2020 оны 2 сарын 19
iKon.mn сэтгүүлч, Орлогч эрхлэгч.

Аялал жуулчлалаа онилж, агаарын тээврээ хувьчлан эдийн засгаа тэлж чадаж буй Туркийн туршлага

 

Үргэлжлэл…

Турк улсын зөвхөн нэг том хот жуулчдын нүдийг хужирлаж, мөнгөө сэтгэл хангалуунаар зарцуулах боломжийг хэрхэн олгож буй талаар өмнөх нийтлэлдээ дурдсан. 

Тэгвэл БНТУ үл үзэгдэгч экспортын энэхүү салбараараа дамжуулан 2019 онд 34.5 тэрбум ам.доллар олсон нь өнгөрсөн оноосоо 17% өссөн дүн болохыг тус улсын Үндэсний статистикийн хорооноос нь нэгдүгээр сарын 31-нд мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл, жуулчдын тоо өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд буюу 51.9 саяд хүрсэн байна. Энэ бол Туркт зорчсон иргэд биш, ЖУУЛЧИН гэдэг статусаар ирсэн хүний тоо гэдгийг тодотгох хэрэгтэй. Тэдгээр жуулчин зөвхөн хоол хүнсний салбарт 1.1 ТЭРБУМ ам.доллараа зарцуулаад буцжээ. 

Туркийн үл үзэгдэгч экспортын салбарын өсөлт 

 

Тус улс ийнхүү жуулчдад нээлттэй болж чадсан нэг чухал хөшүүрэг нь агаарын тээврийн салбараа хувьчилсан явдал аж. Туркийн Үндэсний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс”-ыг 1998 онд хувьчлах хүртэл тус улс жилдээ гурван сая хүрэхтэй үгүйтэй жуулчин хүлээн авдаг байж. Харин агаарын тээврийн салбараа нээлттэй болгосноос хойш Туркийг зорих жуулчдын тоо тасралтгүй нэмэгдсээр ийнхүү 1,700 гаруй хувь өсжээ. 

  • Өдгөө “Туркиш Эйрлайнс” 352 гаруй хөлөг онгоцтой бөгөөд нэмж 200 орчим онгоц захиалчихаад байгаа аж.
  • 2019 онд тус компани 80 орчим сая зорчигч тээвэрлэж, 110 тэрбум турк лира буюу 21 орчим тэрбум ам.долларыг төсөвтөө төвлөрүүлсэн байна.
  • Туркийн агаарын тээврийн салбараас төсөвт оруулдаг мөнгөн дүн нь 16 жилийн өмнөхөөс даруй 36 дахин өсжээ. 
 

Энэ мэт олон үзүүлэлт Турк дэх агаарын тээврийн салбар дэлхийн дунджаас илүү хурдацтай өсөж байгааг илтгэж буйг Истанбул хотод байрших “Туркиш Эйрлайнс” компанийн Ази, Номхон далайн бүс хариуцсан дарга Тунжай Эминоглу танилцуулсан юм. Тухайлбал, 1995 онтой харьцуулахад дэлхийн агаарын тээврийн компаниудаар зорчигчдын тоо 2018 онд 3.3 дахин өссөн бол Туркийнх 7.9 дахин өсжээ. Цаашлаад 2023 онд тус улс өсөлтөө одоогийнхоос 1.6 дахин нэмэгдүүлж, жилд 240 сая зорчигч тээвэрлэх зорилт тавьсныг тэрбээр дуулгав.  

Өнөөдөр тус компани 126 улсад 320 чиглэлээр нислэг үйлдэж байгаа буюу хамгийн олон улсад нислэг үйлддэг авиа компанид тооцогдож байна. 2019 онд л гэхэд гурван хотод шинээр нислэг хийхээр болжээ. 

Монгол Улсын хувьд “Туркиш Эйрлайнс” 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба өнгөрсөн долоон жилийн хугацаанд Бишкекээр дамжин Улаанбаатар Истанбулын хооронд 11 цаг нисдэг байв. Харин өнгөрсөн оны сүүлээр Монголын ИНЕГ-тай санамж бичгээ шинэчилснээр 2020 оны нэгдүгээр сараас шууд нислэгээ эхлүүлснээр Улаанбаатар хотоос найм хүрэхгүй цаг нисээд Истанбул орох боломжтой болоод байна. 

График. "Туркиш Эйрлайнс"-ын зорчигчдын өсөлт (сая хүн)

"Ингэснээр Монголд ирэх сонирхолтой Европын олон мянган жуулчдыг ойртуулах том боломж нээгдэж байгаагаас гадна тийзний үнэ бодитой буурч байна. Үүний үр дүнд иргэд, зорчигчид л хожно.

