Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 51: Сүүлийн 20 жилд гарсан халдварт өвчнүүдээс...

Зураг

Халдварт өвчин гэж юу вэ, хаанаас, яаж, хэрхэн хүнд халддаг вэ, ямар судалгаа шинжилгээ хийгдэж байгаа бол хэмээх бодол толгойд нь эргэлдэж буй хүн олон.

Тэгвэл бид бүхэн Unlock подкастын бичмэл тэмдэглэлийн энэ удаагийн дугаартаа Spillover: Animal Infections and the Next Human Pandemic номыг сонгон авч байна.

Шинжлэх ухааны салбартаа шилдэг номоор шалгарч, эрдэмтдийн хүлээн зѳвшѳѳрсөн уг ном 2013 онд хэвлэгдсэн бөгөөд Дэвид Куаммен гэх эрэн сурвалжлахын сэтгүүлч халдварт өвчин гарсан голомт руу өөрийн биеэр явж харсан туршлага дээрээ үндэслэн, 20 жилийн судалгаандаа үндэслэн бичжээ.

"Zoonosis" гэдэг нь амьтдаас (ихэвчлэн сээр нуруутан амьтдаас) хүмүүст тархдаг бактери, вирус, паразитуудаас үүдэлтэй халдварт өвчнийг хэлдэг. Үүнд SARS, Ebola, Hendra, HIV AIDS, Nipah, Bird flu (шувууны томуу) зэрэг вирусийн, аюултай халдварт өвчнүүд багтдаг.

ДЭМБ-аас шавьж болоод бусад төрлийн дамжуулагчид амьсгалдаг агаар, уудаг ус, гишгэж явдаг газар шороогоор дамжин эсвэл шууд хавьтлаар хүн ба амьтнаас хүний бие махбодод орж үүсгэдэг өвчнийг халдварт өвчин гэж тодорхойлсон байдаг.

Харин вирус нь бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд эзэн эсийн уургийн нийлэгшлийн аппарат, ферментийг ашиглан репликац нь явагддаг бичил биетэн юм.

Дэлхий дээр сүүлийн 10 жилд дэгдсэн халдварт өвчнүүдийн 75% нь амьтнаас хүнд халдварласан гэдгийг ДЭМБ-аас хэлдэг. 

Мөн нийт халдварт өвчлөлийн 60 гаруй хувь нь амьтнаас хүнд халдварладаг. Үүний 70 гаруй хувь нь зэрлэг амьтнаас халдварласан гэх судалгаа бий. Үүнээс харвал хүн төрөлхтөн сүүлийн 20-30 жил уг үндсээр нь устгаж чадсан өвчнүүд бүгд хүнээс хүнд халдварладаг өвчин байсан юм.

Энэхүү номд өгүүлснээр хүн төрөлхтний буруутай үйлдлээс улбаалан, байгаль орчинд үзүүлж буй хор уршгаас шалтгаалан халдварт өвчин дэгддэг болохыг ойлгуулахыг зорьжээ.

Spillover: Animal Infections and the Next Human Pandemic номыг сонсох: 

 
Морьтой холбогддог халдварт өвчин Хэндра (Hendra virus)

1994 онд Австралийн Хендрагийн хойд захын Брисбэн хотын захад байрладаг морь уралдааны газарт нэг уралдааны морь өвснөөс болж үхжээ. Мориныхоо хажууд байсан эзэн нь ч төд удалгүй өндөр халуурч эмнэлэгт хүргэгдэн төд удалгүй нас барсан гэдэг. Үүгээр зогсохгүй тухайн газарт байсан уралдааны 13 морь үхжээ.  Ийнхүү эрдэмтэд олон гаргалгаа уралдуулсны дүнд вирусийн гаралтай халдварт өвчин байсныг олж илрүүлсэн байдаг.

Энэ вирус бол  Хэндра. Гэхдээ моринд  хамгийн анх  илэрсэн гээд вирусийг тээгч морь гэсэн үг биш. Ихэнх тохиолдолд амьтнаас үүдэлтэй халдвар нь тэжээвэр амьтнаас илүүтэй зэрлэг амьтнаас эхэлж халдах магадлал хамаагүй илүү байдаг.  

Хэндра вирусийг гарсны дараагаар олон судалгаа хийгдэж байж  бүрэн баттай биш ч гэлээ сарьсан багваахайгаас илэрсэн вирус болох нь тогтоогджээ.

Сарьсан багваахай нь дотроо 1,136 төрөлтэй. Дэлхийн нийт хөхтөн амьтны 25 хувь нь буюу нийт дөрвөн амвьтны нэг нь сарьсан багваахай байх магадлалтай.

