Зураг
Зураг
Индэр    
2020 оны 3 сарын 13

БОДЛОГЫН ХҮҮ БУУРЛАА, ОДОО ТӨСӨВ ЯАХ ВЭ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахал хэмээн тодорхойлогдоод байгаа коронавирусийн халдвар намжихгүй тархсаар 120 гаруй улсад бүртгэгдээд байгаа ба нийгэм, эрүүл мэндийн түвшнээс гадна улс орнуудын эдийн засагт хүчтэй цохилт болж эхэллээ.

Иргэд хэрэглээгээ танаж, үйлдвэрлэлүүд зогсож, бизнесүүд алдагдалтай ажиллаж эхэлснээр эдийн засгийн эргэлт дэлхийн дийлэнх орнуудад буурч шоконд ороод байна.

Бүр сумо, хөл бөмбөг зэрэг спортын арга хэмжээнүүд үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа бол NBA-ийн зүгээс улирлаа завсарлахаар болсноо зарлаа. Үүний ард маш их хэмжээний өртөг, мөнгө яригдаж байгаа.

Шокоос гарах, асуудлыг намжаах гарцыг улс орон бүр эрэлхийлж байгаа ч эдийн засгийн хоёр гол бодлого дээр тулгараад байна. Эхнийх нь төсвийн бодлого бол нөгөө нь мөнгөний бодлого.

Дэлхийн томоохон улс орнууд Ковид 19-ээс үүдэлтэй хохирлыг даван туулахын тулд бодлогын хүүгээ буруулж, мөнгөний бодлогын хэрэгслүүдээ ашиглаж байгаа.

Тухайлбал АНУ-ын Холбооны нөөцийн банк хүүгийн түвшингээ 0.5%-аар огцом бууруулсан ба Английн төв банк 0.5%, Солонгосын төв банк 0.25%, Канадын төв банк 0.5%, Оросын төв банк 0.25% тус тус буруулсан бол Европын төв банк болон Японы төв банкууд урт хугацааны хүүгийн түвшингээ үргэлжлүүлэн хасах түвшинд буурууллаа.

Тэгвэл Монгол Улсын төв банк хүүг 1 пунктээр бууруулж 10% хүргэснийг зарлалаа. Бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ үүний үр нөлөөг дэмжихийн тулд заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж, хүүгийн коридорыг өөрчилжээ. Энгийнээр бол бодлогын хүү нь тодорхой хугацааг өнгөрүүлж байж иргэдийн амьдралд нөлөөгөө үзүүлдэг тул тэрхүү хурдыг нэмэгдүүлэхийн тулд арга хэмжээ авч байгаа аж. Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж зээл олголтыг эрчимжүүллээ. Энэ бол төв банкуудын хийж байгаа ажил.

Гэтэл мөнгөний бодлогын хийж чадахгүй зүйл гэж байдаг аж.

Энэ нь нийлүүлэлтийн гаралтай шок. Бодлогын хүүг өөрчлөх үед хүмүүсийн гар дээр байгаа мөнгийг нэмэгдүүлж, эрэлтийг тэтгэж болох ч үйлдвэрлэлийг шууд эрчимжүүлж, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадахгүй.

Тэгвэл амны хаалт, гар ариутгагчийн гээд үйлдвэрүүдийг дэмжиж чадах бодлого нь төсвийн бодлого.

Эдийн засагт маш том шок болчихоод байгаа үед тэргүүлэх эдийн засагтай орнууд санал нэгдэж байгаа зүйл нь төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлж, эдийн засгийн хүндрэлийг зөөлрүүлэх, бизнес аж ахуй нэгжүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх явдал юм. ОУВС-гаас ч үүнийг уриалж байгаа ба 50 тэрбум ам.долларын санхүүжилт олгох, үүний 10 тэрбумыг хүүгүй зээлээр санхүүжүүлэхээ зарласан.

Хөл хорио тогтоож, бизнесүүд сул зогсолт хийж, зээлээ төлж чадахгүй болж, ажлын байраа цөөрүүлж цомхотгож байгаа энэ үед төсвийн бодлогоо эргэж харах нь зүйтэй.

