2020 оны 2 сарын 12
Entrepreneur

М.Даваажаргал: Хөдөлмөрлөсөн хүнд л аз ирнэ шүү

Гэрэл зургийг mpa.mn

Синдикат ярилцлагын тусгай дугаар энэ удаа Япон Улсын нийслэл Токио хотоос та бүхэнд хүрч байна. Зочин маань Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал байлаа. Ажил, амьдрал дээрээ тултал хийж чаддаг зүйлтэй, түүгээрээ бусдаас ялгарч чаддаг "дархан мэх"-тэй болох ёстойг дөнгөж 22 настайдаа Сүмогийн их аварга болсон тэрбээр хэлж байв.

- Долоон сард эхлэх Токиогийн олимпын тухай эхэлж асуумаар байна. Япончууд хэр бэлдэж байна? Та энэ олимпт нэлээд ач холбогдол өгч байсан санагдаж байна.

М.Даваажаргал: Барилдаж байх хугацаанд минь 2020 оны Токиогийн олимп болох гэж байна. Монгол Улс 1964 оны Токиогийн олимпт анх удаа оролцож байсан түүхтэй. Энэ тоглолтод аав маань чөлөөт бөхийн төрөлд оролцон, шагналт долдугаар байранд орж байсан. Үүнээсээ дөрвөн жилийн дараа Мексикийн олимпоос Монгол Улсын анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирж байв. Ийм учраас би 2020 оны Токиогийн олимпт маш их ач холбогдол өгч байгаа. Монголын олимпын хороог албан ёсоор төлөөлөн олимпын элчин сайд болж ажиллаж байна.   

- Япончууд өөрсдөө олимпын тасалбараа худалдаж авч чадахгүй, сугалааны системд орсон байх юм?

М.Даваажаргал: Харин тийм асуудалтай болоод нэлээд хэцүү байна. 

-Таны ирэх 10 жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

М.Даваажаргал: Риогийн олимпын өмнөхөн дараагийн олимп Бразилд уу, эсвэл Японд болох уу гээд нэлээд өрсөлдсөн. Тэр үед сүмод ид байсан учраас 2016 оны олимпыг Токиод болоосой гэж би их хүссэн. Тэр үед Бразил сонгогдоход 2020 он хүртэл ийм формтой барилдахад хэцүү гэж бодож байлаа. Энэ жилийн Токиогийн олимп миний зорилго байсан. 1998 оны Наганогийн олимпын үеэр сүмогийн цолтой бөхчүүд улс улсынхаа тугийг барьж алхаж байв.

Монголын тугийг Кюкүшүзан Батбаяр ах барьж жагссан. Хавайн их аварга Акэбоно сүмогийн аваргын ёслол хийж олимп нээж байв. Би тамирчны хувиар олимпын тоглолтод оролцож чадахгүй ч Японы үндэсний соёл, өвийг дэлхийд харуулах даалгавартай. Надад аав, хүү хоёр Токиогийн олимпын дэвжээн дээр гарна гэдэг хүсэл мөрөөдөл байсан. Тэр мөрөөдөл маань удахгүй биелэх гэж байна. 

Ирэх жилүүдийн зорилгын хувьд хэлэхэд бэлтгэл хийлгэж өгч байсан ах нарынхаа амжилтыг давж байж тэдний ач тусыг хариулдаг бичигдээгүй хууль сүмод бий. Иймээс сүмогийн шинэ аварга, арслангуудыг төрүүлж, бэлдэж өгөх нь миний ирэх 10 жилийн зорилго.    

- Монгол, Япон улсын хооронд гүүр болсон их аварга таны хүнд нэр хүнд гэж юу вэ?

М.Даваажаргал: Би 22 настайдаа аварга болоод баруун, зүүнээ ч мэдэхгүй явж байхад сүмогийн ноён оргил Тайхо аварга хүү шигээ хандан зөвлөж, ойр байдаг байсан. Аварга хүний хариуцлага, нэр хүнд, биеэ авч явах тухай надад байнга хэлдэг байв. Ааваасаа бас их зөвлөгөө авдаг байсан. Тайхо аварга аварга болчихоод хэвлэлийн бага хурал дээрээ зодог тайлах тухай бодол л миний толгойд байна гэж хэлсэн. Тэр үгийг нь би сонсоод шоконд орсон. Энэ том аварга тэр үед зодог тайлах тухай бодож байсан юм бол би яах ёстой юм бол гээд гайхсан.