Харин дээрх төрлөөс жимс иддэг сарьсан багваахайгаас Хэндра вирус үүссэн байжээ. Анх халдвар авсан морь нь сарьсан багваахайн шүлс, шээс болсон өвс ногоог идэж, улмаар хүнд халдварласан байж болзошгүй гэдэг гаргалгаа дээр ихэнх судлаачид санал нэгддэг.

Халдварт өвчин гарч буй шалтгааны тухайд хүмүүсийн өөрсдийнх нь байгальтай буруу харьцаж, зэрлэг амьтдын амьдардаг газрыг булаан авч ашигласнаас үүдэн хүрэх ёсгүй амьтандаа хүрч, ойртох ёсгүй амьтан нь ойртсоноос болж, халдварт өвчин үүсэх магадлалыг ихэсгэдэг.  

Хэндра вирусийн талаар нарийн тодорхойлолтын хариуг эрдэмтэд одоог хүртэл олохоор ажилладаг.

Учир нь амьтнаас хүнд халдварладаг өвчнийг хянах боломж байдаггүй.

Эбола вирус

2017-2018 онуудад баруун Африкт гарсан Эбола вирус гарч, хүнд мэдэгдсэн анхны тохиолдол нь 1976 Зааны ясан арал улсад илэрч байв. Уг вирус нь ойролцоогоор 40 гаруй жилийн настай боловч хаанаас гаралтай, хэн тээгч нь, хэрхэн тархдаг болох нь одоог хүртэл тогтоогдоогүй.

Эбола вирус анх илрэхдээ 10 хүн, хоёр дахь илрэлтээрээ 21 хүний амийг авч байв. Тухайн үед өвчилсөн буюу нас барсан хүмүүсийн дунд судалгаа явуулахад бүгд үхсэн сармагчныг олж, махыг нь идсэн гэх хариултуудыг хэлж байжээ. Иймд сармагчин тээгч нь байх магадлалтай гэж таамагласан байна.

Хүнд тархаж буй тоог нь тухайн үед хянаж байсан ч харамсалтай нь халдвар авсан амьтдыг хянах боломж хомс байжээ. Эбола вирус  тухайн үедээ ширэнгэн ойд амьдарч байсан 4,000 гаруй төрөл зүйлийн сармагчингийн 90 орчим хувийг нь устгасан аймшигт тоо бий. Эдгээр үй олон сармагчингууд ердөө таван жилийн дотор устаж үгүй болсон. Харамсалтай нь хэн ч үүнд анхаараагүй юм.

Судлаачид Эболаг сарьсан багваахайгаас сармагчинд дамжиж халдварласан ба цусаар дамждаг болохыг хэлдэг ч мөн л уг эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг одоо хүртэл олоогүй байна.  

Эбола вирусийн европт бүртгэгдсэн анхны тохиолдол нь 1994 онд Африкт ажилладаг Швейцар эмэгтэй ажил дээрээсээ халдвар авч, Швейцартаа очиж яаралтай эмчилгээ авч чадсаны хүчинд амьд гарч чадсан байдаг. Одоогийн байдлаар таван төрлийн Эбола вирус байгаа нь тогтоогдсон билээ.

Малария

Африк тивийн улс орнуудад малария гэх аймшигт өвчин бий. Энэ бол цусны халдварт өвчин. Гол тээвэрлэгч нь шумуул. Малария нь дотроо дөрвөн төрөл байдаг ба хамгийн хүнд төрөл нь хүнийг гурав хүрэхгүй хоногт үхэлд хүргэдэг.  Мөн эдгэсэн ч гэсэн дахин өвчлөх магадлал тун өндөр аж. Малариягийн вирус нь нам дор газар дуртай бөгөөд бохир заваан орчин тархах шалтгаан нь болдог байна.

Үүгээр зогсохгүй энэ вирусийн нь хамгийн өртөмтгий хэсэг нь хүүхдүүд байдаг нь харамсмаар. 

Уг халдварыг тээгч нь 2013 оны байдлаар сармагчин байж магад хэмээх судалгаа байдаг бөгөөд сармагчин анх шумуулаар /Анофелес гэх эм шумуул/ дамжин авч байсан гэдэг. Судлаачдын үзэж буйгаар энэ төрлийн вирус нь олон төрлийн амьтанд байдаг тул энэ амьтан гэж шууд хэлэхэд хэцүү. Дээрээс нь халдсан амьтан нь халдвар тээгч үү халдвар дамжуулагч уу гэдгийг мэдэх хэцүү юм.  

Хархны ферм дээрх оройн хоол буюу SARS

Корона вирус бол хүн амьдралынхаа аль нэг хугацаанд халдвар авдаг элбэг тохиолддог вирус юм. 2003 онд гарч байсан SARS нь хүнд халдварласан корона вирусийн хамгийн анхны хувилбар гэгддэг.

