Индэр    
2020 оны 2 сарын 21
Зураг
Дархлаа судлаач, хүний их эмч, Анагаах ухааны доктор

Яагаад сарьсан багваахайнаас аюулт өвчнүүд тархдаг вэ?

Зураг

Өрнийн үлгэр домгоос улбаалсан нийтлэг ойлголтонд сарьсан багваахайг цус сорогч болон чөтгөр шуламтай холбон ойлгодог ч тэдгээрийн ихэнх нь буруу бөгөөд баталгаатай үнэн зүйл гэвэл сарьсан багваахай нь хорвоо дээрх цорын ганц нисдэг хөхтөн (сүүн тэжээлтэн) амьтан юм. 

Сарьсан багваахай олон сая жилийн түүхэн хувьслын явцад энэ гайхамшигт чадварыг олж авахын тулд сүүн тэжээлтэн амьтны билологи, физиологийг багагүй өөрчилсөн ба ингэснээрээ мөн олон арван аюулт өвчнүүдийн нян вирусийг өөртөө агуулахад таатай амьтад болон хувирсан байна.
 
Дэлхий дээрх хүний тоо толгой харьцангуй цөөн, амьдардаг бүс нутаг нь сарьсан багваахайн амьдрах орчинтой төдийлөн давхцдаггүй байсан эрт дээр үед сарьсан багваахайн биед агуулагдах өвчин үүсгэгчид нь хүнд халдах тохиолдол ховор байжээ.

Харин дэлхийн хүн амын эрчимтэй өсөлт, түүнээс шалтгаалсан, нэн ялангуяа хүн ам шигүү, нягтрал ихтэй тропикийн бүсүүд дэх суурьшлын бүс буюу хүн амьдрах хот суурин, газар тариалан, фермерийн аж ахуйнуудынх нь эзлэх талбай сарьсан багваахайн эзэмшил нутгуудтай давхцаж эхэлснээр сарьсан багваахайнаас хүнд өвчин дамжих бодит аюул гарч эхэлсэн юм. 

Одоогоор SARS, MERS, Ebola, Covid-19 (шинэ коронавирус) зэрэг хүн төрөлхтөнд асар их хөнөөл тарьсан аюулт өвчнүүдийн үүсгэгчдийн анхны тээгч эзэн нь сарьсан багваахай байсан нь мэдэгдээд байна. Хамгийн хачирхалтай нь байгаль дээр олон өвчнүүдийн тээгч эзэн болдог сарьсан багваахайнууд өөрсдөө уг үүсгэгчдээрээ төдийлөн өвчилдөггүй аж. 

Дээр дурьдсан аюулт өвчин үүсгэгчид сарьсан багваахайнаас хүнд шууд болон зэрлэг могой, гэрийн тэмээ зэрэг завсрын амьтдаар дамжин халдварлагддаг юм.
 
Тэгвэл сарьсан багваахай яагаад ийм олон аюулт өвчний тээгч болдог вэ? Яагаад өөрсдөө өвчилдөггүй вэ? Яагаад тэдгээр өвчний үүсгэгчид нь хүн болон бусад амьтны биед орохоороо өндөр хоруу чанартай болдог вэ? гэсэн олон асуулт гарна.
 
Товчхон хариулахад дээрх асуултуудын хамгийн гол буруутан нь сарьсан багваахай өөрөө бус, харин түүний нисэх чадвар болон нисэхэд зориулагдан өөрчлөгдсөн хөхтөн амьтны биологи, физиологийн шинж чанарт нь байгаа юм.
 
Юун түрүүнд сарьсан багваахай нь агуй гэх мэт жижиг орон зайтай, дулаан газарт олон зуу, олон мянгаараа сүрэглэж амьдардаг. Ингэж сүрэглэх нь амьтад хооронд өвчин тархах таатай боломж олгодог юм. Сарьсан багваахайн нийт 900–1,200 орчим зүйл байдаг бөгөөд одоогоор мэдэгдэж байгаагаар нийт зүйлүүд 137 төрлийн вирус тээдгээс 61 нь хүн болон өөр бусад амьтанд дамжин халдварлах зооноз вирусүүд байдаг. Үүнээс үзвэл сарьсан багваахайн 1 зүйл дунджаар 1.8 зооноз вирус тээж байх магадлалтай байна.

 

Сарьсан багваахай гэх мэт хөхтөн амьтны биеийн температур хэвийн цагт 37С орчим байдаг бол нисэх үедээ 40С хүртэл нэмэгддэг. Энэ нь бусад хөхтөн амьтадны дархлааны гол хариу урвалуудын нэг болох “халуурахтай” ижил нөлөөг өвчин үүсгэгчид үзүүлэн ихэнхийг нь устгадаг аж.

Энэ мэт тогтмол “чаналтанд” байсан ихэнх өвчин үүсгэгч идэвхгүйждэг бол цөөн тооны өндөр хоруу чанартай үүсгэгчид нь ялгаран, тэсэж үлддэг байна. Ийм маягаар сарьсан багваахайн бие өвчин үүсгэгчдийг хоруу чанар өндөртэй болгон, сурган чадваржуулж байдаг гэж ИБУИНВУ-ын Дублиний их сургуулийн судлаачид хэлж байгаа юм.

Түүнчлэн БНХАУ-ын Ухань хотын Вирус Судлалын Институтийн эрдэмтдийн хэлж байгаагаар вирусийн халдварын үед хүний бие дархлааны дохиоллын молекулуудыг ихээр ялгаруулан, хэт хүчтэй үрэвсэл явуулснаар өөрийгөө гэмтээн аюулд учруулдаг бол сарьсан багваахайн бие вирусийн халдварын үед өөрийн дохиолол молекулуудын ялгаралтыг бууруулснаар үрэвслийн хариу урвалыг хязгаарлаж,  бие өөрийн бие махбодын хувьд хортой, шаардлагагүй үрэвслийн урвалыг явуулахгүй буюу  харьцангуй тайван байж чаддаг байна.

Ийм маягаар сарьсан багваахайн бие нь өөрөө харьцангуй тэсвэртэйгээр аюулт өвчнүүдийг тээж, бусад амьтанд дамжуулах биологи шинж чанартай гэдгийг хүн төрөлхтөн олж мэдээд байгаа ба уг зураглалыг илүү тодорхой болгохын тулд ойрын 10–20 жилд илүү эрчимтэй судалгааг хийж, аюулт өвчнүүдийн шинж чанар болон халдвар дамжих шинж байдлуудыг танин мэдэх шаардлагатай байгаа юм.