Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 29
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 53: Хүн ба микроб нь нэг баг. Хэрэв нэг нь байхгүй бол нөгөө нь гаждаг

 

Таны биеийг бүрдүүлж буй нэг эс бүрийн цаана есөн микроб бий.

Өөрөөр хэлбэл, хүний биеийн ердөө 10 хувь нь хүн, бусад нь микроб бөгөөд тэдгээрийн үүрэг, нөлөө ямар их байдгийг "10% Human" номд өгүүлжээ.

Хүний генийн бүтцийг судлах судалгааг 1990-2003 онд олон улсад хийжээ. Гэтэл генээр тайлбарлах боломжгүй зүйлүүд ч байсан тул учрыг нь тайлахын тулд хүний бие дэх микробионыг 2008-2015 онд судалсан байна.

Биологийн шинжлэх ухааны доктор Аланна Коллен “10% Human” номдоо дээрх судалгаанд үндэслэн, өнөөг хүртэл хариу нь олдоогүй маргаантай сэдвүүдийг хөнджээ. Номыг унших, сонсох явцад та бүхэн хүний биеийг эрүүл байлгахад микробууд ямар нөлөө үзүүлдгийг мэдэж авах боломжтой.

“10% Human” номыг сонсох:

Ном найман бүлэгтэй бөгөөд онцлох таамгуудыг түүвэрлэн хүргэж байна.

Эхний бүлэгт хүн төрөлхтөн ХХ зуунд томоохон нээлтүүд хийж, анхны антибиотик, вакциныг гарган авч, нийтийн цэвэр усыг ариутган түгээж, ариун цэврийн асуудлыг онцгойлон үзэх болсноор олон хүний амьдралыг аварсан хэмээн тодотгодог. Гэвч XXI зуунд харшил, гэдэсний өвчин, сэтгэцийн эмгэг, таргалалт шинэ өвчнүүд гарч, хүн бүр нас харгалзахгүйгээр тусах эрсдэлтэй болсон талаар өгүүлжээ.

Харин хоёрдугаар бүлэгт дээр дурдсан өвчин гэдэснээс эхэлж байгаа юм биш үү гэх таамгийг асуултыг Аланна Коллен дэвшүүлсэн юм. 

Гэдэсний микроб нь хоолноос хэр хэмжээний илчлэг авахыг шийддэг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Бидний идэж буй хоол хүнс хэр хэмжээний илчлэг болж биед шингэх нь хүн бүрт харилцан адилгүй.

Туршилт: Тарган, туранхай хоёр хулганад өдөр бүр 100 калори агуулах хоол өгөхөд туранхай нь 100 калори авч байсан бол тарган хулгана нь 102 калори авч байжээ.

Яг адилхан хоол идэж байгаа мөртлөө авч буй калори өөр байгаа нь тэдний гэдэстэй холбоотой гэж судлаачид үзсэн байна. Өөрөөр хэлбэл, гэдэсний микроб нь хоолноос хэр хэмжээний илчлэг авах, түүнийг энерги болгон шатаах уу, эсвэл хадгалах уу гэдгийг шийддэг хэмээн дүгнэжээ.

Гэдэсний микробууд сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эллэн Болт хэмээх эмэгтэйн хүүхэд 1992 онд 15 сартайдаа чих нь өвдөж, хэдэн курс антибиотик уусан байжээ. Антибиотик уусныхаа дараа хүүхэд олон удаа гүйлгэж, зан авир нь өөрчлөгдсөнөөр 25 сартайдаа аутизм гэж оношлогдов. Тухайн үед аутизм нь зөвхөн төрмөл хэлбэрийнх гэх ойлголттой байжээ.

Харин Эллэн Болт дөрвөн хүүхдийн ээж тул өмнөх гурван хүүхэдтэйгээ харьцуулж үзэхэд, бага нь хэвийн хүүхэд төрсөн ч олдмолоор аутизмтай болсон гэж бодон, нотлохын тулд олон ном, гарын авлага, шинжлэх ухааны өгүүллэг уншив.

Энэ явцдаа нэгэн бактериар үүсгэгдсэн гэх таамгийг дэвшүүлсэн бөгөөд хүүхдийнхээ цусыг шинжлүүлэхэд хэвийн хүүхдийн цусанд агуулах тэрхүү бактерийн хэмжээнээс хэд дахин өндөр байгааг мэдсэн байна.

