Индэр    
2020 оны 3 сарын 25

Тахлыг хэрхэн давдаг вэ?

Зураг
Photo: Patrick T. Fallon/Bloomberg via Getty Images
  •       Нийтлэлийн өмнө: АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн твиттерээс орчин үеийн нийтлэлчдийн түүчээ болсон Андрэй Сулливаны Цар тахлыг хэрхэн гэтлэх вэ? нийтлэлтэй таарсан бөлгөө.
  • Маргааш бид яах бол?
  • Хэзээ энэ бүхэн намжих бол гэсэн санаа зовнил, тодорхойгүй байдлаас уймарсан сэтгэлд минь хань, хариулт болсон тул уншигч олон түмэнтэй хуваалцах сэдэл төрлөө. Нийтлэх боломж олгосон редакцийн хамт олонд гялайлаа.

Тахлыг хэрхэн давдаг вэ? 

Энэ бүхэн намжихад Америк хүн бүр ойрын нэг хүнээ алдсан байх магадлал өндөр боллоо.

Өдөр сар өнгөрч жил тойроход тэр хүмүүсийг бидэнд Фэйсбүүк сануулна. Элгэн садан, анд нөхөр, арван жилийн найзууд чинь... Фэйсбүүк бидэнд тэр гашуун дурсамж, төрсөн уй гашууг тань сануулахаа мартахгүй.

Өвчин өвчтөнөө ялгаварлахгүйг өөрийн тань таамаглаж байсан болон огт таамаглаагүй алдартай болон даруу, олиггүй бөгөөд олонтой хүмүүсийн нэрс нотолж ойр тойрны тань хүн өвдөх бүрт өр рүү дахиад л өвдөнө.

Өглөө бүр бид биеэ чагнана. Ханиалга даамжирч буй эсэх, уушигны хөндүүр болон уушиг хөндүүрлэж байна уу даа.

Тахалтай амьдрал ийм байдаг. Бусдыг өвдөхийг, үгүй болохыг гэрчлэх, өөрөө өвдөөгүй байж би дараагийнх нь болов уу гэсэн адын бодол. Өөрөөсөө холдуулах зангаараа тэр тамхичин байсан, сахартай байсан, тэд 2 сард Италид явж байсан гэх ч цаг хугацаа өнгөрч, тоо нэмэгдэх тусам санамсаргүй тохиолууд бодол хүндрүүлнэ. Бид эсвэл өөр хэн нэгэн энэ асуудлыг хяналтандаа оруулах боломжгүй юм. Тийм боломж хэзээ ч байгаагүй.

Энэ бүхэн биднийг өөрчилнө. Өөрчлөгдөх нь жам юм. Тахал биднийг нийгэм, соёлоор нь өөрчилдөг. Зарим чиг хандлагыг буцааж, заримыг нь түргэсгэнэ. Ирэх арваны туршид аажмаар ил болох үр дагаврууд бидний сэтгэлгээний цар хүрээг тэлэх болно. Ганц зүйл тодорхой. Энэ бүхэн дуусдаг. Гагцхүү одоо хэлж таашгүй үнэн бол бид хэн болж үлдэх вэ?

ХДХВ-ын тахал эхлээд дуусахад би өөр хүн болсон байснаа санадаг юм. Өөр бусад ижил хүйстэн залуус ч мөн адил өөрчлөгдсөн. Үхэл хагацалтай нүүр тулж, хувь төөргийн эргүүлэгтэй нүүр тулсан хүмүүс өөрчлөгддөг. Айдаст бууж өгч ар далаараа тавиулж болно. Аль эсвэл юу чадах бүхнийг хийж вирустэйгээ амьдрах сонголтууд бий. Өвдөөд урагшлах зуур өвчинтэйгээ тэмцэх хүнийг хамгийн их өөрчилдөг. Үүнийг давахад бие сэтгэлийн багагүй хат шаардагдана.

Тахалтай амьдрал хэрэггүйг таниулж, хэнд итгэхийг зааж, хэрэгцээний эрэмбийг цэгцэлж өгдөг.

