Индэр    
2020 оны 3 сарын 9
Зураг
Эдийн засагч, шинжээч

Сонгуулиар "тэглэнэ" ээ, ТА НАРЫГ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
Сонгуулиар чинь "тэглэнэ" ээ, та нарыг...
 
Яасан их зүйл тэглэдэг юм. Хурга, ишиг ялгаж байгаа юм шиг цөөхөн ядарсан ард түмнээ хэдэн тал болгож талцуулдаг юм. Ялгаж эхлэхдээ та хэд: 
  • Баян, ядуугаар нь
  • Хүнийх, өөрийнхөөр нь
  • Нас, хүйсээр нь
  • Намба, ямбаар нь
  • Хөгшин залуугаар нь
  • Хөгшнийг зээлтэй, зээлгүйгээр нь
  • Зээлтэйг нь их, багаар нь
  • Залууг нь өртэй, өргүйгээр нь
  • Өртэйг нь гадаад, дотоодоор нь 
  • Гадаадыг нь ирсэн, бултсанаар нь
Ингэж ялгасаар та хэд нийгмийн бүхий л бүлгийг хамарсан ИХ ӨР дарлаа гэдэг шиг ИХ ТЭГЛЭЛТ хийлээ.
 
Ингэж ялгаад та хэд хөлс, хүчээ дусаан хөдөлмөрлөж буй олон мянган залуусын хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил, үнэт зүйл рүү нь нулимж орхилоо.  
Тэглэснээрээ та хэд санал авна гэж бодож байна уу? Тэгвэл бид та нарыг ч бас ишиг, хурга шиг ялгаж байгаад саналыг чинь ТЭГЛЭЖ чадна. Бид та нарыг ингэж ялгана. 
  • Боловсрол, мэдлэгээр чинь
  • Бусдын боломжийг хааж, боосноор чинь
  • Хийсэн, бүтээснээр чинь
  • Хусаж, хулгайлснаар чинь
  • Хөгжлийн талаарх төлөвлөгөөтэй эсэхээр чинь
  • Хөрсөн дээр буух хөтөлбөртэй эсэхээр чинь
  • Хүнийг бодсон систем бий болгох эсэхээр чинь
Тэглүүлэхгүй, ялгуулахгүй байх арга зааж өгье. Бодвол намаас үүрэг авсан хэн нэгэн нь намын хөтөлбөр зохиох гээд үсээ зулгаагаад, үгээ хэлсэн сууж байгаа биз. 
ТЭГЛҮҮЛДЭГГҮЙ систем БҮТЭЭХ ХӨТӨЛБӨР
Бид ч, та нар ч түүхийн нэг үзэгдэл, цаг хугацааны хэмжүүрийн хэсэг төдий...
 
Хүн л юм бол цаг нь болохоор буцаад өгнө. Харин системээ өөрчлөхгүй бол иймэрхүү ТЭГЛЭЛТ оршсоор л байна. Яагаад систем гэж? Урд насны буян ч юм уу, эсвэл бурхны хүсэл ч юм уу хүн төрлийг олж Монголд төрлөө.
  • Хахууль өгч төрөхгүй бол амиа ч алдах эрсдэлтэй эрүүл мэндийн системд хувь заяагаа тасдуулна. 
  • Хүүхэд насандаа хүртээмжгүй боловсролын системээс болж олдсон боломжоо цавчуулна. 
  • Залуу насандаа авилгатай зах зээлийн системээс болж олсон орлогоосоо цавчуулна.  
  • Нас өндөр болоход тэтгэврийн гажиг системээс болж төлсөн шимтгэлээсээ цавчуулна.
Насаараа ийм системүүдэд ЦАВЧУУЛЖ байгаа ямар ч хөх толботой, халуун цустай, тэнгэр заяат Монгол хүн ТЭГЛҮҮЛЭХ түвшинд хүртлээ цөхрөхгүй яах билээ. 
 
Тэгэхээр тэглүүлэхгүй системийг бүтээхийн төлөө шинэчлэл хийх хөрсөн дээр буусан хөтөлбөртэй, бодлоготой нэгнийг чинь сонгоё. 
 
Тэгвэл яах вэ? Та нарыг тэглэхгүй байх тухай чинь бодож үзье.