Японы үндэсний, самурайн босоо цагаан хийморь гэж бидний ярьдаг зүйлийг 21 дүгээр зуунд нэр төртэй авч явж буй сүмо бөхчүүдийгөө ард түмэн нь маш их хайрладаг. Энэ хайрын цаана маш том хариуцлага байдаг. Алдаа гаргаж болдоггүй. Цол дагаад бяр нэмнэ гэдэг шиг цол дагаж хариуцлага өндөрсөж, өөрийгөө цэгнээд явдаг.   

- Монгол үндэсний бөхийн талаар ямар бодолтой байдаг вэ?

М.Даваажаргал: Би аварга болоод 13 дахь жил рүүгээ орж байна. Сүмод үлдээх ёстой, бас өөрчлөх ёстой зөндөө олон зүйл байгаа. Бидний хувьд Сүмогийн холбооноос цалин авдаг. Монгол бөхчүүд холбооноосоо цалин авдаггүй учраас мэргэжлийн түвшинд очиход хол байна. Би Монголынхоо аварга, арслангуудтай хэд хэдэн удаа бэлтгэл хийж байсан. Харин бэлтгэл, сургуулилтын хувьд хэдийнэ мэргэжлийн төвшинд очсон. Тийм ч учраас үндэсний бөхөд олон жил нэг хүн түрүүлж чадахаа больсон. Өрсөлдөөн чанга болж, үзүүштэй сайхан барилдаан гардаг болсон. Харин барьц сонгуулдаг дээр би өөр бодолтой байдаг. Үүнийг болиулах ёстой. 

- Монгол ба Япон улсын ижил төстэй болон ялгаатай талыг юу гэж хардаг вэ?

М.Даваажаргал: Жилдээ нэг удаа л нутагтаа очиж байгаа. Бусад үед нь сошиал медиа, интернэтээс Монголын тухай мэдээлэл авдаг. Би өөрийгөө Япон хүмүүст танилцуулахдаа би одооны биш харин 40-50 жилийн өмнөх Япон хүн шүү гэж хэлдэг. Чанар гэж ойлголт бий. Сүүлийн үеийн Япон залуус чанарын хувьд муудаж байгаа юм болов уу гэж боддог. Бид бага байхдаа байнга шахуу гадаа тоглож, бие биетэйгээ амьдаараа харилцдаг байсан. Бие болон сэтгэлээ зохицолдуулан авч явдаг чанар алдагдаад байна уу гэж боддог.

Сүүлийн үед сүмод орж ирж буй Монгол залуусыг бид нар шиг амжилт гаргах болов уу гэхээр хэцүү харагддаг. Биднийг арван жилд сурдаг байхад бүдүүн, том хүүхдүүд нэг ангид ганц, хоёроос хэтэрдэггүй байсан. Одоо Монголд жин хэтэрсэн, шүд нь хорхойтсон хүүхдүүд олон болжээ. Үүнтэй уялдуулаад зөв хооллолт гэдэг зүйлийг хэлмээр байна. Хүн хоол, ундаа маш сайн зохицуулах ёстой. Үүнийг аав, ээж нар маш сайн анхаарах хэрэгтэй шүү.  

- Японы бүшидо гэх философийг товч тайлбарлаж өгнө үү?

М.Даваажаргал: Миний хувьд алдаа гаргаж болохгүй гэж ойлгодог. Ёс суртахуун ба хүч чадал нийлж байж аваргыг төрүүлдэг. Гэхдээ 100 хувь алдаа гаргадаггүй хүн гэж бараг байхгүй л дээ. Залуус бид ёс суртахуунаа төлөвшүүлэхийн тулд түүхээ сайн унших хэрэгтэй. Би дөнгөж 15 настайдаа эх орноосоо гарсан болохоор эх нутгаа их санадаг. Ном, ялангуяа түүхийн ном их уншдаг. Түүх уншиж байхад бидний өвөг дээдэс амжилтаас гадна алдаа ч гаргаж байсан. Түүхээ сайн ойлгож чадвал ёс суртахуун гэдгийг мэдэх боломжтой. 

