Зураг
Зураг
Индэр    
2020 оны 3 сарын 16
Зураг
Гэр бүлийн сэтгэл зүйч

Ёс суртахууны цочролын үед хийх хэрэгтэй ТАВАН ҮЙЛДЭЛ

Зураг
“Ёс суртахуун цочролд орж, гэмт хүнийг буруутгах” үйлдэл нь ихэвчлэн гэмт хэрэгтэй холбоотой гардаг байсан бол энэ удаа эрүүл мэндийн асуудалтай холбогдон олон нийтийн цочрол үүсэж байгаа нь дан ганц Монгол Улсад бий болж буй үйл явдал биш юм.
А. Ёс суртахууны цочрол (Moral Panic) гэж юу вэ?
Нийгмийн үнэт зүйл, аюулгүй байдал болон нийтийн ашиг сонирхлын эсрэг хэн нэгэн (эсвэл хэсэг бүлэг хүмүүс) аюул учруулж байна гэсэн олон нийтийн айдсыг хэлнэ. Стэнли Кохен хэмээх нийгэм судлаачийн гаргасан энэхүү онол нь ихэвчлэн гэмт хэрэг, бэлгийн замын өвчлөл, терроризм, мансууруулах бодисын хэрэглээ, хүүхдийн хүчирхийлэл зэрэг асуудалтай уялдан нийгэмд гарч ирж байсан. 
 
Нийгмийн тогворгүй байдал, тэр дундаа ёс суртахууны хувьд үймээн үүсэж, ихэнх  тохиолдолд хууль дүрэм шинээр гаргах, эсвэл өөрчлөхөд нөлөөлдөг энэхүү үйл явц нь хэвлэл мэдээллийн байгууллага, эсвэл тухайн асуудлаар шийдвэр гаргуулах хэрэгтэй байсан улс төрийн байгууллагад давуу талыг бий болгодог гэж үздэг.
 
Нийгэмд цочрол үүсгэхэд дараах 5 хүчин зүйл нөлөөлдөг гэж нийгэм судлаач Кохен үзсэн байна. 
  1. Хорон санаат хүн
  2. Хэвлэл мэдээлэл тухайн хүнийг аюул хэмээн олон нийтэд зураглан хүргэх
  3. Хууль хүчний байгууллага мэдээлэл өгөх
  4. Улстөрчдийн оролцоо
  5. Олон нийт энэхүү асуудалтай холбоотой цочролд орох, тодорхой өөрчлөлт хийхийг шаардах
1. Хорон санаат хүн
 
Нийгмийн хэм хэмжээ, олон нийтийн эрх ашигт аюул занал учруулж буй хүн, эсвэл хүмүүсийг хэлнэ. Эдгээр хүн нь аюул учруулсан хариуцлагыг үүрдэг. Тэдэнд эерэг зүйл гэж байдаггүй. Хорон санаатныг төлөөлдөг гэж хэлж болно. 
 
3. Хэвлэл мэдээлэл
 
Цочрол бий болгох, түүнийг хүндрүүлэхэд хэвлэл мэдээллийн салбар хамгийн их оролцоотой байдаг. Үүнд 2 зүйлийг чухалчлан үздэг байна. 
  1.  Үйл явдлыг гаргах өнцөг 
  2.  Хүмүүст өгч буй цочролын хэмжээ. 
Сэтгүүлч бүрийн үйл явдлыг зураглан гаргах өнцөг өөр өөр байх ба тухайн мэдээнд ороогүй илүү олон хүчин зүйлс зураглалд оролгүй өнгөрдөг. Мөн олон нийтийн итгэл үнэмшил, хандлага, ёс суртахуунд үл нийцэх гарчиг өгөхөд л хүмүүсийн цочролын хэмжээ өндөр болж, гадуурхал явагдаж эхэлдэг.
 
3. Хууль сахиулах байгууллага
 
Цагдаа болон хууль хүчний байгууллагынхан чухал оролцоотой байдаг. Учир нь тэд хууль, дүрэм зөрчсөн хүнийг олж тогтоон, гэм буруутайг тодорхойлох ажлыг хийдэг. Энэхүү мэдэгдлүүд нь хэвлэл мэдээллийнхний гаргасан мэдээллийг баталгаажуулан, олон нийтийн санаа зоволтыг нэмэгдүүлдэг. 
 