ХДХВ/ДОХ-ын тахал ижил хүйстэн залуус болон лесби бүсгүйчүүд өөрсдийгөө танихад, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд, ижил хүйстэн хүмүүсийн эрхийн хувьсгалыг бусад бүх хүчин зүйлсээс илүү жинтэй өөрчилсөн гэдгийг би гэрчилнэ. Урд өмнө байгаагүй тод томруунаар гомосексуал хүмүүсийн хүний эрхэм чанарыг үзүүлж чадсан энэ харамсалтай  үйл явдлын эцэст бид бүгд өөрчлөгдсөн. Хэдэн арван жил өнгөрсний дараа энэ үйл явдлын үнс нурман дундаас бидэнд гэр бүлээ батлуулах эрх, үзэгдэж хүлээн зөвшөөрөгдөх боломжтой өдрүүд иржээ.

Тахлын хор хөнөөл их хэдий ч таарсан замаараа сэргээж, шинэчлэн байгуулдаг билээ.  

1917 киног үзэж байхад гол дүрийн Англи цэрэг галын бүсэд орхигдсон хоосон хотоор харанхуй шөнөөр алхаж буй хэсэг гардаг. Герман цэргүүд нуугдсаар буй нуранги болсон хотод тэмтчин алхах зуур хааяа нэг гэрэлтүүлэгч тэнгэрт мандаж бүх зүйл тод харагдана. Өдрийн нарнаас илүү гэрэлтүүлэх тэрхэн зуур өнцөг булан бүр тодорч өлсч даарсан харх хүртэл харагдаад эргээд харанхуйлна. Тэрхэн зуур эргэн тойрноо зураглах боломж олдож, тэндээс тэрээр баримжаагаа авна.

Дайны цаг шиг тахал бидэнд хаана яваагаа харах боломж олгодог.

Цаг үеэ бид хүчээр ойлгож, амин хэрэгцээний эрэмбээ тодорхойлж авдаг. Бидэнд одоо Твиттер биш түргэн оношлуур хэрэгтэй. Улс төрийн хувьд харин хэрхэх нь тодорхойгүй байна. Цаг үеэ мэдэрч боломжийг шүүрч чадах эсэх улс төрчийн чадвараас нь шалтгаална.

Асар өндөр дэнчинтэй энэ өдрүүдэд Ковид-19-өөс болж Дональд Трамп ерөнхийлөгчийн дахин сонгогдох боломж хаагдана гэж бодож буй хүмүүс урдын адил хэт өөдрөгөөр дүгнэлтээ хийж байгаа. Үндэсний хэмжээний ийм кризис хэдий чадваргүй, хуурмагаар ажиллаж буй лидерийн ард талд ард түмний дэмжлэгийг авчрах цаг хугацааны хэмжүүртэй байдаг. Трамп байгалынхаа өгөгдлөөр энэхүү вирусийг гадаад гэж тодорхойлоод авсан. Тэрбээр зөвхөн энэ үзэл дээр дөрөөлж айдаст автсан өөрийнхөө дэмжигсэд болон бусад хүнд тайвшралын жимс авчрах боломжтой. Үүнийг төгсгөлийн өмнөх нялхрал гэдэг. Өөрийгөө өвтгөх, үхэх эрсдлийг умартаж харанхуйгаар лидертээ найдах үзэгдэл ингэж харагддаг. Онц байдлын үед асуудал дэвшүүлэн маргах сөрөг хүчин олон нийтэд таалагдахгүй байх нь элбэг. Хүнд цаг үед зөвхөн шүүмжлээд сууна гэдэг хэдий зөв боловч хэнээс ч оноо авдаггүй ажил. 

Fox News редакцийг энэ үед хэрхэн ажиллаж буйг Орвелийн 1984-д гайхамшигтайгаар дүрсэлдэгтэй жишиж болохоор.

“Бид үргэлжид Ийстазиатай байлдаж ирсэн” гэдгийг “Пандеми гэж зарлахаас өмнө би пандеми гэж харж байлаа” гэх үзэл санааг харьцуулаад хараарай. Бүгд Найрамдахчуудын баруун үзэлтнүүд энэ тахлаар дамжуулан юу ч хийхэд бэлэн аж.