Зөв явж байгаа Монгол залуус их байна. Мэдээллийн технологийн чиглэлд хүч үзэж, М-плас гээд төслийг хийж байгаа залуус сая 10 сарын 2-нд Токио хотын хамгийн том зочид буудалд Азийн бүсийн нээлтээ хийлээ. Энэ залуусыг би дэмжиж байгаа. Энэ мэтээр залуус бие биенээ дэмжин, нийгмийн асуудлуудыг шийдэлцэх тал руугаа яваарай гэж хэлмээр байна. 

- Таны сошиал медиагийн хэрэглээг асуумаар байна. Бүх аккаунтуудаа яг өөрөө хөтөлдөг үү?

М.Даваажаргал: Бүгдийг нь өөрөө хөтөлнө. Сошиал медиа аюултай юм билээ. Саяхан сүмогийн холбооноос бөхчүүдийг сошиал медиа хэрэглэн мэдээлэл цацахыг хориглосон. Шалтгаан нь залуу бөхчүүд янз бүрийн болох, бүтэхгүй үйлдэл хийж, түүнийгээ сошиал медиад дураараа оруулснаас болсон. Сошиал медиаг зөв ашиглах ёстой. Учир нь сүмогийн барилдааныг NHK дэлхий даяар цацдаг. Зөвхөн барилдаанаас гадна сүмогийн соёл, бөхчүүдийн хоол зэргийг олон улсад сурталчилдаг. Сошиал медиагаар бөхчүүд өөрсдөө давхар мэдээлэл оруулдаг байсан энэ боломж хаагдсан нь миний хувьд харамсалтай байгаа. Би твиттер, фэйсбүүк, инстаграмтай. YouTube рүү орохоор төлөвлөж байгаа.

Удахгүй олон улсын хүүхдийн сүмогийн “Хакухо цом”-ын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Үүнийг би 26 настайгаасаа эхлэн 10 жил дарааллан хийж байна. Яагаад вэ гэвэл сүүлийн жилүүдэд сүмод янз бүрийн хэрэг явдлууд дарааллан гарсан. Үүнээс болоод сүмогоос хүүхдүүд холдоод явчих вий гэсэн айдастай болсон. Энэ жилийн тэмцээнд 14 улсын 1000 гаруй хүүхдүүд оролцоно. Энэ үзүүлэлтээрээ Гиннесийн номонд бичигдэхээр санал авсан явж байгаа. Сонирхогчийн сүмогийн дэлхийн аварга гэж байдаг ч олимпын төрөлд сүмо хараахан ороогүй. Энэ жилийн Токиогийн олимпын өмнө олон улсын хүүхдийн сүмогийн тэмцээнээ 10 дахь удаагаа зохион байгуулж буй нь онцлог болж байна.

- Нийгмийн чиглэлд багагүй ажил хийдгийг тань мэднэ. Ер нь яагаад нийгмийн ажил хийх болов оо?

М.Даваажаргал: Амжилт гаргасан хүн ямар нэг зүйлд итгэл, үнэмшилтэй байдаг. Энэ итгэл, үнэмшлээ ямар нэг зүйлээс авахыг хүсдэг. Японд газар хөдлөлт, цунами, үер, ус гээд байгалийн гамшиг багагүй гарсан. Энэ үеэр сүмогийн бөхчүүд Японы бүх 47 аймгаар явсан. 1,000 сонсохоор нэг үз гэдэгчлэн ийм зовлон, бэрхшээлийг нүдээрээ үзээд, биеэрээ мэдэрсэн учраас яах аргагүй нийгмийн төлөө ажил хийх ёстойгоо ойлгосон.