SARS анх гарсан даруйдаа дэлхийг хамарч, онгоцоор явж байсан хүмүүсээс халдвар нь тархсан гашуун түүхтэй. Уг өвчний анхны шинж тэмдэг нь халуурч, ханиалгах, бөөлжих гэсэн энгийн шинж тэмдэгтэй байснаас улбаалж эмнэлгийн үй олон ажилтнуудад халдвар тарж байжээ. 

SARS нь хятадын Гуанжу хотоос гаралтай. Тус хот нь ховор, зэрлэг амьтдыг хүнсэндээ хэрэглэдгээрээ их алдартай юм. Ингээд уг хотоос халдвар авсан хүн Хонг Конгийн нэгэн зочид буудалд буухдаа есөн давхрын шатан дээр нь бөөлжсөн байна. Гэтэл тэр бөөлжиснөөс нь болоод тус давхарт байсан эмээ халдвар авч Канад руу очиж халдвараа тараасан. Мөн тус давхарт буудаллаж байсан мөн л бөөлжиснөөс нь халдвар аван Сингапурт амьдардаг охин гэр рүүгээ Сингапурт очоод аав, ээж, авга ах, эмнэлэг дээр байхад нь эргэхээр ирсэн лам багшдаа халдаагаад харамсалтай нь эдгээр хүмүүс нь бүгд үхэж, азаар өөрөө амьд үлдсэн гашуун түүх бий.

Уг халдвар нь ирвэсний төрлийн амьтнаас гаралтай гэж тогтоосон ч сүүлдээ энэ амьтан нь дамжуулагч болж таардаг. Дахин судалгаа явуулахад халдвар тээгч нь сарьсан багваахай хэмээн тодорхойлогджээ. 

Вирус

1840 өөд онд  анх ургамлаас вирус гэж байдаг болохыг мэдэж авсан түүхтэй. Анх хүн дээр илэрсэн вирусийн халдвар нь 1901 онд гарсан шар тахал юм. Вирус нь бактерийг аравны нэг хуваасантай тэнцэх хэмжээний жижигхэн. Мөн вирус тээгчийнхээ биет орсныхоо дараа хэрэгтэй эс дээрээ очоод зоогдож дотогш нь нэвчин ороод хэрэгтэй гэсэн үр шимээ аваад, өөр тээгчийн биед шилждэг. Вирусийг амьд амьтан уу амьгүй амьтан уу гэдэг дээр мэргэжилтнүүд одоог хүртэл маргадаг.​ 

Сонирхолтой нэг зүйл нь хүний биеийн 90 хувь нь микробоос бүрддэг. Үүнд нь вирус, бактери, мөөгөнцөр юм. Иймд виурс, бактери л бол муу гэж ойлгох нь хэт өрөөсгөл ойлголт. 

Nipha

Уг өвчин анх 1998 онд Малайзад тодорхойлогдож байсан ба Малайзын Сунгай Нипах тосгонд гарсан тул тосгоны нэрээр Нипа гэж нэрлэжээ. Халдвар анх гахайнаас эхэлсэн бөгөөд Малайзын Засгийн газраас өвчний тархалтыг зогсоохын тулд 1999 онд олон хүний ​​аминд хүрч 1.1 сая гахайг тухайн үед устгалд оруулсан байдаг. Өвчний үхлийн хувь нь 40 хувьтай гарч байсан гэдэг. Гэтэл халдварын үүсвэрийг судлаад үзтэл гахай зөвхөн дамжуулагч байж, тээгч нь сарьсан багваахай гэж тодорхойлогджээ. 

Ийм өвчин хүн ам маш их төвлөрсөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шуурхай авах боломж хомс газар гарахад хамгийн их эрсдэл учирдаг. Гэтэл Малайзаас Бангладиш руу халдвар тархсан нь тухайн үедээ хүнд нөхцөл байдлыг үүсгэж, олон хүнийг үхэлд хүргэсэн.

Сарьсан багваахай шөнө хоолой олж иддэг, тэнгэр дээгүүр, газар доогуур, алс хол очих чадвартай тул бүх талд халдвар тараах магадлал өндөр хувьтай байдаг аж.

ДОХ

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин. Дархлал хомсдлын вирус /ДОХ/ 1980 онд ижил хүйстнүүдийн дундаас хамгийн анх илэрснээрээ олны анхаарлыг ихээхэн татсан. Хүний дархлалд нь нөлөөлж тэмцэх чадваргүй болгож байгаад үхэлд хүргэдэг энэ аюулт өвчин нь өдгөөг хүртэл дэлхий даяар чимээгүй тархсаар байгаа билээ. 

 Номын талаарх зохиолчийн яриаг хүлээн авч үзнэ үү