4. Улстөрчид
 
Аливаа сэтгэл сэрдхийм мэдээлэл дээр улстөрчид дүрэм журмыг даган мөрдөхийн оронд өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлэх, өөрийн ашиг сонирхолтой тухайн асуудлыг холбон тайлбарлах жишээ үргэлж гардаг. 
 
Энэ нь тэдэнд нэр хүнд олж авах давуу тал, эсвэл нэр хүндээ алдах эрсдлийг бүрдүүлдэг. Нийгмийн сүлжээний хүч нэмэгдэх тусам улстөрчдөөс гадна нөлөөлөгчид (Influencer) буюу нийгмийн сүлжээнд олон дагагчтай хүмүүс энэ хэсэгт багтах болсон. 
 
5. Олон нийт
 
Цочирдсон олон нийт хорон санаатныг шийтгэх, аюулыг байхгүй болгох шаардлага тавьснаар шинэ дүрэм журам батлагдах нөхцөл үүсдэг. 
 
Гэхдээ нийгмийн цочрол бүрээс ард иргэд давуу талыг олж авахаас илүүтэй хэвлэл мэдээллийн байгууллага нэр хүнд олж аван, улстөрч өөрийн зорьж байсан дүрэм журмыг батлуулах давуу талуудыг олж авдаг. Харин хорон санаат хүн үргэлж бүх зүйлийн буруутан болж үлддэг бол олон нийтийн дунд илэрч буй уур хилэн, түүнээс үүсэх хор хохирол хэмжигдэх боломжгүйгээр үүрд үлддэг гэдгийг энэхүү онолд тайлбарладгийг хэлэхэд илүүдэхгүй байх. 
Б. Бидний хийх хэрэгтэй таван үйлдэл
Нийгмийн сүлжээний хэрэглээ ихэссэн өнөөгийн нийгэмд ёс суртахууны цочрол нь давтамж ихтэй, олон нийтийг түгшүүртэй байдалд тогтмол оруулж буй сул талтай болсон. Тиймээс дэлхий нийтийг цочролд оруулж буй COVD-19 халдварын үед дараах 5 зүйлийг хийхийг танд санал болгож байна. 
 
1. Урт хугацааны сэтгэл санааны бэлтгэлтэй байх
 
Нөхцөл байдал хүнд байх үед богино хугацааны төлөвлөгөөтэй байх нь сэтгэл санааны байдлыг тогтворгүй болгодог. Тиймээс зөвхөн Даваа гараг хүртэл биш, сарын хугацаатай бус, улирлын хугацаатай, цаашлаад хагас жил, бүтэн жилийн төлөвлөгөө, алсын хараатай байх нь чухал.
 
Эрүүл мэндэд тулгарч буй гэнэтийн эрсдэл түр хугацаанд үргэлжлэх боловч эрсдэл буурч, цаашид бид боловсрол, санхүү, гэр бүлийн бусад асуудал дээр анхаарал хандуулах шаардлага гарахад хэрвээ танд төлөвлөгөө байхгүй бол тухайн асуудлууд урт хугацааны хүндрэл болон үргэлжилнэ гэсэн үг юм. 
 
2. Нийгмийн сүлжээнд гаргадаг үйлдэл, таны үндсэн үйлдэл болон хэвшдэг
 
Үйлдэл бол хүний сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн их нөлөөтэй хүчин зүйл юм. 
 
Бусдыг буруутгах гэдэг үйлдлийг бид нийгмийн сүлжээ хөгжихөөс өмнө тэр бүр илэрхийлэн гаргадаггүй байсан. Гудамжинд алхаж буй хэн нэгний хувцас танд таалагдахгүй байвал тааламжгүй харцаар хараад өнгөрдөг боловч “Онцгүй юм” гэдэг сэтгэгдэл очиж хэлдэггүй байсныг санах нь чухал. Нийгмийн сүлжээ танихгүй хүнд, бодсон бодол бүрээ хэлэх, сэтгэгдэл үлдээх боломжийг олгосноороо сэтгэцийн эрүүл мэндийг өвчлүүлэх үндсэн шалтгаан болсон гэж хэлж болно.
 