Бяр чадалтайдаа аварга болоогүй юм байна гэдгээ би тэгэхэд ойлгосон. Улмаар найз нөхөд, гэр бүлийн гишүүдээсээ санаа авч байгаад 2008 онд “Хакухо” санг Монголдоо байгуулан, эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаад явж байна. 
2016 онд манай хамт олон Сонирхогчдын сүмо бөхийн холбоотой хамтран, дэлхийн олон улстай өрсөлдөн ялж, Монгол Улсдаа Сүмогийн дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Нисэхийн спортын ордонг Далай лам, манай тэмцээн хоёр л битүү дүүргэсэн гэж ярьдаг юм билээ.  

- Тамирчин хүний ёс зүй, сахилга бат, хүмүүжлийн талаар асуумаар байна?

М.Даваажаргал: Би айлын эрх хүүхэд байсан. Одоо сүмогийн их аварга болсон сууж байна. Тамирчин хүний гол зүйл бол яах аргагүй бэлтгэл сургуулилт. Сүмогийн бэлтгэл, сургуулилтын  хамгийн хүнд нь өөрөөсөө ах бөхчүүдийг түрэн явдаг бэлтгэл байдаг. Өдөр болгон үүнийг 30 минут хийх ёстой. Би хамгийн дээд тал нь 45 минут хийж байсан. Одоогийн залуу бөхчүүд ийм бэлтгэл хийн, тийм хэмжээний ачаалал даах чадваргүй болсон. Энэ бэлтгэлийг хийсний дараах өдөр би өөр Хакухо болдог. Могойн арьс гууждаг шиг өдөр бүр өөр хүн болдог байсан.  

- Амжилт бол хариуцлага гэж та хэлсэн. Манай нэртэй тамирчид үе үе чих халууцуулчих гээд байдаг. Ёс зүйтэй, хүмүүжилтэй тамирчин болоход манайд юу дутаад, юу нь болохгүй байгаа гэж санагддаг вэ?

М.Даваажаргал: Бэлтгэл, сургуулилалт гэж дахин хэлмээр байна. Мөн мэргэжлийн спортод дэвжээ маш чухал байдаг. Энд нэг тогооноос хоол идэж, хамтдаа унтаж, бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Цол ахиад ирэхээр олны өмнө гарч, олон нийтийн арга хэмжээнд оролцох ёстой байдаг. Энэ хэрээр маш олон хүнд танил болно. Энэ бүхэн тэр хүний баялаг болдог. Энэ баялгийн суурь нь ёс суртахуун юм.  

- Үе хоорондын ялгаа гэж сүүлийн үед ярих болсон. Та ч бас сая одооны залуу бөхчүүд гээд хэд хэд дурдаад авлаа. Залуусын нийгмийн оролцооны талаар та ямар бодолтой байдаг вэ?

М.Даваажаргал: Энэ асуудал дээр Япон, Монгол улсын хувьд ялгаагүй болсон санагддаг. Залуучуудаас илүү ихийг хүсээд байдаг байж магадгүй юм. Бид аав, ээж, эмээ, өвөө дээрээ өссөн. Харин сүүлийн үед хүн хоорондын амьд харилцаа бага болоод байгаа анзаарагддаг. 

- Шинэ үеийн залуусаас авах юм байна уу?

М.Даваажаргал: Байна аа. Мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж байгаа Монгол залуусаар бахархсан. Япон улс технологиор дэлхийд тэргүүлдэг. Энэ улсын хийж чадаагүй төслийг Монгол залуус хийсэн. Би ирээдүйд сүмогийн багш болно. Өөрөө чадсан учраас бусдыг ч бас чадна гэж буруу бодох үе багш хүнд гарч ирдэг гэнэ. Сайн тамирчин бүр сайн багш, дасгалжуулагч болж чаддаггүй гэсэн бичигдээгүй хууль байдаг.

Хүн бүртэй тулж ажиллах, ялгааг нь мэдрэх чухал юм билээ. Өөрөөр хэлбэл, багш хүн өөрийн төвшнөөсөө доошилж, шавийнхаа төвшинд ирэх замаар багш, шавь хоёр нэг нэг рүүгээ алхах ёстой.  

- Зарим залуус одоо манай өмнөх үеийнхэн болсон, бидний үе ирсэн гэж ярьдаг. Үүнтэй санал нийлэх үү?

