Индэр    
2020 оны 3 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 54: Хар тамхинд донтсон хүүгийнхээ төлөө амьдралаа зориулсан ААВ

Зураг

Анлок подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар бодит амьдралаас сэдэвлэсэн "Beautiful Boy" буюу хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүүгийнхээ амьдралын тухай аавынх нь бичсэн нэгэн гайхалтай номыг хүргэж байна. 

Хар тамхи, мансууруулах бодисын тухай албан ёсны статистик тоо баримт байдаг боловч хувь хүн болон ойр дотны гэр бүлийнхнийх нь амьдралд үзүүлж буй нѳлѳѳг бид тэр бүр мэддэггүй.

"Ганц л удаа" гэсэн бодлоосоо болж хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглээд хэзээ ч гарч чадахааргүй орон зай руу хөтлөгдөхгүй байхыг зохиолч Дэвид Шефф энэхүү номоороо дамжуулан ойлгуулахыг зорьжээ. 

2008 онд хэвлэгдэн гарсан уг ном шилдэг номуудын бүх жагсаалтыг тэргүүлж, улмаар 2018 онд дэлгэцнээ кино болсон түүхтэй.  

"Beautiful Boy: a father's journey through his son's addiction" номыг сонсох: 

Номын агуулгыг тоймлон хүргэж байна. 

Бүхнээ зориулсныг ухаараагүй хүү

Дэвид Шефф 1982 оны зун хүүтэй болж, Ник хэмээх нэр хайрлажээ. 

Амьдралын эрхээр хүү Никээ гурван настай байхад нь ээжээс нь салахаар болж, хүүгээ хамтран өсгөх шийдэлд хүрсэн байна. Хүү юугаа ч мэдэхгүй балчирхан байсан ч салалтын шаналлыг дотроо мэдэрч байсан нь гарцаагүй биз. 

Никийн ээж АНУ-ын Сан Франциско хотод амьдрадаг байсан учраас хүү зуныхаа амралтаар ээж дээрээ ирж, бусад цагт нь буюу хичээлийнхээ үеэр аав дээрээ буюу Лос Анжелес хотод амьдардаг байж. Эцэг, эх нь тусдаа амьдардаг байсан ч гэлээ хайртай ганц хүүгийнхээ төлөө бүхнээ зориулсан. Хүүгээ өндөр боловсролтой, хүмүүжил сайтай хүн болгох гэж мөнгө харамлалгүй хамгийн сайн гэсэн хувийн сургуулиудад багаас нь сургав. Ник ч тэр итгэлийг нь алдалгүй сайн үнэлгээтэй суралцаж, манлайлдаг хүү байсан юм. 

Аав нь Никийг найм орчим настайд нь нэгэн эмэгтэйтэй танилцаж, Никийг эрэгтэй, эмэгтэй дүү нартай болгов. Энэ шинэ гэр бүл нь Никийн хувьд ч аз жаргал, баяр хөөрийг өгөөд зогсохгүй хоёр дүүгээ ч үнэхээр их хайрладаг, сайн ах байв. 

Никийн амьдралд хэцүү гэж хэлэхээр зүйл бараг байгаагүй. Түүний сонирхол нь хүртэл өөрт нь аз жаргалыг мэдрүүлж байв. Жишээ нь, Ник 10 нас гарантай байхдаа сонсохыг хүсдэг хамтлагтай болтол хамтлагийн дуучин нь нас барсан гэх хүнд мэдээг сонссон удаатай. Үүгээр дамжуулан зохиолч насандаа хүнддэхээр цочирдом мэдээг дуулах нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг болохыг тайлбарлахыг зорьжээ. 

Никийг 12 настай байхад нь нэг өдөр аав нь хүүгийнхээ цүнхийг янзалж байгаад дотроос нь хар тамхи /Марихуана/ олжээ. Хайртай хүүгийнхээ цүнхнээс төсөөлөхийн аргагүй зүйл олсон аавын дүр төрх нүдэнд тань бууж байгаа биз. Аав нь ч Никээс асууж гарлаа. Гэтэл хүүгийн хариулт "би татаагүй, минийх биш" гэж байсан ч хэсэг хугацааны дараа хаанаас худалдаж аваад, хэнтэй татсан талаараа бүгдийг нь хэлжээ. 

Хүүгийнхээ төлөө сургуулиас нь илүү анхаарах зүйл байгааг олж харсан аав нь Никийг сургуулиас нь түр завсарлуулж, өөрөө залуудаа сонирхож үзээд хэдхэн удаа татдаг байсан ба донтохгүйгээр гарч чадсан талаараа илэн далангүй хүүдээ ярьсан аж. Учир нь тэр хоёрын харилцаа энэ явдлаар дотноссон бус, эхнээсээ л найзууд шиг бүхнээ хуваалцдаг байсан болохоор энэ сэдвийн талаар чөлөөтэй ярих боломжтой байсан хэрэг. 

