зөвлөлийн багийнхан мөн онцолсон билээ. Олон улсын санхүүжилт татах хүрээнд АХБ, Bill & Melinda Gates сан, Германы Deutsche банк, Chris de Jong Advocatuur B.V зэрэг олон улсын байгууллагуудад танилцуулж, сонирхлын захидал авсан байгаа. 

Бидний хувьд жорлонг өөрсдийн хөрөнгөөр ихэнхдээ тааруухан барьж, арчилдаг нь эргээд эрсдэлд оруулж байдаг хэрэг. Хэрэгжих цар хүрээнээсээ төслийн амжилт шууд хамаардаг бөгөөд хамрах хүрээ бага бол эдийн засгийн өргөжилт байхгүй болж, хувийн хэвшилд ашиггүй, санхүүжүүлэгч байгууллагын хувьд өгөөжгүй болдог. Тиймээс бид илүү анхааралтай ажиллаж байна" гэв. 

 
эх сурвалж: B2P Bio-to-power GmbH
 
эх сурвалж: B2P Bio-to-power GmbH

Төслийн хүрээнд хийсэн хөрсний бохирдлын судалгаанаас харвал, Сонгинохайрхан дүүргийн жишиг хорооны нэг, зургаадугаар хорооны хөрсөнд гэдэсний бүлгийн дулаансаг бактери 10 айлаас 9 айлд нь илэрсэн бол хөрсөнд эмгэг төрөгч энтерококк 10 айлаас дөрвөн айлд нь илэрчээ.

Төсөл хэрэгжих боломжийн хувьд гэр хорооллын айлууд хашааныхаа булан хэсэг, нүүрэн талын хашаагаа адгуулан жорлонгоо голчлон барьсан нь судалгаагаар харагдсан. Мөн гудамж бүр, айл бүр автомашин орж гарах гарцтай байгаа нь жорлонгоос бохирыг уян бетоноор зөөвөрлөхийг боломжтойг дэмжсэн үзүүлэлт гэдгийг мөн онцолсон юм. 

 

Ийнхүү сайжруулсан ариун цэврийн байгууламж нь суллах, зөөвөрлөх, боловсруулалт, үйлдвэрлэл, дахин ашиглалт хэмээх шат дараалалтай байх аж. 

 
эх сурвалж: B2P Bio-to-power GmbH

Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг Билл Гэйтсийн байгуулсан сан олон жилийн турш жорлон, бохирын системийг сайжруулах, хүртээмжтэй болгох шинэ технологи бий болгохоор ажиллаж байгаа юм.

Тэрбээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2018 оны зун зохион байгуулагдсан “Reinvented Toilet Expo” буюу жорлонгийн шинэчлэлийн талаар олон улсын чуулганы үеэр тайзан дээр гарахдаа олныг гайхшируулсан нэгэн үйл явдал болсныг та санаж байна уу.

Билл Гэйтс шилэн савтай хүний ялгадас гаргаж ирээд жорлонгийн асуудлыг жишээ татаж хэлэхдээ “Энд юу байгааг та бүхэн таасан байх. Хүний ялгадас. Яг ийм багахан хэмжээтэй ялгадсанд 200 их наяд ротавирусийн эс, 20 тэрбум шигелла бактери, 100,000 шимэгч хорхойн өндөг бий. Энэ бүх хортой биетүүд дэлхий даяар, жил бүр бага насны 500,000 хүүхдийн аминд хүрдэг” хэмээн ариун цэврийн шаардлага хангасан жорлон, бохирын систем хүн төрөлхтөнд маш чухал болохыг тайлбарласан.

Гэйтсийн зорилго нь хямд өртөгтэй, өндөр үр ашигтай жорлон зохион бүтээж, хүний ялгадсыг ус, цахилгаан, бордоо зэрэг хэрэгтэй зүйлд хувиргадаг бохирын системтэй болох юм.