Австралийн засгийн газар 17.6 тэрбум ам.доллар буюу манай улсын эдийн засагтай дүйцэх хэмжээний мөнгийг төсвөөсөө зарцуулахаа зарлаад байгаа бол Итали улс 28 тэрбум ам.доллар, Их Британи 30 тэрбум фунт стерлингийн төсвийн нэмэлт зарцуулалт хийхээ мэдээллээ. Халдварт өвчний голомт болоод байгаа БНХАУ-ын Засгийн газраас хийсэн мэдээллээр банкны зээлээс илүү Засгийн газраас гарах санхүүжилт нь үр дүнтэй бөгөөд төсвийн зардал ДНБ-ний 4%-тай дүйцэх хэмжээнд байхаар байна.

Бодлогын хүү буурсан ч, төсөв өөдрөг төсөөлөлтэй хэвээр байна

Монголд шаардлагатай арга хэмжээг авч байгаа ч одоо төсвийн бодлого зөв чиглүүлэх, тодотгох хэрэгтэй байна.

Сонгууль болохоос өмнө маш их эрсдэл тулгараад байх энэ үед элдэв зам, соёлын төвийн барилгын хөрөнгө оруулалтаа зогсоох хэрэгтэй. Бодлогын хүүг буурууллаа гээд ирээдүйд гарах зээлд л нөлөөтэй.

Харин асуудлын гол нь одоо авчихсан зээлээ хэрхэн төлөх, бараа материалаа яаж эргэлтэд оруулах вэ гэдэг дээр асуудал үүсээд байгааг МХҮАҮТ-ын судалгаа харуулж байна. Тухайн судалгаанд бизнесүүдэд тулгараад байгаа гол хүндрэлийг 66%-ийн нэгдсэн саналаар зээлийн төлбөр, 22% нь түрээсийн төлбөр гэж дугуйлжээ.

 

Гарц нь юу вэ гэвэл төсвөөс түгжигдчихээд байгаа хөрөнгийг эргэлдүүлж, зээлийн дарамтаас чөлөөлөх юм.

Японы Засгийн газраас саяхан яг ийм 0%-ийн хүүтэй зээлийг бичил, жижиг бизнес эрхлэгчиддээ олгохоо мэдэгдсэн байгаа.

Нөгөө талаас өнгөрсөн онд төсвийн орлогыг төсөөлж байснаас нөхцөл байдал өөр болоод байна. 2020 оны эхний хоёр сарын байдлаар гэхэд зөвхөн нүүрсний экспортын орлого 104.8 сая ам.доллароор буурчээ.

Эндээс олох татварын орлого багасах нь тодорхой байхад төсвийг тодотгохгүй сонгуулийн төсвийн зардлыг хадгалж, алдагдлыг нэмэгдүүлэх нь ихээхэн утгагүй асуудал. Эдийн засагт төдийлөн яаралтай шаардлагагүй хөрөнгө оруулалт хийж, түгжихгээд байна. Тухайлбал, гүүрэн зам гэгчийг 800 сая ам.доллараар тавихынхаа оронд Дарханы замаа хурдхан дуусгаад үлдсэн хөрөнгөөрөө аж ахуй нэгжид бодитой хэрэгцээтэй байгаа хөтөлбөр хэрэгжүүлээч. 

Үүнд Засгийн газар гэлтгүй УИХ, УИХ-ын гишүүдийн санаачлага ч тун их дутагдаж байгаа нь харагдаж байна. Улс орны эдийн засаг, түүгээр дамжих аюулгүй байдлын асуудал яригдаж байхад иргэдийн элч төлөөлөгч гэгдэх УИХ-ын гишүүд хаачсан бэ?

Ерөөс нэгэнт үүсээд байгаа энэ нөхцөл байдалд сонгуульд зориулсан төсвийн шаардлагагүй зардлыг бууруулж, эдийн засагт бодитой хэрэгцээтэй хөрөнгийг төлөвлөх хэрэгтэй.

 

Б.Бат-Ирээдүй