Трамп ерөнхийлөгчийн Ардчилсан намаас илүү зүүний бодлого санаачилж хэрэгцээнд суурилаагүй бэлэн мөнгө тараах, Обамагийн үеэс давсан эдийн засгийн авралын багц тариа хийнэ гэж амалж байхад Бүгд Найрамдахчууд бүгд хэлээ хазсан мэт дуугүй байна.

Ковид-19-тай хийж буй дайнд ялагдах хүсэл нэг ч эрүүл ухаантай хүнд байхгүй тул бид бүгдээрээ ерөнхөөлөгчдөө амжилт хүсэхээс өөр зам үлдсэнгүй. Энэ бүхэн дундаас Цагаан ордныг буцааж авна гэдэг өнөөдрийн Ардчилсан намд байхгүй улс төрийн уян хатан чадварыг тэднээс нэхэж байна.

Эсэргээрээ Трамп энэ асуудлыг намжааж дийлэхгүй хүчин мөхөсдвөл түүнийг сохроор дагагчдын сүнс сүлд мөхөж Байдинд Цагаан ордон, Ардчилсан намд Конгрессийг авч ирж магадгүй юм. Эдийн засгаа бэхжүүлэн санхүүгийн зах зээлийн энэ их өрийг тэнцвэржүүлэх гэж амлаж буй мөнгөн дүн болоод нийгмийн эрүүл мэндийн муу төлөвлөлт тэмцэгч шинжийн сөрөг хүчний бодлогыг Америкийн ард түмэн таатайгаар тамшаахыг ч үгүйсгэхгүй. “Сайн кризисийг сайтар мөлжих хэрэгтэй” гэж Рам Эмануел хэлсэнчлэн нийгмийн эрүүл мэндийн энэ сүйрэл бүх нийтийн эрүүл мэндийн үйлчилгээг авчрахгүй юм бол өөр юу бидэнд авчирч чадах вэ? Энэ вирус зүүний үзэлтнүүдийн хувьд ч өөрсдийн тунхагласан олонхийн таашаадаггүй сэтгэлгээний элитизм ханхлуулахаа болиод нийгмийг хамарсан халдварын үед хариу үйлдэл хийх эдийн засгийн реформоо тодорхойлох боломж билээ.

Магадгүй энэ тархалт манай нийгмийн хамгийн өөдгүй соёлыг түргэсгэн хэвшүүлж ч магад.

Итали улс яагаад ийм хүнд цохиулж буй талаар бодоод үзэхэд барууны ертөнцөөс Италийн нийгэм, Италичуудын харилцаа хамгийн хүнлэг бөгөөд үе хоорондоо сүлэлдэн оршдог тэдний аз жаргал…. вирустэй хамт тэдэнд ирээд байна. Энэ удаа бидний ганцаардал биднийг аварч байж болох ч энэ тахлын “нийгмийн алслал” яваандаа алсран одож буй Америк амьдралын хэв маягийг улам бүүр эвдэх нигууртай.

Ирж буй өдөр, саруудад бид дийлэнх цагаа гэртээ өнгөрүүлж, ихэнх харилцаа маань цахим байх болно.

Ажил цөөрч, орлого багасна.

Ахуйн амьдралын хувьд эцэс төгсгөлгүй цуг байх нь гэрлэсэн хүмүүст дарамт, стресс авч ирнэ.

Зөвхөн компютер вирустэх боломжтой цахим нуувчиндаа бид тухалж, айл хөрштэйгээ хамт хийх боломжтой зүйлсээс зайлсхийнэ. Хоол хүргэлт хоолны газруудыг, Амазон дэлгүүр хоршоог орлож, хаалганыхаа цаанаас хүргэлтээ авдаг болно. Хүнтэй харилцах шаардлага багасна. Бидний нийгэм дотогшоогоо хумигдаж, зарим нэгэнд маань ганцаардал тэсвэрлэхийн аргагүй болно.