Одоогийн байдлаар долоо хоног тутамд гурван удаагийн нислэгээр 800 зорчигч тээвэрлэх боломжтой буюу 800 суудлын зөвшөөрөлтэй байгаа. Бид энэ тоог улам нэмэгдүүлж, өдөр бүр нислэг үйлдэх, долоо хоногтоо дор хаяж 1,000 зорчигч тээвэрлэх чиглэлээр тодорхой түвшинд ярьж, хүсэлтээ илэрхийлсээр байна. Энэ нь Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарын хөгжилд маш их дэмжлэг болно. Яагаад гэвэл Монголд очих хүсэлтэй европчууд маш олон.

Турк улсаас л гэхэд улирал үл харгалзан ирэх нөөц боломж хангалттай байгаа. Учир нь Монгол Улс бол туркчүүдийн хувьд түүхийнх нь эхлэлийн цэг. Түрэгийн үеийн чулуун хөшөө дурсгалыг үзэх хүсэлтэй маш олон хүн байдаг. 

Эрэлт хамгийн багатай нэг, хоёрдугаар сард хүртэл 800 суудал долоо хоног тутамдаа дүүрч байгаагаас гадна 2021 оны долдугаар сар хүртэлх суудлын 70 хувь нь захиалагдаад амжжээ

Аялал жуулчлал бол дэд бүтэц, тээврээс эхлээд үйлчилгээ гээд олон салбарыг хөгжүүлж, эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг. Монгол Улсад аялал жуулчлалаа хөгжүүлэх маш их нөөц боломж байна. Зөвхөн “Туркиш Эйрлайнс”-аар тогтохгүй агаарын тээврийн өөр олон компани үйл ажиллагаа явуулах тусмаа Монголд ашигтай. Тухайлбал, шинэ коронавирусийн халдвар гарсан өнөөгийн нөхцөл байдлаас харахад энэ мэт давагдашгүй хүчин зүйл болоход, тухайлбал БНХАУ-аар дамжиж нисэх боломжгүй боллоо гэхэд бусад компанийн тусламжтайгаар гадагш гарах урсгалаа хангах боломжтой байгаа юм” хэмээн "Туркиш Эйрлайнс"-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир ярьсан. 

Шууд нислэг үйлдэх нь “Туркиш Эйрлайнс”-ын хувьд өөр улсаар дамжихад гардаг илүү зардлуудыг танах нөхцөл бүрдүүлж байгаа нь тодорхой. Үүнийг дагаад манай зорчигчдын хувьд тийзний үнэ буурах таатай боломж бүрдэж эхлээд байна. Тухайлбал, өмнө нь АНУ-руу 1,500 ам.доллараар тийз худалдан авдаг байсан бол 800, Европ руу 600 орчим доллараар зорчих боломжтой болов. 

Гэхдээ тийзний үнийг энд тоочих нь толгой эргэм, төвөгтэй. Учир нь “Туркиш Эйрлайнс” 30 орчим төрлийн үнийн ангилалтай бөгөөд тус бүрдээ ялгаатай үнэтэй аж. Харин тэрхүү үнээ бараг өөрчилдөггүй бөгөөд ховор тохиолдолд нэмж тусгай үнэ бүхий суудал гаргадаг талаар Али Өздэмир тайлбарлаж байсан юм. Товчхондоо эрт захиалах тусмаа үнийн сонголттой байхаас биш, эрэлт өсөхөөс шалтгаалж үнээ нэмдэггүй гэдгийг хэлж байв. 

Ямартай ч Монголын хувьд аялал жуулчлалын бус улиралд буюу эрэлт хамгийн багатай нэг, хоёрдугаар сард хүртэл 800 суудал долоо хоног тутамдаа дүүрч байгаагаас гадна 2021 оны долдугаар сар хүртэлх суудлын 70 хувь нь захиалагдаад амжжээ. Зорчигчдын урсгал үүнээс ч их байх нөөц боломж байгааг Али Өздэмир тодотгож байв. 

Бугу Караташ: Түргэн биш, шинэхэн хоолоор үйлчилдгээрээ “Туркиш Эйрлайнс” ялгардаг

 

Турк улс хүнс хоолоор баялаг болохыг өмнөх сурвалжлагадаа дурдсанчлан жуулчдыг татах буюу агаарын тээврийн салбартаа үүнийгээ давуу тал болгон ашигласан нь бусад авиа компаниас ялгарах гол хүчин зүйл болж чадсаныг “Туркиш Эйрлайнс”-ын хоолны үйлчилгээг эрхэлдэг Do&Co катеринг компанийн менежер Бугу Караташ онцлов.

Зөвхөн “Туркиш Эйрлайнс”-аар тогтохгүй Австри, Катар, Эмират, Хонг Конг зэрэг 20 гаруй орны 60 авиа компанитай тэднийх хамтардаг байна. 10 улсад 30 гал тогоотой бөгөөд жилд 65 сая порц хоол бэлтгэн нийлүүлдэг аж. Зөвхөн Туркт есөн салбартай ба Истанбул дахь төвд л гэхэд өдөрт 200,000 хоол үйлдвэрлэдэг ба үйл ажиллагаатай нь цухасхан танилцав. 