М.Даваажаргал: Хамаагүй тэгж болохгүй байх аа. Өнгөрснөө ярихгүйгээр өнөөдрийг ярих боломжгүй. Өмнөх үеэсээ авах юмаа авч сурах хэрэгтэй. Монголын үндэсний бөх, сүмод ялгаагүй өөрчилж болохгүй юм гэж бий. Гэхдээ энэ өв, уламжлал маань цаашаа 100, 500, 1000 жил явахын тулд өөрчлөгдөхөөс өөр аргагүй болдог. Тухайлбал, гольфийн Мастерс гээд том тэмцээн болдог. Сая Тайгер Вүүдс олон жилийн дараа түрүүллээ. Энэ тэмцээний талбай дээр гишүүнчлэлийн дүрмийн дагуу эмэгтэй хүн оруулдаггүй. Үүнийг эсэргүүцэн уг тэмцээний гол спонсор болох Кока Колагийн хэрэглэгчид дүргүйцэн бослого гаргасан. Олон жилийн түүхтэй Мастерс өөр гольфийн талбай руу шилжихээр маш том алдагдалд орох байв. Эцэст нь эзэн нь гишүүнчлэлээр хоёр эмэгтэйг элсүүлсэн. Үүний нэг нь хар арьстай бүсгүй болсон. Үүний ачаар энэ тэмцээн одоо хүртэл амжилттай үргэлжлээд явж байна. 

Японы үрэлтэй жигнэмэг байдаг. Үүнийг хийдэг технологи нь хэдэн зуун жилийн түүхтэй. Борлуулалт нь муудаад дампуурах эрсдэлд орсон уг компани шинэ үеийн амтанд тааруулж  яах аргагүй технологио өөрчилсөн байдаг. 

- Япон улсаас авах юмнуудыг нь нэлээд ярьлаа. Хаях юм байна уу?

М.Даваажаргал: Япон хүмүүсийг их удаан гэж ярьдаг. Удаан ч гэсэн Япон хүмүүс нэг юм хийвэл маш сайн хийдэг. Монголд япон хүмүүсийн хийгээгүй зүйл гэж байхгүй. Тухайлбал, цахилгаан станц, зам, гүүр, онгоцны буудал, машин тэрэг гээд л. 

- Япон дахь Монголчуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?

М.Даваажаргал: Жил бүр “Хаврын баяр” гээд том арга хэмжээ, наадмыг Монголчуудыгаа цуглуулан зохион байгуулдаг. Монголын сүмо бөхчүүд энэ наадмынхаа үндэсний бөхийг дааж авч явдаг. Япон дахь Монгол оюутны холбоо, Япон, Монголын холбоо, манай Элчин сайдын яам хамтран ажилладаг. Энэ оффист байрладаг Монгол, Японы иргэдийн холбоо бас оролцдог. Би Монголчуудтайгаа маш ойрхон байдаг. 

- Монгол хүний үнэ цэнийг юу гэж боддог вэ?

М.Даваажаргал: 13 дугаар зуун, 19, 20, 21 дүгээр зуун гээд харахаар хүн, улсын хөгжлийн үе шат байдаг юм болов уу гэж бодогддог. Ардчилсан нийгмийн сонгосон бид өөрсдийн хүссэн газар руугаа явах боломжтой болсон. Хүн халуун тогоонд нь байж гэмээнэ амжилт гаргадаг. Үүний жишээ нь би байна. Монголдоо байгаад сүмогоор хичээллэдэг байсан бол ингэж олон түрүүлж, их аварга болсон амжилтыг гаргахгүй л дээ. Манай ХҮ хамтлаг дэлхийн урлагийн дэмжээн дээр гараад ирлээ.

Монгол бөхчүүд сүмогийн ноён оргилд нь гарсан байна. Олимпын аваргууд Монголд байна. Байгаа газар нь очоод амжилт гаргаж чадаад байна. Залхуурахгүй, зорьсон зорилгоо өндөр тавиад хичээвэл амжилт гаргаж чаддаг үнэ цэнэ бидэнд бий. 