Тэрхүү бактерийг буулгавал хүүхдээ эдгэрнэ гэж найдан, эмч нарт хандсан боловч хэн ч хүлээж авахгүй байсаар 37 дахь эмч зөвшөөрчээ. Найман долоо хоног туршилт хийх явцад хүүхдийнх нь зан ааш тайван болж, хүний асуултад хариулдаг болж эхэлсэн ч эмчилгээ дууссанаар эргэн өмнөх байдалдаа оржээ. Энэ бол аутизм олдмолоор үүсэж болохыг ийнхүү нотолсноороо энэ төрлийн судалгаанд эргэлт авчирсан хэмээн эмч, мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг аж.  

Аутизмтай хүүхдүүд гурван нас хүрэхээсээ өмнө оношлогддог. Гурван нас бол хүүхдийн тархины хөгжлийн хамгийн их хувь нь явагддаг үе бөгөөд хүүхэд энэ насан дээрээ том хүнийх шиг хэмжээний гэдэсний бактеритай болсон байдаг. Эдгээр давхцал нь яавч жирийн зүйл биш юм хэмээн номд өгүүлжээ.

Дархлаа сул байгаагаас биш хэт идэвхтэй ажилласнаас харшил үүсдэг

 

Орчин үед ариун цэврийг хэт  эрхэмлэх болсноор бактеритай харьцах нь багасаж, гэдэсний микробионы олон төрөл зүйлд сөргөөр нөлөөлж байна хэмээх таамгийг “Old Friends Hypothesis” гэх онол дэвшүүлдэг.

Микробион-Гэдэсний микробуудын нэгдэл

Тодруулбал, гэдэсний микробион нь дархлаатай холбоотой бөгөөд харшил нь дархлаа сул байгаагаас биш харин дархлаа хэт идэвхтэй байж, гадны биетэд мэдрэг хариу үзүүлж байгаагаас үүсдэг гэжээ.

Хүн үүсэн болсон цагаасаа эхлэн дангаар хөгжөөгүй бөгөөд хүн ба микроб нь нэг баг буюу нэг нь байхгүй бол нөгөө нь гаждаг.

Микробион дархлааны систем ямар холбоотой вэ?

Хүний дархлааны системд гадны биетийг эсэргүүцэх эсвэл нэвтрүүлэхийг ялгах үүрэгтэй хоёр төрлийн эс байдаг. Үүний нэг нь T-helper cells нь гаднаас бактериас хамгаалах командыг дархлааны системд өгдөг. Харин нөгөө нь буюу T-rex cells нь бактерийг аюулгүй эсэхийг шалган биед нэвтрүүлдэг хэмээн зохиогч өгүүлжээ. T-rex-ийн тоо их бол дархлааны систем тайван, бага байвал дархлааны систем хэт идэвхтэй буюу T-helper эс зонхилон эрчимтэй ажиллана.

Харин T-rex-д бактери аюултай эсэх гол мэдээллийг гэдэсний микробион өгдөг.

Антибиотикын нөлөө

Антибиотик уугаад гурав хоноход микробионы олон төрөл зүйлд өөрчлөлт орж, хэвийн байдалдаа ороход хэдэн долоо хоног шаардах ч, заримдаа хэзээ ч эргэн өмнөх шигээ болдоггүй. Мөн антибиотик тариулсан хүмүүсийн биеийн жингийн индексийг авч үзвэл өмнөхөөсөө нэмэгдсэн байжээ. Дэлхий даяар таргалалт нэмэгдсээр буйд антибиотикийн хэт их хэрэглээ ч нөлөөлж байгааг Аланна Коллен номдоо дурджээ.

Гэхдээ сөрөг тал байгаа ч олон хүний амь насыг авардаг тул эмчийн хяналтад зөв хэрэглэх нь чухал гэдгийг ч мөн тодотгосон байна.

Таргалалтын шалтгаан таны бодсоноос өөр зүйл байж магадгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын жилүүдэд өөх тостой хоол хүнийг таргалалтад хүргэдэг үү, эсвэл чихэр ихтэй хоол нөлөөлж байна уу гэдэгт судлаачид маргасаар ирэв. Харин "10% Human" номын зохиогч энэ хоёрын аль нь ч биш бол яах вэ гэсэн шинэ өнцгийг гаргажээ.

Тодруулбал, эслэг /Fiber/ нь таргалах, турахыг шийдэж байгааг туршилтаар нотолсон байна.

Туршилт: Нэгэн хулганад дан өөх тос ихтэй хоол идүүлэхэд таргалсан бол өөх тос ихтэй хоолны хамт эслэг ихтэй хүнс өгөхөд таргалаагүй ажээ.

Бельгийн нэгэн судлаач туранхай хүний микробионыг жин ихтэй хүний микробионтой харьцуулан судалжээ. Ингэхэд туранхай хүнд гэдэсний салстыг бэхжүүлэх генийг идэвхжүүлдэг бактери их байв.