Зорчигчдод түргэн хоол биш, шинэхэн хүнсээр үйлчлэх бодлого барьдаг Do&Co компани 2013 оноос хийсэн шинэчлэлийнхээ үр дүнд Европын жуулчдын сэтгэл ханамжийг 50 орчим хувиар нэмэгдүүлж чадсан талаар Бугу Караташ ярьсан. Уг шинэчлэлийнхээ хүрээнд “Туркиш Эйрлайнс” анх удаа онгоцны тогоочтой болсон бол өдгөө 400 ахлах тогооч зрчигчдын хоол хүнсэнд анхааран онгоцонд ажиллаж байгаа ажээ. 

20,000 нисгэгчийг зургаан сар тутамд сургаж байна

 

"Туркиш Эйрлайнс"-ын Нислэг сургалтын төв орон орны 20,000 нисгэгчийг зургаан сар тутамд сурган, дахин дадлагажуулдаг байна. Бойнг-777, Эйрбус-А320-оос эхлээд Бойнг 737 зэрэг “Туркиш Эйрлайнс”-ын үйлчилгээнд нисэж буй сүүлийн үеийн онгоцнуудын 20 гаруй симуляторыг энд байршуулжээ.

Нисгэгчид зургаан сар тутамд нэг удаа ирэхдээ эдгээр симуляторт өдөрт дөрвөн цагийн турш тасралтгүй “нисэж”, чадвараа ахиулдаг байна. Зөвхөн нисэх ур чадвар олгохоос гадна онгоцны үйлчлэгч, техникийн ажилтнуудыг ч энд сургаж байгаатай таарлаа.  

Истанбулын шинэ нисэх буудал бүрэн ашиглалтад орсноор жилд 200 сая зорчигч нэвтрүүлдэг болно

 

Турк улс утаагүй үйлдвэрлэлийн салбараа эдийн засгийн гол хөшүүргийн нэг болгон онилсон нь энэ. Тийм ч учраас хөрөнгө хаяж, дэлхийд бас нэгэн “хамгийн” гэх тодотголтой бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь Истанбулын шинэ нисэх онгоцны буудал.

 

 

Гурван хэсгээс бүрдэх уг нисэх буудлын эхний хэсгийг 2019 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан ба жилдээ 90 сая зорчигч хүлээн авч нэвтрүүлэх хүчин чадалтай аж. Мөн хамгийн томд тооцогдох буюу 22,000 ам метр талбай бүхий CIP лоунж энд бий. 

Харин 2023 онд нисэх буудал бүрэн ашиглалтад орсноор жилдээ 200 сая зорчигчийг хүлээн авч нэвтрүүлэх боломжтой болох юм байна.

Монгол Улсын нөөц боломж

 
Гэрэл зургийг mpa.mn

Турк улсад ирсэн 52 орчим сая жуулчны 77 хувь нь агаарын тээврээр ирсэн гэсэн судалгаа гарчээ. Тус улсын аялал жуулчлалын салбар БНТУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 12.1 хувийг бүрдүүлж байна. Харин ийнхүү аялал жуулчлалын салбараар дамжуулж эдийн засгаа тэлэхэд агаарын тээврийн салбар маш том үүрэг гүйцэтгэж байгааг “Туркиш Эйрлайнс”-ын туршлагаас бага ч болов танилцав. 

Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, нэг сая жуулчин хүлээн авдаг болох хүсэлтэй. Гэвч агаарын тээврийн салбараа хувьчлах талаар ярьсаар 2020 онтой золгов. 

Өнгөрсөн 2019 онд манай улсад 577.3 мянган хүн жуулчлах зорилгоор иржээ. Өмнөх оноосоо 50 орчим мянгаар нэмэгдсэн гэсэн үг.  

График: 2019 онд Монгол Улсад жуулчлах зорилгоор ирсэн гаднын иргэд, улсаар 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Эндээс харахад манай улсад ирж буй жуулчдын дийлэнх хувийг Ази, Номхон далайн орны иргэд эзэлдэг бол европчууд хангалттай биш байгаа нь харагда байна.

Хэрэв нэг сая жуулчин авдаг болчихвол жилд Монгол Улсад 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтойг хувийн хэвшлийнхэн хэлдэг.

iKon.mn сайт "Төөрөгдөл арилж эхлэх он жилүүд" цувралын хүрээнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нөхцөл шаардлагуудад хамгийн түрүүнд дэд бүтэц тэр дундаа агаарын тээврийн либералчлал буюу ирэх, явах урсгалаа чөлөөлөх зайлшгүй шаардлага байгааг онцлон хөндсөөр ирсэн бол эхнээсээ үр дүн гарч, агаарын тээврийн салбарт өрсөлдөөн нэмэгдэж, үнэ буурч байгааг дээрх жишээ ч харуулж байна.

Гэвч салбарыг хувьчилбал Турк шиг жуулчдын тоогоо хэдхэн жилийн дотор 1,700%, түүнээс ч их нэмэгдүүлэх нөөц боломж байсаар байгааг Али Өздэмир тодотгож байв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x