Зорилгоо дунд зэрэг тавьбал түүнээс доошоо л биелдэг. Томхон зорилго тавиад түүнийгээ биелүүлэх гэж хичээх ёстой гэж Японы бэйсболын алдартай нэгэн тамирчин хэлсэн байдаг. Үүнийг сайн бодоорой л гэж хэлмээр байна даа. Барилдана гэдэг лайны ажил гэж аав минь хэлдэг байсан. Барилдахад маш их ухаан зарцуулагддаг. Би маш их боддог. Башёгийн үеэр нойр хүрдэггүй. Бодох л ёстой.  

- Монгол Улсын ирэх 10, 20 жилийн дараах дүр зургийг хэрхэн төсөөлж байна вэ?

М.Даваажаргал: Арван жилийн дараа Монголын хүн ам хоёр дахин өснө. Иймээс Монгол ба Япон улсууд улам олон салбарт хамтран ажиллах ёстой гэж эндэхийн Япончууд ярьдаг. Харин 10 жилийн дараа яг одоо Японд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн тал нь байхгүй болно. Тэтгэвэртээ гарна гэсэн үг. Японд 60, 65 настай хүн залуудаа орно. Хоёр улсын хооронд хүн ба хөдөлмөрийн харилцаан дээр гүүр болон ажиллах бодол бий. Үүнийг цаг хугацаа харуулах байх. Гол нь залуус маань сайн бодож, өмнөө тавьсан зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд залхууралгүй ажиллаж чаддаг байх ёстой. Гэхдээ ганц зорилготой байж болохгүй. Өмнөө олон зорилго тавих хэрэгтэй.

Зорилго заавал биелдэг. Би жаахан байхдаа сүмогоос гологдсон туранхай хүүхэд байсан. Тэр үед намайг ийм болно гэж хэн ч боддоггүй байв. Гэсэн ч би дотроо аваргын хүү аварга байх ёстой гэдэг бодлоо тээгээд л явдаг байлаа. Энэ мөрөөдлөө 22 насандаа биелүүлсэн. Үүний дараа мөрөөдөлгүй бас зорилгогүй болчихсон. Иймээс олон зорилго, олон мөрөөдөлтэй байх ёстой юм билээ. Дархан мэх зөвхөн спортод байдаггүй. Хүн өөрийн ажил, амьдрал дээрээ тултал хийж чаддаг зүйлтэй байх ёстой. Энэ бол тэр хүний дархан мэх. Энэ дархан мэхээсээ олон салбарладаг угсраа мэхтэй байх хэрэгтэй. Ийм хүнийг спортод мастер гэдэг. Дархан мэхгүй байж олон зүйл рүү салбагнан орох нь ямар ч үр дүнгүй байдаг. Би энийг л 90, бүр 100 хувь буюу ямар ч хүнээс дор орохгүй хийж чадна шүү гэдэг дархан юмтай л болох хэрэгтэй.    

- Аварга болж мөрөөдлөө биелүүлээд шинэ мөрөөдөл хайжээ. Тэр шинэ зорилго нь одоо юу болсон бэ?

М.Даваажаргал: Нийгмийн ажлууд болсон. Би хөдөө аж ахуйд бас их дуртай. Хоккайдо мужид Хакухо будааг сүүлийн 10 гаруй жил тарьж, Монголоос залуус авч ирэн цагаан будаа, хүнсний ногоо, жимсэн дээр ажиллуулж туршлага суулган буцааж байгаа. Магадгүй дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс улбаалан Монгол Улс цагаан будаа тариалах хамгийн таатай бүс болохыг үгүйсгэхгүй. Тэр үед Хакухо аварга анх үүнийг хийж байсан даа гээд ярьж магадгүй юм.  

- Таны харамсаж явдаг зүйл юу вэ?

М.Даваажаргал: Ялагдал бүртээ харамсдаг. Гэхдээ ялагдал бүрээсээ эрч хүч, зориг авч чаддаг. 

- Та нэлээд ном уншдаг бололтой юм. Залуус зориулаад ямар номыг заавал уншаарай гэж захих вэ?