Харин жин ихтэй хүний гэдсэнд байх зарим бактери нь LPS гэдэг молекулыг ялгаруулдаг. Энэ нь гэдэсний салст нимгэн байвал түүгээр дамжин цусанд нэвчин өөхний эсийг томруулж, биеийг таргалуулдаг бол туранхай хүмүүс энергиэ хадгалахдаа байгаа эсүүдээ томруулалгүй, шинээр тосны эс үүсгэдэг байна.

Тэгвэл гэдэсний салстыг хэрхэн бэхжүүлэх талаар номд өгүүлэхдэээ эслэг ихтэй хүнс хэрэглэхийг зөвлөжээ. Хэрэв эслэг идэхгүй бол гэдэсний салстыг бэхжүүлэх бактери үржиж чадахгүй ба улмаар салст нимгэрч, LPS молекул цусанд орон таргалах шалтгаан болно.

Өөрөөр хэлбэл, таргалалт бол хэр их илчлэгтэй хүнс идэж, түүнийгээ шатаах тухай энгийн асуудал биш гэдгийг зохиогч дэвшүүлжээ.

Эслэг ихтэй хүнс-Буудайны үрд 12.2 гр эслэг, бүхэл үрийн гурилд 10.5 гр эслэг байх бол дээд гурилд 3 гр эслэг агуулагддаг. Дөрвөн ширхэг жүржийг жимсээр нь идэхэд 12 гр эслэг авах бол жүржээрээ шүүс хийж уувал 1.4 гр эслэг авна.

Хүүхэд эхийн сүүгээрээ дамжуулж, 800 мянган бактери авдаг

Хүүхэд эхийн хэвлийд байхдаа бүгдээс тусгаарлагдаж, харин хэвлийгээс төрөх замдаа анхны микробуудаа авдаг.

Хүүхдийн гэдсэнд сүүн хүчлийн хоёр төрлийн бактери давамгайлна. Эдгээр нь өөрөөсөө антибиотик ялгаруулдаг тул өвчин үүсгэгч бактериудаас хамгаалах чадвартай.

Эхийн хөхний сүүнд 130 төрлийн нүүрс ус агуулагдсан байх бол үнээнд 10 хүрэхгүй төрөл байдаг.

 

Хөхний сүүнд агуулагдах олон төрлийн нүүрс усыг нялх хүүхдийн гэдэсний бактериуд идэж, богино гинжит тосны хүчлийг ялгаруулснаар бүдүүн гэдэсний эсүүдийг тэжээж, дархлааны системийг сайжруулдаг байна. Харин эхийн сүүг нас биед хүрсэн хүн ууж болохгүй ба нарийн гэдэс нь ч боловсруулж чаддаггүй. 

Мөн эхийн сүүнд амьд бактери байдаг бөгөөд хүүхэд эхийн сүүгээрээ дамжуулж, 800 мянган бактери авдаг. Сонирхолтой нь хүүхэд дөрвөн сар хүрэх үеэс эхлэн гэдэсний бактериуд нь өөрчлөгдөх бөгөөд хөхний сүүний найрлага ч өөрчлөгддөг. Хүүхэд 4-6 сартай бор хоолонд орох тул хоол боловсруулах бактериуд ийнхүү бий болж эхэлнэ.

Харин хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүнийг үнээний сүүгээр хийдэг тул амьд бактери, дархлааны эс авч чаддаггүй.

Том хүнд бактерийн тоо их байх нь сайн бол бага насны хүүхэд цөөн байх нь тустай.

Микробионыг хэвийн хэмжээнд оруулах боломжтой юу?

Гэдэсний микробионыг хэвийн хэмжээнд оруулахын тулд тэнцвэр нь хэр алдагдсан, аль нь багасаж, аль нь ихэссэн гэдгийг тодорхойлох ёстой. Гэхдээ энэ нь нарийн төвөгтэй аж. Сүүлийн үед пробиотикийн бэлдмэл, бифидо бактеритай бүтээгдэхүүн ихээр худалдаалах болсон ч үр дүнг тодорхойлох хэцүү гэдгийг "10% Human"-д өгүүлсэн байна.

Хүний биед 2,000 төрлийн 900 триллион бактери байхад тарганд 1-2 төрлийн хэдхэн сая бактери бий.

Гэхдээ үүгээрээ тэдний үр нөлөөг үгүйсгээгүй агаад пробиотик уух нь сайн нөлөөтэй байж болохыг дурдсан байна. Жишээлбэл, 100 хүнд антибиотик өгөхөд 30 нь гүйлгэдэг бол антибиотиктой хамт пробиотик өгөхөд 17 нь гүйлгэдэг аж.