ХДХВ-ийн тархалтын үед голомтод байсан бидний нөхөд өвдсөн нэгэндээ тусалж, өөр бусаддаа халамж хайр, хамт даван туулах сэтгэлийн дэм харамгүй өгч туулсан билээ. Хэсэг бүлгээрээ цуглаж хэн нэгэнд болон өөртөө чи ганцаараа биш гэдгийг сануулах гэж оролддог байлаа. Энэ удаа бидэнд тийм сонголт алга.

Харилцан хүрэлцэх халдвар авах эрсдлийг нэмэгдүүлнэ. Тэврэлт мэдрээгүй хоёр долоо хоног өнгөрчээ. Энэ хоногууд сарууд болж ч магадгүй юм. Өөрсөддөө урам зориг өгөх гэж юу хийх хэрэгтэй вэ? Халдвар авчихна гэж эмээхгүй хэрхэн бэлгийн харьцаанд орох вэ?

Сайн сайхан зүйлс мөн ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Чимээ аниргүй гудам шинэ зүйлсийг таниулна.

Би мессеж илгээхээ багасгаж, утсаар илүү ярих болсноо анзаарсан. Гэр бүл, анд нөхөддөө санаа тавихдаа тэднийхээ дууг сонсч, нүүрийг харж байж тайтгарал авч буйгаа мэдэрсэн. Төрсөн биес минь холдож буй авч төд тоодоггүй зүйлсээ анзаарах боломжийг олгож буй мэт.

Нөхөрлөл, хайр цуг байхаас эхэлдэг байжээ.

Хамт хувааж татсан тамхи, мөрийг минь налсан толгой, атгасан гар, тулгасан хундаганы үгс. Энэ огцом зогсолтод эдийн засгийн машин уухилан урагшлахаа түр азнаж эх байгалийн чимээг бид сонсоно.

Хөрөнгө мөнгө, хүндлэл эрэмбийн уралдаан ч түрхэн зуур цуцлагдана.

“Өрөөнд ганцаараа чимээгүй сууж чаддаггүй хүнээс хорвоогийн бүх асуудал эхтэй” гэж Паскал хэлсэн.  Түүний хэлсэн үнэн эсэхийг үзэх цаг ирлээ.

Эдгээр хязгаарлуурсан өдрүүдийг бас үндэстнээрээ зогтусаад эргэцүүлэх өдрүүд болгох боломжтой юм.

Амьдралаа эргэж харах, шинээр эхлэх. Амьдралын эмзэгхэн гэдгийг эргэж санах өдөр хоногууд.

20-30 насандаа ХДВХ-ийн тахлаас би ганц зүйл ойлгосон. Тахлын үед амьдрах бол эрчимжүүлсэн амьдрал юм.

Ийм цаг үе угаасаа оршсоор ирсэн амьдралын барьцгүйг, тодорхойгүйг сайтар ойлгуулдаг.  Ойлгуулаад зогсохгүй хурц өнгөөр тодруулж өгдөг.

Бид бүгд нэг л өдөр бурхан болно.

Амьдралынхаа туршид өвдөж, зовох бол эргэлзээнгүй билээ.

Бид яагаад гэдгийг дангаараа ойлгодоггүй. Тэр тусмаа үхлийг ойлгодоггүй. Агуу шашнуудын сургаальд ойлгох гэж хичээхийг, оломдож аваад хянахыг номлодоггүй. Харин тэнцвэрээ жаахан олоод л хянаж чадахгүй зүйлсээ тайвнаар анзаарч тэрнээсээ тайвшрал олж авахыг сургадаг.

Нийгмийн энэ агуу аниргүйн зарим мөчид бид энэ сургамжийг дахин амсах, суралцах шаардлага гарч магадгүй. Яагаад гэвэл тэртээ миний туулсан тэр амьдрал нүдний өмнө дахин өндийж айсуй. Хүн төрөлхтний хувьд тахлын үеийн амьдрал яг улирал солигддог шиг. Яг л тэр ирнэ гэсэндээ л ирдэг хавар шиг.

Дараагийн баасанд уулзацгаая.

 

Нийтлэлийг: Андрэй Сулливан

Орчуулсан: Э.Лхагва @Lkhagva

 

Эх сурвалж: Intelligencer