Таны нийгмийн сүлжээнд хэлж буй үг, сөрөг сэтгэгдлээ хуваалцаж буй байдал өдөр тутмын амьдралын тань нэг хэсэг болдог. Мөн эсрэгээрээ өдөр тутмын бодол тань нийгмийн сүлжээнд хэрэглэдэг үгсээр тань илэрч гарч ирдэг. Коронавирустэй холбоотой цочрол үүсэхэд та амнаасаа гаргаагүй боловч бичиж үлдээсэн сэтгэгдэл бүр тань цахим орчинд үүрд бичигдэн үлдсэнээс гадна таны хандлага болон үйлдэлд шингэн үлдэж буйг санах нь чухал. 
 
3. Энэ цаг хугацааг үр дүнтэй ашиглах
 
Хүн бүрт алдаж буй зүйлс их байгаа. Цэвэр агаар амьсгалах эрх чөлөө, санхүүгийн эх үүсвэр, найз нөхөдтэйгөө уулзах боломж, ажиллаж хөдөлмөрлөх залуу нас гэх мэт олон хүчин зүйлсийн араас бид харамсаж байна. 
 
Мөн тэдгээр хүчин зүйлсийг илүү удаан хугацаагаар алдах вий гэсэн айдас хүн бүрт бий. Алдагдсан боломжтой цуг ирдэг зүйл нь шинээр үүссэн боломж юм. Өөрөө өөртэйгээ, гэр бүлтэйгээ “танилцах” боломж олгож байна. Бидэнд ийм боломж амьдралын цөөн олдоно. Энэ цаг хугацааг өөрийнхөө үргэлж хойшлуулж ирсэн зүйлийг хийж эхлэх, шинэ ур чадварт суралцах, төлөвлөгөө бодож боловсруулах зэрэг хэзээ ч цаг гаргаж чаддаггүй байсан зүйлсэд зориулахыг уриалж байна. 
 
Шинээр бий болгосон нэг ширхэг үйлдэл хэдэн жилийн дараа таны амьдралдаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болохыг хэн ч үгүйсгэхгүй. 
 
4. Хэрэглээгээ хянах
 
Цочролын худалдан авалт нь хүний биед хэрэгтэй зүйлс ховор байдгаараа сул талтай. 
 
Хүнсний худалдан авалтын сул тал нь худалдаж авсан бүх зүйлээ гэр бүлийн гишүүд тодорхой хугацааны дотор хэрэглэж дуусгах хэрэгтэй болдог. Цочролд орсон хүмүүсийн хувьд энэ нь ердийнхөөсөө илүү хэмжээний хоолыг идэж хэрэглэнэ гэсэн үг. Хөдөлгөөн хориотой байгаа энэ үед ердийнхөөсөө их идэх нь таны дотоод эрхтнүүдэд сайн нөлөөлөл үзүүлэхгүй. Худалдан авалтуудын тань дунд ууталсан, сахартай, давстай бүтээгдэхүүнүүд байвал далд хийх, их хэмжээгээр хэрэглэхгүй байхад анхаарах нь чухал.
 
5. Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагууд руу мэдээлэл авах гэж холбогдохгүй байх
 
Эрүүл мэндийн салбарт гарсан эрсдлийн үед хамгийн завгүй ажиллаж байгаа хүмүүс нь эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд. Аливаа эрсдлээс сэргийлэх зорилгоор эмнэлгийн байгууллагуудын утасны дугаарыг тарааж байсан нь зөв юм.
 
Гэвч хэрвээ танд болон таны гэр бүлийн хэн нэгэнд шинж тэмдэг илрээгүй, танай гэрт яаралтай эмнэлгийн тусламж авах хүн байхгүй мөн танд эмнэлгийн байгууллагад өгөх чухал мэдээлэл байхгүй бол эдгээр утасны дугаарт холбогдон ачаалал үүсгэхгүй байх нь чухал юм.