М.Даваажаргал: Нэг ном уншаад талдаа орж байна. Канадад байгаа Монгол залуус 112 жилийн өмнөх Монголчуудын түүхийг бичсэн тэмдэглэлийг номын сангаас олоод, Монголын нууц товчоотой харьцуулан орчуулж гаргаад надад илгээсэн. Эх түүх болсон нууц товчоогоо ойрд уншаагүй байсан юм. Энэ номыг уншаад их сайхан байгаа. Иймээс түүхээ сайн унших ёстой юм байна шүү гээд би дахин дахин хэлээд байгаа юм. Түүхэн дээр бидний өвөг дээдсийн гаргаж байсан бүх алдаа, оноо гарч ирдэг.  

- Нийгмийн ажлаа өргөтгөн шинэ чиглэл рүү орох төлөвлөгөө бий юу?

М.Даваажаргал: Мэдээллийн технологийн салбар руу орно гэж бодож байгаа. Энэ чиглэлээр ажиллаж байгаа залуусыг дэмжинэ. Мэдээллийн технологийн салбарт гүнзгийрүүлсэн чиглэлд ажил хийх гэхээр мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байдаг болсон байна. Монгол залуусыг энэ чиглэлээр сурган, ажлын байртай болгон, дэлхийд өрсөлдөх мэргэжилтэн болгоод, эх орондоо буцаж ирж ажиллан улсаа хөгжүүлэхийг дэмжин ажиллана.

- Иймэрхүү сонирхолтой төсөл байвал та шууд хөрөнгө оруулахад бэлэн үү?

М.Даваажаргал: Оруулалгүй яах вэ! Миний ярьдаг дархан мэх модоор бол үндэс юм. Энэ бүдүүн, том, урт үндэстэй модны олон салаа мөчирт том сайхан цэцэг ургуулна. 

- Нууц биш бол та технологийн чиглэлийн старт ап компаниудад хөрөнгө оруулсан уу, оруулдаг уу?

М.Даваажаргал: Дэмждэг ээ л гэж хариулъя даа. (Инээв) Би багаасаа эх орноосоо гарсан учраас Монголоо олон өөр өнцгөөс хардаг. Математик, ой тогтоолтын дэлхийн тэмцээнээс манай хүүхэд, залуус явах болгондоо медаль авдаг. Манай залууст нэг “юм” байна. Энэ байгаа юмыг нь ашиглах л ёстой.  

- Залуус бид цөөхүүлээ атлаа бие биенээ дэмжих тал дээр тааруу гэж би боддог. Та үүнтэй санал нийлэх үү?

М.Даваажаргал: Цөөхүүлээ атлаа олон сая, тэрбум хүнтэй улсыг дараад гараад ирж чадаж байна. Хүн амын тоондоо харьцуулаад харвал энэ аймаар том амжилт шүү. 

- Монголчууддаа, ялангуяа залууст зориулаад та юу зөвлөх вэ?

М.Даваажаргал: Дахиад хэлье. Олон мөрөөдөлтэй байгаарай. Дөрвөн башё босоо түрүүлээд NHK –ийн шууд ярилцлагад орохдоо би хэлж байсан юм. Би өөрийгөө настай хүн гэж боддог. Аз хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг. Гэхдээ нэг л төрлийн хөдөлмөр биш. Нэг чиглэлээр тултал явах нь зөв ч тэр хүн хамгийн шилдэг нь болж чадахгүй. Маш олон хөдөлмөрийн үр шим хүнийг шилдэг болгодог гэж хэлсэн юм. Үүнээс хойш сарын дараа Японы алдартай дуучинтай таарахад аз гэдгийг аварга та их сайхан тайлбарлаж хэлсэн. Японоор аз гэдэг ханзыг та мэдэх үү, аз гэдгийг цэрэг, арми гэж бичээд явна, давшина гэдэгтэй хоршуулдаг гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, тэмцэж тулалдсан хүнд аз ирдэг гэдгийг ханзаар ингэж зурдаг. Тэгэхээр хөдөлмөрлөсөн хүнд л аз ирнэ шүү гэж хэлмээр байна.  

x