Марихуана буюу татдаг өвс нь хүнд төрлийн хар тамхи руу донтуулах үүдийг нээдэг гэхэд болно. Залуучууд марихуанаг хар тамхи биш гэж эндүүрдэг. Хар тамхинд донтсон, хүнд хэлбэртээ орсон хүмүүсийн ихэнх нь марихуанаг татаж эхэлсэн байдаг аж. 

Цаг хугацаа ч өнгөрч Ник 15 нас хүртлээ өвс татахгүй явжээ. Хичээл сургуульдаа ч идэвхтэй явж, сонирхолтой зүйлсээ хийн манлайлсаар 16 насандаа франц хэл сурч, хэлээ сайжруулах зорилгоор Францыг зорьжээ. Зуныхаа амралтаар айлын хүүхдүүд ирэхдээ гэрэлтэж байхад өөрийнх нь хүүгийн царай зүс гундаж, нүднийх нь доогуур хөх туяа татаад, ядруухан ирдэг байсныг аав нь анзааран хүүгээсээ тодруулахад Ник үргэлж л "зүгээр ээ" гэдэг хариултыг л өгдөг байж гэнэ.

Улмаар Ник улсынхаа шилдэг их сургуульд тэнцэж орсон ч төд удалгүй сургуулиа хаяж байгаагаа аавдаа хэлэх нь тэр. Сургуульгүй болж гэртээ ирсэн Ник дахин дахин хар тамхи хэрэглэж байгаад даамжирсаар өөр төрлийн хүчтэй хар тамхинд ордог байна. Энэ бүх хугацаанд аавынх нь сэтгэл хүүгийнхээ төлөө шаналж, зовж, тарчилж байлаа. 

Хайрт хүү нь 18-хан насандаа хар тамхичин болсон нь...
 

Ник хүнд хар тамхичдын татдаг /Crystall mate/ хэрэглэдэг болжээ. Хүүхдээ хар тамхинд донтсоныг ойлгосон аав нь хар тамхитай холбоотой бүх материалыг эрж хайж, олж уншин, яг л судлаач мэт өдөр хоногийг өнгөрөөж хүүдээ туслахыг л зорилгоо болгожээ.

Crystall mate бол мансууруулах бодисын нэг хэлбэр бөгөөд хэрэглэсний дараа хүний тархины мембрануудын хоорондох дамжуулагч бодисын хэвийн хэмжээг 10-20 дахин ихэсгэдэг. Харин хар тамхи биеэс нь гарсан тохиолдолд хэвийн байдлаас хамаагүй доогуур түвшинд унаснаар тухайн хүнийг асар их сэтгэл гутралд оруулдаг тул хүн өөрийн эрхгүй өмнөх сайхан мэдрэмжээ авахыг тэмүүлж, дахин татах гэж шунадаг байна. 

Мэйтийг анх 1919 онд Японы эмийн санч нар гаргаж ирсэн бөгөөд Дэлхийн II дайны үед Япон, Герман, Америкчууд цэргүүдийнхээ хүч чадлыг сэргээж, айдсыг нь багасгахын тулд хэрэглэдэг байв. 1940 оны үед бага хэмжээгээр эмийн сангуудад нь зардаг болr. Харамсалтай нь Дэлхийн II дайн дууссаны дараа Японд 18-25 настай таван залуу тутмын нэг нь хар тамхи хэрэглэдэг болсон байжээ. Хар тамхийг хэрэглэснээр хүн өөрөө өөртөө ч итгэмгүй араатан шиг үйлдлийг гаргадаг. 

ДЭМБ-ын тооцоолсноор mate crystal хэрэглэгч 35 сая хүн байдаг аж. Энэхүү хар тамхийг их хэмжээгээр хэрэглэсэн үед хүн яг л галзуу хүн шиг болж, хүний санаанд багтамгүй авир гаргаж, 3-15 хоног унтаж чадахгүй явдаг зэрэг сөрөг нөлөөтэй.

Дэлхий дээр олон залуу хар тамхинаас болж амиа алдаж, тахир дутуу болсоор...

Ник үе үе гэрээсээ алга болчихдог байсан бөгөөд нэг удаа зургаан хоног ор сураггүй болжээ. Хүүгээ энд тэнд үхчихсэн байх вий гэж санаа нь зовсон хөөрхий аав нь асар их сэтгэлийн зовлонтой өдрүүдийг туулдаг байв. Энэ байдал нэг удаа ч биш олон удаа давтагдсан ба тэр болгонд аав нь өөрийгөө буруутгахаас өөр аргагүйд хүрдэг байжээ. 

Хар тамхины эсрэг тэмцэх цорын ганц арга бол эмчилгээний байр...

Хар тамхинд донтсон хүмүүсийн хувьд засан хүмүүжүүлж, эмчилгээ хийдэг газар л сүүлийн найдвар байдаг агаад тэр газарт Ник очихыг огт хүсдэггүй байж.

Тэр газарт очсон хүмүүсийн эдгэрэх магадлал тун бага хэдий ч тусгай хөтөлбөрөөр хичээллэдэг тул тухайн хүн өөрөө хичээвэл боломжгүй газар бол биш. Гэхдээ тэндхийн хөтөлбөрт хамрагдах төлбөр нь маш өндөр. Гэсэн ч Никийн аав болон гэр бүл нь байгаа бүхнээ золиосолж байж хүүгээ эмчилгээнд хамруулсан байна. Хар тамхинд донтогчдын гэр бүл сэтгэл санааны хамгийн хэцүү нөхцөлд орохоос гадна эд хөрөнгөө хүртэл золиосолдгийг Никийн амьдрал өгүүлдэг юм.

Ийм нөхцөл байдалд орсон хэн нэгний хамаарал бүхий хүн та өөрийгөө буруутгаж, өө хайгаад хэрэггүй. Учир нь хар тамхинд донтсон хүмүүсийн гэр бүлийнхний сэтгэлийн хүч чадал чухал бөгөөд цорын ганц найдварыг хүсэн тэмүүлэх нь л зөв юм.

Цаг хугацаа өнгөрч, Никт эмчилгээ нь нөлөөлсөн сайхан үе байгаагүй биш байлаа. Аав нь баярлаж байгаагүйгээрээ баярлаж, хүү нь коллежид элсэж, амьдралдаа бүдэгхэн гэрэл асааж эхэлсэн гэдэг. Ник ч коллежид сурахаар яваад өдөр болгон аав руугаа утас цохиж ярьсаар...

...Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө л нэг тамын амьдрал нь эхэлж, Ник утсаар ярихаа болив. Санаагаа чилээсэн аав нь хүнээр хүүгээ харуултал Ник өрөөндөө хар тамхи хэрэглэчихсэн хэвтэж байна гэх мэдээг сонсов.  

Эргээд л өмнөх шиг ээ...

Хар тамхинд донтох асуудал нь баян, ядуу, боловсролтой, боловсролгүй эсэхээс үл шалтгаалдаг. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг боловч хар тамхинд донтох энэ өвчнийг хүн өөрийн шийдвэрээр сонгодог нь дэндүү харамсалтай. 

Нэг орой аавынх нь утас дуугарч, Түргэн тусламжийн төвөөс "Хүү чинь хар тамхиа хэтрүүлэн хэрэглэсэн. Сэхээн амьдруулах тасагт байна. Хурдан ирээрэй" гэжээ. Аз байсан уу, аавынх нь залбирал байсан уу, ямартай ч Ник амьд үлдсэн боловч тэр гэр бүлийнхээ бүхнээ зориулж, шаналж буй сэтгэлийг ойлгоогүй юм... 

Хүнд хэцүү бодол бүрээ дотроо хадгалсан аавынх нь тархинд цус харваж, ой санамжаа хэсэг хугацаанд алдсаны дараа эргэж ой ухаанаа олж авсан тэр хүндхэн цаг үеийг Никийн гэр бүл туулсан. 

Никийн аавын хүсэл: Ганц удаа хэрэглээд үзэхэд яав л гэж, ганц олдох амьдралдаа юм болгоныг үзэх хэрэгтэй, нэг татлаа гээд орчих биш... гэсэн бодол төрдөг бол тэр бодлоо л толгойноосоо бүр мөсөн авч хая. Тэр нэг алдаа чинь насан туршийнх болж, амьдрал чинь там болж хувирна гэдгийг санаарай.

Хүн энэ дэлхий дээр амьдрах цаг хугацаа хязгаартай тул амьдарч буй мөч бүртээ аз жаргалыг мэдрэх гэж хичээгээрэй. Мөн эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэдээ тохиромжтой үед нь хар тамхины талаар тайлбарлаж, хор хөнөөлийг нь хэлж өгөхийг хүсье. Хэрвээ өөрсдөө хэлж чадаагүй бол хожим нь хүүхдэд чинь өөр хэн нэгэн хар тамхины талаар хэлж, уруу татах вий. 

Ийнхүү зохиолч өөрийнхөө хүүгийн амьдралын төлөө тэмцсэн бодит түүхээсээ хувуулцсан бөгөөд өдгөө Ник хар тамхийг хэрэглэхгүй найман жил болж байгаа аж...

"Beautiful Boy" киноны талаар :